С.ПҮРЭВСҮРЭН: ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙД...

🕔 2020/11/25 21:32

     Дундговьд тогтмол хөтөлбөртэй радио, телевиз яагаад байхгүй байна вэ, цар тахлын үеийн мэдээллийг яаж авах вэ гэж иргэд бухимдаж, асууж сураглаж байна. Урьд нь манай аймагт радио ч, хоёр, гурван телевиз ажиллаж байсан үе бийг хүмүүс санаж байгаа байх. Мэдээж, зах зээлийн энэ үед хувийн хэвлэл мэдээллийн байгууллага төр, захиргааны байгууллагын ямар нэг дэмжлэггүйгээр хүн ам цөөн, хязгаарлагдмал зах зээлтэй орон нутагт хэвийн, тогтмол ажиллах, хөл дээрээ босох боломжгүй. Тийм ч учраас бусад аймгууд жил бүрийн төсөвт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хөрөнгө төсөвлөж тус бүртэй гэрээ байгуулан ажилладаг. Харин тухайн орон нутгийн төсөв, орлогын чадал чансаанаас хамаарч энэ дэмжлэгийн хэмжээ харилцан адилгүй ч үйл ажиллагаанд нь том дэмжлэг болдог юм билээ. 1998 онд  "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль" батлагдаж төрийн аль ч байгууллагын дэргэдэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үйл ажиллагааг зогсоосныг орон нутгийн зарим удирдлага ер нь хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээтэй/Хаалтын гэрээ биш шүү/ ажиллаж болохгүй мэт ойлгосон нь туйлшрал, гуйвуулга юм. Тийм дэмжлэггүйгээс ч өмнө нь ажиллаж байсан радио, телевизүүд үйл ажиллагаагаа зогсоосон.  Дээр нь аймаг орны тухайн үеийн удирдлагын улс төржилт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийг "Чөдөрлөж” ирснийг хэлэхээс аргагүй.

             Олон зүйл нуршихгүй. Ганц л жишээ авъя. 2014-2016 онд аймгийн Засаг дарга асан С.Од-Эрдэнэ аймгаа телевизтэй болгохоор хөөцөлдөж 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  арилжааны зарим телевизээс дутахгүй тоног төхөөрөмжтэй болгон "Дундговь” телевизийг байгуулсан. Миний анх бодож байсан төслөөр бол хөрөнгийг орон нутаг гаргасан ч  "Олон нийтийн  радио, телевизийн тухай хууль”-ийн  "Орон нутгийн олон нийтийн радио, телевиз” гэсэн бүлгийн заалтыг үндэслэн дүрмийн төслийг боловсруулж "Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар”/ОНӨҮГ/  байгуулан удирдах Зөвлөлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан ч яг энэ дүрмээр ажиллах боломж олдоогүй төдийгүй  урсгал зардлыг төсвөөс нэг удаа ч болов санхүүжүүлээгүйгээс  арай гэж 2016 оны сонгууль хүртэл ажиллуулаад редакциа тараасан юм.  С.Од-Эрдэнэ дарга  уул телевизийг хэрхэн, ямар статусаар ажиллуулж хаанаас, ямар зарчмаар урсгал зардлыг санхүүжүүлэхийг шийдэж чадаагүй, энэ талаар хууль, эрх зүйн боломжийг олж хараагүй.  Тэгээд ч дараагийн шинээр гарч ирсэн удирдлага улс төрийн үүднээс тохирохгүй гэж үзсэн үү , яасан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн бараг анхны хуралдаанаар "Дундговь”  телевизийг татан буулгаж бүх тоног төхөөрөмжийг аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгүүлсэн билээ.  Шинээр байгуулагдсан "Ард” телевиз ч мөн л    санхүүжилтээ бүрэн шийдээгүйгээс бүрэлдсэн редакцигүй, үйл ажиллагаа нь үе үе тасалдсаар, тогтсон хөтөлбөргүй байх шиг.

            Миний 2013 оноос эрхлэн гаргаж буй "Дундговийн амьдрал” сонин ч мөн л  С.Од-Эрдэнэ даргын үед аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан ажиллах оролдлого нэг удаа хийсэн ч  ганцхан улирлаас цааш хэтэрч чадаагүй, бусад удирдлагын тухайд уул сонинг дэмжих талаар огт санаа тавиагүй ч  "Бор зүрхээрээ” гаргасаар  өнөө хүрсэн.   

            Тэр ч бүү хэл 2016 оны сонгуулийн дараа аймгийн шинэ удирдлага  улс төржин МҮОН-ийн радиогийн  тус аймаг дахь гэрээт сурвалжлагчаар ажиллаж байсан миний /Миний хувьд Монголын радиогийн сурвалжлагчаар 1987-1991, 2010-2017 онд ажилласан/  гэрээг цуцлуулж, Үндэсний телевизийн аймаг дахь сурвалжлагч Д.Адьяасүрэнг чөлөөлүүлж чадсан ч түүнээс хойш Үндэсний радиогийн ч, Үндэсний телевизийн сурвалжлагчаар томилуулсан хүмүүс нь огт ажиллаагүйгээс тус аймгийн талаар мэдээ мэдээлэл үндэсний хэмжээнд хаагдмал байна.  Ер нь мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн мэргэшсэн удирдлагаас салгаж улс төрийн нөлөөнд  авах нь ямар мухардмал байдалд ордгийг том, жижиг олон жишээнээс харж болно. /МҮОНРТ-д болсон саяхны үйл явдал нэг жишээ нь/

Ер нь  тус аймаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын/Радио, телевиз, сонин, сайт/ өнөөгийн нэг нэгээр тархай бутархай, үйл ажиллагаа нь уялдаа холбоогүй  байдлыг нэгтгэн хэн нэг эзний хараат байдлаас ангижруулан  медиа группийн зохион байгуулалтад оруулан   олон нийтийн статустай, аймгийн төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилттэй ажиллуулан  удирдах зөвлөлийг ИТХ, Засаг дарга, ИНБ-ын  санал болгосноор бүрдүүлж гүйцэтгэх захирлыг нь удирдах зөвлөлөөс томилон ажиллуулах нь зөв шийдэл ч байж мэднэ.

Энэ шийдлийн эрх зүйн үндэслэл нь 2005 онд батлагдсан "Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” бөгөөд энэ хуулийн тавдугаар бүлгийг дор иш татлаа.

 ТАВДУГААР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ

32 дугаар зүйл.Орон нутгийн олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа

32.1.Орон нутагт олон нийтийн радио, телевиз /цаашид "орон нутгийн радио, телевиз” гэнэ/ байж болно.

32.2.Орон нутгийн радио, телевиз энэ хуульд заасан зарчмын дагуу байгуулагдаж, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулна.

32.3.Орон нутгийн радио, телевизийн ажиллах бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт болон үйл ажиллагаа явуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

32.4.Олон нийтийн радио, телевиз орон нутгийн радио, телевизэд үйл ажиллагааны талаар арга зүйн туслалцаа үзүүлнэ.

Хэвлэх

33 дугаар зүйл.Орон нутгийн радио, телевизийн хараат бус байдал

33.1.Орон нутгийн радио, телевиз тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар ажиллана.

33.2.Орон нутгийн радио, телевизэд тухайн орон нутгийн төсвөөс санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж болно.

33.3.Орон нутгийн радио, телевиз нэвтрүүлгийн онцлог, нэвтрүүлэх цагаас хамаарч үйлчилгээний хураамжийг өөрсдөө тогтоох ба энэ хуулийн 18.3-т заасан нэгжтэй хамтран ажиллаж болно.

  

            Тус аймаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын өнөөгийн байдлын тухайд ийнхүү бичихдээ  орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах  харилцан үүрэг хүлээсэн гэрээтэй ажиллах талаар аймгийн шинэ удирдлага  санаа аваасай гэж бодлоо.

                                                                                                МСНЭ-ийн Дундговь аймгийн салбарын дарга,

"Дундговийн амьдрал” сонины эрхлэгч   С.ПҮРЭВСҮРЭН 

С.ПҮРЭВСҮРЭН: ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙД...

С.ПҮРЭВСҮРЭН: ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙД...

С.ПҮРЭВСҮРЭН: ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙД...

 

С.ПҮРЭВСҮРЭН: ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙД...

 


 

 


 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!