Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

🕔 2025/10/21 09:58

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран  “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 04-нд зохион байгуулна. 
Тус хуралд олон улсын болон дотоодын гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Эрдэмтэн, судлаач, сонирхсон хэн бүхэн https://nema.gov.mn/icdri-2025 хаягаар нэвтэрч бүртгүүлэх болон удирдамжтай танилцах боломжтой. Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн бөгөөд нэг нь Монгол Улс юм. Монгол Улс Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэлд нэгдэн орсон нь Засгийн газрын түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах тогтвортой хөгжлийн үндэс болохыг тэр дундаа гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах асуудлаар дээд түвшний манлайлал үзүүлж, ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл юм. 
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд төрийн зүгээс онцгой анхаарал хандуулж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хэрэгжих шатандаа олон асуудал тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдэхэд  бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал байгаа учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!