Сурталчилгааг хэрхэн хуулийн дагуу явуулах вэ
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрийн 00.00 цагаас албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвслээс нийт 498 хүн нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 69 нь бие даагч бол 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавин ажиллаж буй бөгөөд тус газраас гучаад сонин, 50-60 вэб сайт, гучаад телевизэд тогтмол мониторинг хийж ажиллаж байгаа аж. Мөн твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр бусдын нэр хүндэд халдсан, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн мэдээлэл түгээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас тухайн хаягийг шалгах юм. Дашрамд, холбогдох байгууллагад гомдол гаргасан эсэхээс үл хамаарч цагдаагийн байгууллага хяналт тавих аж.
Ингээд хуульд сонгуулийн сурталчилгаа явуулах хууль эрхзүйн орчинг хэрхэн зохицуулсан тухай мэдээллийг хүргэе.
77 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл
материал хэвлүүлэх, тараах, хүргэх
77.1.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь дараах төрөлтэй байна:
77.1.1.нэр дэвшигчийн; 77.1.2.нам, эвслийн.
77.2.Нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй:
77.2.1.гурван хэвлэлийн хуудас сонин;
77.2.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;
77.2.3.хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас;
77.2.4.хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар; 77.2.5.гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан.
77.3.Сонгуульд оролцогч нам, эвсэл буюу нам, эвслийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй:
77.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан дөрвөн хэвлэлийн хуудас сонин, эсхүл сэтгүүл;
77.3.2.гурван хэвлэлийн хуудас бүхий сонгуулийн сурталчилгааны бусад материал.
77.4.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар гаргаж болно.
77.5.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь нэгдмэл байдалтай бол нүүр тус бүр нь тухайлсан нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан байна.
77.6.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, хэлбэрээс үл хамааран нүүр тус бүрийн доор тухайн материалыг эрхлэн хэвлүүлсэн нэр дэвшигч, нам, эвслийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг дурдах ба хариуцлагыг сонгуулийн штабын удирдлага хүлээнэ.
77.7.Зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна дараах газар үнэ төлбөргүй байрлуулж болно:
77.7.1.зориулалтын зарлалын самбар;
77.7.2.нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шон.
77.8.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.
77.9.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож орчныг бохирдуулахыг хориглоно.
77.10.Зурагт болон ухуулах хуудас нь А3 бичгийн цаасны хэмжээнээс илүүгүй хэмжээтэй байна.
77.11."Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.
77.12.Сонгуулийн сурталчилгааны материалын нийт хэмжээг сонгогчдод тараасан хэвлэмэл материалын нийлбэрээр тооцно.
77.13.Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй.
77.14.Сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгуулийн штабын ажилтан, ухуулагчаар дамжуулан хүргэхээс гадна шуудангаар хүргүүлж болно.
77.15.Гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг хууль бусаар устгах, бохирдуулахыг хориглоно.
77.16.Тухайн тойрогт нэр дэвшүүлж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн танилцуулга, намтар, мөрийн хөтөлбөрийг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.
77.17.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал нь энэ хуулийн 77.2.1, 77.2.2-т заасан хэмжээнд хамаарна.
77.18.Энэ хуулийн 77.9-д заасныг зөрчсөн бол доор дурдсан торгууль ногдуулна:
77.18.1.нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
77.18.2.сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
77.19.Энэ хуулийн 77.15-д заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
78 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах
78.1.Зурагт самбарыг сонгуулийн сурталчилгаанд ашиглана.
78.2.Зурагт самбар нь бичгийн А3 цаасны хэмжээнээс илүү
хэмжээтэй байх бөгөөд томсгосон хэмжээнд хязгаарлалт тавихгүй.
78.3.Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулна.
78.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглахгүй.
78.5.Сонгуулийн штаб, ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга, байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй.
78.6.Сонгуулийн сурталчилгааны самбар нь дараах төрөлтэй байна:
78.6.1.нэр дэвшигчийн;
78.6.2.нам, эвслийн.
78.7.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь сурталчилгааны зурагт самбараа сонгуулийн хэсэг тус бүрд тооны хязгаарлалтгүйгээр байрлуулах эрхтэй.
78.8.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран нэг сурталчилгааны самбар гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд хариуцлагыг хамтран хүлээнэ.
78.9.Зурагт самбарт түүнийг захиалсан этгээдийн нэрийг дурдсанбайна.
78.10.Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно.
78.11.Энэ хуулийн 78.10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
79 дүгээр зүйл. Намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах
79.1.Нам, эвсэл буюу нам, эвслийн сонгуулийн штаб, нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб нь намын бэлгэ тэмдэг болох намын далбааг сонгуулийн сурталчилгааны явцад ашиглах эрхтэй.
79.2.Намын далбааг ухуулах байр, нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглоно.
79.3.Энэ хуулийн 79.2-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
80 дугаар зүйл. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх
80.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.
80.2.Тухайн шатны Засаг дарга сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй.
80.3.Дараах байгууллага, хуулийн этгээд сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв,биеийн тамирын, хурлын болон бусад байр, танхимыг гаргаж өгөх, үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:
80.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
80.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
80.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээсдээш оролцоотой хуулийн этгээд.
80.4.Энэ хуулийн 80.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
81 дүгээр зүйл.Ухуулах байр ажиллуулах
81.1.Нэр дэвшигч болон нам, эвсэл, тэдгээрийн сонгуулийн штаб нь сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулна.
81.2.Нэр дэвшигч болон түүнийг нэр дэвшүүлсэн нам, эвслийн ухуулах байр нь хамт байна.
81.3.Ухуулах байрыг доор дурдсан зорилгоор ажиллуулна:
81.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах,танилцуулах;
81.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдодтараах;
81.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.
82.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр нэвтрүүлж болно.
82.2.Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг сонгуулийн төв байгууллагаас сонгуульд оролцогч нам, эвсэл, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус бүрээр тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.
82.3.Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.
82.4.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.
82.5.Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.
82.6.Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно.
82.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.
82.8.Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт мэдээллийн хамт сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ:
82.8.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
82.8.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
82.8.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл.
82.9.Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг доор дурдсан баримт мэдээллийн хамт аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:
82.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
82.9.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
82.9.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл.
82.10.Энэ зүйлд заасан журмын дагуу сонгуулийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлсэн телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.
82.11.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлээгүй телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
82.12.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.
82.13.Сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нэр дэвшигч, нам, эвсэлд тэгш хандах үүрэгтэй.
82.14.Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.
82.15.Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцсон байна.
82.16.Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.
82.17.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг сонгуулийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.
82.18.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллах ба энэ хуульд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
82.19.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх энэ хуульд заасан журам зөрчсөн радио, телевизэд нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин давтвал санал авах өдөр хүртэл үйл ажиллагааг нь тухайн зөвшөөрлийг олгосон байгууллага зогсооно.
82.20.Энэ хуулийн 82.5, 82.6, 82.12, 82.15, 82.16, 82.17-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
82.21.Энэ хуулийн 82.5, 82.12, 82.13, 82.17-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
83 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд интернет орчин ашиглах
83.1.Нэр дэвшигч, нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулж болно.
83.2.Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна.
83.3.Сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.
83.4.Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана.
83.5.Энэ хуулийн 83.4-т заасан сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.
83.6.Энэ хуулийн 83.4, 83.5-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно.
83.7.Энэ хуулийн 83.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана.
Д.СҮРЭН