Б.Даваадорж: Нярай орилоод байхаар нь жорлон руу шууд орсон
Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч бяцхан нярайн амийг аварсан талаарх сайхан мэдээлэл цахим сүлжээнд газар аваад байна.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрийн 08.25 минутанд Дундговь аймгийн Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу тус газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Батцоожийн Даваадорж тухайн газарт очиж шуурхай тусламж үзүүлж нярайн амийг аварч, амьдрал бэлэглэжээ.
Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж ганцаараа очсон бөгөөд түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Ийнхүү гавьяатай үйлс бүтээсэн мөрдөн байцаагч Б.Даваадоржтой утсаар холбогдож ярилцлаа.
-Сайн байна уу. Дөнгөж төрсөн нярайн амийг аварсан явдалд олон хүн талархаж байна?
-Баярлалаа. Тухайн өдөр манай жижүүрийн утсанд "Хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж би ганцаараа очсон.
-Таныг яваад очиход ямар байдалтай байсан бэ. Амаржсан эх хүүхдээ санамсаргүй унагаасан юмуу, эсвэл санаатай жорлонд унагаасан юм болов уу?
-Жирэмсэн эмэгтэй айлд хонохоор ирсэн юм билээ. Хүүхдээ санаатай, санамсаргүй унагаасан эсэхийг сайн мэдэхгүй юм. Тэр талаар нь аймгийн эмнэлгийн Төрөх тасгийн эмч нараас асуувал илүү мэдээлэл гарах болов уу.
-Дуудлагыг хэн өгсөн юм бэ?
-Тэр хоносон айлынх нь эзэгтэй өгсөн. Намайг яваад очиход амаржсан эмэгтэй гэрт байсан. Харин жорлонд нярай орилоод байхаар нь их сандарсан. Ямар ч байсан амьд байгаа юм байна, амийг нь аваръя гэсэн бодол толгойд орж ирсэн. Тэгээд цаг хугацаа алдалгүй жорлонгийн модыг төмрөөр гөжиж байгаад орсон.
-Жорлон хэр гүн гүнзгий байсан юм бол. Нярайн амийг аврахад хэр цаг хугацаа орсон бэ?
-Нэг их гүнзгий биш байсан, метр гарантай гүн жорлон байсан. Хүүгийн амийг аврахад таван минут л болсон. Хамгийн гол нь цаг хугацаа алдаж болохгүй гэж бодоод орсон. Бидний ажил үүрэг болохоор жорлонг бохир заваан гэж бодохгүй шүү дээ. Намайг нярайг аваад гараад ирэхэд түргэн тусламж болон онцгойхон ирсэн. Тэгээд эмнэлгийнхэн эх, хүү хоёрыг аваад явсан.
-Амаржсан ээжийн талаар мэдээлэл байна уу?
-Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат. 30 настай эмэгтэй байсан.
-Ямар ажил мэргэжилтэй эмэгтэй юм бол?
-Айлд мал малладаг гэсэн. Тэр хоносон айл хамаатан садангийнх нь биш юм гэсэн. Тэнд хоночихоод маргааш нь яг мал малладаг айл руугаа явах гэж байсан юм билээ. Тэгэхээр төрөх хугацаа нь болоогүй байсан юм болов уу.
-Бүхэл бүтэн нэг хүнд амь амьдрал бэлэглэсэн, баяртай сайхан үйл хийжээ гээд л таны гавьяаг бахархсан, үнэлсэн хүмүүс олон байна?
-Аймгийн хэмжээнд жорлонгоос нярайн амь аварсан анхны тохиолдол болж байгаа болохоор хүмүүст сонин санагдсан юм болов уу. Бид өдөр тутамд албан үүргээ гүйцэтгэж, хүмүүсийн баяр жаргал, зовлон гуниг гээд бүх зүйл дээр очдог болохоор бидний л хийх ёстой ажил гэж боддог. Энэ удаад бяцхан нярайн амийг аварсан гэхээр тухайн үедээ их баярлаж байлаа. Ард түмнийхээ аюулгүй тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтай алба хаагчид бидний ажлын нэг өдөр, үүрэг хариуцлага юм даа. Алба хаагч бидний нэг өдрийн ажил байсан. Гэхдээ тухайн үед жорлонд хүүхэд орилоод байхаар их сандарсан шүү. Хүүгийн амийг аваръя гэсэн л бодолтой байсан.
О.Сайхан