ИХ ГАЗРЫН ЧУЛУУ
Их газрын чулуу нь Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгийн уулзварт уртаараа 30 орчим, өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, буруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц хадан тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй, Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэтөвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц олонтой. Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн 40 гаруй агуйтай, хамгийн том нь 30 метр урт, 3,5 метр өргөн, 10 метр өндөр Тагтааны бааст хэмээх агуй юм. Хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна Ганга, Алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.
Алаг даага, хадны борогчин, монгол чижүүл зэрэг мэрэгчид, сахалт багваахай, жижиг соотон багваахай зэрэг гар далавчтан, тас, бүргэд, харцага, ногтруу, хээрийн тагтаа, болжмор зэрэг жигүүртэн, аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг 20 гаруй төрлийн ан амьтан амьдардаг.
Усанболор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай. Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азрага адуу өлхөн багтах зайтай Алдарт бөх Хур харцага амьдарч байсан гэхдомогт Хур харцагын таг юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоог тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгалтай.
Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа 1984 оны 69-р захирамжаараа аймгийн онцгой хяналтын бүс, Мөн Их газрын чулуу нь байгалийн нөөц газрын ангилалд багтаж байсан бөгөөд 2012 оны тавдугаар сард УИХ-ын тогтоол гарч, байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий энэ нутгийн байгалийн нөөц газрын талбайн хэмжээг Говь- Угтаал, Гурвансайхан сумын газар нутгаар өргөтгөж ангилал дээшлүүлэн Их Газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилсөн юм. Тус газар нутгийн өвөрмөц тогтоцыг ашиглан "Талын цуурай”, "Ичээнд нь”, "Бушхүүгийн үлгэр”, "Загийн алим”, "Тууврын замд” зэрэг киноны зураг авалтыг хийж байжээ.
Их газрын чулууны ууланд байгалийн задгай театр байгуулж энд олон улсын болоод улс, бүсийн урлагын наадам зохион байгуулах, Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт XX зууны манлай эмэгтэй уртын дуучин Н. Норовбанзадад зориулж "Уяхан замбуу тивийн наран” гэрэлт хөшөөг бий болгосон.
2013 онд БОНХ сайдын тушаалаар Их газрын чулууны байглаийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
2014 онд Их газрын чулуу байгалийн цогцолборт газрыг Дундговь аймгийн 9 гайхамшигт оруулсан.
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Их газрын чулуунаа задгай театр байгуулагдсан.
Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметрт байрлажээ. 2006 болон 2013 онд Их газрын чулууны задгай театрт Олон улсын урлагийн наадмыг Дундговь аймаг 2 удаа амжилттай зохион байгуулаад байна.
"Уяхан Замбуу тивийн наран гэрэлт хөшөө”
Мөн 2006 онд тус театрын дэргэд зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлжээ.
"Хаан, хатан хад”
Хаан, хатан хадыг байгаль эх урлан бүтээхдээ баруун талд нь аяны богц барьсан эмэгтэй, зүүн талд нь баатарын дуулга малгайтай бамбай барьсан эрэгтэй хүн хоёул тэврэлдэн зогсож байгаа мэт дүрсэлсэн байна. /Их газрын чулуу ийм сайхан хангай номноос/
Лусын эзэн өвгөн Чингэс хад буюу Өвгөн хад
Өвгөн хадны өмнө адислан, өрхийн хүний тоогоор тахил дээр чулуу нэмэн, цай идээний дээж өргөн, нүгэл хилэнцээ арилган сэтгэлийн ариусал авдаг байна. /Их газрын чулуу ийм сайхан хангай номноос/
Дундговь аймгийг Их, Бага газрын чулуугүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.