М.Бямбажав: Хүүхэд, залуучуудад орон нутгаа судлах сонирхол, мэдэх их хүсэл тэмүүллийг бий болгоно

🕔 2020/05/20 12:54

Дундговь аймгийн Музей Олон улсын Музейн өдрийг угтан "Гэр бүлээрээ бүтээцгээе” цахим уралдаан зарлаж, энэхүү өдрийг "Тэгш байдлын төлөөх музей” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уралдаан нь дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдоод байгаа халдварт өвчнөөс урьдилан сэргийлэх өнөөгийн нөхцөл байдалд гэр бүлийн амьд харилцааг сайжруулах зорилгоор амьдарч буй орчноо илүү ая тухтай байдлаар төсөөлөх, уламжлалт ёс заншил, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, музейн тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ.

Тухайлбал, цэцэрлэгийн насны хүүхдүүд аймгийнхаа ан амьтан, шувуудын зурагт наамал хийх, 1-5 дугаар ангийн сурагчид ан амьтан, шувуудын амьдрал, амьдрах орчинг харуулсан наамал урлах, 6-9 дүгээр ангийн сурагчид гэр бүлийнхээ ая тухтай эко орчин, байр, орон сууцны макет гаргах, 10-12 дугаар ангийн сурагчид "21 дүгээр зууны музей бидний нүдээр” макет хийх зэргээр оролцох юм.

Хүүхэд, залуучууд түүх, байгаль, амьд ертөнцийг харж мэдэрсэн өөрийнхөө мэдрэмж, олж авсан мэдлэгээ бүтээл болгон уралдаанд оролцож байгаа нь тэдний орон нутгаа судлах сонирхол, мэдэх их хүсэл тэмүүллийг бий болгоно гэдгийг тус Музейн дарга М.Бямбажав онцоллоо. Энэ жилийн хувьд тэмдэглэлт энэ өдрөөр олон нийтийг идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй учраас тус музейн хамт олон "Цахим музей”-г ажиллуулж, үзмэрүүдээ цахимаар сурталчилж иргэдэд хүргэж байгаа бөгөөд хамт олноороо мод, зүлэг суулгаж, ногоон байгууламж бий болгож байна. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!