Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог

🕔 2025/10/29 15:41
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. Энэ бүхэн харах өнцөг, эерэг бодлоос урган гардаг гэж боддог. Хэн нэгний аюулгүй байдлын төлөө зүрх сэтгэлээ зориулж, хором бүрийн аз жаргалыг мэдрүүлдэг нь алба хаагч бүрийн үүрэг, ажлын онцлогийг илтгэдэг мэт. Тиймээс энэ удаагийн nematimes булан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Төгөлдөрийг танилцуулж байна.
-Миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж, өссөн. Хоёр хүүхэдтэй айлын бага нь. Хүүхэд нас өвөө, эмээ, аав, ээждээ тусалж, морь унаж, мал маллаж өссөн. Аймгийн I арван жилийн сургуулийг төгсөж, 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Улмаар 2015  онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд Онцгой байдлын ажил, эрх зүйч мэргэжил эзэмшиж, 2019 онд ДХИС-д гамшиг судлалын магистр, 2025 онд мөн сургуулийн удирдахуйн ухааны магистрын зэргийг тус тус хамгаалж, энэ хичээлийн жилээс доктрантаар суралцаж байна.  
  Аврагч- гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн захирагч, Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байгаад 2022 оноос хойш Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байна.
 Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх багын мөрөөдлөө биелүүлж, хамгийн хариуцлагатай, хамгийн хүнлэг мэргэжлийг эзэмшиж, амьдралын утга учрыг мэдэрч байгаадаа бахархал дүүрэн байдаг. Өдөр бүр шинэ сорилт, хариуцлага, бас амь аврах “даалгавар”-тай нүүр тулдаг. Богино хугацаанд аврах ажиллагааг зохион байгуулах ухаан, зориг, шийдвэр гаргах чадвар, бусдын төлөөх чин сэтгэл бол бидний мэргэжлийн онцлог. Энэ ч утгаараа аврах ажиллагаа бүр итгэл, тэвчээр, эр зоригийн шалгуур гэж боддог. Нөгөө талаар зүрхний “дуу хоолой”, хэн нэгний амьдралд гэрэл асаах “тангараг”  гэж хэлмээр байна.  Аюул, ослын урдаас айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын минь үндэс болдог.
  Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь уул уурхайн гол бүс нутагт байрладаг, хүн ам, тээвэр хөдөлгөөн, үйлдвэрлэл ихтэй. Үүнийгээ дагаад зам тээврийн осол, ахуйн болон техникийн холбогдолтой гал түймэр, байгалийн гаралтай гамшиг, ослын тохиолдол өндөртэй. Говийн бүс нутагт уур амьсгал хатуу, хуурай, салхи шуургатай тул хүчтэй салхи, шороон шуурга зэрэг байгалийн аюулт үзэгдлүүд ч тохиолдоно. Онцгой байдлын хэлтсийн хамт олон иргэд, байгууллагуудтайгаа хамтран ажилласны үр дүнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааг шуурхай гүйцэтгэх чиглэлээр бодит ахиц гарган ажиллаж  байна. Ингэснээр үйлдвэрлэл, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлсийг дагасан эрсдэлийг хянах, аюулгүй байдлыг хангах, сумын Онцгой комисс, мэргэжлийн албадын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд туршлага хуримтлуулан үүргээ гүйцэтгэж байна.
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар тогтоолоор Цогтцэций суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдсанаар гамшгаас хамгаалах тогтолцооны эхлэл болсон. Улмаар бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, Засгийн газрын 2022 оны 163 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон  үйл ажиллагаагаа явуулж байна. Онцгой байдлын хэлтэс нь байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй хөгжиж, орчин үеийн техник хэрэгсэл, хамт олны хүчин чармайлтаар гамшиг, ослын үед шуурхай ажиллах чадвартай, эв нэгдэлтэй байгууллага болон төлөвшиж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар сумын хэмжээнд бүртгэгдсэн 166 дуудлагаар ажиллаж, 147 хүний амь нас, 16.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.
- Загасчлах, морь унах, аялах, зураг бичлэг хийх, эртний эдлэл, хутга цуглуулах зэрэг олон төрлийн хоббитой. Өдөр тутмын ажил, амьдралд минь урам зориг, эрч хүч, сэтгэлийн тэнцвэр өгч, үргэлж хөгжүүлдэг зүйл бол хобби гэж боддог. Сүүлийн үед буудлагын спортоор хичээллэж байна. Спорт бол зөвхөн биеийн хүч төдийгүй, сэтгэлийн хат, багаар ажиллах эв дүй, хариуцлага, итгэлийг төлөвшүүлдэг онцлогтой. Мөн спортын хажуугаар урлаг уран сайхан, яруу найргийн тэмцээн уралдаанд оролцдог. Эдгээр нь миний хувьд амьдралын хэв маяг, ажил мэргэжилд минь хүч, сэтгэлийн тэнцвэрийг бий болгодог.  Мөн сэтгэл судлал, удирдлага, хувь хүний хөгжлийн тухай, түүхэн зохиолууд унших дуртай.
-Миний ажилдаа баримталдаг гол зарчим бол шударга хүнлэг, бусдын амь нас миний гарт байгаа гэдгийг үргэлж санаж, өөрийгөө хөгжүүлж, суралцахыг хичээдэг.  Энэ утгаараа амьдралын утга учир бол бусдад туслах, хайрлах, гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо төлөө сайн, сайхан зүйл хийхэд оршдог гэж боддог.  Өдөр бүрийн үйлдлээрээ бусдын итгэл, амар тайван, аюулгүй байдлыг хамгаалж, хүнлэг зан, зориг, сэтгэлээ тэлж амьдрахыг эрхэмлэдэг. Амьдрал гал шиг халуун, харин зориг нь түймэр шиг хүчтэй байх ёстой гэдэг үгийг хэлэх дуртай. Энэ үг юу ч байсан айхгүй, зоригтой, бусдын төлөө сэтгэл гарган алхахыг сануулдаг. Та бүхний минь хүсэл биелж, итгэл, хайраар дүүрэн байхыг ерөөе. Баярлалаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!