П.ЦЭГМИД: "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ"

🕔 2019/04/18 18:10
П.ЦЭГМИД:  "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ
 
Ирэх намар наймдугаар сарын 9-11-нд болох "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын Ерөнхий зураач, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Цэгмидтэй ярилцлаа.



 


-Энэ наадмын нэрээс яриагаа эхлэх үү?
-"Уяхан замбуу тивийн наран” гэдэг айзам уртын дуугаар агуу их Норовбанзад гуай  Монгол ардын уртын дууг дэлхийд таниулсан.  Энэ дууг өнөөгийн Соёлын гавьяат зүтгэлтэн, малчин Гарамын Дадьсүрэн гуайгаар заалгаснаа Норовбанзад гуай ярьж үлдээсэн.  Агуу их Дорждагва гуай үгийг ч орчин үед арай нийцүүлээд дуулахыг Норовбанзад гуайд зөвлөсөн байдаг. Энд нэрлэсэн бүх хүн Дундговийнх байгаа биз. Тэгэхлээр "Уяхан замбуу тивийн наран” бол  Дундговийн брэнд дуу гэсэн үзэл бодол над байдаг. Энэ дууг эрт нэгэн цагт монгол газар нутагт монголын ард түмэн зохиосон нь мэдээж боловч  дэлхийн чихнээ сонсгож Монгол ардын уртын дууг Норовбанзад гуайн дуулсан "Уяхан замбуу тивийн наран”-гаар ёстой замбуу тив тэр аяараа төсөөлөх болсонд хамаг учир байгаа. Үүнийгээ бид энэ урлагийн их наадмаараа тод томруун харуулж  Монголын ард түмэнд төдийгүй дэлхийн чихийг "Дэлдийлгэн” брэндээ баталгаажуулна.
-"Уяхан замбуу тивийн наран” нэрнээсээ эхлээд их гүн агуулгатай дуу юмаа даа?
-Үүнийг урлаг судлаачид хэлнэ, энэ талаар судалгаа, өгүүлэл олон байдаг юм билээ. Монголчууд зуунаас зуун дамжуулан "Уяхан замбуу тивийн наран нь Энэхэн бүх дэлхий даяхнаараа Мөхдөлгүй мандсаар байх”-ыг бэлгэдэн  наранд өргөл болгон дуулсаар ирсэн энэ дуу Юнескогийн хөгжмийн санд хадгалагдаж байдаг гэсэн.  
-Та энэ их наадмын Ерөнхий зураачаар ажиллаж байгаа.  Тэгэхлээр  энэ дууны агуулга таны бүтээлд шингэх нь ээ дээ?
- Урлагийн энэ их наадам эхлэхээсээ аваад дуустлаа "Уяхан замбуу тивийн наран” дууны агуулгаар амьсгална. Их наадмын бэлгэдлээс эхлээд л нарыг дүрсэлсэн байгаа. Нарыг угтах ёслол, наранд өргөх дуун цацал... гээд  олон ёслол бий. Их газрын чулуун дахь наадмын хотхон гэхэд говь нутгийн нүүдэлчдийн уламжлалт зан үйлийг илтгэн харуулна. Одоогоор 30 гаруй хуудас зураг нарийвчлан гаргаад байна.  Энд наадмыг сонирхохоор ойролцоогоор 20000 орчим хүн цуглана гэж тооцсон. Хорин мянган хүн гурав хоног амьдрах хээрийн энэ хотхон хүнд юү хэрэгтэй байнав, тэр бүхнийг олон талаас нь бодолцон  бүрдүүлэх учиртай. Орон байр, гэрэл, цахилгаан, ус унд, хоол цайны хангамж...унаа машины зам харгуй, зогсоол, дэг журам... гээд тэр бүхэн хүрэлцээтэй, боловсон, соёлтой, ямар нэг чирэгдэлгүй байхыг зохион байгуулагчид бодолцоно. Гадаад, дотоодын өндөр хэмжээний зочины сэтгэл ханамжид нийцэх хэмжээний түвшинд бэлтгэх шаардлага үүснэ.  Хоолны газрууд гэхэд ямар нэрийн хоол хийх, ямар хоол хийж болохгүйг  стандарт тогтоон ажиллах хүмүүст сургалт явуулж хоолны газар ажиллуулах зөвшөөрлийг өндөр шалгууртай олгох хэрэгтэй. Энэ наадам бол зүгээр нэг 3000 морин хуурч, уртын дуучин цуглаж хэдэн дуу дуулаад тарах хэрэг биш. Тэгэж хялбарчлан ойлгож болохгүй. 2006 онд энд "Байгалийн задгай театр”-ын нээлт сайхан болсон. Тэр үед аймгийн Засаг дарга байсан Ш.Төрбат сайн зохион байгуулсан, энэ талаар туршлагатай хүн.
- Тэр их зардлыг орон нутаг "Даах” болов уу?
-"Даах” ёстой. Мөнгө зар, мөнгө ол гэсэн зарчмыг зохион байгуулагчдад хэлээд байгаа. Энэ их наадам руу  нэвтрэх унаа машин, зочин гийчин бүхнээс тэр, энэ гэхгүйгээр хураамж авах юм бол зардлын зохих хэсэг  бүрдэнэ. Хүний сэтгэл татсан үйлчилгээ бүхнээс мөнгө унана шүү дээ.
-Урлагийн их наадам  маань нүүдэлчдийн соёлын наадмын дайтай өргөн болорх нь ээ дээ?
Завхан аймаг хэдэн жилийн өмнө Улаагчны хар нуурын дэргэд хангай нутгийн "Нүүдэлчдийн соёлын наадам” зохион байгуулсан. Тэгвэл манай энэ наадам говь нутгийн, бүр тодруулвал Дуу хуурын нутаг-Дундговийн нүүдэлчдийн соёлыг сурталчилсан том үйл ажиллагаа болно. Өнөө хэр мартагдан алдаж байгаа манай нутгийн нүүдэлчдийн соёл, зан үйлийг бодитоор харуулах хөтөлбөр бий.
Мөн Шагайн харваа байна. Дэрэн сумын нутаг дахь Наран хөгцтийн шагайн тойром үүссэний 360 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн нэрэмжит Шагайн харваа зохион байгуулж "Шагайн тойром”-ын бүх л уламжлалт зан үйлийг сурталчилна. Төв халх, говийн нүүдэлчдийн соёлын мартагдаж байгаа зан үйлийг сэргээн  гаргаж ирэх нь энэ наадмын нэг зорилго гэж үзэж байгаа.
Монгол ундэсний хувцасны шоу, Дундговийн нутгаар аялсан Орос, Хятадын зураачдын бүтээлийн үзэсгэлэн, эрийн гурван наадмын бэсрэг хувилбар, Дундговь нутгаас төрсөн  томцуулын  хамгийн гайхамшигт бүтээлүүдээр ТХДЖ-ийн театрын уран бүтээлчид урын сангаа баяжуулан  тоглох... гээд олныг гайхшруулсан, сэтгэлийг огшоосон олон үзвэрээр зочдоо уйдаахгүйгээр төлөвлөж байна. Энэ бол зураач миний санаа. Найруулагч өөр олон зүйл бодож төлөвлөж байгаа байх аа.
-Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны төрсөн бууцан дээр хөшөө босгох бил үү?
-Тэгнэ.  Сүүдэртийн улаан овооны бууцны хойт дээр Зууны манлай, алдарт уртын дуучин Н.Норовбанзад энд төрснийг гэрчилсэн хөшөө босгоно. Гэхдээ өөрийнх нь дүргүй, гэрэлт хөшөө байх юм. 2006 онд "Уяхан замбуу тивийн наран” хөшөө цогцолборыг  Сүүдэртийн улаан овоо ил харагдах өндөрлөгт  сонгон байгуулсан. Энэ маань "Уяхан замбуу тивийн наран” дуу Дундговийн брэнд шүү, Дундговийн алдарт дуучин дэлхийд анх таниулсан шүү гэдгийг анх "Хэлсэн” нь тэр. Одоо үүнийгээ энэ наадмаар улс орон даяар төдийгүй дэлхий дахинд тунхаглах гээд байна шүү дээ.
2006 онд бид задгай театр, хөшөө дурсгал...  барьж байгуулах гээд  их хөрөнгө, хөдөлмөр зарсан. 13 жилийн дараах энэ наадмаар  Дундговь нутгийн нүүдэлчдийн соёл, мартагдаж байгаа зан үйлийг сэргээх, энэ нутаг яах аргагүй дуу хуурын нутаг юм, "Уяхан замбуу тивийн наран” бол энэ нутгийн брэнд гэдэг нь маргашгүй юм гэдэг агуулгыг харуулахаараа онцлог юм.
-Урлагийн их наадмын тайз, чимэглэл  хэр нүсэр байх вэ?
- Нүүдэлчдийн зан үйлд тохирсон байдлаар шийдлийг гаргасан.  Өнөөдөр Их газрын чулуунд байна,  хэзээ ч юм Цагаан суваргад үүнтэй төстэй наадам зохион байгуулахад тэнд аваачаад барьчих авсаар, хөнгөхөн байдлаар шийдсэн. 2006 онд Байгалийн задгай театрын нээлтэд 10000 орчим хүн цугласан гэж үздэг. Түүнээс наана бодож хоёр дахин олон зочид ирнэ гэж тооцсон. Зохиомж, дэглэлтийн хувьд Уяхан замбуу тивийн наран  Энэхэн дэлхий дахинаараа амар амгалан, мөхдөлгүй мандан мандсаар байхыг бэлгэдсэн агуулгыг тод томруун харуулахыг зорьсон
-За Баярлалаа. Уран бүтээлд тань амжилт хүсье.
Ярилцсан С.ПҮРЭВСҮРЭН

 

П.ЦЭГМИД: "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ"

 

П.ЦЭГМИД: "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ"

 

П.ЦЭГМИД: "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ"

 

П.ЦЭГМИД: "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ"

 

П.ЦЭГМИД: "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" ЗОХИОГЧ НЬ АРД ТҮМЭН Ч ГЭЛЭЭ ДУНДГОВИЙН БРЭНД ДУУ"

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!