"ДО ЯАМНЫ" Б.ЖАМБАЛДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?
Бат-Очирын Жамбалдорж 1908 онд одоогийн Дундговь аймгийн Өлзийт суманд зургаан хүүхэдтэй айлын отгон нь болж төрсөн. 1928-1932 онд Богдхан уулын аймгийн Хоёр-Өлзийт уулын хошууны Баясгалант сумын нарийн бичгийн дарга, ХЗЭ-ийн дарга, Богдмандах сумын дарга, 1932-1936 онд Өмнөговь аймгийн аймгийн намын хорооны намын комиссын дарга, намын хорооны даргаар ажилласан. 1930 онд хамтралын нягтлан бодогчийн 6 сарын курс, 1936-1939 онд ЗХУ-ын Москва хотноо КУТВ-т суралцан төгссөн. 1939 оноос Дотоод яамны УАХГ-ын дарга, 1941 онд Дотоод яамны жинхэнэ орлогч сайд, Хоёрдугаар зэргийн комиссар \Одоогийнхоор дэслэгч генералтай дүйх\ 1941-1946 онд Шүүх яамны сайд, 1946-1957 онд Улсын прокурор,1957-1958 онд Хянан шалгах яамны сайд, 1958-1960 онд ЗХУ дахь элчин сайдын яамны улс төрийн зөвлөх, элчин сайдаар, 1960-1962 онд улсын арбиторчоор ажилласан юм. 1962-1971 онд Улаанбаатар хотын худалдаа удирдах газарт мэргэжилтэн, Улаанбаатар төмөр замын рестораны даргааар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан. 1934-1961 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, 1961-1962 онд Намын төв шалган байцаах төв комиссын дарга, 1947-1952, 1954-1958 онд Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1952-1954 онд Улс төрийн товчооны гишүүн,1940-1951 онд Улсын бага хурлын гишүүн, 1951-1960 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан. 1998 онд 90 насандаа таалал төгссөн. Анхны эхнэр нь нэг хонхор, нутаг усны охин, нэрт сэтгүүлч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Бидэрьяа агсан бөгөөд КУТВ-т хамт суралцан төгссөн. Харин тавь гаруй жил хамт амьдарсан эхнэр Зундуйн Хорлоо Төв аймгийн Заамар сумын уугуул. Эхнэрийнхээ дүүгээс охин Мартаг, өөрийн талын хамаатнаас хүү Лхамсүрэнг үрчилж өсгөсөн боловч энэ хүү нь мотоспортоор хичээллэн нэр цуугаа мандуулж явсан ид залуудаа өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзсэн. Охин Марта нь Москвад Олон улсын харилцааны сургууль төгсч мэргэжлээрээ Монгол банкны системд олон жил ажилласан. Хүргэн Готовдоржийн Луузан Төв аймгийн уугуул, дипломат мэргэжилтэй, Вьетнам, Франц зэрэг оронд элчин сайд, Гадаад харилцааны яаманд хэлтсийн даргаар ажиллаж байв. Хэд хэдэн зээ, гуч нартай, ийм л эгэл жирийн хүн байв.
Бат-Очирын Жамбалдорж. Монголын төр, нийгэмд олон жилийн хөдөлмөрөө зориулсан, түүхэнд ямар нэг хэмжээгээр байр суурь эзлэдэг энэ хүний талаар үнэнийг олон түмэнд толилуулахсан гэж би олон жил бодсон юм. Энэ хүний талаар нийгэмд эерэг, сөрөг мэдээлэл нэлээд тархсаныг яг үнэн бодитойгоор түүхэнд үлдээх нь миний сэтгүүлчийн үүрэг, нөгөө талаар намайг үрчилж авсан ижийн нагац ах гэдэг утгаар бичихээс аргагүй юм. Гэхдээ Б.Жамбалдорж агсан амьд сэрүүндээ өөрт нь холбогдон гарч буй элдэв яриа, нийтлэлд үнэн бодит хариу болгон нэгэн товхимол бичсэн бөгөөд олон нийтэд тэр бүр тараагүй юм. Иймд миний энд өгүүлэх бүх л баримт Б.Жамбалдорж агсны өөрийн нь үг, түүхийн хөдөлбөргүй үнэн гэдэг талаас нь хүлээн авахыг уншигч танаас хүсмүй. Энэ хүн маш хатуу зарчимтай, ажилдаа явах, ирэх цаг нь яв цав, хувийн зохион байгуулалт маш сайн, дусал ч архи хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, худал, хуурмаг явдлыг үл тэвчдэг, бага залуугаасаа тогтон хэвшсэн нийгэмч сэтгэлгээтэй хүн байсныг ойр дотныхон нь бүгд мэднэ. Албан ажлын төдийгүй иргэний үүргээ яв цав биелүүлнэ, цагийн сахилга гэдэг бол түүний амьдралын турш мөрдсөн хатуу дэглэм. Бүр гайхмаар санагддагсан.
Сүүлийн үед гарсан ном зохиолд Б.Жамбалдоржийн талаар эндүү ташаа зүйл гарсан тааралддаг. Энд өөрт тааралдсан хэдхэн баримт хөндье. Маш олон түүхч эрдэмтэд, эрдэм шинжилгээний хүрээлэн оролцон бүтээсэн "Сэрсэн зууны түүх” номд гэхэд л "1940-өөд оны сүүлчээр шийтгэгдсэн” гээд зургийг нийтэлсэн байлаа. Б.Жамбалдорж 1939-1941 онд Улсыг аюулаас хамгаалах газрын дарга, Дотоод яамны жинхэнэ орлогч сайдаар ажилласан боловч шийтгэгдээгүй. Харин 1962 оны 1 дүгээр сард нам, төрийн бүх албан тушаалаас нь халж намаас хөөсөн. Ингэж намын шийтгэл л хүлээсэн. "Британника” нэвтэрхий тольд оруулахдаа "Харгислалын үеийн Дотоод яамны сайд” гэж бичсэн нь бас ташаарал юм. Яамны жинхэнэ орлогч сайдын албыг нэг жил л хашсан. 1936 оноос өмнө хөдөө орон нутагт, тухайлвал Өмнөговь аймагт ажиллаж байсан, тэндээсээ Москвад КУТВ-т суралцахаар яваад 1939 оны зун төгсч ирсэн хүнийг 1937 оны их хэлмэгдүүлэлтийн гардан гүйцэтгэгч мэт ярьж бичих нь бас л ташаа ойлголтыг олон нийтэд өгсөн юм билээ. Ингээд түүний дурсамжаас түүвэрлэн цувралаар нийтэлж байна. С.П.
БАГА НАС МИНЬ
Би зургаан хүүхэдтэй айлын отгон нь. Тэр үеийн багын тоглоом гэвэл шагай, чулуу хоёр л байж. Майдар эргэх, овоо тахихад очих зөвшөөрөл олдоход их баярладагсан. Зуны цагт мах амсуулна гэж огт үгүй, дан цагаан идээгээр хооллоно. Зуны зүсэр бороонд гадаа гүйж биеэ угаана.Намар орой болтол малд хөл нүцгэн явна. Хүүхэд ханиад хүрэхэд эхийн шээс уулгах юмуу царван буцалгаад л өгчихнө, эм хэрэглэнэ гэж байхгүй. Намайг эх маань Гүнчин гэлэн гэдэг ламд шавь болгож бичиг заалгасан. Бас тэрайлын малыг малладаг байлаа.
Манай нутгаар Их хүрээнээс Хятад руу явдаг суман өртөө зам дайрдаг, Сүүж гэдэг газар 14 дэх өртөө байсныг бодоход манай сум нийслэлээс 14 өртөө газар байж. Суман өртөөны албанд нутгийн ардуудаас гадна хангайгаас хүмүүс ирж алба залгуулж байсан нь нэлээн хүнд хүчир алба байсных биз. Маш яаралтай элчийг "Буухиа” гэдэг, тэд нойр хоолгүй довтолгож явдгаас малгайгаа унагавал авах чөлөөгүй тул илүү малгайтай явдаг, хөл, гарын булчинг чангалан боож бэлтгэгдсэн хүмүүс байв. Тиймээс яауу сандруу хүнийг "Буухиа хүртэл бууж морддог байтал” гэж хошигнох болсон гэдэг. Багад маань айхтар зуд болж би Сүүэийн баруун ууланд хэдэн ямаагаа хариулан бут, харганы мөчир зулгаалгаад хорогдолгүй давсан юмдаг. Хангайгаас үхэр, адуу олноор хүйтэнд уруудан манай нутгаар дайрч олноор үхэж хорогддог, эрэлчид хэд хэдээр ирж ядуу айлд дарамт болдогсон. Сүүлд бодоход 1923 оны харагчин гахай жилийн зуд юм билээ.
Манай нутагт "Талын жас” гэж жижиг хийд байсан. Түүнийг тойроод байх хэдэн хар гэрийг "Борчуудынх” гэх, тэднүүс нь жасын манж цамны үлдэгдлээр амь зуудаг, гуйлга гуйдаг байсныг санаж байна. Ингээд би 1927 онд Хоёр-Өлзийт уулын хошууны тэнхимийн сургуулийн бичиг үсгийн зургаан сарын дамжаанд сурч төгссөн. Орой унтахын өмнө маань уншдагсан.
АЖИЛ ЭРХЭЛСЭН НЬ:
Бичиг үсгийн дамжаа төгссөн би 1928 оноос Богд хан уулын аймгийн Хоёр-Өлзийт хошууны Баясгалант сумын нарийн бичгийн даргаар томилогдсон. Сум Бор-Овоо гэдэг газар төвлөрсөн, Бор-Овоогийн жас гэх жижиг хийд нь хурал ном, айл амьтангүй болоод тарчихсан, сүмд нь хоршоо дэлгүүр орчихсон үе л дээ. Хоёр-Өлзийт хошуу нь Манлай, Богдмандах\Одоогийн Мандах\, Баясгалант, Өндөршил гэсэн дөрвөн сумтай. Сумын орон тоо гэвэл дарга, нарийн бичгийн дарга, зарлага гурав, нэг том гэрт гурвуулаа суугаад ажлаа явуулна. Тэр үеийн ажил ч бага, сэлүүхэн. Мал тооллого, албан татвар, цэрэг татлага л томоохон ажил байлаа. Хошууны төв Өлгийн хийдээс зүүн хойш Шавагтай гэдэг газар байв. Хошуунаас хүн ирэх цөөн ч албан бичиг ирсээр байх, яаралтай нь "Нис нис” гэж бичээд шувуу зурчихсан дугтуйтай. Би тэр үед бас Хувьсгалт залуучуудын үүрийн дарга хийж байгаад 1930 оны дундуур Богдмандах сумын дарга болсон. Одоогийн Дорноговь аймгийн Мандах сум л даа. Би тэр үед эхийнхээ зөвшөөрөлгүйгээр гэзгээ авахуулан мухар ханцуйтай дээл өмсдөг болж "Хувьссан” билээ. Тэнд хэдэн сар ажиллаад Улаанбаатарт хамтралын нягтлан бодогчийн зургаан сарын түр сургуульд сурсан юм. Манай сургууль Цагаан хуаранд, сүү тосны, нягтлангийн гэсэн хоёр ангитай, сүү тосныход голчлон эмэгтэй, нягтлангийханд олонхи нь эрэгтэйчүүд сурсан. Байр хүйтэн, тохигүйгээс олон хүн өвчилж зарим нь нас барснаас ч болсон уу, сургуулийг хотын төврүү нүүлгэн одоогийн Соёлын төв өргөөний буурин дээр байсан нэг сургуулийн байранд оруулж билээ. Богдхан уулын аймгийн төв Төв аймгийн Лүн сумын төвд байсан. Лүн сумыг Мэргэн-Алтганатай гэж нэрлэж байгаад хэдийд одоогийнхоор нэрлэснийг мэдэхгүй. Тэр үед уулаар нэрлэгдсэн 5 аймгийг татан буулгаж 13 аймаг байгуулсны нэг нь Өмнөговь бөгөөд Дэлгэрхангай сумын төвд төвлөрч дарга нь Ж.Самбуу, намын хорооны дарга нь Сурахдамба гэж хүн байв. Би аймгаас Загийн-Усанд байсан Баясгалант суманд хамтралын нягтлан бодогчоор томилогдон очсон. Тэр үед хамтралд ардуудыг элсүүлэх, лам нарыг сүм хийдээс албадан гаргаж цэргийн бүртгэл олгох, намд гишүүдийг хавтгайруулан элсүүлэх, чинээлэг ардуудыг "Нударган баян” гэж хавчих, Бурхангүйчүүдийн эвлэл, хувьсгалч нарт туслах "Мопор” гэж байгууллага байгуулан гишүүд элсүүлэх, жасын малыг гэрээгээр хариулах ба зарц нарыг гэрээтэй болгох, бичиг үсэг заах, латин үсэг заах... зэрэг ажил өрнөж хурал цуглаан яриа байнга болдог, хот, аймгаас шил шилээ харан төлөөлөгчид цувдаг байсан юм.
Тэр үед ядуу, дунд ардууд хамтралд 100 хувь элссэн гэх боловч малыг огт хувьчлаагүй. Хамтралын гишүүдээс тэмээн хөсгөөр ноос, арьс, шир тээж хотод хүргэсний хөлснөөс хэдэн төгрөгийг шимтгэн авч дарга, нягтлан хоёр цалинждаг, ер нь хэлбэр төдий байсан даа. Манай суманд коммуна байгаагүй. 1932 оны бослого үймээн баруун аймгуудад гарсан ч Өмнөговь аймагт тайван байсангүй. Манай суманд төлөөлөгчөөр ирээд буцсан Бүргэлдэев Өлзийт суманд алагджээ гэсэн яриа гарсан. Гүн-Үнэгэд гэдэг газар төвлөрч байсан Өлзийт сумын нутаг Дэл, Хөнжилийн ууланд өмнөөс орж ирсэн Дэлэгсамба нарын хоёр хүн бүгж байгааг сонсч мэдсэн Бүргэлдэев өртөөний тэмээ унан, ганц бирдаан буутай тийшээ явж Дэрсэнэ-Усны хоршооны ганц гэрт унтаж байхад нь буудаж алаад, бууг нь авч Дэрсэнэ-Усны хоршоог дээрэмдсэн юм билээ. Даарах нь хэсгийн шүүхийн дарга Дагва нарыг алаад Сайнбуянг хөндий цээжээр нь буудан үхсэн гээд орхисон нь амьд мэнд гарсан төдийгүй сүүлд сумын хоршооны түүхий эдийн эрхлэгч болсон байсан. Эмэгтэй Борын талаар тэр үед би огт сонсоогүй ч сүүлд түүний талаар домог мэт яриа тарсан юм билээ. Энэ үеэр хүчтэй цуурхал тарж Жавхлант зэрэг зарим сумын ардууд улсын хил рүү нүүж явахад төвөөс тусгай отряд ирж буцаах үеэр аймшигт явдал болсон, сэгсэнд нь хүүхэд суулгасан эзэнгүй тэмээ хээр явж байсан, энэ тэр гээд яриа байлаа. Манай сум энэ үед нүүдэл суудал гэж бужигнаагүй ч сонор сэрэмжтэй, айдас хүйдэстэй, өдөр шөнөгүй харуул, жижүүр гаргадаг байв. Хувцагаан гэж хүн Өлзийт сумнаас аймагт Дотоодыг хамгаалахад дуудагдаж байцаагдаад ирэхдээ "Дэлэгсамбатай нийлсэн үү, Дэлийн хөдөлгөөнд оролцсон уу, Дэрсэнэ-Усны хоршоог дээрэмдсэн үү” гэж л байна гэсэн гэдэг.
НАМЫН БАЙГУУЛАГАД АЖИЛЛАСАН НЬ
Би 1937 оны долдугаар сард МАХН-д элссэн, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдогсон. Тэр үед хилийн цэрэг гэж байсангүй, нутгийн ардууд бярдаан буугаа үүрээд л хилийн цэргийн үүрэг гүйцэтгэдэг, хүмүүс хил давж оргох нь их, хилийн манаачийг хүлж орхиод л гараад явчихдаг байсан.
Би 1932 оны зургадугаар сарын сүүлчээр Өмнөговь аймгийн намын хороонд зааварлагчаар ажилласан. Дарга нь Чойндон гэж хүн байсан. Анх удаа Хүрмэн, Баяндалайсуманд хэд хоног ажиллаад улсын баярын урд өдөр ирэхэд "Шинэ эргэлт гарч нугалааг засах” Намын Төв хороо, Засгийн газрын төлөөлөгч, Мал тариалангийн яамны сайд Чойбалсан, Сангийн яамны орлогч сайд Цагаанхүү гэж эмэгтэй, бас Зөвлөх, хэлмэрч гээд дөрвүүл нэг гэрт байрлачихсан байв. Энэ үед шинэ эргэлтийн бодлогыг олон түмэнд таниулахад гол ажил чиглэсэн. Намын гуравдугаар шалгалт гээд аймгийн төвд нэг том гэр барьчихсан, энэ ажил олон түмэнд ил, хүмүүс орж гарах нь чөлөөтэй, хүмүүс их шүүмжлэл өрнүүлдэгсэн. Аймгийн шүүхийн дарга Намсрай гэхэд шүүмжлэл нэр олон дурьдагдсан. Би ч мөн шалгагдсан. Шалгалтад орсон хүн бүр дээр тогтоол гарч олны өмнө сонсгодог байсан, тэр материал одоо архивт байх л ёстой. Миний ойлголтоор намын анхдугаар шалгалт нь боловсролыг, хоёр дахь шалгалт нь ангийн чанар, гурав дахь нь аль алиныг харсан гэж боддог. Чойбалсан зарим шалгалт дээр ирж суудаг байсан. Бас сумдаар явахад "Амеркан-4” машинтай, жолооч нь Батнасан гэж Өмнөговийн хүн байсан. Хамтралын бага сургагч Лувсанжамц гэж хүнээр Чойбалсан юм бичүүлж харагддагсан. Энэ хүн сүүлд Мал тариалангийн яамны орлогч сайд болсон ч 1938 лгд биднийг Москвагаас дадлагаар ирэхэд баригдсан дуулдсан.
Шинэ эргэлт гарсны дараа "Урт хурал, удаан илтгэл, уургын улаа гурваас салж амарлаа” гэж ардууд ярьдаг байсан. Шинэ эргэлтийн дараа морин өртөөний тухай хууль гарч уургын улааг халсан. "Уургын улаа” гэдэг бол албаны хүмүүс өртөөгөөр биш, айл дамжиж явдаг гэсэн үг. Ойр ойрхон айлтай бол улаа унадаг хүндээ хэцүү, айлууд хоорондоо хол бол улаа унуулдаг айлдаа хэцүү. Хэрэв элчийг улаагүй удаан саатуулвал, хоол унд өгөх гэж бас ажил болдог. Уургын улаагаас бэрхшээгээд айлууд дуртай газраа нутаглаж чадахгүй байсан нь энэ албыг халснаар ардуудын нуруунаас нэг хүнд ачааллыг чөлөөлсөн. Мөн тэр хуулиар нам, эвлэл, үйлдвэрчний байгууллага морин өртөө хэрэглэх эрхгүй болж төсвийн өчүүхэн мөнгөөр цөөн морь, тэмээ худалдан авч ажил албаа залгуулж явлаа. Энэ нь хэдий бэрхшээлтэй ч Намын төв хороо зөвшөөрсөн юм гээд үг дуугүй л байлаа. Хамтралууд ч тарах биш аяндаа алга болсон. Намаас сайн дураар гарсан хүмүүсийн батлах, дахин лам болж сүм хийдэд суусан лам нарын цэргийн бүртгэл аймгийн намын хороо, цэргийн хэлтэс хоёрт баглаа, баглаагаар ирдэг байв.
1932 оны намар Төвдийн Сүмбээ ренбүүчий гэдэг том лам Өмнөговь аймгийн хилээр гадаадад олон тэмээ хөсөгтэй, нүсэр нүүдэл явсан. Нэгэнт төвөөс зөвшөөрөлтэй учир түүнийг ямар ч хяналт, шалгалтгүй, татвар түрээсгүй саадгүй гаргасан юмдаг.
1932 оны намар аймгийн намын 2-р бага хурал болж Зүүний нугалааг засаж шинэ эргэлтийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын явцыг хэлэлцэн сонгуулиар Чойндон Намын хорооны даргаар улиран сонгогдож миний биеийг Намын комиссын дарга болгов. Намын комисс нь зөвхөн намын гишүүдийн сахилга батыг хариуцдаг байлаа. Зарим хүн Намын хянан байцаах комиссыг Намын комисстой саяхан болтол хольж хутгаж ойлгох явдал байсан нь 1973 онд Өмнөговь аймгийн Намын хорооны архивын эрхлэгч Пунцагаас над ирүүлсэн албан бичгээс харагддаг юм. Харин 1934 оны зун аймгийн намын 3-р бага хурал болж Чойндонг өөрийн нь хүсэлтээр чөлөөлөн намайг урьдчилан хэлэлгүйгээр Намын хорооны даргаар сонгочихсоноор би энэ аймгийн Намын хорооны дөрөв дэх дарга нь болсон. Урьд нь Сурахдамба, Самдан, Чойндон, миний дараа Цэрэн, Дашийн Дамба нар байсан. Тэр үеийн аймгийн Намын хорооны дарга 250 төгрөгний цалинтай, их өндөр цалинтай гэгддэгсэн. Намын хороо нь зохиол, суртал, ерөнхий гэсэн гурван хэлтэстэй, намын комисс нэг хүнтэй. 1934 оны 9 дүгээр сард намын есдүгээр их хурал болж тайлан илтгэлийг Чойбалсан, "Үндэсний соёлыг хөгжүүлэх” илтгэлийг Лувсаншарав тавьсан. Коминтерний төлөөлөгчид Улаан-Үдээс машинаар ирж Гандангийн өмнөх дэнж дээр угтаж байлаа. Энэ их хурлаас Намын Төв хорооны 51 гишүүний бүрэлдүүнд анх удаа сонгогдсон. НТХ-ны тэргүүлэгчээр Амар, Гэндэн, Дэмид, Довчин, Лувсандорж, Лувсаншарав, Мэнд, Равдан, Чойбалсан, Элдэв-Очир, Яндаг нарыг сонгосон. Элдэв-Очир өвчтэй байсан тул гэрээсээ радиогоор үг хэлж байв. Хурлын дараа аймгийн намын хорооны дарга нар Элдэв-Очирын гэрт очиж уулзсан. Ленин клубын зүүн талд том хөх хаалгатай хашаанд байв. Ленин клубын өмнөх хоёр давхар шовгор оройтой байшингийн доод давхарт Гэндэн, дээд давхарт Дэмид, түүний урд бас нэг шовгор оройтой байшинд Лхүмбэ сууж байсан юм билээ. Элдэв-Очир гэрт сууж байхад Лхүмбэ ганцаараа нэг байшин эзэгнэх болцоотой л байж.
Аймгийн Намын хорооны дарга байхдаа миний оролцсон нэг онцлог хурал нь НТХ-ны хоёрдугаар бүгд хурал. Энэ хурал дээр Дэмид Гэндэнг "Намыг зохион байгуулалттай улс төрийн том хүчин гэдгийг ойлгоогүй” хэмээн их хурц шүүмжилсэн. Тэр үед НТХ-ны нарийн бичгийн дарга, Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дарга асан Лхүмбийн хэрэг хилс тухай яригдаж Мал, тариалангийн яамны сайд Ширнэн "Манай улсын нүдэнд юм уначихжээ” гэсэн нь Дотоодыг хамгаалахыг "Улсын нүд” гэсэн үг юм билээ. Би тэр хурал дээр аймагт бараа таваар их ховор тухай ярьж Худалдаа, үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Мэндийг шүүмжилсэн. Миний дараа Мэнд үг хэлсэн ч шүүмжлэлийг эсэргүүцсэн, хүлээн авсан алин болохыг санахгүй байна. Бүгд хурлын дараа Лувсаншарав намайг дуудаж "Чи бүгд хурал дээр алдаатай шүүмжлэл хэллээ” гэснийг би хүлээж авсан. Тэр алдаа нь "Том тушаалтай хүмүүс алдаа гаргахаараа алга болдог” гэж Шижээ, Бадрах, нарыг хэлсэн. Одоо бодоход тэгж хэлсэнд алдаатай юм алга.
Би КУТВ-ын сургуульд явах талаар Намын Төв хороонд удаа дараа хүсэлт тавьж байгаад 1936 онд зөвшөөрөгдсөн, мөн эхнэр Бидэръяаг надтай хамт сургуульд явахыг Төв Хороо зөвшөөрсөн. Бидэрьяа Өмнөговь аймгийн банкинд дансны ажил хийж байв.
КУТВ-Т СУРАЛЦСАН МИНЬ
Тэр үед КУТВ-т явахад өрсөлдөөн гэж байсангүй. 1936 оны наймдугаар сард Москвад биднийг очиход Сталины нэрэмжит дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын их сургууль гэж байгаад дараахан нь Наримановын нэрэмжит дорно дахины дээд сургууль гэж нэрлэгдсэн. Одоо энэ сургууль ШУА-ын дорно дахины их сургууль\ИВАН\ болсон байх. Бид гучин хэдүүл очиж сурсан. Улаанбаатараас сандал, суудалгүй ачааны машинаар Улаан-Үд орж тэндээсээ галт тэргээр Москва руу явсан. Галт тэрэг нь ресторангүй учир буудал дээрээс ус, талх авч замын хүнс хийгээд тоглож наадан цонхоор юм харан ядрахыг мэдэхгүй их л сайхан явж билээ. Тав хоног хатуу вагоноор яваад Москвад очиход бүр ч сонин сайхан байсан. Манай оюутны байр Горькийн гудамжны 53 дугаар байшинд, хичээлийн байр ч ойрхон хоёрдугаар байшинд. Хувцаснаас бусад бүх зардлыг сургууль даана. Хагас сайн өдөр бүр цагаан хэрэглэл солино. Харин тэтгэлэг гэж байхгүй. Бид 1937 оны зун Тамбов хотын морин цэргийн сургуульд дадлага хийсэн. Тоомсог морьд унахаар биднийг ой дундуур авч давхиад аймаар байдагсан. Дараа нь бид Казахстаны Борвой гэдэг сувилалд амарсан. Тэнд архины шилэнд савласан гүүний айраг ууж үзсэн. Бид Тувагийн оюутнуудтай хамт сурдаг учир Тува- Монголын секцид хамаардаг, товчлоод МТС гэдэг болохоор "Машин тракторын станц” хэмээн хочлон нэрлэнэ. Эхний жил бүх хичээл орчуулгатай, харин дараа жилээс нь орчуулгагүй хичээллүүлсэн нь 4-5 сар маш хүнд байсан ч аргагүй эрхэд шахагдан орос хэл сурахад дөхөм болсон. Багш нар голдуу орос, зарим нь буриад багш. Орчуулагч нар маш муу орчуулна. Би тэнд МАХН-ын үүрийн даргын сонгууль хүлээсэн. 1937 оны сүүлчээр Жамсрангийн Самбуу элчингээр очсон. Бидэръяа бид хоёр Самбуу, Нямаа хоёрыг сайн таньдаг, Өмнөговьд хамт ажиллаж байсан учир гэрээр нь очдог байсан. Тэр үед тэнд цэргийн сургуульд суралцаж байсан Бүрнээ ”Самбуутай уулзахаар очиход та хоёр шатар тавиад би их удаан хүлээдэгсэн” гэж одоо над ярьдаг юм. Самбуугаас албан ажлын нь талаар сонирхож асуудаггүй байж дээ.
Тэндээс партизан Пунцаг хичээлээ дийлэхгүй буцсанаас гадна хэд хэдэн хүн дуудагдаж гэр бүлийн хамт явсан нь эсэргүүн нарын хэрэгт холбогдсон юм билээ. Мөн тэр үеэр Элдэв-Очирыг нас барсны дараа Москвад шарилыг чандар болгоход очиж салах ёс гүйцэтгэсэн.
1938 онд бид дадлага хийхээр нутагтаа ирсэн. Бидэръяа бидний хэдэн хүн Өмнөговь аймагт суртлын бригадаар очиж өмнө талын сумдаар явсан. 1938 он бол орон нутагт лам нар үй олноор баригдсан аймшигт үе байлаа. Энэ талаар хүмүүс их асдуудаг ч бид юү ч мэдэхгүй байлаа. Биднийг Өмнөговьд очиход Намын хорооны дарга Цэрэн өөрчлөгдөөд буцах гэж, Дамба оронд нь очиж байв,
Ингээд наймдугаар сард Москвад буцахад биднээс олон хүнийг явуулаагүй, харин баригдсан хүн байхгүй. Жагваралаас "Таныг яагаад сургуульд нь явуулсангүй вэ” гэхэд " Миний садангийн нэг лам баригдсан, түүнээс болсон байх” гэсэн. Бид гурван жил суралцаад 13-уул төгссөн. Миний хувьд юм сурч болмоор болж байтал хугацаа дуусах шиг санагдсан. Бид 1939 онд сургуулиа төгсөөд Манжуурын хурдан галт тэргээр буцсан. Дорно дахины дээд сургууль төгсөгчиддөө үнэмлэх өгдөггүй, анкет дээрээ боловсролын байдлыг "Бүрэн бус дээд” гэж бичдэг. Бид төгсч ирээд ажлын хуваарь, томилолтоо хэсэг хүлээсэн. Энэ зуур Лувсаншарав намайг өрөөндөө дуудаад "Намын Төв Хорооны гишүүний чинь хувьд” хэмээн нэг нууц тогтоолыг үзүүлсэн юм. Тэр нь Дотоод яамны ажил дээр гарсан алдаа завхралын тухай 1939 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоол байлаа. Тэгэхэд Лувсаншарав "Юмыг эргүүлээд тавьчихаар хачин юм болдог цус байна шүү” гээд хөхөрч байсан. Би ч юм тодруулж асуугаагүй, Дотоод яамны ажлын талаар мэдээлэл ч байгаагүй тул тэгсгээд гарсан. 1937 онд НТХ-ны 3 дугаар бүгд хурал онц асуудал хэлэлцсэн боловч Москвад сурч байсан Лувсандорж, Содномдаржаа бид гурвыг дуудаж ирүүлээгүй тул оролцоогүй. Биднийг ажилд хуваарилахын өмнө Чойбалсан, Лувсаншарав хоёр Төв хороон дээр хүн нэг бүртэй уулзаж танилцсан. Дараа нь надаас бусад 12 хүнийг ажилд томилсон. Сүрэнжав НТХ-нд хэлтсийн эрхлэгч, Банзрагч Увс аймгийн Намын хорооны дарга, хамгийн ахмад настай Өлзийхутаг Увс аймгийн дарга, Бидэръяа Эвлэлийн Төв Хороонд хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажилдаа орцгоосон.
ДОТООД ЯВДЛЫН ЯАМАНД АЖИЛЛАСАН НЬ
Баяр наадам дөхсөн учир намайг наадмын комиссын нарийн бичгийн даргаар ажиллуулсан. Ажилд томилогдоогүй сул хүн би л байсан болохоор тэр биз. Комиссын ажилтай зууралдаад Засгийн газар байж байтал Маршал дуудаж байна гэсэн. Өрөөнд нь ороход Чойбалсан хоёр орос хүнтэй байсан нь Дотоод яамны зөвлөх Мальков, УАХГ-ын сургагч Скоков нар аж. Тэгээд Чойбалсан намайг Дотоод яамны Улсыг аюулаас хамгаалах газрын даргаар томилсныг мэдэгдээд "Энэ нөхөдтэй яв” гэсэн. Ингээд нэг жижиг өрөөнд оруулсан нь миний ажлын өрөө гэнэ. Над ажил хүлээлгэж өгсөн хүн байхгүй. Бичиг цаас юү ч байгаагүй. Сууж байтал ганц нэг хүн орж ирэн ажлаа танилцуулсан нь хэлтсийн дага нар байж. Би хятад чисчүү тэрлэгтэй байсан. Удалгүй Хоёрдугаар комиссар цол өгч дүрэмт хувцас хэрэглэсэн. Анх энэ ажилд томилохдоо Чойбалсан яаман дээр хамт очоод хэлтсийн дарга нарыг цуглуулаад танилцуулж болох ч тэгээгүй "Энэ нөхөдтэй яв” гэснийг бодоход Зөвлөлтийн зөвлөх, сургагч нар бүгдийг мэдэж шийддэг байсны нэг баримт. Дотоод яамны хэлтэс бүр нэг орос сургагчтай, бүр захиргаа аж ахуй, санхүүгийн хэлтэс ч орос сургагчтай байв. Миний гол ажил бол хүмүүстэй уулзах, танилцах л байсан. Нарийн бичгийн дарга ч байсангүй. Ийм байдлаар л ажил эхэлсэн. Улсыг аюулаас хамгаалах газар нь тэр үед Эсэргүүцэн тагнах хэлтэс, нууц улс төрийн хэлтэс, тусгай хэлтэс, мөрдөн байцаах хэлтэс, гадаад хэлтэстэй байлаа. Намайг энэ ажилд ирэхээс өмнөхөн буюу 1939 оны 3-4 дүгээр сард ЗХУ-ын Дотоод яамны ажилд алдаа завхрал гарсан тухай ид яригдаж, Чойбалсан удаан хугацаагаар Зөвлөлтөд байж байгаад ирж дөрөвдүгээр сард Дотоод яамны төв, хөдөөгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж алдаа завхралын тухай хэлэлцүүлсэн юм билээ. Мөн Лувсаншаравын над үзүүлсэн 15 дугаар тогтоол гарч хүмүүсийг олноор баривчлах явдлыг зогсоож, Онцгой комисс татан буугдаж тусгай комисс байгуулагдсан байсан. Чойбалсан уул зөвлөгөөн дээр тавьсан илтгэлдээ "Дайсны 90 хувь үлдээд байгаа” гэж хэлснийг үнэхээр хариуцлагагүй үг хэлж дээ, яав ч өөрийнх нь үг биш л байлтай гэж бодогдсон. Гэлээ ч "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж үг бий. Халх голын дайн эхэлчихсэн үе. Миний ажилд орсон үеийн байдал гэвэл иймэрхүү. Үнэн байдлыг тодруулахын тулд он сарыг нааш цааш болгон 1936-1939 оны эхний хагас хүртлэх миний огт ажиллаагүй төдийгүй, Монголд байгаагүй үетэй намайг холбон буруутгаад байгаа хүмүүст хариу болгон дурьдлаа.
Халх голын дайн 1939 оны тавдугаар сарын 11-нээс эхэлсэн гэдэг. Гэхдээ зургадугаар сараас л байлдаан эхэлсэн болов уу. Долдугаар сарын 4-8-нд Намын төв хорооны дөрөвдүгээр бүгд хурал болж улс орны байдлыг хэлэлцсэн. Энэ хурлын өмнө Чойбалсан намайг Лувсаншаравын өрөөнд дуудлаа. Орж очиход тэр хоёр нэг орос цэргийн даргатай сууж байсан нь Зөвлөлтийн улаан армийн улс төрийн газрын дарга Мехлис Дорнодоос яаруу ажлаар ирээд байж. Тэр нь юү гэвэл дайсны дунд хаях ухуулах хуудас хэвлүүлэх ажил байж над даалгасан. Би ч Хэвлэх үйлдвэр дээр хүмүүс ажиллуулан даалгаврыг тэр дор нь түргэн биелүүлсэн. Манай яамны зөвлөх Мальков Дорноговь аймгийн нутаг Өлгийн хийдэд байрлаж байсан 10 дугаар морин дивизийг Дорнод руу нүүлгэх ажлаар явж байв. Энэ үед Дотоод яамны хэлтсийн дарга Шарав Дорнод аймагт байсан, тэр бол Чойбалсангийн өргөмөл хүү Нэргүйн эцэг. Дотоод яаманд баригдаад сураггүй болсныг Москвагаас ирсэн мэдүүлэгтэй холбоотой байж магадгүй гэж боддог. Энэ бол Чойбалсан хүний амаар ажил шийддэг байсны л нэг баримт. Шаравын хэргийн талаар Чойбалсан над юү ч дурсаагүй. Дайн наймдугаар сарын сүүлчээр дуусч Жуков хотод ирээд "Дайны үед 72 хоног бүсээ тайлсангүй” гэж над ярьж байсан.
ДОЛДУГААР САРЫГ 9-НИЙ ХЭРЭГ ЯВДАЛ
Миний ажилд томилогдсоны дараах ээдрээтэй үе бол Долдугаар сарын 9-ний хэрэг явдал юм. Өглөө ажилд ирсний дараахан 10 цагийн үед Маршал намайг өрөөндөө дуудлаа. Очиход Зөвлөлтийн элчин Ивановтой хамт сууж байснаа "Намын Төв хороон дээр оч, дарга нар нь байгаа эсэхийг мэдээд ир” гэлээ. Үзчихээд эргэн ирэхэд миний араас Лувсаншарав Маршалын өрөөнд орж ирсэн. Үүдэнд нь хэд хэдэн орос хүн, өрөөнд нь элчин Иванов байсан. Тэгтэл Чойбалсан "Лувсаншарав чамайг баривчиллаа” л гэсэн. Лувсаншарав ингэж баригдсан. Чойбалсангийн над өгсөн үүрэг бол Дээд шүүхийн дарга Даншийцоодол, Дотоод яамны Баясгалан, Хас-Очир нарын нэлээд хүнийг олж өөр дээрээ ирүүлэхийг тушаасан. Тэгээд тэдний заримыг өөр дээр нь ирүүлээд зарим нь байхгүйг дуулгахад "Тэднийг дахин эрээд хэрэггүй” гэсэн. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Догсом нарын олон сайд дарга нарыг Чойбалсан өөрөө юмуу, нарийн бичгийн даргаараа дуудуулсан болов уу. Тэд Зөвлөлтийн улаан армийн тусгай хэлтэст баригдсан юм билээ. Энэ хэлтэс Дотоод яаман дээр байрладаг, хүмүүс нь орж гарч явдаг ч ажил төрлөө бидэнтэй ярьдаггүй байсан. Дээрх сайд, дарга нарыг манай Дотоод яамны хүмүүс барьсан, байцаасан баримт хэзээ ч, хаанаас ч гарахгүй. Харин ням гарагийн үдэш орой болсон хойно манай яамны жижүүр над "Засгийн газрын үүдэнд олон жолооч машинтайгаа дарга нараа хүлээгээд байна, яахав” гэхэд нь л "Ямар нэг явдал болж дээ” гэж таамагласан би "Гэр гэрт нь хариул” гэсэн. Энэ бол Засгийн газарт дуудагдаад Зөвлөлтийн тусгай хэлтэст баригдсан сайд, дарга нарын машин байсан юм билээ.
Түүнээс хоёр хоногийн дараа билүү дээ, сургагч Скоков над "Лувсаншарав хэргээ хүлээсэн. Тэр Долдугаар сарын 11-нд баярын өдөр Чойбалсан, элчин Иванов, Зөвлөх Мальков гурвыг цааш харуулаад төрийн эргэлт хийх гэж байжээ” гэхэд нь би учиргүй айж цочиж билээ. Энэ ээдрээтэй цаг үед ийм мэдээлэл сонсоод айж цочихгүй байх эрх над үнэндээ байгаагүй. Скоков цааш нь "Эл хэргийг фронт дээр манай цэргийг командалж байсан орлогч жанжин Лувсандоной баригдахдаа илчилжээ” гэсэн. Лувсандонойг Зөвлөлтийн шугамаар баривчилж Панин даргатай тусгай комисс байцаасан байх гэж боддог. Лувсандоной долдугаар сарын 1-нд баригдсан болохыг 1995 онд л албан ёсны баримтаас би олж мэдлээ. Манайхаар огт мэдэгдээгүйг бодоход түүнийг баривчлаад шууд Читад хүргэсэн байж магадгүй. Лувсандонойгоор эхэлсэн "Лувсаншарав нарын хэрэг” гэгч эхнээсээ эцсээ хүртэл ЗХУ-ын Дотоод яамны гараар гүйцэтгэгдсэн гэдэг бол ямар ч маргаангүй. Дээрх үйл явдлыг Улсыг аюулаас хамгаалах газрын дарга атлаа намайг мэдээгүй байсан гэдэгт итгэх хүн ховор байж мэднэ. Тухайн цаг үе ийм л байж. Нэгд би Дотоод яаманд очоод сар ч болоогүй, хоёрт Дотоод яамнаас олон хүн холбогдсон тул над хэлээгүй байж мэднэ. Энэ хэрэг явдлын талаар Скоковын хэлснээс өөр зүйлийг Чойбалсан ч, Зөвлөх, сургагч нар ч над дурссан удаа байхгүй. Манай яам тэднийг барьж, байцаагаагүй болохоор асуугаагүй. Баривчлагдсан хүмүүсийг Зөвлөлт рүү явуулсныг би огт мэдээгүй.
Тэр тухай надаас айгаад нуусан биш, тоогоогүй буюу над бүрэн итгээгүйгээс болсон байх. Яагаад гэвэл намайг Лувсаншаравын талын хүн байж магадгүй гэж хардсан биз. Харин намайг Дотоод яаманд очуулахыг Лувсаншарав санал болгосон байж мэднэ, яагаад гэвэл Чойбалсан намайг зүс таних төдий л байсан. Би Өмнөговьд Чойбалсанг очиход албан ажлаар тухайлан уулзаж байгаагүй. ЗХУКН-ын 20 дугаар их хурлын дараа "Лувсаншаравын мэдүүлэгт Жамбалдоржийн нэр гарсан учир Дотоод яаманд байлгах хэрэггүй” гэж Маршал хэлсэн мэт Цэдэнбал 1956 оны бүгд хурал дээр хэлсэн нь хоосон хардлага. "Үнэхээр Лувсаншаравын мэдүүлэгт миний нэр орсон бол би тэр дороо баригдаж буудагдах байсан” гэж нэрээ цэвэрлэж авахаар Намын Төв хороонд бичсэн удаатай. Ер нь аливаа худал ташаа зүйл залруулагдаж үнэн мөнөөрөө түүхэнд үлдэх ёстой гэж үзсэнээс тэр. Өмнө нь гуравдугаар сард баригдаад мөрдөнд байсан Ерөнхий сайд асан Амар, Сангийн яамны сайд Довчин болон дээрх баривчилагаанд өртсөн Лувсаншарав, Догсом, Лосол нарыг Зөвлөлт рүү яагаад явуулсан нь бүрхэг. Одоо бодоход дайны үе таарсан болон Дотоод яамнаас олон хүн баригдсан учраас Дотоод яаманд итгэх аргагүй байснаас Зөвлөлт рүү тэднийг явуулсан байж магадгүй. Үнэндээ энэ хэргийн талаар урьдчилан мэдсэн юм Дотоод яаманд юү ч байгаагүйг нотолж чадна. Энэ хэргээс эхлээд Чойбалсан Лувсаншаравт хязгааргүй итгэж байсан явдал бүрмөсөн балран унасан нь маргаангүй. Өөрийг нь алаад төрийн эргэлт хийх гэж байсан гэж Зөвлөлтийн нөхөд баримт гарган хэлэхэд үнэмшихээс өөр арга ч Чойбалсанд байгаагүй биз. Ер нь 1939 оны долдугаар сар гэхэд томхон дарга нараас Чойбалсан, Лувсаншарав хоёр л үлдээд байлаа шүү дээ. Намайг Дотоод яаманд очсоноос хойш Долдугаар сарын 9 хүртэлх хэд хоногт хүн баригдаж тавигдсан явдлыг би санахгүй байна, үгүй л гэж боддог. Есний үйл явдалд миний оролцоо, гавъяа, нүглийн аль нь ч байхгүй.
Генерал Равдан 1961 оны НТХ-ны Гэндэн даргатай комисст "Лувсандонойг Зөвлөлтийнхөн биш, Дотоод яамны Дашзэгвэ баривчилсан, маргааш нь цолоо нэмүүлчихсэн явж байсан” гэсэн нь Жамбалдоржийн үед хийгдсэн ажил гэж харуулахыг оролдсон бололтой. Гэтэл тэр Дашзэгвэ намайг Дотоод яаманд ирэхээс өмнө баригдаж буудуулчихсан хүн чинь яаж миний тушаалаар хүн барьж цол нэмүүлэх билээ дээ. Үүнийг шалгаж өгөхийг хүссэн ч комисс хайхраагүй.
Нэг зүйлийг хэлэхэд дайны үед генерал цол авсан, элчин Иванов бол Монгол дахь Зөвлөх, сургагч нарыг байтугай, Чойбалсанг ч бүрэн гартаа барьж чадаж байсан, нэг ёсны Амбан захирагч л байсан. Харин Иванов надад бол их тус болсон хүн, үүнийг би хэзээ ч мартахгүй.
Онцгой ба Тусгай комиссыг хольж сольж ярьж бичих явдал одоо их тааралдах юм. Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаар 1937 оны 10 дугаар сард байгуулсан Онцгой комиссын даргад Чойбалсан, гишүүдэд НТХ-ны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Шүүх яамны сайд Цэрэндорж нарыг баталсан юм билээ. Комисс 50 удаа хуралдаж дунджаар нэг удаагийн хурлаар 515 хүн шийтгэн 400 хүнд ялын дээд хэмжээ оноосон байна. Зарим хурлаар 1200 хүний хэрэг тасалсан явдал ч байна. Комиссын хурлаар хүнийг шийтгэхдээ зөвхөн овог, нэр, нас төдийг сонсч байж. Энэ гуравхан үгнээс хэн ч юү ч ойлгох билээ дээ, бараг нэрсийн жагсаалт ч биш, тоогоор багцлан хэлэлцэж байсан шиг харагддаг.
Хариуцлагатай хүмүүс оролцсон комиссын энэ ажиллагааг харахад хэтэрхий хүн чанараа алдсан, эрүүл хүний санаанд багтамгүй байгаа юм. 1939 оны 4 дүгээр сарын 22-нд НТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар Онцгой комиссыг татан буулгаж оронд нь Тусгай комисс байгуулагдсан байна. Тэр тогтоолд тусгай комиссын бүрэлдүүнийг заагаагүй ч Дотоод яамны газар, хэлтсийн дарга нар орж байлаа. Тусгай комисс 1939 оны 5 сараас он дуустал 78 хүний хэрэг хэлэлцэн 44 хүнд ял оноон 34 хүнийг холбогдолгүй болгон сулласан байна. 1940 онд 42 хүний хэрэг хэлэлцэн 24 хүнд ял оноон, 18 хүнийг суллажээ. Харин 1941 онд Тусгай комисс 86 хүний хэрэг хэлэлцэн 23 хүн дээд хэмжээ заагдан 36 хүнийг холбогдолгүй болгон суллаж 27 хүнд хорих ял ногдуулжээ.
Миний Дотоод яаманд бүрэн ажилласан жил бол ганцхан 1940 он. Намайг Дотоод яамнаас явсны дараа 1941 оны сүүлийн хагаст 23 хүнд дээд хэмжээний ял өгсөн байна. Урьд нь буюу миний ажилласан хугацаанд Тусгай комисст тийм эрх хэмжээ байгаагүй. 1939 оны дөрөвдүгээр сараас улс төрийн олонхи хэрэг Улсын Дээд шүүхэд шилждэг болсон юм.
Юутай ч 1939 оны долдугаар сараас 1941 оны долдугаар сар хүртлэх Дотоод яамны үйл ажиллагаанд холбогдох асуудлыг миний хувьд мэдэж байна. Гэтэл энэ хугацааны өмнө болсон үйл явдлуудыг зориуд надтай холбон бичсэн материал олноор гарах болсонд өгөх хариу бол тэр хугацаанд би Дотоод яаманд байтугай Монголд байгаагүйг нотлох албан ёсны баримт байгаа тул үүнийг ямар нэг лам байтугай, бурхан ч үгүйсгэж чадахгүй билээ. Ийм учир миний энд дурьдсанаас бусад, ялангуяа сүүлийн жилүүдэд гарч байгаа янз бүрийн цуурхал, гүтгэлэг цаг хугацааны хувьд миний ажилласан үеэс зөрүүтэй, хэн хүний таамаглал, аман яриа төдий болохоос архивын баримт нотолгоотой зүйл биш болохыг тэмдэглэе.
Чойбалсангийн талаар хэдэн үг хэлье. Тэр бол Ардын хувьсгалын үйл хэрэгт үнэнч, ард түмний тусын тулд болон Монгол-Зөвлөлтийн найрамдалд чин үнэнч зүтгэдэг хүн байсан. Чойбалсангийн гол дутагдал бол мэдлэг чадвар даанч хомс учир бусдын ам хардаг, ажлын арга барил муутайхан. Биднийг цуглуулаад "Жаал шуугицгаая” л гэнэ. Бидний ярьж шуугисны дараа нэгтгэж дүгнээд үүрэг даалгавар өгчихөж чаддаггүй байсан. Гарын үсгээ хуучин үсгээр татлахгүй удаан зурна. Хүнд ямар нэг зүйл хэлэхдээ дахин давтдаг онцлогтой. Намайг дотоод яаманд байхад Чойбалсан утасдахдаа уургүй байвал "Би байнаа” гэнэ, ууртай бол "Би Чойбалсан байна” гэдэг. Дотоод яамнаас явснаас хойш над руу утсаар ярих, уулзах нь ховордсон доо.
Сайд нарын Зөвлөл 1941 оны 2 дугаар сарын 28-нд намайг Дотоод яамны жинхэнэ орлогч сайдаар томилсон. Жинхэнэ гэдэг нь "Нэгдүгээр” гэсэн үг. Харин намайг "Зөвлөлтийн Хүндэт чекист цолоор шагнагдсан” гэж нэг нөхөр хэвлэлээр зарласан, Над Зөвлөлтийн байтугай Монголын ч тийм цол, тэмдэг байхгүй. 1941 оны Долдугаар сарын 20-доор НТХ намайг дуудан тэргүүлэгчдийн хурлаар Шүүх яамны сайдаар томилох саналыг Цэдэнбал оруулж батлуулсан. Ингэхдээ Шүүх яамны ажил их муу байгаа тул тэнд томилж байгаагаа ч Цэдэнбал онцолсон. Түүнээс зарим хүний ярьж бичээд байгаа шиг завхрал гаргасан учир Дотоод яамнаас явуулсан биш гэдгийг хэлэх байна.
ШҮҮХ ЯАМАНД
Дотоод яаманд яг хоёр жил ажиллаад шинээр томилогдсон албанд долдугаар сарын 21-ний нэг дэх өдөр Шүүх яаман дээр очиход хүмүүс огт мэдээгүй байлаа. Энэ нь Шүүх яамны ажлыг нэг их ойшоохгүй байсны нэг баримт. Ажил хүлээж авсан ч юмгүй, хүмүүст учраа хэлээд л өрөөндөө орсон. Тэр үед Шүүх яам Ленин клубын зүүн талд хоёр давхар ягаан байшингийн доод давхарт, Улсын прокурор, Дээд шүүхтэй хамт, хоёрдугаар давхарт нь Эрүүлийг хамгаалах яам байлаа. Өмнө нь Хотын Захиргаа байсан байр л даа. Надаас өмнө Доржпүрэв гэж НТХ-ны тэргүүлэгч, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан хүн байгаад Дотоод яаманд баригдсан юм билээ.
Шүүх яам нь аймаг хотын шүүхийн боловсон хүчин, аж ахуй, санхүүг эрхэлж Дээд шүүх шүүн таслах ажлыг хариуцаж байв. Гэрээ хариуцсан хоёр хүн, бас нотариаттай. Тэр үед Шүүхийн байгууллагад дээд байтугай дунд боловсролтой хүн ганц ч байсангүй.
Би Төв хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр байнга хөдөө явдаг, далимд нь Шүүхийн ажилтай танилцаж заавар зөвлөгөө өгдөг байлаа. Хууль мэдэхгүй хүн яаж зөвлөж байж вэ гэж одоо бодогддог. Хуулиас гадна уламжлал, ёс зүйн хэм хэмжээ гээд хэн бүхэн мөрдөх бичигдээгүй хууль гэж бий л дээ. Шүүхийн байгууллагын ажилтнуудын хариуцлага, сахилга, ёс суртахууны талаар гаргасан нэг тушаалынхаа биелэлтийг л шалгадаг байлаа. 1942 оны хавраас намайг шинээр байгуулагдсан, эхлээд "Бөмбөгөр” нэртэй байсан Баянхонгорт Засгийн газрын төлөөлөгчөөр ажиллуулж тэр жилээ ганцхан удаа хот орж байлаа. Намайг эзгүйд Шүүх яамны зөвлөх Алексеев л ажлыг чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Дайны үед бараа ховор, ямаа самнах ажил анх цоо шинээр эхэлсэн үе. Бэлтгэлийн төлөвлөгөө биелүүлэхэд бүх хүчээ дайчилж байлаа даа. Баянхонгорт утсан харилцаа байхгүй тул Архангай орж Засгийн газартай ярьж бага сага бараа авахаар Лувсангийн гарын үсэгтэй цахилгаан аваад их л баяртай буцан очсоноо санаж байна. Тэр үед сайд дарга нар М-1 машинтай, хөдөө явахад дугуй их хагардаг, хаймар ховор учир нөхөх гэж үйлээ үздэг байлаа. Миний олон удаа томилолтоор ажилласан аймаг бол Говь-Алтай. Аймгийн төв Тайширын нурууны ард Олоннуурт байхад аймгийн намын хорооны бүгд хурал, чуулганыг гэрт хийхэд багтахгүй, хүмүүс босоо зогсон чихцэлдээд л хуралдаж байв. Дараа нэг очиход аймгийн төвийг Халиунд буулгахаар болсон байсан ч могой ихтэй гээд цааргалсан ч дээд газрын шийдвэр гэж аймгийн удирдлага Гүнсэн, Балган нар ярьж байсан. Нэг удаа Говь-Алтайгаас буцах замд Өвөрхангайн төвд 1945 оны шинэ жилийг угтахад "Хөдөлмөрийн төлөө” сонины анхны дугаар гарч байсан. Энэ нь тэр үед олон түмнийг гэгээрүүлэх талаар орон нутагт гарсан том дэвшил юм шүү.
1945 оны хавар мал бэлтгэлийн ажлаар Дундговьд очиход зудад мал их хорогдсон, байгаа малын тоонд махны ногдол хийх маш том ажил болсон. Би аймгийн дарга Дамдинсүрэнгийнд буудаллаж өглөө босоход "Малаа барсан, өдий, төдий хол газраас явган ирлээ” гээд олон хүн гадаа сууж байдагсан. Бас Улсын баяр болох гэж байхад "Дундговьд өлсгөлөн болоход хүрч байгаа гэнэ. Явж ажилла” гэж Төв хороо, Засгийн газар над үүрэг өгсөн. Хэдэн машин гурилтай очиход Цогтчандмань сумын нэлээд айл хэцүү байдалтай байсан тул аймгийн дарга Дамдинсүрэн бид хоёр айлаар гурил үнэгүй тараан өгсөн. Малаа барсан айлууд бозлог алж хөмүүлтэй хольж идэж байсан.
Намайг Шүүх яаманд ажиллах үед "Дамдингийн хэрэг” гэж гарсан. Дөчин хэдэн онд түүнийг "Хувьсгалын эсэргүү” хэргээр Дотоод яам баривчилсныг цэргийн шүүхийн хуралдаанаар цагаадан сулалсныг Дотоод яам эс зөвшөөрөн дахин баривчилж шийтгэсэн. Шүүн таслах ажилд Шүүх яам хамаагүй ч Дээд шүүхийн бүгд хуралд Шүүх яамны сайд таслах эрхтэй оролцдог байсан. Улсын бага хурлын Тэргүүлэгчдээс Шүүх, Прокурорын зарим шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхийг Дотоод яамны сайдад олгосон нууц тогтоол гарсан юм билээ. Энэ тогтоол сүрхий алдаатай, завхрал гарах замыг нээсэн зүйл. Харин ийм алдаатай тогтоол гаргасан хүмүүст хариуцлага тооцсон тухай сонсоогүй.
Миний энд ажилласан хугацаа эх орны дайнтай давхацдаг. Тиймээс Төв хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр аймгуудад байнга ажиллан бүх төрлийн бэлтгэлийн төлөвлөгөө биелүүлэх, ямаа самнах, фронтод агт бэлтгэх, бэлэг хуримтлуулах ажлыг зохион байгуулдаг байсан. Ард түмэн эдгээр ажилд үнэхээр идэвхи, зүтгэлтэй оролцож байсан юм шүү.
Дайны дарөө Өвөр монголчуул Ар монголтой нэгдэнэ гэж бужигнасан, Өвөр монголоос төлөөлөгчөө хэд хэдэн удаа Улаанбаатарт ирүүлсэн. Гэлээ ч манай улс энэ асуудлыг дангаар шийдэж чадахгүй нь мэдээж. Өвөр монголчууд ч "Манай хүсэлт хэрхэн шийдэгдэх нь вэ” гэж чих тавин хүлээж байсан хэрэг. Энэ үед "Ар Монголын тусгаар тогтнолыг одоогийн хилээр нь бол зөвшөөрнө” гэж Хятадын гадаад явдлын яамны сайд Ван Ши Зэ албан ёсоор мэдэгдсэн. Ингээд Өвөр монголчуудын хүсэл биелэхгүй нь тодорхой болмогц хилд ойр Өвөр монголчууд Ар монгол руу нүүж эхэлсэн. Үзэмчиний нэг хошуу, бас Баргын нэг хошуу Дорнод руу, Авгын нэг хошуу Сүхбаатар луу орж ирсний дараа хил хаасан байдаг. Хил хаах ажил хэдхэн хоног сунжирсан бол айлууд бөөн бөөнөөр орж ирэх байсан гэж амжиж ирсэн Өвөр Монголчууд ярьж байсан. Намайг Дорнодод нүүн ирэгсдийн Захиргаа байгуулах Засгийн газрын төлөөлөгчөөр томилсон. Тэгээд Үзэмчин хошууг Хэрлэнбаян сум болгон даргаар Амгаланг сонгосон. Хошуу ноён байсан Минжүүрдорж тэдэндээ их шүтэгдсэн хүн санагдсан. Баян айл нь хэт баян, ядуу нь хэт ядуу, өөрөөр хэлвэл Хувьсгалын өмнөх Ар монголтой адил гэсэн үг. Барга айлуудыг Хөлөнбөөр сум болгон даргаар Шаарийбууг сонгосон. Ингээд 1945 оны 10-р сарын 20-нд нийт ард түмний санал хураалт болж Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгсөн. Энэ ажилд Хятадын Дотоод яамны орлогч сайд тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцсон. Би энэ ажлаар Өмнөговьд ажиллан 20-ны өдөр Ноён сумын төвд байж 19-ны үдэш сумын намын үүрийн дарга Дуламжав сонирхолтой үдэшлэг зохион байгуулж билээ.
УЛСЫН ПРОКУРОРООР АЖИЛЛАВ
Улсын бага хурлын 1946 оны 12-р сарын 11-ний 94 дүгээр тогтоолоор намайг Улсын прокуророор томилсон. Миний хамгийн олон жил хашсан алба. Тэр үед Улсын прокурорын газарт ерөнхий хяналт, шүүхийн хяналт, тусгай хяналт, мөрдөн байцаалтын ажил хамаарч байлаа. Аппарад цомхон, хориод хүнтэй. Хэрэг зөрчил ч харицангуй цөөн. 1947 оны эхээр "Улс, олон нийтийн өмчийг хамгаалах тухай” шинэ хууль гарсан. Маш ач холбогдолтой хууль, үүргээ ч гүйцэтгэсэн. Улс, олон нийтийн өмчийг элдэв хэлбэрээр шамшигдуулах, ашиглах явдал газар авах шинжтэй болсон тэр үед Төв хороонд өгсөн танилцуулах илтгэх хуудасны мөрөөр Төв хороо, Засгийн газар хэлэлцэн хамтарсан тогтоол гарч түүнийг үндэслэн хууль гарсан. "Улс олон нийтийн өмчийг их хэмжээгээр ашиглах, шамшигдуулах нь ангийн дайсны арга” гэсэн үг сонин хэвлэлд ч тааралдах болсон. Энэ нь 1947 онын эхээр НТХ-ноос "Дотоод яамны ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” гарсан тогтоолд "Улс ба хоршоолол, олон нийтийн өмчийг өргөн хэмжээгээр хулгайлан шамшигдуулах ба үрэгдүүлж байгаа баримтууд нь ангийн тэмцлийн өөрчлөгдөж байгаа хэлбэр мөн. Эдийн засгийн хувьсгалын эсэргүү нарын ажиллагаа бол тус орны эдийн засгийн суурьт элдэв бэрхшээл учруулах гэсэн дайсны хорт ажиллагаа мөн” гэсэн заалттай хобоотой. Энэ хууль Зөвлөлтөд гарсан хуулийн хуулбар байгааг бодоход Шүүх яамны зөвлөх Алексеев зохиогч нь болов уу.
Өмч хамгаалах тухай дээрх хууль бол их хатуу хууль. Харин тэр хуулиар шийтгэгдсэн хүмүүсийн хэрэг үндэслэлгүй, зохиомол хэрэг байгаагүй гэдгийг баттай хэлж чадна.
Намайг прокурор байхад мал бэлтгэл, ноос, сүү зэрэг зэрэг зүйлийг албан журмаар улсад нийлүүлэх хуультай байсан. 1950 оноос мал өсгөх хууль мөрдөгдсөн. Дээрх хуулиудыг биелүүлээгүй буюу зөрчсөн гэж олон хүнийг хэлмэгдүүлсэн мэт яриа, цуурхал, "Жамбалдоржийн хар хууль” гэсэн нэр томъёо ч хэн нэгний санаанаас зохиосон зүйл. Ингэж хэлэхийн учир дээрх хууль эрх бүхий байгууллагаар батлагдан улс орны хөгжлийн тодорхой цаг үед үүргээ гүйцэтгэн улс орны эдийн засгийн өсөлт бэхжилт, хүн ардын ухамсарт ихээхэн ахиц дэвшил авчирсныг үгүйсгэх хэрэггүйг тэмдэглэх гэсэн юм.
Ерээд оны эхээр хэвлэл, мэдээллээр энэ хуулиар хүнийг хэлмэгдүүлсэн мэт олон зүйл гарсныг баримтаар баталгаажуулахаар холбогдох байгууллагуудад хандах, архивын баримт материал шүүх зэргээр нилээд хөөцөлдсөн ч тодорхой баримт олдоогүйг бодоход хүмүүсийн ам дамжсан ярианууд үнэн бодитой болсон явдал мэт бичигджээ гэж үзэхэд хүргэж байна.
Би Улсын прокурор байхдаа аппарадын ажлыг сайжруулах, хүмүүсийн ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам, ёс суртахууны талаар нэг тушаал гаргаж биелэлтийг анхаарч ажилладаг байсан. 1992 оны намар Улсын ерөнхий прокурор Бахдал урьд нь улсын прокурор байсан Жалан-Аажав, Ёндондүйчир, Авхиа, Бүдрагчаа, Балжинням, бидний зургаан хүнийг урьж уулзсан. Тэгэхэд "Жамбалдорж улсын прокурор байхдаа нэг том тушаал гаргасан. Түүнийг уншсан хүнд гишгих газар олдохгүйгээр хатуу тушаал байж билээ” гэж Бүдрагчааг ярихаар тэр үед прокурорт ажиллаж байсан хүн юмуу гэж бодсон. Тэр тушаалд прокурорын байгууллагын ажилтан нар ямар нэг хэрэгт холбогдсон хүмүүстэй арилжаа худалдаа хийхийг хориглосон заалт байсныг санаж байна. Жил бүр прокурорын байгууллагын төв хөдөөгийн удирдах ажилтны семинар болж янз бүрийн хэрэг материал дээр 5-6 хоног шуугилдаж байгаад л тардаг байсан. Ийм арга одоо үед огт нийцэхгүй ч тухайн үедээ зохих үр дүнгээ өгсөн гэж боддог. Өөрийн ажиллах хугацаанд аппарадын ажлыг сайжруулах талаар гаргасан тушаалуудаа НТХ-нд өгч Чойбалсан, Цэдэнбал хоёрт биеэр танилцуулахад тэд зөв, буруу гэж ямар нэг үг дуугараагүй. Шүүх, прокурорын ажилд тэдний зүгээс тавих анхаарал тааруухан байсны л баримт. Уул нь иймэрхүү тушаалыг яамд гаргаж мөрдвөл яасан юм гэсэн санаа л даа.
Энд ажиллах хугацаанд аймгуудад, ялангуяа Говь-Алтайд НТХ, Засгийн газрын төлөөлөгчөөр байнга л томилогдсоор байсан. Ардын Их Хурлын сонгууль анх удаа болоход Говь-Алтайн Дэлгэрийн тойрогт нэр дэвшин депутат болж дараа нь 1954, 1957 онд ч тэр тойргоосоо сонгогдсон. 1951 онд энэ аймгийн мал сүрэг 70000 гаруйгаар өсч улсад дээгүүр байранд орсон. 1950-иад оны дунд үеэс Зөвлөлтөд дээд сургууль төгссөн зарим хүн Прокурорт ажиллаж эхэлсний дотор Санжмятав, Баатар, Аварзэд нар байлаа. Аварзэд Улсын прокурорын орлогчоор нилээд хугацаанд ажиллаад дадаж байтал Төв хороо, Засгийн газар Зохион зааварлах хэлтсийн даргаар авч, Гадаад яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улс төрийн товчооны орлогч гишүүн хүртэл дэвшүүлээд сүүлд юү ч биш болгосон. Энэ хүнийг би прокурорын аппарадаас явуулах дургүй байсан ч дэвшиж байгаа юм гэж бодоод цааргалсан үг хэлээгүй. Харин Аварзэд нас барахаасаа жилийн өмнө ч билүү манайд ирж баахан зовлон тоочиж уйлж байгаад явсан. Цагдаа нарт зодуулсан, прокурорт гомдол гаргахад хүлээж аваагүй ч гэх шиг янз бүрийн юм хэлэхэд нь би "Чи Намын хянан шалгахад гомдлоо гарга” гэсэнд "За даа, юм болохгүй биз дээ” гэсэн. Сүүлд нь Аварзэд маань үнэн хэлжээ л гэж бодсон.
Би Улсын прокуророор 1957 оны зургадугаар сарын 27 хүртэл арав гаруй жил ажилласан. Ажиллах хугацаанд Албаний хөдөлмөрийн намын их хурал, БНАГУ-ын таван жилийн ойд Улс төрийн товчооны гишүүн, орлогч гишүүний хувьд Монголын төлөөлөгчдийг ахлан оролцож байсан. Зөвлөлтөд 1953 онд нэг удаа албан журмын ногдлыг малын тоогоор биш газрын хэмжээгээр оногдуулах ажлыг судлахаар явсан ч тэр нь манай нөхцөлд хэрэгжих бололцоогүй юм билээ. Би Их Хурлын тэргүүлэгчдийн 1957 оны 95 дугаар тогтоолоор Улсын прокурорын албанаас чөлөөлөгдөж Улсын хянан шалгах яамны сайдаар томилогдсон. Миний ажлыг С.Чойжамц авсан нь бас л нэг хуулийн мэргэжилгүй хүнийг томилсон хэрэг байлаа.
"ТУСГАЙ ХАНГАМЖ”-ИЙН ТУХАЙД...
Тусгай хангамжийн тухай одоо их л ярьж байна. Намайг Улс төрийн товчооны гишүүн байхад УТТ-ны гишүүд, орлогчид, НТХ-ны нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нар ордны гуанзанд өдөрт 2 төгрөг 50 мөнгөний хоол үнэгүй идэх тогтоол гарсан нь "Тусгай хангамж”-ийн эхлэл байж. Дараа нь Улс төрийн товчооны гишүүдэд 1000 төгрөгийн нэмэгдэл өгөх болсон. Хожим дээрх хүмүүст амралтын өдөр Их тэнгэрийн аманд өдрийн хоол үнэгүй өгч байв. Яамдын сайд, тусгай газрын дарга нарт сар бүр 500 төгрөгийн нэмэгдэл өгдөг байсан ч би улсын прокурорын хувьд 500 төгрөгийн нэмэгдлийг давхар авч байгаагүй. Миний ажил ордонд биш учраас хоолны цагаас ихэнхдээ хоцорч очдог байлаа. Би энэ хангамжийг 1958 оны гуравдугаар сарын 26 хүртэл хэрэглэсэн. Би улсын зардлаар Чех улсын Карлови Варид, мөн Зөвлөлтийн Кисловодскт үнэгүй амарсан хүн. Ер нь дайны үеэс л сайд, дарга нарт тусгай дэлгүүр үйлчилдэг болсон. Хамгийн том хангамжууд 1962 оны 2 дугаар сарын 13-ны тогтоолоор хэрэгжиж эхэлсэн юм билээ.
ДИПЛОМАТ АЛБАНД ТОМИЛОГДСОН НЬ
1958 оны дөрөвдүгээр сард намайг Хянан шалгах яамны сайдын үүрэгт ажлаас чөлөөлөн ЗСБНХУ дахь Монголын элчин сайдын яамны улс төрийн зөвлөхөөр, томилсон. Намайг очиход Санжийн Батаа Элчин сайд байв. Элчин, Зөвлөх хоёулаа дипломат ажлын мэргэжилгүй тул амаргүй л байсан. Анх очоод манайхтай дипломат харилцаатай бүх орны элчингийн улс төрийн зөвлөхүүдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн. Москва бол маш их хөл хөдөлгөөнтэй хот учир угталт, үдэлт, уулзалт, хүлээн авалт... гээд ажил ихтэй, тун зав чөлөөгүй явдагсан. 1959 оны хоёрдугаар сарын 9-нд Элчин сайдаар томилогдоход Дээд Зөвлөлийн дарга Ворошилов эзгүй тул түүний орлогч Рашидовт итгэмжлэх жуух бичгээ барьсан. Элчин сайдын яамны намын хорооны дарга Багаажав миний оронд зөвлөх болсон. Намайг элчин сайд байхад Ардын хувьсгалын 38 жилийн ой болж амьдралдаа анхны томхон хүлээн авалтаа толгойлж хийлгэсэн. Хөлсний байр үнэтэй учир яамандаа хийсэн. Хүлээн авалтад голчлон орос архи, Монголын цагаан архи цөөнийг тавьсан. Гэтэл сүүлхэнд нь ЗХУКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Кирченко "Танай цагаан архи байна уу” гэхэд нь бэлдсэн маань дуусчихсан байж учраа ойлгуулсан ч миний хувьд эвгүй л байсан. Ховор хомс юмыг хүрэлцээтэй бэлдэх хэрэгтэйг тэгэж ухаарсан.
Тэр хүлээн авалт дээр байгаагүй, Гадаад яамны орлогч сайд Пушкин дараа нь уулзахдаа "Танай хүлээн авалт дээрээс согтуу хүн олон гарав уу” гэхэд нь нөгөө монгол цагаан архийг асууж байгааг ухааран "Бид согтуу хүн гарахааргүй зохион байгуулсаан” гэж архи бага байснаа цайруулахад Пушкин их хөхөрч байсансан. Намайг элчин сайд байхад хүлээн авалт хөнгөхөн болдог, хагас, бүтэн сайнд хүлээн авалт хийхгүй байхыг дипломат корпусын ахлагч нар тохиролцсон байсан нь огт архи амсдаггүй над тохирсон журам байсаан. Мөн намайг элчин байхад хоёр орны хооронд хийсэн томхон хэлэлцээр нь атар эзэмших тухай юм. 1959 оны хаврын хэлэлцээрт манай талаас Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид, бүрэлдүүнд нь Жагварал, Булганы намын хорооны дарга Дамдин, Зөвлөлтийн талаас Хрушев тэргүүтэй бүрэлдүүн оролцож тэр дороо Зөвлөлтийн хүн, техник хоёр хил даван орж ирэн атар хагалж тариа тариад эхэлсэн байдаг. Ямар ч бэлтгэлгүй атар эзэмших ажлыг эхлүүллээ гэж зарим хүн шүүмжилж байсан ч газрын үржил шим ч сайн байсан биз, үр дүнгээ өгсөн л дөө.
1958 онд Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдан даргаар нь маршал С.М .Будённый сонгогдсон. Бид хоёр янз бүрийн хурал цуглаан, хүлээн авалт дээр үргэлж уулзаж байсан. "Намайг өөр нийгэмлэгийн дарга бол гэсэн ч би Монголыг сонгосон. Би Монголыг 1914 оноос мэддэг болсон” гэж тэр ярьдаг, хошин үгээрээ олныг хөгжөөсөн хүн байлаа. Нэг уулзалт дээр таарсан эмэгтэй:
-Семен Михаилович та нас сүүдэр хэд хүрч байна гэхэд "Хасах 23”
-Өө 77-той гэхэд ануухан байна ш дээ, Та лав 100 насалнаа.
- 100 гэнэ үү, Би хэдий хүртэл амьд явахаа мэдэж байнаа
-Та яаж мэддэг юм бэ?
-Та нар хэдий хүртэл амьд явахаа мэддэггүй юм уу, хачин юм даа.
-Та хэдий хүртэл амьд явахаа мэддэг бол хэлчих л дээ?
-Мэдэж ядах юү байна. Би үхтлээ амьд явна. Ийм яриа болон олныг хөгжөөж байсныг санаж байна. Тэр Монголыг сайн мэддэг, монголчуудад элгэмсэг хүн байсан.
АЖЛААС ХАЛАГДСАН БОЛОН БУСАД АСУУДЛААР...
Би 1960 оны дөрөвдүгээр сараас Элчин сайдын албанаас шууд Улсын Арбитраар томилогдсон. Энэ хугацаанд 1961 онд Албаны хөдөлмөрийн намын их хуралд МАХН-ын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон. 1961 онд Дотоод яамыг шалгасан Гэндэн даргатай комисс ажлын дүнгээ гарган танилцуулахад би Намын Төв Хянан шалгах комиссын даргын хувьд байлцсан. Ингээд Намын Төв Хорооны хоёрдугаар бүгд хурал 1962 оны хоёрдугаар сард болж шүүмжлэл нилээд хурц өрнөсөн. "Жамбалдоржийг намд байлгах, эсэхийг авч үзэх хэрэгтэй” гэж Лоохууз хэлсэн бол Лхагвасүрэн "Жамбалдоржийн энэ өндөр албан тушаалыг бодох хэрэгтэй” гэсэн. Би үг хэлэхээр нэр өгсөн ч сүүлчийн өдрийн шөнийн 2-3 цагт боломж гарсан тул хүмүүс ядарснаас миний үг төдийлөн анхаарал татаагүй байж мэднэ.
Ингээд намайг хоёрдугаар сард ажлаас халж намаас хөөсөн. Би ч тулгамдаад Гэндэн даргатай комиссын болон Намын хянан шалгах хорооны зарим гишүүдийн яриад байгаа зүйлд баримтаар няцаалт төдийлөн хийгээгүй. Харин халагдсаны дараа нэлээд материалтай танилцан өөрийгөө буруутгасан зүйлүүдийг няцаах хангалттай баримтууд олж Намын Төв Хороонд өргөдөл бичсэн ч нэгэнт гаргасан шийдвэрээ хамгаалаад хайхраагүй. Миний дээр бичсэн, над олдсон архивын бүх баримт тэр үед над байсан бол Намын хянан шалгах хороо намайг намаас хөөж чадахгүй л байсан. Миний хэт тайван, итгэмтхий байдлыг зарим этгээд хортойгоор ашигласан хэрэг. Гэхдээ над ямар ч буруу байхгүй гэж тэр үед хэлэх байтугай одоо ч хэлэхгүй. Албан ёсны архивын баримт, ам дамжсан яриа хоёрын аль нь хүчтэйг мэдэхгүй хүн байхгүй.
Ажлаас халагдаад өөрөө хөөцөлдөн Хотын Худалдааны газар гэрээний байцаагчаар долоон жил ажилласан. 530 төгрөгийн цалинтай, ашиг орлогын татварт 7 төгрөг 95 мөнгө төлдөг байлаа. Авгай хувцас хунараа зараад болж л байсан. Хамгийн үнэтэй дээлээ Майдарын авгайд зарж билээ.
Сүүлийн хоёр жилд цалингийн арай ахиуг бодож Төмөр замын рестораны даргаар ажилласан. Вагон ирэх явахад байж вагон-рестораны ажлыг зохицуулах гээд цаг маш нарийн л даа. Замын дарга Солотки их хатуу хүн байсан, Вокзал дээр ирэхдээ заавал ресторанаар орж биднийг сандаргадаг, нутагтаа "Төмөр дарга” нэртэй хүн юм гэсэн. Намайг ажлаа өгөөд Дамдин гэж хүн миний оронд болоход "Тэр хүн чинь Жамбалдорж шиг өглөө бүр вокзал дээр зогсож байж чадах юм биз дээ” гэж Солотки дарга хэлж байсан гэнэ лээ. Хурал яриа болоход тэр олон албадын төлөвлөгөөний биелэлттэй холбоотой янз бүрийн олон тоог цээжээр л хэлээд байдагсан. Би мөн ч олон хурал цуглаанд сууж үзсэн хүн, тийм мундаг хүнийг огт үзээгүй.
Би гучаад жил Намын Төв хорооны гишүүн, 10–аад жил Улс төрийн товчооны гишүүн, орлогч гишүүн байсны хувьд тэр үеийн үйл явдлыг нэлээд бодитой мэдэх амьд гэрч юм даа. Иймд зарим зүйлийг жаахан тодруулъя.
Намайг Улс төрийн товчооны бүрэлдүүнд оруулсан нь Чойбалсангийн өөрийн нь санал байсан нь маргаангүй. Намайг бусадтай харицуулахад арай удаан ажилласан, бас хилс хардаж сэрдэж байснаа ч бодолцсон тал бий байх. Чойбалсанг нас барсны дараа УТТ-ны жинхэнэ гишүүн болгосон нь Цэдэнбалын санал байсан нь дамжиггүй. Тэр намайг боловсрол хомс ч идэвхи зүтгэлтэй гэх буюу залгамж чанарыг агуулсан хэрэг. Тэр үед УТТ мөн ч удаан хуралдаж их ч юм ярьдаг байж. Хамгийн цөөн, бага ярьдаг нь би л байсан. Миний мэдлэг, чадвартай холбоотой биз. Гэхдээ удаан хуралдаж их ярьсны хэрээр ажил сайжрахгүй гэдэг нь тодорхой байсан. Цэдэнбал миний ажилласан хугацаанд Дотоод яамны ажилд оролцож байгаагүй, надаас хойших үед зарим зүйл байдаг юм билээ. Цэдэнбалд нэлээд шударга байсан үе бий. Харин яваандаа дадлагажиж хашир суух биш, улам тайвширч, өөрийн сул талаа олж анхаарахгүй болсонд хамаг учир бий.
Улс орны байдал, хүн ардын зан заншлыг бүрэн мэдэхгүй, Зөвлөлтийн туршлагыг хэт дууриах, нутгархах, тал тохой татах тохиолдол багагүй илэрч байсан ба Дотоод яамны ажилд Чойбалсанг үл хамааруулах байр суурь баримталж 80 насны нь ойд зориулан хянаж гаргасан том өгүүлэлд огт дурьдалгүй өнгөрсөн зэргийг хэлж болно.
Цэдэнбалд эрдэм мэдлэг дутаагүй, харин аливаа асуудалд өөрийн гэсэн байр суурьтай, ухаалаг хандах явдал зарим талаар дутмаг байсан тал бий.
Ил тод байдал, олон ургальч үзэл гэж ид ярьж байсан 1989-1990 онд хэвлэлээр олон зүйл гарч эхэлсэн. Тэдгээр эндүү ташаа, тэр ч бүү хэл ор үндэсгүй зүйл ч их байсан. Зарим хүн тиймэрхүү зүйлээр дөрөөлөн хуурамч нэр хүнд олж байсан эгзэгтэй үе л дээ. Энэ үед "Үнэн” сонины эрхлэгч Л.Түдэвтэй уулзан нилээд зүйл ярьсан. Миний хувьд хэвлэлд анх удаа "Ам нээсэн” нь тэр. Түдэв миний яриаг анхааралтай сонсоод та үүнийгээ бичиж үлдээх нь зүйтэй гэсэн санаа хэлсэн. Дожоодорж над "Түүхийн өмнө хүлээх хариуцлага” гэсэн теле нэвтрүүлэгт орохыг гурван удаа урьсан. Би хоёрт нь очсон. Тавьж байгаа асуулт нь мушгисан, илт буруутгах байр суурь баримталж байсан, бас зарим хүнийг нүүрэлдүүлэх зорилгоор нэвтрүүлэгт авчирч оролцуулсан зэрэг нь үнэнийг олон түмэнд нээж өгөх гэхээсээ илүүтэй улс орны түүхийн эгзэгтэй үеийн алдаа завхралыг хэн нэгэнд, тухайлвал бүхэлд нь над тохож яллах гэсэн зорилготой нь тодорхой байсан. Тухайлбал, "Чамаас өмнө Улсын прокурор байсан бүх хүн баригдсан байхад чи яагаад баригдаагүй вэ” ч гэх шиг асуулт тавьж байсан.
Харин тэр үеэр хүсэлт тавьж байж НТХ-ны нарийн бичгийн дарга Намсрайтай уулзахад " Та ЗХУ-тай нэгдэе” гэсэн санал гаргаж байжээ. Үнэн санаанаасаа тэгэж бодож байсан уу” гэж асуусан. Би ч "Үнэн санаанаасаа бодож байсан” гэж хэлсэн. Энэ бол нэг хүний л санаа шүү дээ.
РЕДАКИАС: Бат-Очирын Жамбалдоржийн амьд сэрүүндээ бичиж үлдээсэн дурсамжаас гурван цувралаар толилуулсан нийтлэлээ үүгээр өндөрлөж байна.
Социализмын үед Монголын нийгмийн амьдралыг олон арван жил удирдан чиглүүлж залж жолоодсон МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдон олон жилийн турш ажилласан хоёрхон хүн Дундговийнх байдаг. Тэр нь Б.Жамбалдорж, Д.Моломжамц хоёр.
Түүний нэг Б.Жамбалдорж нам, төрийн өндөр албыг олон арван жил хашсан хүний хувьд тухайн цаг үеийн бүтээгдэхүүн байсан гэдгийг эрхэм уншигчид ойлгох биз. Насан эцэслэхээсээ өмнөхөн "Дардан биш замаар далаад жил” гэсэн товхимол хэвлүүлснээ тэр бүр хүнд хүргэж чадаагүй юм билээ. Харин өөртэй нь холбогдон гарсан элдэв яриа, цуурхал, янз бүрийн нийтлэлд хариу болгосон дурсамжийн энэ товхимолоо ажиллаж байсан байгууллагууддаа хүргэхийг зорьсон бололтой. Дурсамжаа ийнхүү үлдээсэн, нам, төрийн ахмад зүтгэлтэн Б.Жамбалдорж агсанг 1998 онд бурхны орноо одоход "Алтан”Өлгий”-д хүндэтгэн нутаглуулсан ч энэ хүний талаар Дундговь аймагт төдий л сайн мэдэхгүй санагддаг. "Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт ахмад дипломатч, Монгол улсын баатар Д.Шагдарсүрэн гуай оролцохдоо "Хэлмэгдүүлэлтийг Чойбалсан хийсэн гэж ярьдаг ч хэрэгжүүлэгч нь Жамбалдорж” гэсэн нь "Үхсэн хүн үг хэлэхгүй”-г далимдуулж 1936-1939 оны зургадугаар сар хүртэл хүн хэлмэгдүүлэх нь байтугай Монголд ч байгаагүй хүний талаар өрөөсгөл ойлголт олон нийтэд өгөх шиг санагдсан. Зуу давж насалсан энэ хүндтэй дипломатчийн үгэнд хүндэтгэлтэй хандахаас аргагүй ч 1939 оны долоон сараас 1941 оны зургаан сард Дотоод яаманд ажилласан Б.Жамбалдоржийн үед хэлмэгдүүлэлт ямар нэг хэмжээгээр байж болохыг өөрөө хүлээн зөвшөөрдөг ч 1937-1939 оны зургадугаар сар хүртэл хэдэн хүний амь, амьдрал яригддагийг, хэн хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэснийг бодож үзмээр санагдана.
Манай уншигч, Дундговь аймгийн тэргүүлэх аудитор П.Төвсанаа "Би Жамбалдорж гуайн энэ номыг олоон жилийн өмнө төрийн ордонд нэг танилынхаа өрөөнөөс олж их л олзуурхан уншсан ч хэн нэг нь гуйж аваад өгөөгүй санагдана. Тэр ном "Өмнөговь аймгийн Намын хороонд. Б.Жамбалдорж” гэсэн өөрийнх гарын үсэгтэй байсан” гэснээс эргэцүүлэхэд Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Хууль зүйн яаманд ч бас өгсөн болов уу.
Манай сонины энэ нийтлэлийн эхний хоёр хэсгийг уншсан Хошууч генерал Ж.Содном Улаанбаатараас утасдаж "Би Жамбалдорж гуайтай уулзаж удаан ярилцаж байсан хүн. Энэ дурсамжийн үргэлжлэл гарах сонинг хүлээж байна” гэлээ. Ер нь түүх түүхээрээ үлддэг. Түүхийг зохиодоггүй, ард түмэн бүтээдэг. Тиймээс түүхийн үнэнийг зөвхөн архивын баримт, нотолгоо, түүхийн гэрч нарын амьд сэрүүндээ үлдээсэн дурсамж л гэрчилнэ.
С.ПҮРЭВСҮРЭН