Р.Мөнхтогтох: 2020 онд "Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орчны тохижилтыг сайжруулах" зорилтыг хэрэгжүүлнэ

🕔 2020/01/24 17:22

Дундговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй болсон гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас гаргасан. Тус аймгийн Сайнцагаан сум нь аймгийн төвийн сум бөгөөд хөдөөгийн дөрвөн багтай. Сумын нийт малчин өрхийн 80 хувь нь бусад аймгийн нутагт болон аймгийнхаа бусад суманд оторлож байна. Тиймээс тус сумын Засаг дарга Р.Мөнхтогтохтой өвөлжилтийн байдал болон өнгөрсөн жилийн ажлын үр дүн, 2020 оны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Сайнцагаан сумын малчид хаагуур өвөлжиж байна. Өвөлжилтийн нөхцөл байдал, сумаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулна уу?    

-Сайнцагаан сумын нийт малчин өрхийн 80 гаруй хувь нь отор нүүдэл хийсэн. Төв, Хэнтий, Сүхбаатар, Налайх, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нутагт 165 өрхийн 8200 гаруй мал отроор өвөлжиж байгаа. 

Сумын ЗДТГ-аас оны өмнө мал тооллогын ажлаар оторт яваа бүх айлаар орсон. Энэ үеэр Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн Баянцагаан сумын удирдлагуудтай уулзаад, хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ирлээ.

Улсын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс үнэгүй тараах шийдвэр гарсны дагуу манай сум 800 боодол өвсийг малчиддаа тарааж өгсөн. Одоо тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох ажил үргэлжилж байгаа.

Аймгийн Онцгой комисс аймгийнхаа нөөцийн өвс, тэжээлийг хямдралтай үнээр өгөх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу манай сумын хувьд 1500 орчим боодол өвсийг 6000 төгрөгөөр, мөн тэжээл хямдралтай үнээр олгох ажлыг зохион байгуулж байна.

Цаг агаар одоо дулаарах шинжтэй байна. Гэнэтийн буюу цасан болон шороон шуурга шуурч магадгүй, энэ аюулаас малчид гэмтэж, мал хорогдох тохиолдол нэлээд гардаг. Тиймээс энэ аюул ослоос урьдчилан сэргийлэх байдлаар малчиддаа, ялангуяа оторт явж байгаа малчиддаа зөвлөгөө, зөвлөмж өгөөд явж байна.

-Малчидтайгаа яаж холбогдож байгаа вэ?

-Он гарахын өмнө бүх малчдынхаараа орж, нөхцөл байдалтай танилцаад, уулзаад ирсэн. Одоо бол утсаар холбогдож байна.

-Аймгийнхаа бусад суманд болон Сайнцагаан сумын нутагт хэчнээн өрх өвөлжиж байна вэ, тэдний нөхцөл байдал ямар байна?

-Бусад сумын нутагт 132 өрх отроор өвөлжиж байна. Өндөршил, Говь-Угтаал, Баянжаргалан, Дэлгэрхангай, Өлзийт, Дэрэн, Цагаандэлгэр, Гурвансайхан гээд ерөнхийдөө зүүн талын сумдын нутагт гэсэн үг.  

Харин сумынхаа нутагт дэвсгэрт 80-аад өрх байгаа. Цаг нэлээд хүндэрсэн. Мал идэх юмгүй байна. Адаацаг болон Сайнцагаан сумын хувьд нийтдээ цасан бүрхүүл тогтчихсон байгаа учраас байдал нэлээд хүндэрчихсэн байгаа.

Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг гараад өвөлжилтийн бэлтгэлийг нэлээд хангуулсан. Одоогоор малын хорогдол гараагүй байна. Хямдралтай өвс тэжээлээ малчид авч байгаа. Тэгээд утсаар байнга холбогдож, мэдээлэл авч байна.

-Мал тооллогын дүн гарлаа. Танай сумын хувьд малын тоо өссөн үү? Хэдэн мал тоолуулсан бэ?

-Сая мал тооллогоор манай сумын малын тоо анх удаа 400 мянга давлаа. 417000 мал тоолуулсан. Адуу, хонь, ямаа төрөл бүр дээрээ өсч, тэмээ, үхэр буурсан дүнтэй байгаа. Түүнээс гадна малчин өрхийн тоо 15-аар буурсан.

Манай аймаг анх удаа бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гаргаж, улсын хэмжээнд газар усны нэрийг тодруулах ажил хийсэнтэй холбоотойгоор бусад сумын газар нутагт амьдардаг малчдаа тухайн сумынх нь харьяалалд шилжүүлсэн. Энэ нь иргэддээ амар болж байгаа юм. Өмнө нь амьдарч байгаа газар нь нөгөө сумынх, харьяалал, авдаг үйлчилгээ нь манай сумынх болохоор малчиндаа нэлээн чирэгдэлтэй, хэл амтай байсан л даа. Энэ асуудал шийдэгдсэн.

-2019 оныг "Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ зорилттой холбоотой ямар шинэлэг ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-Манай сумын хувьд өнгөрсөн он бол онцлог жил байлаа. Сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ой тохиосон. Ойг бид баяр наадам гэхээсээ илүүтэй бүтээн байгуулалтаар угтаж, тэмдэглэе гээд "Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10,2 тэрбум, аймгийн ОНХС-ийн 500 гаруй сая төгрөг, сумын ОНХС-ийн 194 сая төгрөгийн ажил хийжээ. Энэ бол иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд байсан.

Манай сум долоон цэцэрлэгтэй, цэцэрлэгийн ачаалал нэлээд их байлаа. Өнгөрсөн онд 150 хүүхдийн нэг цэцэрлэг шинээр барьсан. Мөн ашиглалтын хугацаа дууссан байсан 100 хүүхдийн хүчин чадалтай нэгдүгээр цэцэрлэгийг буулгаж, газар дээр нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байна. Удахгүй ашиглалтад хүлээн авна. Ингэхээр манай сумын цэцэрлэгийн хамран сургалт 95 хувьд хүрнэ гэсэн үр дүнг хүлээж байна. Сумын хүн ам нэмэгдэж байна, хөдөө сумдаас иргэд хүүхдээ төвд сургах сонирхол их байна, тиймээс цаашдаа ч бас цэцэрлэгийнхээ тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа.

Аймгийн төвдөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,8 км хатуу хучилттай зам шинээр нэмлээ. Ер нь сүүлийн жилүүдэд шинээр зам барих ажил хийгээгүй байсан.

Мөн 1,4 км явган хүний зам, ногоон байгууламжийн хамт хийж, Говийн ирээдүй цогцолбор сургуульд хөл бөмбөгийн ногоон талбайг 250 орчим сая төгрөгөөр байгууллаа. Түүнээс гадна 5,4 тэрбум төгрөгийн үерийн далангийн зураг төсөл хийж, өнгөрсөн онд 1,4 тэрбум төгрөгөөр баруун чиглэлийн үерийн даланг хийсэн.

2018 онд бүх цэцэрлэгийнхээ гадна талыг гэрэлтүүлэгтэй болгосон бол өнгөрсөн онд бүх сургуулийнхаа гадна талын гэрэлтүүлгийн ажлыг хийсэн. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайжруулж байгаа юм.

Мандалговь хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн барилга ашиглалтад орж, одоо Ахмадын өргөө болон нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг барьж байгаа. Шинэ барилга, байшин нэмэгдсэнээр хотын өнгө үзэмж сайжирч байна.

Бас аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хуучин орон сууцны барилгуудын гадна фасад, сууцны гаднах талбайн тохижилтын ажлыг шат дараатайгаар хийж байна. Өнгөрсөн онд 14 дүгээр байрны гадна фасадыг хийж, талбай, орчныг нь тохижуулсан. Энэ жил үлдсэн 5, 12 дугаар байрыг янзлахаар төлөвлөсөн. Мөн дөрвөн орон сууцны гадна талыг тохижуулж, Залуус хорооллын орчны тохижилтыг сайжруулна.  

-Малчид руу чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийсэн үү?

-Манай сум бол хот, хөдөө хосолсон онцлогтой сум. ХАА руу чиглэсэн бүтээн байгуулалт гэвэл сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий мал угаалгын банн хийж, найман худгийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулсан.

Мөн өвс тэжээлийн агуулахтай боллоо. Ингэснээр малыг эрүүлжүүлэх, өвс тэжээл нөөцлөн хадгалах боломж бүрдлээ гэсэн үг.

-Иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлуудыг хэрэгжүүлээд, ямар үр дүнд хүрсэн бэ?

-Энэ чиглэлээр гурван дэд хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт "Аз жаргалтай иргэн” гэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ нь иргэдийг идэвхжүүлэх, хандлагыг нь өөрчлөх замаар тэдний амьдрах орчныг сайжруулах, амьдралын чанарыг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрт есөн багийн 65  өрх хамрагдсан. Энэ өрхүүдээс зургаан өрхийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, долоон хүнийг ажлын байраар хангаж, 17 хүнийг ажлын байранд зуучилж, 31 хүнийг нийтийг хамарсан түр ажлын байранд зуучилж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Мөн дээрх өрхүүдийн 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халдварт болон халдварт бус өвчлөлтэй гарсан хүмүүсийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ажиллах орчныг нь сайжруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Туршлага судлах, төрийн албан хаагчид бие биеэсээ суралцах ажлуудыг хэрэгжүүлснээс гадна олон төрлийн сургалт зохион байгуулсан. Үндсэндээ 83 төрлийн сургалтаар 588 албан хаагчийг чадавхжууллаа. Мөн багш нарынхаа ажиллах орчныг сайжруулсан. Бүх төрийн албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, витаминжуулалт, дасгал хөдөлгөөн гээд амьдралын идэвхтэй хэв маягийг хэвшүүлэх чиглэлийн ажлуудыг зохион байгуулсан.

Гуравдугаарт, "Чадвартай багш-чанартай боловсрол” дэд хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 2018 онд манай аймаг сурагчдын сурлагын чанараараа 21 аймгаас 15 дугаарт жагссан. Тиймээс энэ байдалд дүгнэлт хийж, сургалтын чанарыг ахиулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөр ч үр дүнгээ өгч, 2019 онд зургаан байраар урагшилсан амжилт үзүүлсэн байгаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд төгсөх ангийн сурагчдын сургалтын дүнг сайжруулах, залуу багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилт тавьж, улсын шалгалт өгөх хүүхдүүдээс сар бүр шалгалт авч, ЭЕШ өгөх хүүхдүүдээс Засаг даргын нэрэмжит "Сайнцагаан-Их сорилго” авч, хүүхдүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, сэтгэл зүйг нь шалгалтад бэлтгэсэн.

Залуу багш нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд "Багш солилцоо”-ны ажлыг сумынхаа сургуулиудын хэмжээнд зохион байгууллаа. 2018 онд бусад аймагтай багш нараа солилцож байсан бол энэ удаа сум дотроо энэ ажлыг хэрэгжүүлсэн. Мөн зөвлөх зэрэгтэй багш нарын хичээлд залуу багш нараа суулгаж, туршлага судлууллаа. Энэ бүхний эцэст манай аймгийн сургуулиудын хувьд сургалтын чанараараа улсад эхний 10 дотор жагсаж, ЭЕШ-ын дүн өссөн байгаа.

-Сайнцагаан сумын хувьд 2020 онд ямар зорилт дэвшүүлж байна, томоохон ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ жил орчны тохижилтыг сайжруулахын тулд "Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орчны тохижилтыг сайжруулах жил” болгон зарлалаа. Энэ зорилтын хүрээнд Мандалговь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орчны тохижилтыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудынхаа оролцоотойгоор сайжруулна. Аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд ажиллаж, амьдарч байгаа орчиндоо мод зүлэг тарьж, тохижилтоо сайжруулна гэсэн үг.

Нийтдээ дөрвөн орон сууцны гадна талд зам, талбай, зогсоол, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлыг хийнэ. Гурван багийн гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулна.

Ерөнхийдөө энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 97 ажлыг төлөвлөөд, ИТХ-аар батлуулсан. Энэ ажлууд маань "Ногоон Мандалговь”, "Чадвартай багш-Чанартай боловсрол”, "Эрүүл хот-Эрүүл гэр бүл” гэсэн гурван зорилтын хүрээнд гурван дэд хөтөлбөрт хуваагдана гэж ойлгож болно.

"Ногоон Мандалговь” дэд хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийг бодлогоор хөгжүүлэх, модны суулгацыг технологийн дагуу бэлтгэхийн тулд 10 га газарт хотын "ойжуулах анги” байгуулах, иргэдийн хандлагыг өөрчлөх, мод тарих чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн ирэх тавдугаар сард "Ногоон байгууламж” сэдвээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, мод, цэцэг тарих бүх төрлийн тоног төхөөрөмж, суулгац, үр, цэцэг гээд мод, цэцэг, зүлэг тарихад шаардлагатай бүхий л түүхий эд материал, тоног төхөөрөмжаар иргэдээ хангана. Одоо  бэлтгэл ажилдаа ороод явж байна.

Мөн тавдугаар сарын 31-нд "Цэцгийн баяр” хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл говийн энэ хотод зуны эхэн сард төрөл бүрийн цэцэг ургуулж, түүнийгээ сурталчилья гээд сонирхолтой энэ ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж, ард иргэддээ уриалга гаргаад явж байна.

2020 онд үргэлжлэн хэрэгжүүлэх "Чадвартай багш-Чанартай боловсрол” дэд хөтөлбөр маань өмнөх жилийнхээс юугаараа ялгаатай вэ гэхээр зөвхөн төгсөх ангийн сурагчид гэлгүй, нийт сурагчдынхаа сурлагын чанарыг ахиулахад чиглэж байгаа. Тиймээс энэ хөтөлбөрт бүх багш нар, бүх сурагчдаа хамруулна.

"Эрүүл хот-Эрүүл гэр бүл” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд хөрсний бохирдлыг бууруулахын тулд сумын хэмжээнд байгаа 2300 нүхэн жорлонг "эко” болгохын төлөө ажлуудыг зохион байгуулж эхэлнэ. Энэ чиглэлээр ажилладаг компаниудтай холбогдож, иргэддээ лизингээр худалдан авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэ жилдээ 10 хувийг нь "эко” болгож, цаашид графикийн дагуу 100 хувь ийм хэрэглээг нэвтрүүлэхээр зорьж байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бас зорилт тавьсан. Агаарын бохирдлын судалгааг хийх, уурын зуух, ШТС гэх мэт утаа, тортог, хорт хий гаргаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг агаар, хөрсний бохирдол, байгальд нөлөөлж байгаа нөлөөллийг бууруулах төлөвлөгөөтэй болгох ажлыг хэрэгжүүлнэ.

Иргэдийг эрүүл байлгахын тулд хүнсэнд хэрэглэж байгаа сав суулга, түүний стандарт шаардлагын асуудал маш чухлаар тавигдаж байна. Сүүлийн үед хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа. Хавдрын эх үүсвэр нь стандартын бус саваар усаа зөөвөрлөж, хадгалж, хүнсэндээ хэрэглэж байгаа явдал гэж үзэж байгаа. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар сумын иргэд хоол хүнсэндээ зөвхөн стандартын буюу зориулалтын "1”, "5” гэсэн код бүхий сав суулгыг хэрэглэж байх шийдвэрийг гаргаж байна.

Мөн аймгийн ОНХС-ийн 330 сая төгрөгөөр усны үйлдвэр байгуулж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийг шүүсэн усаар хангахаар төлөвлөж байна.

"Эрүүл хот-Эрүүл гэр бүл” гэсэн "fage” нээгээд иргэддээ эрүүл зөв хооллолт болон эрүүл ахуйн чиглэлээр хандлагаа өөрчлөх мэргэжлийн хүмүүсийн зөв мэдээллүүдийг оруулж байгаа. Тэгэхгүй бол хүмүүс цахим орчноос баталгаатай, баталгаагүй олон янзын мэдээлэл авч, хэрэглээд байгаа зуршил байна.

-Мэдээж "Эрүүл хот” гэсэн хөтөлбөрт хогны асуудал орж байгаа байх, ер нь хогны менежментийг сайжруулах чиглэлээр юу хийх вэ?

-Хогны менежменттэй холбоотой нэлээд ажлуудыг хийж байгаа. Хот тохижилтын албаны хувьд одоогоор хогийн 5 машинаар үйлчилгээ үзүүлж байна. Энэ жил дахин нэг машинтай болно. Тэгэхээр гэр хорооллуудын хогийг ачихад асуудал үүсэхгүй гэж бодож байна. Ер нь бол хогны асуудал маш их санал, гомдол дагуулдаг. Иргэдийн өөрсдийнх нь ухамсар, хандлагатай ч холбоотой. Бид эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 52,8 га талбайн хогийг цэвэрлэчихвэл үндсэндээ энэ асуудал шийдэгдэнэ.

Тэгээд энэ жилдээ төслийн уралдаан зарлаж байгаад гэр хорооллын жишиг гудамжийг бий болгохоор төлөвлөсөн. Тухайн гудамжны өнгө үзэмж, хашааны загвар, хашаан доторх эмх цэгц, ногоон байгууламж, хогийн сав гээд бусад иргэдэд үлгэр дууриал болох тийм л гудамжийг бий болгох юм. Одоо гэр хорооллын айлуудын хашаанд ороод хогийг нь ачих гэхээр зай завсраас эхлээд л бэрхшээлтэй. Тийм болохоор хогийн сав л гэхэд хогоо ангилах боломжтой, хогийг нь ачихад хялбар байдлаар шийдсэн байх ёстой. Энэ шийдэл нь боломжийн байвал бусад айл өрхүүддээ сурталчилж, бүх л айл тийм болохын төлөө л явах ёстой гэж бодож байна. Цаашдаа хогны менежментийг сайжруулах, хог хаягдлыг ялгах, боловсруулах чиглэлээр байнга эрэл хайгуул хийж, шинэчилж, сайжруулж ажиллана. Энэ бол сумын Засаг дарга, Хотын захирагчийн хувьд мөнхийн бодож, хэрэгжүүлж байх ажил юм.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!