ЗАР »
Халх Ойрадын тулаан болсон Олгой нуур
XXVII зуунд төв азид нүүдэлчин овог аймаг Монголчууд үндсэндээ тарж бутрах эх суурь нь тавигдаж харийн хар санаатны далдын явууллага, тал тал тийш нь сүлбэлдэж хатгасан хорон үзүүртэй явууллага Монгол ноёдыг хооронд нь тэмцэлдүүлэх болсон цаг үе байв. Ар халх, Өвөр халх, Баруун монгол гэж 3 хуваагдан тус тусынхаа нутаг хошуу, албат иргэдээ захирч суухаас гадна Өвөр халх үндсэндээ Манжид дагаар орсон, Ар халх 3 хошуунд хуваагдсан үе байлаа. Харин баруун талд Ойрад монголчуудын нэгэн том гүрэн босч ирсэн нь Зүүн гарын хаант улс юм. Галданбошигт хааны удирдлаган дор нэгдэж нягтарсан ойрадууд хүчээ аван Долоон мөрний сав газарт цөмрөн орж, Туркестан, Төвд, Памир болон Эрчис мөрний Тоболийг гэтэлж умар зүг давшин Уралын нурууг давав. Галдан Бошготын үед сибирийн нүүдэлчдийн хэд хэдэн улсыг эзэлсний гадна Гималайн уулс буюу төвдийг бас хүрч, ийн Баруун Монголыг Каспийн тэнгисийн эрэг хүртэл өргөтгөж тэлэв. Энэ нь хуучин Цагаадайн улс сэргэн босч зүг зүгт хуучин хил хязгаараасаа халин гарсан нь хээр тал нутгийг бүгдийг эзлэн авахыг эрмэлзсэн мэт байв. Баруун тийш аян дайн хийж 1200 гаруй хот балгадыг эзэлсэн нь Чингис хааны баруун тийшээ аян дайн хийж байсантай эн зэрэгцэхүйц амжилт байсан юм. Мөн хаант Орос улстай хэлэлцээр байгуулж хойд хилээ төвшитгөсөн, мөн Ойрадын газар нутгаар эх газрын торгоны замын эрхийг барьж худалдаа арилжаа эрхэлж байгаа зэрэг нь эдийн засгийн хувьд хүчирхэгжиж улс гүрэний дайтай болж байгаа нь илт байв.
Энэ үед Халхын байдал тун ч ээдрээтэй байсан төдийгүй Халхын засагт хан Норов нас барсаны дараа түүний дүү Шар Засагт ханы орыг эзлэн суух болсон юм. Шар ханыг засгийн эрхэнд гарснаар түүний зарим албат ноёд түүний үгийг дагахаа больж албат иргэдээ аван Түшээт хан Чахундоржийн газар нутагт орох болсон нь ноёдын хоорондын тэмцлийн эхлэл байв. Шар хан албат, хамжлагат иргэдээ Чахундоржоос удаа дараа нэхэн хууль цаазын бичиг явуулсан ч түүний үгийг Түшээт хан Чахундорж авалгүй хоорондын хямрал үргэлжилсээр байв. Шар хан өөрийн албат иргэдээ авахын тулд Зүүн гар улсын Галданбошигт хантай нэгдэж цэрэг зэвсгийн хүчээр авахыг санаархаж эхлэв. Энэ үед Халхын зарим ноёд Манж чин улстай найрамдалтай явагдаж байгаад Галданбошигт хаан дургүйцэн байсан учир энэ нь Халхыг Энх-Амгалан хаанд алдахаас урьдчилан Засагт хантай нийлж үйл ажиллагаагаа улам нягтруулан ажиллахын тулд ураг төрөл болсон гэх нь ч бий. /Шар ханы дүү сэргэлэн цогт Наранцогт тайжид Галдан өөрийн дүү охиноо гэргий болгон өгч ураг төрөл бололцож байв/ Энэ тэмцлийг түвшитгэх зорилготой Заг Байдрагийн Хүрэн бэлчирийн чуулган бол үнэндээ Манж чин улсын зүгээс явуулсан хагалан бутаргах, хутган үймүүлэх үзлийг дэвэргэсэн чуулган байлаа. Эл чуулганаар 1640 онд хэлэлцсэн Халх, Ойрадын дагаж мөрдөх "Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг хүчингүй болгосон байна.1686 онд Түвдийн Далай ламаас Халхад Галдан хийдийнхээ ширээт гавьжийг, Өөлдөд Цэцэг хамбыг, Манжийн Энх Амгалан хаанаас Халхад эрхэлсэн сайд Арнай нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг ирүүлсэн байна. Тэр хүмүүс Халхын феодалын чуулганыг Заг Байдрагийн нутагт Хүрэн-Билчир хэмээх газар хийлгэжээ. Уг чуулганд Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Норов, Засагт хан Шар, Сайн ноёны Шамба засаг, Түшээт ханы дүү Сэдшир бэйл, Засагт ханы ойр төрлийн тайж Саран ахай, Пунцагравдан нарын зэрэг 60 гаруй хүмүүс оролцжээ. Түүнчлэн Ойрадын Галдан бошготын төлөөлөгчид ч байлцжээ. Хүрэн-Билчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдэн, үндсэндээ 1640 оны Халх-Ойрадын чуулганы шийдвэрийг сэм хүчингүй болгосноор тэдний холбоог бүрмөсөн таслан, Халхын ноёдын хямралыг түр намжаах алхам хийж, Халхыг Манжийн нөлөөнд гүнзгий оруулж улмаар Зүүнгарын эсрэг тавих үүрэг зорилт бүхий байсан байна.
Халх, Ойрадын тэмцлийн гол шалтгаан бол харийн хар санаатны далдын явууллага, монгол түмнийхээ эрх ашгийн төлөө хандаж чаддаггүй мөчид бодолтой ноёдоос болж тэмцэл эхэлсэн юм. Энэ бол жинхэнэ хятад санаа байлаа. түүнийг мэдсээр байгаад манай ноёд өөрсдөө бас сэхээтэй хандаж чадсангүй, арай л богино санаа гаргасан байдаг. Ойрад халхын сийрэг ухаантай хүмүүсийг арай мөчид бодолтой ноёд залгаж аваад тэр үедээ нас нь залуудаж бие биедээ өш болгох зүйл хийн, сэтгэлийн хөргөж орхисон юм. Энэ тулаан бол Монголыг Монголоор даруулах гэсэн Манж чин улсын хорон санаа байлаа.
Энэ тулаан нь 1688 оны намар Бага газрын чулуунаас ойролцоох Олгой нуурын орчимд болсон байна. Өнөөгийн Дундговь аймгийн Сайнцагаан сум, Луус сум, Адаацаг сумын зааг нутаг болох юм. Халхын ноён Чахундорж 2 түм орчим цэргийг онгийн голд жишиж Онгийн голоос гарч Туул голын урдуур Улхын булангийн өмнөд талаар замнан эгц зүүн тийш явахдаа Хэрлэн туулын завсар говь талдаа ойролцоо оршдог Цариг хайрханыг өвөрлөх чигтэй орж ирэв. Харин Өөлдийн хаан Галдан бошигт 2 түм гаруй цэрэгтэйгээр Олгой нуураас зүүн тийш хоёр өртөө зайтай газарт буудаллаж Халх цэргийг тагнах турших байдалтай байна. Энэ байдлаас харахад 2 талын ноёд түшмэд ус бараадан, усаар дутахаас сэргийлж Олгой нуурыг түшиглэсэн нь илт байна. Халх ойрадын 2 түм орчим цэрэг Олгой нуурын эхэнд бие биенээ 2 хоног хориглон байлдсаны эцэст 3 хоногийн шөнө Өөлд цэргийн захирагч Галданбошигт ов мэх гаргаж Халхын цэргийг шөнөөр гэнэдүүлэн довтлон сарниулан бутраасан гэж түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Мөн Олгой нуурын өмнөт этгээдэд Сэхүүл, Шөхүүл гэдэг уул бий. Тэр нь "Сэг хүүр”, "Мөхүүл” гэж тулалдааны дараа нэрлэж байсан нь сунжирч ийм болжээ. Одоо энэ уулыг нутгийн ардууд Мөхий уул гэж нэрлэдэг болсон байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!