Дундговь аймгийн “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн нээгдэнэ

🕔 2016/05/27 17:33

 

Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч ард түмэн билээ. Монгол Улс 2012 онд "Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлаад "Хаданд мөнхөлсөн урлаг: түүх, ойллого, ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан "Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейд нээж олон түмэнд дэлгэн харуулж байна. Монгол орон хүн төрөлхтний түүх соёл, урлагийн хосгүй өвийг хадгалсан хадны зургийн дурсгалаар нэн баялаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 500 гаруй цогцолбор хадны зураг байдаг. Эрдэмтэд хадны зургийг хүн төрөлхтөний оюуны бүтээл хэмээн үздэг бөгөөд дэлхийн соёлын өвд одоогоор 20-иод орны 34 хадны зураг бүртгэгдсэн байдаг бол Монгол Улсаас Алтайн нурууны хадны цогцолбор ЮНЕСКО-д бүртгэгдсэн тухай дээр дурьдсан. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 17 км урттай, 8 км өргөнтэй "ДЭЛ УУЛ” -ын хад болгон дээр олон мянган жилийн өмнөх хүн төрөлхтний түүх, урлаг, оюуны болон эдийн соёлын үнэт дурсгалууд сийлээстэй байдаг. Энд одоогоор Хүрэл зэвсгийн үеийн 3000 гаруй хадны дүрс зураг, 20 гаруй дөрвөлжин булш, руни бичгийн 4 төрлийн бичээс, Монгол нутгаас олдсон хамгийн эртний бичээс болох 665 оны Түрэг болон Хан улсын түүхэнд холбогдох нангиад буюу хятад бичиг, уйгаржин, Түвд бичгийн дурсгалууд байдаг. Дэл уулын дурсгал нь эрт үеийн хүмүүсийн аж төрөх ёс, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн түүхийн няцаашгүй баримт болж үлдсэн энэхүү гайхамшигт дурсгалаас дээжлэн "Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгээр дамжуулан та бүхэнд үзүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!