Ж.МӨНХЧУЛУУН: -МӨНХ ТЭНГЭРТЭЭ 3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧИН ДУУН ЦАЦАЛ ӨРГӨНӨ

🕔 2019/04/18 15:24
Монгол үндэстний бахархал болсон ахуй амьдрал, ёс заншил, соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэн сурталчилах зорилгоор "Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн их наадмыг Дундговь аймгийн Засаг Даргын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Нүүдэлчин түмний өв их соёл, бахархал болсон уртын дуугаа байгалийн гайхамшиг цогцолсон "Их Газрын Чулуу” задгай театрын тайзнаа 3000 уртын дууч, морин хуурчдаа залж, мөнх тэнгэртээ дуун цацал өргөхөөр бэлдэж байна. Энэхүү урлагийн их наадам  2019 оны наймдугаар сарын еснөөс арван нэгний өдрүүдэд "Их газрын чулуу” байгалийн задгай театрт болох юм.
            Аймгийн засаг даргын орлогч дарга, энэхүү Урлагийн их наадмыг зохион байгуулах комиссын дарга Ж. Мөнхчулуунтай ярилцлаа.
-Энэ найман сард манай аймагт "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам болох гэж байна. Энэ наадмыг Дундговь аймаг тэр дундаа "Их газрын чулуу” задгай театрт хийх болсон шалтгаан юу вэ?
-Дундговь аймаг бол дуу хуурын орон, мянга есөн зуун тавь, жар, далаад оны үед бүх ард түмний урлагийн үзлэг гэж болдог байсан, тэр үед манай авьяас билигтнүүд Дундговь аймгаа төлөөлөн энэ урлагийн наадамд оролцоод алтан медалийг, одооныхоор бол "Гран-при”-г нь авч байсан түүхтэй. Тийм учраас энэ Дундговийн газар усны энергинд, ард түмнийх нь генэнд урлагийн авьяас, дуулах чадвар байна гэдгийг монгол орон даяар хүлээн зөвшөөрөөд "Дуу хуурын өлгий Дундговь” гэдэг нэр авсан. ХХ зууны манлай эрэгтэй, эмэгтэй  уртын дууч хоёулаа манай аймгийн хүн. Зууны манлай эрэгтэй уртын дуучин, Алдарт гавьяат дуучин Ж. Дорждагва гуай Сайхан-Овоогийн хүн. Уртын дуучдын хамгийн дээдэлж шүтдэг хүн гэж хэлж болно. Өмнө нь уртын дууг гэрээс гэрт дамжуулан сурдаг байсан бол М. Дорждавга гуай уртын дууг анх ноотолж, дэг сургууль байгуулж танхимын сургалтаар сурах боломжтой болгож заадаг байсан. Зууны манлай эмэгтэй уртын дууч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Намжилын Норовбанзад гуай мөн Дундговийн хүн. Уртын дуугаа дэлхийд таниулсан, хэзээ ч давтагдашгүй хоолойтой, монголын үе үеийн уртын дуучдын багш. Соёл урлагийн их сургуулийн дуулах урлагийн тэнхимийн уртын дууны багш нарыг харвал бас Дундговийнх. Монгол улсын ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Дэлгэр, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, С.Цогтсайхан, гэх мэт... Тийм учраас энэ нэрээ бид улс орон даяар дахин батлах цаг үе болжээ гэж үзсэн. Энэхүү наадмын гол цөм нь 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт юм.
Энэ наадмын ерөнхий нэр нь "Уяхан замбуу тивийн наран”. Гурван мянган уртын дууч, морин хуурчдынхаа нэгдсэн тоглолтыг "Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” гэж нэрлэсэн.
-Гурван мянган уртын дууч, морин хуурчаа зөвхөн Дундговь аймагтаа амьдарч, оршин сууж байгаа хүмүүсээс бүрдүүлэх үү эсвэл Дундговь аймгийн гаралтай л бол аль ч аймгаас хамаагүй ирээд уртын дуу, морин хуураа сураад оролцож болно гэсэн үг үү?
-Ер нь Дундговийн уугуул иргэд байх шаардлагатай. Дундговь аймагт төрж өсчихөөд өөр газар ажиллаж амьдарч  байгаа хүмүүс байж болно. Дан Дундговийн уугуул 3000 уртын дууч морин хуурчдын нэгдсэн тоглолтыг эх байгальд нь хүргэх ёстой юм байна гээд "Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” тоглолт хийхээр болсон.  Гурван мянга гэдэг бол 550 нь морин хуурч, 2450 хүн нь уртын дуучин байх юм. Нийт энэ гурван мянган хүний маань дөч орчим хувь нь л хүүхдүүд байна. Зургаагаас дээш ангийн хүүхдүүд байна.
-Энэ гурван мянган хүн уртын дуугаа дуулна хуурчид нь хуурдана. Энэ сурах, бэлдэх ажлыг яаж зохион байгуулж байна вэ?
-За сум  болгондоо бид морин хуурын, уртын дууны багш нараа бэлтгээд, сургагч багш нар маань сумдадаа очоод сумаасаа оролцох авьяастнууддаа уртын дуу болон морин хуурынхаа сургалтыг эхэлчихсэн байна. Аймгийн төвөөс оролцох аж ахуй нэгж байгууллагын хүмүүсийн нэр гараад мөн морин хуур уртын дууныхаа сургалтанд орсон байна. Гурван мянган хүний маань хоёр мянга тав зургаан зуу нь ардын авьяастан, мэргэжлийн бус хүмүүс байна. Мэргэжлийн дуучин, хөгжимчин биш хүмүүс. Тэгэхээр энэ  жирийн ард түмэн уртын дуугаа сурах, морин хуураа дарж сурах юм. Морин хуурчид маань гурван аялгуу дарна. 2500 орчим уртын дуучин маань дөрвөн уртын дуу бас зэрэг дуулна, бүгд сурч байгаа гэсэн үг. Тиймээс маш олон хүн уртын дуугаа сурч, морин хуураа тодорхой хэмжээний хэдэн аялгуу дарж сурч байгаа нь үлдэх юм.
 
-Найман сарын еснөөс арван нэгэн хүртэлх энэ гурван өдөрт ямар ямар хөтөлбөртэй вэ?
-"Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн их наадмын хүрээнд эхний өдөр бол                                           Н.Норовбанзад агсны төрсөн нутаг "Сүүдэртийн улаан овоо”-нд бүтээн босгосон гэрэлт хөшөөний нээлт болно. Есний өдөр "Нар угтах” ёслолоор эхэлнэ. Энэ нь уртын дууны хөшөө хэмээн нэрлэдэг  "Уяхан замбуу тивийн наран”  хөшөө цогцолбор дээр нар угтах ёслол болох юм аа. Дараа нь Монголын өв соёл, зан заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр "Монгол хүрээ”-нд болно. Монгол хүний бүхий л ахуй амьдралыг харуулсан, соёлыг харуулсан хүрээ цогцолбор байх юм. Энэхүү наадамд маань бидний төлөвлөж байгаагаар хорин мянга орчим зочид гадны болон дотоодын жуулчид ирнэ гэсэн тооцоо гарсан. Тэнд цугларсан хүмүүсийг уйдаахгүй байх зорилготой. Монгол хүн гэж ямар хүнийг хэлдэг, монголын ахуй соёл, зан заншил, соёл урлаг нь юу юм гэдгийг цогцоор нь харах боломжийг л энэ гурван өдөрт олгох гээд байгаа учраас энэ "Монгол хүрээ”-г бий болгоно. Үүний дараа бэсрэг эрийн гурван наадам болно. Олон улсын зураачдын "Хөх салхи”  үзэсгэлэн гарна. Энэ үзэсгэлэнд дандаа 2018, 2019 онд аялаад Дундговийн байгалийг зурсан олон улсын зураачдын бүтээлүүд гарах юм.
Монгол туургатны язгуур урлагийн "Эх ундарга” тоглолт болно. Үүнд Буриад, Өвөрмонгол, Монгол улсын хамтарсан язгуур урлагийн тоглолт байх юм. Мөн Дуу хуурын өлгий Дундговь нутгийн "Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр”-ийн хүндэтгэлийн тоглолт                   "Их газрын чулуу” задгай театрт болно.
Арван нэгний өглөө яг нөгөө гурван мянган уртын дууч морин хуурчдын нэгдсэн тоглолт болох юм. Энэ гурван мянган уртын дууч морин хуурчдынхаа тоглолтод зориулж бид шинээр бүжиг дэглэж байгаа, аялгуу зохиож байгаа. Хувцас хэрэглэл хийж байгаа. Ер нь энэ тоглолтоор ардын урлагийн өв соёлыг сурталчилахаас гадна аялал жуулчлалыг бас хөгжүүлэх том арга хэмжээ болж байгаа юм. 
За тэгээд монголчуудын бүх ахуй амьдрал, ёс заншил, биет болон биет бус өвийг харуулах гэж байгаа учраас бас "Айрагны баяр” хийнэ. Дундговь бол дуучид хуурчдаасаа гадна яруу найрагч олонтой. Тийм учраас "Уран үгсийн чуулган” яруу найргийн наадам зохионо. Ингээд хамгийн сүүлд нь хаалтын тоглолтоо Дундговь аймгаас төрөн гарсан Улаанбаатар хот болон өөр аймгуудад ажиллаж амьдарч байгаа алдартан гавьяатнуудын нэгдсэн тоглолтыг хийгээд өндөрлөнө гэсэн  хөтөлбөр гарсан.
-Энэ үйл ажиллагааны бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-За энэ бэлтгэл ажил маань өнгөрсөн 2018 оноос эхлээд явж байна. Хувиар илэрхийлэхэд бол хэцүү. Гэхдээ бичиг цаасны ажил бүрэн дуусч байна. Бүх сум, аж ахуй нэгжүүддээ оролцогчдынхоо тоог хуваарилаад өгчихсөн. Гурван мянган хүнийхээ нэрсийг гаргаад дуусч байна. За ер нь одоо талбай дээрх зохион байгуулалт, план зургийн ажил бол удахгүй хэд хоногоос гарчихна. Тэгээд энэ ажлуудаа бэлэн болохоор хөрөнгө мөнгөө босгох, сурталчилах ажилдаа идэвхитэй орно доо.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа
-Баярлалаа.
                                                                        Ярилцсан Чинбатын ХОНГОРЗУЛ
                                    /"Дундговийн амьдрал” сонин, Dundgovi.mn-ийн сэтгүүлч/

Ж.МӨНХЧУЛУУН: -МӨНХ ТЭНГЭРТЭЭ  3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧИН ДУУН ЦАЦАЛ ӨРГӨНӨ

 

Ж.МӨНХЧУЛУУН: -МӨНХ ТЭНГЭРТЭЭ  3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧИН ДУУН ЦАЦАЛ ӨРГӨНӨ

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!