Монгол бичгээр бичсэн 130 ширхэг ховор бичвэр, дурсгалууд аймгийн музейд хадгалагдаж байна
Дундговь /МОНЦАМЭ/.Дундговь аймгийн музейн сан хөмрөгт Монголын ард түмний түүх, шашин, уламжлалт эм тан, зурхайн холбогдолтой монгол бичгээр бичсэн нийт 130 ширхэг ховор бичвэр,дурсгалууд хадгалагдаж байна.
Энэ талаар Музейн дарга М.Бямбажаваас тодрууллаа. Эдгээр дурсгал бүхий баримтууд нь гар бичмэл, хэвлэмэл, барласан төрөлд хуваагддаг ба гар бичмэл 88, хэвлэмэл 23, барласан 19 бичвэр байдаг.
Гар бичмэлээр бичсэн өв нь бийрээр хятад бэхийг ашиглан муутуу цаасан дээр бичигдсэн байдаг. Эдгээр нь ихэвчлэн хувьсгалаас өмнөх цаг үед хамаарах бол цөөн тооны үзмэр нь 1921 оноос хойш үед хамаардаг байна.
Хууль, дүрэм, журам цаазын бичиг баримттай холбоотой 14 ширхэг өв байгаа ба тухайн дурсгалуудыг утга агуулгаар нь ангилж үзвэл түүхийн холбогдолтой болон шашны холбогдолтой гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг байна.
Харин түүхийн холбогдолтой гар бичмэлийн дурсгалуудыг дотор нь хууль цаазын болон бусад хэмээн ангилдаг бол шашны холбогдолтой дурсгалуудыг үлгэр домог, зурхай, уламжлалт эм тан, сургамж айлдвар хэмээн ангилан үздэг ажээ.
Барласан дурсгалуудыг хүрээ ба, хятад бар хэмээн ангилдаг буюу тус музейд хүрээ бар гурав, хятад бар-16 ширхэг хадгалагддаг байна.
Музейн дарга М.Бямбажав хэлэхдээ "Манай музейн сан хөмрөгт байгаа монгол бичгээр бичигдсэн эдгээр өвүүдийн дотор Монголын ард түмний түүх, шашин,уламжлалт зан заншил, соёлын үнэт өвийн баримт бичгүүд нэлээд бий.
Энэ ховор бичгийн дурсгалыг судалгааны болон эдийн засгийн эргэлтэд оруулан судлан шинжилж, сурталчилгааны олон хэлбэрээр нийтийн хүртээл болгох нь нэн чухал юм. Тиймээс Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном судруудыг эмхэтгэн цомог болгон хэвлээд байна. Мөн ном судрыг цахим хэлбэрт оруулан гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын анхаарлын төвд оруулан эдийн засгийн эргэлтэд оруулах, хадгалалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байна” гэсэн юм.
Тус музей 2019 онд дээрх үнэт өв, дурсгалыг нэгтгэн "Дундговь аймгийн музейн монгол бичгийн өв сангаас” хэмээх танилцуулга бүхий цомог гаргаж, 130 ховор бичиг дурсгалаас 57-г нь цомогт багтааж, нийтийн хүртээл болгоод байна.