Дундговь аймгийн 7 гайхамшгийн нэг Их газрын чулуу/цуврал1/

🕔 2016/05/26 18:14

Дундговь аймгийн 7 гайхамшгийн нэг Их газрын чулуу/цуврал1/

 


Цуврал 8: Дундговь аймгийн 7 гайхамшиг

1. Их газрын чулуу

Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог.

Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой. 

Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох  бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу  2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна.

Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. "Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.  

Хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далай түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.

Алаг даага, хадны борогчин, монгол чижүүл зэрэг мэрэгчид, сахалт багваахай, жижиг соотон багваахай зэрэг гар далавчтан, тас, тас бүргэд, харцага, ногтруу, хээрийн тагтаа, болжмор зэрэг жигүүртэн аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг хорь гаруй төрлийн ан амьтан амьдардаг.

Усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай. Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтай нэг нь хэдэн азрага адуу өлхөн багтах зайтай Алдарт бөх Хур харцага амьдарч байсан гэх домогтойХур харцагын таг юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Тавин, Баруун ганжуурын хийд, Эртний хот Тогоог тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгалтай.


Эх сурвалж: www.mongolcom.mn

Бэлтгэсэн:

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!