Тойрог хуваарилахад эрх баригч болон сөрөг хүчин санал зөрөлдөж байна

🕔 2020/01/08 14:27
 
 

Тойрог хуваарилахад эрх баригч болон сөрөг хүчин санал зөрөлдөж байна

 

  • Нийслэлээс дөрвөн мандат хасаж аймгуудад хуваарилахаар төлөвлөжээ
  • 100 мянгаас доош хүн амтай аймгийн мандатын тоог хасах ёстой


2020 оны УИХ-ын сонгуулийг хэдэн тойрогтой байх, аль аймагт мандатын тоог нэмэх зэргийг ирэх сарын 1-нээс өмнө парламент батлах ёстой. Үүнтэй холбогдуулж СЕХ-ноос саналаа хүргүүлжээ. Тус хорооноос 1992, 2008 онд УИХ-ын сонгууль явуулсан хэлбэрээр тойрог тогтоох санал хүргүүлээд байгаа юм.  

Харин УИХ дахь МАН­ын бүлэг, АН зөвлөл өөр өөр байр суурьтай байна. Энэ талаар бүлэг, зөв­лөлийн даргаас тодрууллаа. 

Д.Тогтохсүрэн: Нийслэлээс дөрвөн мандат хасаж, аймгуудад шилжүүлнэ 

-МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тойрог хуваах асуудлаар байр сууриа нэгтгэсэн үү? 


-Манай бүлэг эцсийн байдлаар ярилцаагүй байна. Ойрын үед сонгуулийн тов, тойрог, мандатын тоог тогтоох тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, хэлэлцүүлнэ. Хуульд олон мандаттай, томсгосон тойрог гээд заачихсан учраас зарчмын том өөрчлөлт орохгүй. Харин гишүүд дөрвөн аймгийн ман­датын тоог нэмэх саналыг ярилцаж эхэлсэн. 

-Тухайлбал ямар аймгийн мандатыг нэмэх вэ?

-Нэг мандаттай Сүхбаатар, Булган, Дундговь, Говь­Алтай аймгийн мандатын тоог хоёр болгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Ингэхдээ нийслэлийн дөрвөн мандатыг хасаж, аймгуудад шилжүүлнэ. 1992, 1996, 2008 онд сонгууль явуулахад нийслэл 20 мандаттай байсан шүү дээ. Харин одоо бүр 28 болсон. 

-Хуульд хүн амын тоог харгалзан тойрог тогтооно гэсэн заалт бий. Үүнийг зөрчих юм биш үү? 

-Сонгуулийн хуульд хүн амын тоогоор тойрог тогтооно гэснээс гадна газар нутгийн хэмжээг харгалзан тойрог тогтооно гэсэн том агуулга бий. Тиймээс аль алиныг нь харгалзан үзэх учиртай.
-Тойргийн тоог 26 бус 30 болгох санал арсан гэсэн үг үү? 

-Томсгосон мажоритар тог­тол цоогоор 26 тойрог байгаа. Үүнийг 30 болгох эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед ярилцана. Ер нь 27 болгох санал гарахыг ч үгүйсгэхгүй. 

-Нийслэлийн аль дүүргээс мандат хасах вэ?

-Нийслэлийн зургаан мандат­тай дүүргүүдээс нэг мандатыг нь хасаж, таван мандаттай болгоно. Ингэхдээ таван мандатыг нь хоёр, гурваар нь салгаж хоёр тойрог болгох болов уу. 

Д.Эрдэнэбат: Нийслэлийн мандатаас хасах саналыг дэмжихгүй 

-Тойрог тогтоох, мандат хуваарилахад танай зөвлөлийн байр суурь ямар байгаа вэ? 

-Мандатын тоог тогтоох, той­рог хуваахдаа хүн амын нягтар­шил, газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдлыг харгал­зах ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, хүн амын тоогоор дундаж хэмжээнд байгаа аймгууд хоёр мандаттай, 100 мянгаас дээш хүн амтай аймаг гурав буюу түүнээс дээш мандаттай байх нь зөв. Харин 100 мянгаас доош хүн амтай атлаа дөрвөн мандаттай аймаг байвал мандатын тоог хасах ёстой. СЕХ энэ асуудлыг албан ёсоор оруулж ирээгүй байна. Тухайн үед нь АН байр сууриа илэрхийлнэ. 

-Нийслэлийн мандатын тоог хасаж, аймагт шилжүүлэх санал яригдаж байн. Үүнийг дэмжих үү?

-Ер нь хүн ам их төвлөрсөн нийслэлийн мандатаас хасаж аймагт шилжүүлэх нь туйлын зорилго байж болохгүй. Үүнийг дэмжихгүй.

- Тойргийн хуваарилалтаар эрх баригчид өөрсдөдөө давуу тал бий болгох нь гэж хардаж болох юм?

-Тойргийн тоо заавал 26 байх албагүй. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед 30 болгох эсэхийг нухацтай ярилцах ёстой. Давуу байдал бий болгох тухайд өнгөрсөн жилүүдэд тойргийг янз бүрээр өөрчилж тогтоосны ач холбогдол ер гараагүй. Тиймээс тойрог тогтооход хэн нэгэн улс төрчийн болон намын эрх ашиг гэхээсээ илүүтэй тухайн нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын тоо, эдийн засгийг маш нарийн тооцож шийдвэр гаргах ёстой. 

П.Батбөх
Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!