Адаацаг сумын нутагт орших Сүм хөх бүрдийн нуурыг сэргээлээ

🕔 2016/09/12 11:18

 

Говийн ганц бүрд гэгдэх байгалийн үзэсгэлэнт газар бол тус аймгийн Адаацаг сумын нутагт орших "Сүм хөх бүрд” билээ.

 

1990-ээд онд Сүмийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй тийм өндөр ургадаг, нууранд  хун, галуу, ангир ирдэг байжээ. Нутгийн хөгшид хөлгүй нуур ч гэж ярьдаг байж. Харин байгаль цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйлдлээс үүдэн жилээс жилд нуурын ус багасч, зэгсний ургалт муудаж, экологийн тэнцвэрт байдал алдагджээ. Сүм хөх бүрдийн нуурыг сэргээх ажлыг өнгөрсөн 5-6 жил ярьсан хэдий ч хараахан үр дүнд хүрсэнгүй.  Харин 2015 онд "Сүм хөх бүрд”-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох төсөл хэрэгжүүлэхээр зураг төсвийг нь хийж орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө гарган өнгөрсөн 2015 оны 11 сард ажлаа эхэлсэн бөгөөд уг ажлын гүйцэтгэгчээр  З.Нацагдорж захиралтай "Санжат” компани ажиллаж байна.

Төслийн үр дүнд Сүм хөх бүрдийн нуур бүрэн сэргэж, гадна талаар нь хашаагаар хамгаалж, цэвэр бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 авто машины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийлээ.  Уг бүтээн байгуулалт тохижилтод зориулан 25 га газар эзэмшүүлэх шийдвэрийг Адаацаг сумын Засаг даргын захирамжаар гаргажээ.

Сүм хөх бүрдийн нуурыг сэргээлээ

 

Хуучин нуурыг сэргээх, худаг гаргах нуурыг тэжээх шугам хоолой хийх ажлыг зуны цагт, шавар намаг нь дийлдэхгүй тул өвлийн цагт  буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлчээс эхэлжээ. Өнгөрсөн өвөл жинхэнэ өвөл шиг өвөл байсныг ч хэлэх үү.  Нуурын дотор усан завины суваг хийх бөгөөд түүнийг байгалийн чулуугаар доторложээ. Мөн явган хүний замыг ч байгалийн чулуугаар хийв.

Сүмийн чулуун туурины дэргэд Музейн барилга, нуурын эрэгт Сүмэн орой бүхий  ресторан, үйлчилгээний барилга барьж хажууд нь жуулчдад зориулан долоон бурхан одны байршлаар долоон гэрийн шал цутгасан байна. Үйлчилгээний барилгаас цааш усан завины  эхний зогсоол хийсэн бөгөөд   чулуун хашлага бүхий нэг км шахам усан замын эцэс дэх сүмийн дэргэд хоёр дахь зогсоол барьжээ.  Амралтын талбай, нуурын эргээр тойрох явган хүний замыг мөн байгалийн чулуугаар хийж бүх даланг эко хавтангаар  бүрсэн байна.

СҮМ ХӨХ БҮРДИЙН НУУРЫГ СЭРГЭЭЖ, ЭРГЭН ТОЙРНЫ 25 ГА ГАЗАРТ ТОХИЖИЛТ ХИЙВ

Санжат  компанийн захирал З.Нацагдорж:

 

Сүм хөх бүрдийн нуурыг сэргээлээ

 -Энэ бол орон нутгийн хөгжлийн сангийн 2,1 тэрбум төгрөгөөр хийж буй бүтээн байгуулалт. Нуурыг тэжээх зориулалтаар гүний хоёр худаг  гаргасан. Энэ төслийг хийсэн Техникийн ухааны доктор, Монгол улсын зөвлөх инженер Ц.Батдорж нуурыг сэргээснээр олон арван жилийн турш  гүний усны түвшин доошлохгүйг  нотолж байгаа. Тэрээр газрын дорхи болон гадаргуугийн усыг эдийн засаг, байгаль экологид үр ашигтай ашиглах олон төсөл дээр ажилласан хүн. Бид ирэх тавдугаар сард гүний усыг худгаас нуур луу тавьсан. 24 цагт хоёр сая тонн ус шахахад 2.5 сая төгрөгийн цахилгааны зардал гарч байна лээ.  Үндсэндээ энд  530 метр цэвэр усны, ариутгах татуургын 240 метр шугам хоолой тавьсан. 1900 метр хамгаалалтын хашаа барьсан. Гүехэн болон гүн хоёр усан бассейнтай бөгөөд түүнийгээ томчууд, хүүхэд гээд хоёр өөр ангилсан.  Дөрвөн метр шатлан буух усан хүрхрээ бэлэн боллоо. Нуурын гүн ердийн газраа 1,2 метр байгаа. 300 хүний суудалтай, шилэн тайз бүхий задгай театрт  урлагийн тоглолт хийх зориулалттай. Сүмийн орчинд аялагчид хөрсөн дээгүүр биш зассан байгалийн чулуун талбайгаар явна. Одоо өдөртөө 300-400 хүн ирж сонирхож байгаа. Есдүгээр сарын дундуур ашиглалтад өгчихөөр  аялал жуулчлалын нэг том төв болох төлөв байна гэлээ.

Энэ жил энд зэгсэн шагшуурга урьд урьдаас өтгөн ургаж усны шувуудын төрөл зүйл ч олширч унаган төрхөө гайхуулсан баян бүрд болоод байна.

Хамгийн гол нь энэ цогцолборыг ашиглалтад өгсний дараа эзэмшил, ашиглалтыг хамгийн зөв хувилбараар шийдэх  шаардлага орон нутгийн удирдлагын өмнө тулгарч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!