Орон нутгийн сонгуулийн дүнг долоо хоногийн дотор мэдээлнэ

🕔 2016/09/30 16:50

Орон нутгийн сонгуулийн дүнг долоо хоногийн дотор мэдээлнэ

 

Энэ удаагийн УИХ, Орон нутаг болон ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль нь Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохицуулагдаж буйгаараа өмнөх сонгуулиудаас онцлогтой. Ирэх сарын 19-нд товлогдоод буй орон нутгийн сонгуулийн эргэн тойрон дахь мэдээлэл болон Сонгуулийн тухай хууль дахь зарим заалтыг онцлоё. Зарчмын хувьд өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн зарчмаар орон нутгийн сонгуулийг явуулна. Гэхдээ орон нут­гийн сонгуульд зориулсан онцлог заалтууд ч Сонгуу­лийн тухай хуульд бий.

Орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байгаа бол 1792 тойрогт нийт  7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байгаа. 15209 нэр дэвшигчийн 7006 сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. Тойргийн тухайд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум  нийт 1792 тойрогт хуваагдсан.

Улсын төсвөөс  сонгуулийн бэлтгэл ажилд зориулан 13.9 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.  Харин нам, эвсэл бүр 1.142.5 сая төгрөг зарцуулахаар дээд хэмжээг нь тогтоосон. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд зааснаар сум, баг, дүүргийн хороо бүр нэг тойрог болох юм. Өөрөөр хэлбэл, томсгосон тойргоор сонгуулийг явуулна.

Мөн сонгуу­лийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр үнэ төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож гаргахыг хуульчилсан. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа маргааш эхэлнэ. Тиймээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс тав хоногийн өмнө дээрх хуваарийг гаргах ёстой. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт СЕХ-ноос нам, эвсэл телевиз, радиогоор үнэ төлбөргүй явуулах цагийн хуваарийг баталсан.

Түүнчлэн Сонгуулийн тухайд хуульд сонгуулийн дүнг ямар хугацаанд олон нийтэд зарлахыг тусгасан байгаа. Тодруулбал, Сонгуулийн дүнг тав хоногт багтан хэлэлцэж,  орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой.

Үүнээс гадна аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлж, тараахыг хоригложээ. Мөн сурталчилгааны үеэр хууль бус сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигч, нам, эвслийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгөх хуулийн заалт байдаг. Энэ нь иргэдийн хяналтыг сайжруулах зорилготой юм. Хэрэв хууль бус сурталчилгаа явуулж, эд, мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчлийг баримт­тайгаар илрүүлсэн тохиол­долд тухайн иргэнийг урамшуулах  хуультай. Тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр иргэнийг урамшуулахаар заасан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ЦЭЦЭГ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!