Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн төгсөгчид "Төгсөгчдийн холбоо"-той болжээ

🕔 2016/11/08 10:35

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  ЕБС-ийн төгсөгчид "Төгсөгчдийн холбоо"-той болжээ

Манай сайт нь Дундговь аймгийн хэмжээнд болж буй цаг үе, үйл явдлын мэдээ мэдээллийг уншигчиддаа цаг алдалгүй хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл бид энэ удаад Дундговь нутгийн залуу үеийн төлөөллүүдийг дэмжих, тэдний дуу хоолойг уншигчдад хүргэх зорилгоор Эрдэнэдалай сумын уугуул Т.Номин-Эрдэнийг урьж ярилцлаа. Т.Номин-Эрдэнэ нь Эрдэнэдалай сумынхаа ЕБС-ийг төгссөн бөгөөд сургуулийнхаа төгсөгчидтэй нийлж "Төгсөгчдийн холбоо”-г байгуулаад байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Төмөрхуягийн Номин-Эрдэнэ гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж өссөн. МУИС-ийг эдийн засаг нягтлан бодогч, ИЗИС-ийн хуулийн ангийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Одоо "Петровис” компани-д Хуулийн зөвлөх салбарын эрхлэгчээр ажиллаж байна.

-Өөрийг чинь багаасаа спортоор олон уралдаан тэмцээнд оролцож байсан гэж дуулсан. Ялангуяа нутгийн тань залуус таныг волейбол тоглодог гэдгээр нь мэддэг юм байна лээ.

-Тиймээ. Дунд сургуулийн 8,9,10-р ангидаа аймгийнхаа өсвөрийн шигшээ багт тоглож байсан. Шилдэг холбогч, давуулагч болж байлаа. ОУХМ М.Гаамаа, Спортын мастер И.Галбаатар, спортын мастер Ө.Занабазар багш нарынхаа удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байсан нь миний хувьд ихээхэн аз завшаан байсан. Тэд нараараа шавь нар нь бүгд бахархаж явдаг. Оюутан болоод тамирын сургуулийн шигшээ багт 4 жил тоглож спортын дэд мастерийн болзол хангасан.

-Сум орон нутаг, төрлөх сургуулийнхаа талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Манай Эрдэнэдалай сум аймгийнхаа хамгийн том, олон хүн амтай сум. Улсдаа ч хүн амынхаа тоогоор дээгүүрт ордог. Энэ ч утгаараа сумын маань улсын тэргүүний 12 жилийн сургуулийг олон арван төгсөгчид сурч төгссөн. Өөрөөр хэлбэл манай сургууль олон хүүхдүүд төгсгөж, амьдрал хэмээх их далайд нисэх даль жигүүрийг нь дэлгэж өгсөн. Сургууль маань анх 1930 онд байгуулагдаж түүнээс хойш одоог хүртэл мянга мянган хүүхдийн ирээдүйнх нь гэрэл болж ирсэн гэж боддог.

Мөн манай сургуулиас улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан олон арван алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан. Тэднээс дурьдвал УИХ-н гишүүн асан Н.Тогтох, Р.Раш, доктор пропессор Л.Дугаржав, жүжигчин СТА Г.Золбоот гэх мэт хүмүүс байна.

Түүхээс харахад 1980 онд анхны 10 жилийн боловсролыг олгож эхэлсэн гэдэг юм билээ. Тэгэхээр өнөөдрийг хүртэл 36 дахь жилдээ төгсөлтөө хийгээд байна гэсэн үг л дээ. Бид ийм баялаг түүхтэй сургуулийг төгссөн болохоор зайлшгүй сургууль төгсөгчдийн холбоотой байх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Тэгээд хэсэг төгсөгчид нийлж ярилцаад Эрдэнэдалай сумын ЕБС-ийн төгсөгчдийн холбоог байгуулсан.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  ЕБС-ийн төгсөгчид "Төгсөгчдийн холбоо"-той болжээ

-Холбоогоо хэзээ байгуулав?
 
-Манай холбоо 2016 оны 9-р сард байгуулагдсан байгаа. Холбооныхоо анхны тэргүүнээр Т.Номин-Эрдэнэ миний бие ажиллаж байна.

-Холбоог байгуулсны ач холбогдол, зорилго юу вэ?

-Зорилго бол энгийн гэж ойлгож болно. Цаашид сургууль төгссөн 2000 гаруй төгсөгчдөө хамруулж, хоорондын уялдаа холбоог сайжруулах нь зөв гэж бодож байна. Учир нь төгсөгчид сургуулиа төгсөөд төдийлөн уулзаад байж чаддаггүй нь анзаарагдсан. Бид нэг нутаг усны хүүхдүүд , нэг сургуулийн төгсөгчид, модоор ургамлаар төлөөлүүлж ярьвал нэг модноос үндэстэй салаа мөчрүүд шүү дээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  ЕБС-ийн төгсөгчид "Төгсөгчдийн холбоо"-той болжээ

-Мэдээж цаашдаа олон ажлууд хийхээр төлөвлөсөн байх.

-Тэгэлгүй яахав. Олон ажлууд төлөвлөсөн бий. Тэдгээрээс цухас дурьдвал сургууль төгсөгчдийн холбооноос эхний ээлжинд хүмүүнлэгийн ажил санаачлан хийхээр төлөвлөсөн байгаа. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ. Бидэнд сэтгэл байхад бүх зүйл болох учиртай.

Хэдийнээс л урлаг,спортоороо манай сургууль аймаг бүсдээ алдартай байсан. Түүнийгээ орхигдуулж болохгүй гэдэг үүднээс цаашид бид нийт төгсөгчдийн дунд шилжин явах цомын төлөөх тэмцээн зэрэг олон спортын арга хэмжээг зохион байгуулж явуулахаар төлөвлөсөн байгаа.

Мөн "төрөлх сургуульдаа оруулж чадах бидний хувь нэмэр” гэсэн сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Мэдээж үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.

Нэг зүйл онцлон хэлэхэд Эрдэнэдалай сумаас хойш 2 км зайд орших "Далай овоо” гэдэг сүрлэг сайхан хайрхан байдаг юм. Манай сумынхан бүгд энэ хайрхнаасаа адис авч, амьдрал ахуйгаа даатгасаар ирсэн. Манай нутгийн иргэд их зөөлөн, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Нууц нь "Далай овоо” хайрхантай маань холбоотой гэж боддог шүү. /инээв/

-Танай холбооны цаашдын ажил үйлсэд амжилт хүсэе. Ингээд сүүлчийн үгийг танд үлдээе.

-Сүүлийн үед анзаараад байхад багш шавь, анги найз нөхөд, төгсөгчдийн уялдаа холбоо гэдэг зүйл бага багаар алга болоод байна уу даа гэсэн бодол төрдөг. Гэхдээ энэ миний л бодол шүү. Тэгэхээр төгсөгчид бид холбоотой байж чадвал төрөлх сургууль, багш шавийн уялдаа холбоо гэдэг зүйл илүү сайжирна. Ингээд нийт төгсөгчиддөө ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Dundgovi.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!