СЭРГЭЛТ \Шинэ Гурван сайхан, ба түүний "архитектор" Р.ЭРДЭНЭБҮРЭН\
"Шинэ Гурвансайхан” "Сэрсэн тал” "Хотоос ялгаатай нь, манай суманд баар л байхгүй” "Үүдээ дэлгэсэн айл шиг...” гэсэн нийтлэлүүд сонины хуудас, цахим орчноор тархан чих дэлдийлгээд удаагүй байна. Энэ бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын төв хэрхэн шинэчлэгдсэн, ямар бүтээн байгуулалт хийсэн, хүн ардын нь сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдсөн тухай юм. Энэхүү шинэчлэлийн "Уран барилгач” "Зохиогч” нь Гурвансайхан сумын уугуул, төрийн түшээ, дэд сайд, яамны "төрийн нарийн” асан Равжихын Эрдэнэбүрэн билээ. Мандалговьд саяхан болсон нэгэн сургалтад оролцсон түүний яриаг нэмэлт чимэггүйгээр уншигчиддаа хүргэхээр шийдлээ.
Р.Эрдэнэбүрэн өгүүлэх нь: - Нэг сайхан нартай өдөр намайг Гурвансайхан сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн даргаар сонгочихлоо. Энэ итгэлийг хэрхэн дааж ажиллах вэ гэсэн бодол нэн түрүү орж ирсэн. Тэр үед "Шинэ сумын төсөл” ид ярьж байсан болохоор Гурвансайхан сумын төвөө шинэчилье гэсэн санаа намайг эзэмдээд болдоггүй. Баянхонгор аймагт Баянлиг, Бууцагаан суманд "Шинэ сум” төсөл хэрэгжсэн нь улсын төсвөөс долоо, долоон тэрбум, нийлээд 14 тэрбум төгрөгөөр хэрэгжсэн. Мэдээж, над энэ мөнгө олдохгүй. Аймаг бүрд нэг сумын төвийн дэд бүтцийг шинэчлэх 5 тэрбумын төсөл өгснөөс манайд Өлзийт сумыг сонгочихсон. Тэр үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн "Нарийн” албатай над тийм боломж байсан ч "Эрдэнэбүрэн сумандаа төсөл авсан” гээд бөөн шуугиан тарих тул тэр замыг сонгоогүй. Ингээд би сумаа зорьсон. Сумын удирдлага ч "Нутгийн зөвлөлийн дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн "Сумын төвөө шинэчлэх асуудлаар иргэдтэй уулзана” гэж сүртэй зарласан шиг байгаа юм. Харамсалтай нь гуравхан хүн ирлээ. Тэд тэс өөр юм ярьж "Өөрөө ер нь УИХ-д нэр дэвших гээд байна уу” гэх ухааны ч юм асуух шиг. Энэ бол 2014 оны 2 дугаар сарын эхэнд болсон явдал. Үүнд гутаж гунисан ч үгүй. Би "Сумаа шинэчлэх” бодлоор өвчилж элдвийг эргэцүүлсээр... Эргээд хоёр долоо хоногийн дараа ирэхэд зургаан хүн ирж бас ч зарим зүйлийг сонирхож эхэлсэн. Би ч бодож төлөвлөснөө ярьсан. Ингээд тавдугаар сард ирэхэд нэлээн олон хүн цугларч, тэдний байдал ч "Энэ нөхөр нээрэн юм хийгээд байна шүү” гэсэн итгэл төрсөн нь анзаарагдаж байлаа.
Сумын төв маань ямар байсан гэвэл байшин барилгын өнгө зүс гандаж гундсан, халцарч холцорсон, айлуудын муруй саруй хашаа ч муудаж төмөр, фанер... юү тааралдсанаар нөхсөн, зосдож будахаа ч байчихсан... тийм л дүр төрхтэй байсныг түүгээр дайран өнгөрдөг, ирж буцдаг хүмүүс санаж байгаа даа. Ингээд суурьшчихсан айлуудын хашааг зөөнө, нүүлгэнэ, жигдлэнэ гэдэг тийм амар ажил биш, айл бүрээр орж, хүн бүртэй уулзаж ярьж сэнхрүүлж ойлгуулна гэдэг нүсэр ажил. Одоо эргээд бодож байхад мөнгө төгрөг босгоно, барилга байшин, зам талбай барина гэдэг бол нэг хэрэг. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчилнө, хийе бүтээе гэсэн итгэл үнэмшилд хөтөлж нэг зүгт чиглүүлнэ гэдэг маш хэцүү юм байна.
Хийх ажил тодорхой тул төсвөө зохиогоод хартал 4-5 тэрбум төгрөг гарлаа. Бидэнд нэг ч төгрөг байсангүй. Улсын хэмжээнд орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх 48 сая доллорын төсөл байсан ч манайд тэрнээс юү ч олдоогүй. Хөрөнгө оруулагчдыг хайж эхэлсэн. Хүнээс мөнгө "Салгах”-ын тулд өөрсдөө бас ийм тийм ажилд гээд мөнгө гаргасан байх нь жишээ болно гэж үзээд иргэддээ уриалсан. Иргэдийн сэтгэхүйд ихээхэн өөрчлөлт гарсан, сум орон маань ийм дүр төрхтэй болно гэсэн төсөөлөл, "Хар зураг” суучихсан болохоор "Өгье гэвэл ганцаасаа...” гэгчээр бүгд идэвхийлэн дорхиноо 300 сая төгрөг цугларсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгийг энэ шинэчлэлд зориулахаар шийд ч гарсан. Ингээд хөрөнгө оруулагчдыг, элчин сайд нарыг, гадны төсөл, хөтөлбөрийн удирдлагыг... гэхчилэн сумандаа ээлж дараатай урин бодлого, зорилго, төслөө танилцуулж эхэлсэн дээ. Арваараа, хориороо, зуугаараа... хүмүүс ирнэ. Анх удаа сумандаа "Доноруудын” зөвлөгөөн хийж гадны хөрөнгө оруулагчдыг нэгэн дор цугларуулсан нь их үр дүнтэй, өгөөжтэй болсон. Тэр бүхний сэтгэлийг хөдөлгөх, сайхан сэтгэгдэл төрүүлэх, эд нар юм бүтээж босгох, сум орноо өөрчлөх чинхүү хүсэл тэмүүлэлтэй хамт олон гэсэн бодол төрүүлэхийн тулд сум даяараа оволзтол "Хөдөлж” байлаа.
Тэр олон хүнд хүндэтгэл үзүүлэх, сайхан хоол ундаар үйлчлэх, хөдөөнийхөн гэдэг чинь малаа даган "Бэлчиж явдаг” хүмүүс биш өнөө цагийн соёл иргэншилд дасан зохицсон соёлт ард түмэн юм, тэд урлаг, спортын танхим, халуун усны газар, орчин үеийн тансаг орон сууц, хаус ... гээд бүхнийг хүсч байгааг ойлгуулахад хүн бүр л оролцсон. Зочиддоо бэсрэг наадам үзүүлнэ, дараа нь ямаа боож дайлна... гээд их ажил болноо. Би өөрөө өндөр хадан дээр суучихаад зочиддоо сонирхуулах бэсрэг наадмаа ажиглаж байх. Хэдэн даага уралдаад л гараад ирнэ. Хөөрхөн наадам болчихно. Зочид даагыг ч, унасан хүүхдийг ч өхөөрдөөд л... Түрүүлсэн даагыг хурдан удмын энэ тэр... гээд зочдын тэргүүнд бэлэглэчихнэ. Даагыг аваад явчихгүй нь ойлгомжтой. Хариуд нь нэг сая доллор ороод л ирдэг байхгүй юү. Тэр нэг сая доллор бас түүхтэй, анх Өвөрхангайд хуваарилагдсан ч газрын маргаанаас болоод төсөвлөгдсөн ажил нь хийгдээгүйд нь манайх энэ мэт хөөцөлдөөд "Эзэн суучихсан”. Хүүхдийн концерт сонирхуулна. Малчныд зочлуулна. Морь, тэмээ унаж зураг хөргөө авахуулна.
Ингээд зургадугаар сар гэхэд Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган доллор, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө боссон. Зургадугаар сард эхний бүтээн байгуулалтын шавыг тавиад эхэлсэн. Сумын төвийн айл өрхүүд нэг шугамын дагуу байршин блокон шинэ хашаагаар ижилссэн. Нэгдсэн усан сан, халаат дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж гурван км засмал зам, гэрэлтүүлэг бүхийг шийдсэн. Дулааны шугам сүлжээгээ "Ган-Илч” компанид өгчихсөн.
Сумын төвийн өнгө үзэмжийг хүн ардын эрүүл мэндийг дэмжих ногоон байгууламж нэмэх байсан ч хөрс хатуу тагжир тул санаа зовоож эхэлсэн. Тэгэхлээд наян км-т Дэлгэрцогтын нутгаас 80 гаруй трактор үржил шимт хөрс шороог татсан. Мэргэжлийн хүн урьж хөрс суулгах элсэн давхрага хийх, дахин үржил шимт хөрс зулах, дээрээс элсээр хучих зэргээр хөрсөө сайжруулж чадсан. Ингээд мод бут тарих, зүлэгний үр, цэцгийн мандал суулгах их ажил өрнөсөн дөө. Сэтгэл, зүтгэл байвал газрын хөрсийг ч өөрчилж болохыг ингэж харуулсан. Иргэд ч маш их юм сурсан. Хэний ч дохио зангаа, үүрэг тушаалгүйгээр хэн нь л бол өглөө гараад мод бут, зүлгээ услаад явж байдаг болсон. Хийж бүтээснээ хайрлах, додомдож тордох сэтгэхүй хичнээн гүн бат суусныг тэндээс харж болно. Бидний тооцоогоор хотын нэг дүүргийн дунд сургууль барих хөрөнгөөр бүхэл бүтэн сумын төвөө шинэчлээд авсан. Сайны хажуугаар саар гэгчээр бидний ажлыг шүүмжлэгчид олон байсаан. Бид түүнийг бүтээн байгуулалтаараа давж гарсан. Хамгийн гол хүчин зүйл нь хүмүүсийн хандлага, сэтгэхүйг өөрчлөн нэгэн зорилго, нэгэн зүгт хөтөлж чадсан явдал. Манайхан нижигнэтэл алга ташиж сурсан, юунд баярлаж хөөрөхөө мэддэг болсон, юунд зорьж тэмүүлж яваагаа мэдэрч, ирээдүйн дүр төрхөө зураглан хардаг болсон нь энэ шинэчлэл амжилттай болсны гол түлхүүр нь гэж нууцаа одоо дэлгэхэд эртдэхгүй байхаа.
Шинэ, хамгийн хямд технологийг бүтээн байгуулалтууддаа ашигласан нь манай бас нэг дэвшил. Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг Туркчүүд хийсэн. Технологийн усаа цэвэрлэн саарал усыг эргүүлэн ашиглах боломжтой байгууламж. Гэр хорооллын дундуур цэвэр бохир усны шугам оччихсон тул айлууд хашаандаа сууцаа бариад шугам татан гэртээ оруулахад нэг айл гэхэд хоёр сая төгрөг л хэрэгтэй. Бүх айл холбогдсон ч Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцээтэй. Үүнд ердөө 180 сая төгрөг зарцуулсан. Манайд энэ стандарт байхгүй ч мэргэжилтнүүд ирж үзээд хилийн боомтуудад танай төслийг хэрэгжүүлэх боломжтой юм гээд судлаад байгаа. Гэтэл нэг маягийн цэвэрлэх байгууламжийн зургийг харахад 800 сая төгрөгөөр барихаар төсөв байна лээ. Их хэмнэлт байгаа биз. Манай сум Угаалгын газартай болсон. Зургаан кг хувцас нэг эргэлтээр угаах чадалтай хоёр угаагч машинтай энэ газрыг 10 сая төгрөгөөр байгуулсан юм. Малчид ууттай хувцас авчирч өгчихөөд эргээд авах гээд ирэхдээ дараагийн угаах хувцсаа ууталж авчраад орхичихдог.
Манай SSS төв хол ойрын хүмүүсийн анхаарал их татдаг юм билээ. SSS гэдэг нь Соёл, Спорт, Суугаант гэсэн үгийн товчлол. Соёл, спортын "Суугаант” цогцолбор хэмээн нэрлэсэн. Энэ бол Соёлын төв, спорт заал бүхий цогцолбор л доо. Соёлын төв бүхий хэсэг нь 150 саяд, спортын заалтай хэсэг нь 450 саяд... гээд 600 саяар боссон цогцолбор. Гэтэл зүгээр л нэг спорт заал барихад 1,5 тэрбум төгрөгийн төсөвтэй юм билээ ш дээ. Манай энэ төв сумынхаа иргэдийн урлаг соёл, спортын бүх л үйл ажиллагаанд хүрэлцэж байгаа. Энэ хавар гэхэд манай сумын волейвольчид Сонирхогчдын улсын аварга шалгаруулах 170 баг оролцсон тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Бид спортын тохилог заалгүй бол хаанаа бэлтгэл сургуулиа хийж, яаж амжилт гаргах билээ. Багийн эзэн Эрдэнэбүрэн... гэж зарлаж байгаа бас...
Манай сумынхан нэг зорилгын төлөө яаж нэгдэж, нэгэн зэрэг хөдөлж чаддагийн жишээ Гармаа эмчид тохиолдсон явдал юм. Энэ танхимд Гармаа эмчийн суугааг хараад өөрөөр нь яриулмаар санагдлаа.
Эх баригч-эмч Бямбацэрэнгийн Гарамжав өгүүлэх нь: -Шүлхийн постон дээр байтал "Гэр чинь шатлаа” гэсэн хэл ирсэн. Мотоцикльд сундлаад иртэл улаан гал цоролзож байсан. Би ч "Хоёр хүүхэд минь хаа байна” гээд л орилоод гэр лүүгээ гүйсэн. Хүүхдээ л шатчихлаа гэж айсан. Гэтэл олон хүн намайг сэвхийтэл өргөөд л блокон хашаан дээгүүр аваад явсан нь галд орчих нь гэсэн хэрэг байж. Хоёр хүүхдийг чинь авсан, зүгээр” гэхийг там тум сонсоод арай сэхээ орсон. Харсан чинь хашааны ард сумын төвийн хамаг машин ирчихсэн, маш олон хүс туслахаар гүйлдэж байсан. Анх ирэхдээ сандраад тэрнийг ч мэдэх сөхөө байсангүй. Тэр дороо л сумынхан маань фейсбүүкээр Батаагийнд туслахыг уриалчихсан юм билээ. Бид ч мэдээгүй байтал данс нээгээд айл бүхэн 10000 төгрөг хандивлах хөдөлгөөн өрнөчихсөн байсан. Утсаа цэнэглүүлэх гээд гэрээдээ өгөөд явуулчихсан болохоор над утас ч байгаагүй. Юү ч мэдэхгүй байлаа. Сургуулийн хүүхдүүд "Хэнд юү байна, түүгээрээ туслая” гэж уриалан аянд нэгдээд ямар их юм цуглуулсан гэж санана. Над юү бодогдсон гэхээр "Юун түрүүн нутгийн энэ олон хүний ач тусыг яаж хариулна даа” л гэж бодогдсон. Тэгээд баярласан сэтгэлээ дөрвөн мөртөөр илэрхийлсэн маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байна лээ. Тэр маань:
"Өөнтөж зовохын цагт
Гандаж гундахын зовлонгүй
Өргөж тэтгээд авдаг
Өгөөмөр сэтгэлтэй нутгийн та бүхэндээ баярлалаа” гэсэн үг.
Р.Эрдэнэбүрэн өгүүлрүүн: -Юм бүхэнд манайхан нэгдэж чаддагийн нэг жишээ нь энэ. Одоо бид сумын төвийн хашаануудыг цэвэр, бохир ус, дулааны шугамтай холбоно. 20 гаруй сая төгрөг энэ ажилд зориулагдахаар анх удаа улсын төсвөөс хөрөнгө зөвшөөрүүлээд байгаа. Тэгэхлээр гэрт суугаад байж болохгүй. Сая өмнөх Засгийн газрын үеийн "Гудамж” төслийнхнийг авчраад нэг загварын маш хямд төсөр хаус хорооллын зургийг гаргасан. Нэг загварын сууц барина, 38 м.кв, 64 м.кв-ын хоёр янзын сууцны зураг байгаа. 38 м.кв-ын сууц гэхэд 25 сая төгрөгөөр баригдана гэхэд 15 саяыг иргэн өөрөө эхний удаа гаргах юм. Үлдсэн 10 сая төгрөгийг дараах хоёр жилд арга нь олдоно гэж үзсэн. Намар гэхэд энэ хороололд гэр байхгүй, дандаа нэг загварын сууц болно. Цаашид хорооллуудыг энэ жишгээр ээлж дараатай шийдвэрлэнэ. Ер нь хэд хэдэн малчин шинэ сууцанд орчихоод байгаа ш дээ. Малчид ажил бага үедээ хонио хотлуулчихаад давхиж ирээд сууцандаа тухлан халуун усанд орж аваад өглөө нь хөдөөнөө дахиад явчихаж байгаа. Тэд ирээд сумын төвийн мод зүлэг услаад л явж байдаг юм билээ, хэн ч тэднийг тэг ингэ гэж зааварлаагүй. Бүр энэ жил Улсын аварга болсолсон Л. Бараахас гэхэд хэдэн ч мянган мод авчраад төвдөө тарив даа.
Амьдрах орчноо өөрчлөх нь хэн нэг даргын ам, бөөн цөөн ороод ирэх мөнгө хараад суугаад байвал хэзээ ч бүтэхгүй. Төлөвлөөд, зориглоод эхлээд авбал болохгүй, бүтэхгүй ажил гэж алгаа.
Сэтгүүлч өгүүлэх нь: Гурвансайхан 2200 хүнтэй, 678 өрхтэй. Сумын төвийн шинэчлэл зөвхөн төв сууриныханд биш малчдад ч өгөөжтэй том шийдэл юм. Хотын соёлыг хөдөөд авчрах нь ердөө л дэд бүтэц юм байна. Дэд бүтцийг шийдчихээр дагаад соёл нэвтрэх нь эднийхээс харагдана. Галлагаатай пийшинтэй, ар нуруунаас сэрүү сэнгэнэсэн танхимд гадуур хувцастайгаа бүжиглэж байсан залуус өнөөдөр өнгөлөг ганган костюм, гялталзсан даашинзаар гоёх жишээний. Эдний шинэчлэл яагаад ийм амжилт олсон гэхээр ердөө л иргэдийн оролцоо, тэдний сэтгэхүйд гарсан өөрчлөлт гэж болно. Өөрсдийн мөнгө төгрөгөө гаргаж хийсэн ажилдаа хүн элгэмсэг, өөриймсөг ханддаг, байнга өөд нь, дээш нь татахыг, улам гоё сайхан болгохыг эрмэлздэг аж. Тиймээс ч тэд хэний ч шаардлагагүйгээр сумын төвийн мод, зүлгээ услаад явж байна. Малчид хөдөөнөөс давхиж ирээд мөн л ус зөөн гүйлдэнэ. Ажил хийж байгаа нөхөд дээрээ хоол, цай бариа л хүрээд ирэх нь ч ердийн хэвшил болжээ.
Өглөө 6 цаг хагас гэхэд сумын төв даяар хөгжим хангинаад л иргэд өглөөний алхалт, гүйлт, дасгалдаа цуглаад ирнэ. Яг л бүтээн байгуулалтын ажилдаа нэгдэн оролцдог шигээ. Тэнд засаг дарга, жирийн иргэн ялгаагүй, бүгд ирнэ. Эрдэнэбүрэн дарга ч ирэх болгондоо сумынхантайгаа өглөө хамт гүйнэ. Өнгөрсөн жил мөн л эрвийх дэрвийхээрээ ажиллаад Жижиг дунд үйлдвэрийн паркаа барьж байгуулаад гаднах зам, талбайг тохижуулж цэцгийн мандал байгуулаад авсан. Өнөө жил тэнд жижиг үйлдвэрлэл эрхлэхээр дугаарласан хүмүүс ч бий гэсэн. Дуслуулсан хөлснийхөө, зарцуулсан мөнгө төгрөгнийхээ үр шимийг Гурвансайханчууд нийт даяараа хүртэж байна.
Гурвансайханы уугуул ч Улаанбаатарт суудаг иргэд Нутгийн зөвлөлийн даргаараа зөв хүнийг сонгожээ. Зөв хүн зөв сэтгэж, зөв шийдэж, зөв бүтээдэг байх нь ээ.
С.ПҮРЭВСҮРЭН