МАН-ын зураглах томсгосон ТОЙРОГ-ийг парламент дэмжих үү
Сонгуулийн хуулийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн өргөн барьсан төсөлд 50:26 буюу холимог тогтолцоогоор явуулахаар тусгасан. Энэ нь эхний хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн зөрчилтэй тулна гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан юм. Учир нь улс нэг тойрогт хамаарах 26 мандат дээр намын жагсаалтын хэсэгт нэр дэвшигчийг дугуйлна гэж төсөлд тусгасан байсан. Улс төрийн хүчин бүр 26 мандат нэр дэвшигчээ жагсаах уу, саналын хуудасны урт жагсаалтаас сонгогч нэрсийг дугуйлах уу, санал тоолох автомат машины хүчин чадал хүрэлцэх үү гээд олон асуулт, асуудлыг гишүүд тал бүрээс нь ярьж, эрх баригч хүчин дотроо ч санал зөрөлдөж байлаа. Харин энэ удаад эрх баригчид Удирдах зөвлөлөөсөө УИХ-ын сонгуулийг 76 мандаттай том 26 тойргоор явуулах чиглэл авав. Мажоритар тогтолцооны шийдлийн талаар эрх баригч хүчний удирдлагууд дараах байр суурийг илэрхийлж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Хуулийн төслийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төслийг хоёр талаар учир дутагдалтай байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Сонгосон тогтолцоо нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн сургууль баригдаж байна. Жижиг тойргийн явцын эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.
Өмнө нь 1992, 2008 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулж байсан. Можаритар системд олон давуу тал байгаа гэж үзжээ. Сонгуулийг хэт жижиг тойргоор явуулах нь эдийн засаг, улс орны хөгжилд сөрөг талтай гэж эрх баригчид үзсэн байна.
МАН-ын бүлэг мажоритар тогтолцоог 100 хувь дэмжсэн гэж мэдэгдэж байгаа ч чуулган, байнгын хороогоор хэлэлцэх үед санал нэгдсэн эсэх нь илт харагдана. Учир нь МАН-ын бүлэг хуваагдалтай, хагаралтай хэвээр байгаа. Тиймээс ч гишүүдийн зүгээс өргөн барьсан 50:26 гэсэн холимог тогтолцоон дээр ч эсрэг байр суурь давуу байсан. Цаашлаад өнгөрсөн хугацаанд тойргоо усалсан, дахин нэр дэвших магадлалтай гишүүд жижиг 76 буюу пропорцианаль тогтолцоог дэмжиж байгаа юм билээ. УИХ дахь АН-ын зөвлөл гэхэд л эрх баригчдын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байсан. Тэд мажоритар бус пропорцианаль хувилбарыг санал болгосноо ч дурдсан.
Ямартай ч томсгосон тойргоор сонгууль явуулбал аймаг, дүүрэг бүр тойрогт хуваарилагдана. Хүн амын нягтаршлаа шалтгаалж, мандатыг хуваарилна гэдгийг тодотгож байгаа юм. Харин 26 тойрогт 76 мандатыг хэрхэн хуваарилах дээр хөшигний ард мөн л улс төрийн ширүүн өрсөлдөөн өрнөнө.
Н.Энхлэн
Эх сурвалж: shuud.mn