ОЛОН ТҮМЭН ЭРГЭЛЗСЭН ОЮУ ТОЛГОЙ \Аян замын тэмдэглэл\
ОЛОН ТҮМЭН "ЭРГЭЛЗСЭН” ОЮУ ТОЛГОЙ
Эхэнд өгүүлэх ину ..."Изинис эйрвейз” авиа компаны суман цагаан хөлөг арван минутын дараа "Ханбумбат” аэродромд буулт хийхийг хөлгийн үйлчлэгч зорчигчдод санууллаа. Гурван километрээс ч илүү цардмал зурвастай, 24 цагийн үйл ажиллагаатай, цагт 120 зорчигч хүлээн авах чадалтай, техникийн боломж, үйлчилгээгээр дэлхийн жишигт дүйцсэн гэж интернетээс мэдэж авсан энэ буудалд "Ханбумбат” гэсэн утга төгс нэрийг говьчууд өөрсдөө хайрласан гэнэ. Улаанбаатараас зургаан зуу гаруй км алслагдсан алдарт Галбын говьд ганцхан цаг нисээд ирнээ гэж бодохоор энд хөгжил мөн тийм хурдаар нэвтэрч байгаа хэрэг. Эндээс наяхан км-ийн цаана Хятад-Монголын хил байгаа. Хэдхэн жилийн өмнө сүрэг, сүрэг хулан тоос босгон давхих нь хараа чимдэг байсан энэ нутагт агаарын хүчирхэг хөлөг өдөртөө хэдэнтээ нисэн хөөрч, бас хэдэнтээ буун газардах тоолон хөгжил дэвшил, соёл иргэншил өмнийн говьд ирсээр...
Зүүхэн өмнө нь Галбын уул зээглэн Ханбогд хайрхан сүүхийх бол баруун урагшаа Жавхлант хайрхан говь нутгийн тэнгэр өргөн дүнсийх энэ элчилгүй их ухаа шаргал талыг Оюу толгойн их бүтээн байгуулалтын барилгууд номин цэнхэр өнгөөр чимэглэх нь говийн мяндсан зэрэглээнээ торолзоод бүр ч үзэсгэлэнтэй.
Манай хөтөч Санжаа инженер.Биднийг Оюу толгой төслийн дэд ерөнхийлөгч Самандын Санждорж гэж яриа хөөрөөтэй, наргианч эр угтан энэ хоёр өдөр хамт ажиллахаа мэдэгдлээ. Хуучнаар Зөвлөлтийн Эрхүү хотод политехникийн дээд сургуулийг далаад оны эхээр геофизикч мэргэжлээр дүүргэснээс хойш өмнийн говийн бүс нутагт дөч дэх хавраа угтаж үдэж яваа энэ эрхэм өргөн уудам нутгийнхаа хаана нь ямар эрдэнэс нуугдаж альхан хэсэгт нь ус ундны нөөц халгиж цалгиж байгааг арван хуруу шигээ мэднэ гэхэд хэтрүүлэг болохгүй. Түүний итгэл төрүүлэхүйц барин тавин яриа, онож хэлсэн адилтгал зүйрлэл, асар өргөн мэдлэг, геологийн арвин туршлагыг ажиглахуйяа энд нэг номерийн илтгэгч нь Санжаа юм. Олон түмнийг эргэлзүүлсэн Оюутолгойг үнэн бодитоор нь ойлгоёо гэвэл Санждорж инженерийн яриаг сонсохгүйгээр бүтэх ажил биш санагдана. Түүний утас байн байн дуугарах авч англиар товч хариулан таслах юм. Ер нь биднээс бусадтай дандаа л англиар яриад байх шиг. Хаа тэртээ Завхан нутгийн хүүд ийнхүү их говийн сая сая жилээр нууцлагдсан их үүцийг задлалцах хувь тохиосон ажгуу.
Таваас долоон мянган жилийн тэртээ энд зэсийн хүдэр хайлуулж хүрэл зэвсэг үйлдвэрлэж байсан ул мөр энд бий. Тэр ч бүү хэл эртний булшнаас хайлсан хүдрээс ялгарсан ногоон зэс олддог нь талийгаачдыг оршуулахдаа өргөл барьц өргөн их гал түлж байсны үлдэц ором аж. Энд ямар нэг эрдэнэс байна гэдгийг хүмүүс их эрт мэдсэн нь Оюу толгой гэсэн нэрнээс ч илт. Харин тэрхүү оюутай толгой нь аль вэ гэвэл хараанд өртөөд байх тогтоц алга. Баруунтаагаасаа бараг ажиглагдамгүй, говийн нүцгэн тал төдий, зүүн талаасаа хаа ч таарах ухаа толгодын л нэг. Гэлээ ч энд нөөцөөрөө болоод хүдрийн агуулгаараа дэлхийд эхний аравт орох их орд нээгдэн хоёр мянган дамжсан их бүтээн байгуулалт өрнөж байна. Одоогийн тогтоогоод байгаа нөөц, агуулгаар нь "Уралдуулвал” Оюу толгой дэлхий дээрх ордуудаас гуравт яваа. Одоо ч хийгдсээр байгаа хайгуулын шинэ үр дүн гарах бүрд энэ байр урагшлахыг, бүр түрүүлэхийг ч байх гэх газаргүй.
Түүх сөхье. 1958 онд Оросын геологич Ю.Я.Петрович Оюу толгойг "Шаварлаг занар, зэсийн хүдэржилттэй” гэж тодорхойлсон бол манай нэрт геологич Д.Гарамжав гуай 1983 онд Ханбогдын ууланд ажиллах явцдаа "Исэлдсэн хүдэр байна. Нарийвчилсан судалгаа хийх нь зөв” хэмээн дүгнэснээс үзвэл энэ бүс нутаг эртнээс геологичдын анхаарлыг татсаар иржээ. Харин энд 1997 оны дөрөвдүгээр сарын 22-нд С.Санждорж даргатай анхны хайгуулын анги гурван гэртэй ирж бууснаар Оюу толгойн шинэ түүх эхэлсэн гэж болно. "Баруун талын гэр нь миний сууц. Нутгийн малчин Намсрай илүү гэрээ өгсөн нь энэ. Өглөө нар мандахад диско баарны гэрэл шиг энд тэндгүй цацран туяарч гэрэлтдэг бүрээстэй ч Оюу толгойн эзгүй тал дахь миний анхны гэр орон болохоор ер мартагддаггүй юм” гэж өнөө Санждорж дурссан. Хайгуулын арав гаруй жилийн адал явдал, баяр жаргал, зовлон бэрхшээл, үүх түүхийн талаар Санжаагаас маш өргөн мэдээлэл авсан ч сонины нэгхэн нүүрт багтаах боломжгүй юм даа. Зөвхөн энэ талбайд 2004 он гэхэд өрмийн 22 машин нүргэлж байсан, газрын гүнээс өрөмдлөгөөр авсан дээж /керн/ гэхэд нэг сая, хоёр зуун мянгаар тоологдон одоо ч ирийтэл өрөөстэй харагдана. Өвлийн тэсгим хүйтэнд автомат хөрөөгөө усаар норгон дээжээ хөрөөдөж байгаа залуу геологич Наранхүүгийн гарынх нь арьсны шар үс өрвийтөл босчихдогсон. Хэцүү байсан шүү гэж Санжаа өнөө дурсах юм. Өмнөд оюу орд бүхэлдээ ил уурхайн 2,7км:1,5км талбай. Эндээс хүдрийг ил аргаар олзорлож байгаа. Нөгөө нэг орд нь Херуга. Энэ нэрийг хамба лам Чойжамц гуай айлдахдаа "Амар амгалан” гэсэн санскрит үг хэмээн тайлбарлажээ. Говийн Догшин ноён хутагт Данзанравжаа өөрийн байгуулсан Галбын гурван хийдийн нэгийг Дэмчог гэж нэрлэсэн нь ийм утгыг агуулдаг аж.
Өөр нэг нь Хьюго Даммитын орд. Оюу толгойн ордыг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, нэрт геологичийн нэрээр нэрлэгдсэн. Хьюго Даммит 1996 онд Канадын хойт хэсэгт бүлэг алмазын орд нээсэн гавьяагаараа алдаршсан, дэлхий нийтийн геологичдын нэр хүндтэй сэтгүүлийн редактороор ажиллаж байсан эрхэм юм.
"Нүргэлэн байгаа Монгол” ...Оюу толгойн бүтээн байгуулалт үндсэндээ хоёр жил хагаст хийгдсэн. 6,7 тэрбум ам.доллорын хөрөнгө оруулалтаар энэ их ажлын ард гарсан гээд боддоо. Ид ажлын үед 117 хүчирхэг өргөгч кран зэрэг ажиллаж байсан нь хэр нүргэлсэн их бүтээн байгуулалт болохыг илтгэх биз. Гадаадын хэвлэлүүд эл бүтээн байгуулалтыг "Нүргэлж байгаа Монгол” хэмээн онцлон бичсэн ч бий. 2011 оноос ил уурхай ашиглалтанд орсон. 2012 онд бүтээн байгуулалтын барилгын ажил 51 сая хүн/цагийн хөдөлмөр зөрцуулалтаар үндсэндээ дууссан. 2013 оны эхээр өдөрт 100000 тонн хүдэр баяжуулах үйлдвэр анхны баяжмалаа гаргаж эхэлсэн. Энд хэр зэргийн нөөц бий болоод хол ойрынхны арааны шүлс асгаруулаад байна вэ. 3000-4000 сая тонн хүдрийн нөөц тодорхойлогдоод байгаа.. Нэг тонн хүдэрээс 25-30 кг зэс гарах бол эдний 25 хувийн нэг тонн баяжмалаас 250 кг зэс гарах юм. Хүдрээс металь ялгах үйлдвэрлэл хөвүүлэн баяжуулах технологиор хийгддэг нь Эрдэнэтийн үйлдвэртэй адил. Зэсийн нөөц гэхэд 25 сая тонноор яригдаж байгаа. 1028 тонн алт, 5144 тонн мөнгө, 81600 тонн молебдин эндээс олзворлоно. Өнөөгийн тооцож байгаа нөөц хайгуулын явцад цаашдаа хэрхэн өсөхийг хэлэхэд хэцүү. Нийт олзворлолтын хорин хувийг ил уурхайгаас, наян хувийг далд уурхайгаас хийнэ. Ил уурхайн олзворлолт өмнөт Оюугийн ордод өнгөрсөн онд эхэлсэн. Энд 28 Комацу ажиллаж байгаа. Нэг бүр нь 290 тоннын даацтай. Дугуй нь гэхэд л дөрвөн метрийн голчтой. Буталсан хүдрийн ирмэгт дугуй зүсэгдэхээс хамгаалж ган гинжин "Цамц” өмсгөнө. Дугуйг угсрах, задлах, тэр "Цамц”-ыг өмсгөх, тайлах зориулалтын машинууд бий. Оюу толгойд хүнд даацынхаас бусад бүх машин 3-4 метр өндөр антенитай, оройд нь шөнөд асах улаан гэрэлтэй, жижиг улаан дарцагтай. Эдний аварга Комацугийн бүхээгээс тавин метрээс дотогших газар харагдах боломжгүй. Тийм болохоор энэ зайд жижиг машин явааг улаан дарцаг, улаан гэрлээс жолооч илрүүлэх нь. Аюулаас сэрэмжлүүлэх ийм антенигүй машин Комацугийн замд таарч жолоочид үзэгдэхгүйгээс дайруулвал шүдэнзний хайрцаг шиг л бяц гишгэгдэх нь. Эндхийн эксковаторууд нэг удаад 60-120 тонн хүдэр хутгах чадалтай. Нэг эксковаторыг уурхайн талбайд гурван сарын турш угсарч гүйцдэг гээд боддоо. Аварга байгаа биз.
Далд уурхайн тав дахь ам баригдаад дуусч байна. Далд уурхайн босоо ам хамгийн гүндээ 1385 метр. Голч нь 6,7-10 метр. Босоо амаар 150 уурхайчин суулгасан цахилгаан шат 1385 метр замыг гуравхан минутанд туулна. Бас 60 тоннын даацтай хоёр цахилгаан шат тэнгийн ачаа шиг дээшээ доошоо солбин явж байгаа. Нэг нь хүдэр тээвэрлэх, нөгөө нь үйлчилгээний зориулалтын шат юм.. Энэхүү босоо амын гүн нь Улаанбаатар дахь телевизийн цамхгаас дөрөв дахин өндөр, 466 давхар барилгатай дүйнэ гэхэд нэг төсөөлөл орж ирнэ. Далд уурхайн хөндлөн малталтууд ид хийгдэж байгаа бөгөөд 50 км малталт хийгдсэний дараа 2016 оны эцсээр далд уурхайн гүнээс эхний хүдэр гарч ирнэ. 2020 онд бүрэн хүчин чадлаараа ажиллахад босоо ам бүрээс хоногт 30-60 мянган тонн хүдэр нэг, хоёр дах бутлуураар дамжин 2,7 км-ийн туузан дамжуургаар баяжуулах фабрикийг зорих нь. Далд уурхайд нэвтрэх боломж хэн хүнд олдох юм биш. Инженерүүдийн ярианаас үзвэл 1300 гаруй метрийн гүнд 5:5 метрийн голчтой метро маягийн байгууламж тал тал дах ордыг зорьдог бололтой. Хөндлөн малталтын нийт урт 12 км хүрээд байгаа гэж танилцуулсан. Нийтдээ 250 км нүхэн гарц, тунель барих нь Улаанбаатараас Дархан хот хүрэх зайтай дүйх агаад хоёр техник зөрөх боломжтой. Уурхайн гүндээ 35 хэмийн халуун, саунд сууж байгааг санагдуулахаар гэнэ. Оюу толгойд бутлуур гэж том байгууламж байна. Овор ихтэй хүдэр анхдагч бутлуураас сагсан бөмбөгийн дайны болоод гарч ирнэ. Хоёрдагч бутлуураас хонины хорголын чинээ болж баяжуулах фабрикаас цагаан гурилаас ч нунтаг баяжмал гарч савлагдана. Энд туузан дамжуурга гэж том байгууламж бий. Бутлуураас хүдрийн агуулахыг зорих энэ аварга байгууламж 2,7 км урттай нь Энхтайвны гүүрийг долоо угсарсантай тэнцэх бөгөөд Монгол дахь хамгийн урт туузан дамжуулга юм.
"Ажлаа үргэлжлүүлэхэд аюултай санагдвал ажлаа зогсоо” Оюутолгойн үйлдвэрийн хаалгаар орох зөвшөөрөл авсан хэн боловч аюулгүй ажиллагааны зааварчлага авч "Номын дуу” сонсоно. Иж бүрэн тоноглосон танхимд аюулгүй ажиллагааны арга зүйч зочдоо хүлээж зогсоно. Тэгээд хамгаалалтын каск, нүдний цагаан шил зүүж урт өмд, цацруулагчтай улаан шаргал хантааз, төмөр хамгаалалттай гутал өмсөнө. Гутал гэхэд хөлөн дээр 1,5 тоннын юм унах юмуу дарахад ажрахгүй гэсэн. Одоо уурхайн талбайгаар явахад бэлэн боллоо. Автобусанд суунгуут хамгаалалтын бүсээ хийсэн эсэхийг нэг бүрчлэн шалгана. Хэн нэгэн суудал хуваах юмуу зогсож явахыг зөвшөөрөхгүй, тийм байдлаар нэг ч гэсэн хүн илүүдвэл яах ийхийн зуургүй дахин тусгай унаа гаргана. "Ажлаа үргэлжлүүлэхэд аюултай санагдвал ажлаа зогсоо” гэсэн сэрэмжлүүлэг алхам тутам тааралдана. Обьект бүрийн ойролцоо ногоон туг хэн бүхэнд харагдахуйц намирна. Энэ нь ямар нэг аюулын дохио өгмөгц ажиллагсад цугларах талбай. Улаанбаатар дахь төв офисст ч энэ зарчим хатуу мөрдөгдөнө: Тэнд гадаа үүдэндээ мөн тийм зааварчлага өгч нэвтрүүлнэ. Ослыг жижиг гэж үзэхгүй. Хальтрах, бүдрэх, гулсах, унах зэрэг болзошгүй ослоос байнга сэрэмжлүүлнэ. Хэрвээ бага ч гэсэн осолд өртвөл анхан шатны тусламж хаанаас авахыг зааж зурсан харагдана. Хөдөлгөөний аюулгүй байдлыг алхам тутам сахина. Хаана, хэдэн миллийн хурдтай явах заалт байна, яв цав мөрдөнө. Зогс гэсэн тэмдэг дээр заавал зогсч хөдлөнө. Энд хууль бол хууль гэдгийг хамгийн жижиг зүйл дээр ч анзаарч болно.
Оюутолгойн төсөлд нийтдээ 12000 хүн ажилладаг. 87,31 хувь нь Монголчууд. Энэ үзүүлэлт 90, түүнээс дээш болох өдөр тун ойрхон. Ханбогд сумын нутаг дахь эл уурхайд өнөөдөр 4800 хүн ажилдаа гарч байна. Тэдний 680 нь өглөө бүр Ханбогд сумаас автобусаар ажилдаа ирж оройд харьдаг. Үүнд 14-15 том оврын автобус байнга үйлчилнэ. Дөчин км дэх сумын төвөөс сайжруулсан замаар мөн дөчин минут давхиад л ирнэ. Гадаадын 300 гаруй мэргэжилтэн гучин хэдэн орноос ирэн өндөр мэргэжил шаардах ажлын байранд ажиллаж байгаа. Голчлон Канад, Австрали, Америк, Хятадаас ирсэн мэргэжилтнүүд. Хятад ажилчин дөч орчим бий. Зарим мэдээллээр Оюу толгойд өчнөөн мянган хятад ажилчин байгаа мэт дурьддаг нь ташаа ойлголт юм. Ид бүтээн байгуулалтад хятад ажилчид оролцсон нь үнэн. Тэд уул уурхайн бүтээн байгуулалтын туршлагатай учир сургалтанд цаг хугацаа, хөрөнгө зарах шаардлагагүй. Цаг хугацаатай уралдсан энэ нүсэр ажилд тэд чухал үүрэг гүйцэтгэснийг дутуу үнэлэх аргагүй. Нөгөө талаар зургаан сараас илүү хугацаагаар Монголд ажиллавал оршин суусны татвар төлөх тул энэ хугацаан дотроо буцаж дараагийн ээлж ирж байсан. Оюу толгойд ажиллах визтэй, хилээр орж гарсан хятад иргэдийн тоог нэмээд үзэхээр их тоо гарсан байж мэднэ. Түүнээс нэг ээлжинд тийм олон хятад иргэн ажиллаж байсангүй. Ажиллагсдын олонхи нь Өмнөговийн бусад сумаас, хөрш аймгаас ирэгсэд аж. Орон байрны хувьд мэргэжилтнүүд 1200 хүн сендвичин барилгад, үлдсэн нь тусгайлан тохижуулсан монгол гэрт амьдардаг. Гэрийг дөрөв дөрвөөр нь багцалж барин дөрвөн гэр тутам нэг чингэлэгээр холбогдоно. Чингэлэгт ариун цэврийн өрөө, шүршүүр байрлуулсан бөгөөд гэрээсээ гадаа гаралгүй чингэлэг рүүгээ орох боломжтой. Гадаадын мэргэжилтнүүд мөн тийм аргаар тоноглосон сендивичин сууцанд аж төрөх юм. Энэ бүх гэр, сууц шалнаасаа цахилгаан халаагууртай. Хэдэн гэрийн дунд нэг үйлчлэгчтэй. Ажилчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх асар том спорт цогцолбор бий. Волейвол, сагсан бөмбөгийн хэд хэдэн талбай зэрэгцүүлсэн, чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоноглолтой асар том заалууд, хөл бөмбөгийн ногоон талбай, клуб, номын сан, интернет кафе, караоке баар... гээд хүний хэрэгцээ цөм бүрэн. Энд 4800 ажилчин хооллох асар том гуанз бий. Хоолох хугацааг цаг минутаар зохицуулчихсан тул арван хүн ар араасаа дугаарлах тохиолдол ч байхгүй, ямар ч хүндрэлгүй хооллоод л гарна. Энд хичнээн төрлийн халуун хоол, зууш, диссерт, ундаа, цай байгааг тоолох ч арга алга. Хэн боловч өөрийн хүссэнээ сонголтоороо хэрэглэх өргөн боломжтой. Тэнд хар, цагаан, шар арьстан, есөн хэлийн үндэстэн, ястан зэрэгцэн хооллоод гарч одно. Ёстой л бидний олон жил хүсч мөрөөдөж зорьж тэмүүлж байсан "Хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэх” коммунизм нь энд байна уу гэж санагдах ажгуу. Ажилчдын зарим нь гараад "Тамхи татах цэг” гэсэн шар шонгийн дэргэд хэдэн минут саатаад ажилдаа яаран одох юм. Хоолны зааланд "Спиртийн ундааны хэрэглээгээ хянах бүхээг” харагдана. Тэнд ороод нэг товч дараад л хэрэглээнийхээ үзүүлэлтийг харчихна. Хэрэглэсэн спиртийн хэмжээ 0,5-аас дээш заавал үг дуугүй халагдана. Бидний хэллэгээр "Тойрох хуудас”-аа авна. Шалгалтаар хэрэглээ нь 0,49, түүнээс дотогш гарваас эхний бөгөөд эцсийн сануулгыг удирдлагаас авна. Гүйцээ. Оюу Толгойн 5х5 км-ийн торон хашаа руу 17-гоос дээш градустай согтууруулах ундаа оруулах нь хатуу хориотой. Дэлгүүр, баар, хүлээн авалт дээр вино, пиво харин чөлөөтэй байж л байх. Оюу толгойн хол, ойрын зочдоо хүлээн авах зориулалтын "Их гэр” хэмээн нэрлэх амралтын газар Галбын ууланд байх агаад тэнд ч энэ хууль хатуу үйлчлэх юм билээ.
Олон түмний эргэлзээ ба бодит байдал.Олон түмний нэг эргэлзээ нь энд яагаад Эрдэнэт шиг хот барьж байгуулахгүй байна вэ? Эрдэс баялгийг гадаадыхан ухаж аваад нэг л өдөр гараад явчихна гэсэн үг үү гэдэгт байгаа. Энэ талаар албаны хүнээс үг сонслоо. Уул уурхай бол аюулгүй ажиллагааны өндөр дэг журам шаарддаг орчин. Уул уурхайн олон зууны туршлагатай барууныхны хувьд энэ тал дээр тогтсон дэг жаяг гэж бий. Тэр горимоор бол уул уурхайн талбайд ажиллагсад гэр бүлээрээ амьдрах боломж байхгүй. Хүнд хүчир үйлдвэрлэл явагдаж байгаа учраас агаар ч, орчин ч бохирдоно. Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай машин механизм энд хэдэн арав, зуугаар ажиллана. Тийм болохоор хүн амынхаа генийг, аюулгүй байдлыг хангах үүднээс энд уухайчдын, тэрч бүү хэл Монголчуудын ирээдүй хүүхэд багачууд төрж өсөх, сурч хүмүүжих хот орон байгуулах боломжгүй. Харин хэрвээ тийм дагуул хотхон байгуулнаа гэвэл хамгийн тохиромжтой газар нь эндээс дөчин км дэх Ханбогд сумын төв. Тэндээс 700-гаад ажилчин автобусаар өглөө бүр ирж, бас орой буцаж байгаа. Хэрвээ тэнд дагуул хот байгуулан уурхайчдын орон сууц, нийгэм, соёлын асуудлыг шийдвээс энэ хооронд хурдны замаар туулах хугацаа хоёр дахин багасах боломжтой. Тэгвэл тэр хотоо зэрэгцүүлээд барьж байгуулчихсангүй юү гэхээр бас тайлбар байнаа. Монгол орны хөгжлийн хувь заяаг нэг жилээр ч гэсэн түргэсгэх нь баялгийн эзэн Монгол улсын хувьд ноймор нэг дэх асуудал. Тийм болохоор эхлээд уул уурхайн бүтээн байгуулалтаа шуурхайлах шаардлага байсан. Үүний тул уламжлалт гэр сууцанд ажилчдаа байрлуулах нь цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэхээс гадна тэдний эрүүл ахуй, дасаж сурсан орчин нөхцлийн хувьд тохиромжтой байж.
Оюу толгой бол хоёр мянган дамжсан аварга том бүтээн байгуулалт... Их газрын хаялга их байж таарна. Өнгөрөгч хоёр жилд Оюу толгой 1,1 тэр бум ам.доллор буюу 1,5 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг үндэсний компаниас худалдан авчээ. Тооцвол нийт худалдан авалтыхаа наян хувийг үндэсний компаниас хийлээ гэсэн үг. Энэ бол хоёр өрөө байр 22000-ийг худалдан авах мөнгө гээд боддоо. Өмнөговь аймгаас гэхэд Оюу толгой 2012 онд 7,5 тэр бум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байна. Ханбогдод Ш.Туяа гэж эмэгтэй бий. Тэрээр Оюу толгойн дэмжлэгээр биезнесээ өргөтгөн амт шимтийг мэдэрсэн нэгэн. Эднийх 28 оёдолчний хүрээнд жилдээ дөчин сая төгрөгийн гэрээт ажил гүйцэтгэж жилдээ 800 сая төгрөгийн захиалга авч байна. Энэ бол Галбын говьдоо урьд хожид байгаагүй ашигтай бизнес болж. Ханбогд суманд дэлхийн жишигт нийцсэн шүдний дагнасан эмнэлэг бий. Их эмч нь Н.Дарам гэж шүдний эмчилгээгээр мэргэшсэн, нутаг орондоо нэрд гарсан эмэгтэй. Эндхийн иргэдийн наян хувь нь энэ эмнэлгээр үйлчлүүлсэн мэдээ бий. Энэ сумын эмнэлэгт Оюу толгой түргэн тусламжийн зориулалтаар хоёр ч машиныг хандивласан. Монголын алдарт гучин гурван говийн хамгийн томд тооцогдох элчилгүй их Галбын говийн тархан суурьшсан малчдад үүнээс илүү өгөөж буянтай тус гэж хаа байхав.
Монголын түүхэнд хамгийн том сургалтын хөтөлбөрийг Оюу Толгой хэрэгжүүлсэн. Мөнгөөр тооцвол 125 сая доллор буюу 168 тэр бум төгрөгийг сургалтанд хөрөнгө орууллаа. 30 оюутанг гадаадын хөгжингүй оронд, 350 оюутанг үндэсний их дээд сургуульд сургах тэтгэлэгт хамруулж. МСҮТ гурвыг шинээр барьж, долоог сайжруулан өргөтгөж МСҮТ-ийн 1200 багшийг давтан сургаж байна. Мөн энэ төслийн хүрээнд хэдэн мянган мэргэжилтэй ажилчинг зургаан сарын түргэвчилсэн сургалтаар бэлтгэж байгаа.
Эцэст Оюу Толгой хэний өмч вэ, хэн санхуужүүлээд байна вэ, ашгийн хэдэн хувь Монголд үлдэх вэ, Монголын ард түмэнд ямар ашигтай вэ, Монголын хөгжлийг хэдэн жилээр урагшлуулах вэ гэсэн үй түмэн асуулт гарах нь мэдээж. Үүнийг улс төрчид өөр өөрийн үзэл бодлоор ярьж маргаж л байна. Энэ тухай Оюу Толгойд ярилцахад "Монголын ард түмний их үүц, дэлхийд гуравт давхиж байгаа том ордыг нээчихлээ. Үүнд Монголын ч, гадаадын ч геологичдын хувь нэмэр байгаа. Их бүтээн байгуулалт хийгдлээ. Ашигтай, ашиггүй гэсэн ярианы хувьд Монголд асар том хөгжил, дэвшил авчрах нь маргаангүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Айванхоу майнз компани сүүлд өөр Рио тинто компанид худалдчихсан. Ер нь гэрээнд ямар нэг асуудал байхыг үгүйсгэх аргагүй. Манайхан "Үлдэх хүнээр ачаа бүү татуул” "Явах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэлцдэг нь энэ гэрээнд хамааруулж болохыг хэн байг гэх вэ. Одоо маргаад байгаа асуудал бол төр засгийн ажил, улс төрчдийн л хэрэг. Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Бид ногдсон ажлаа хийж байна” гэх юм билээ.
Тиймээ, Энэ баялаг ордод хоёр мянган дамжсан их бүтээн байгуулалт хийгдэж үр шимийг хүртээд эхэлсэн нь энэ зууны Монголчуудын их хувь заяа юм даа. Үнэхээр галт тэрэг аль хэдийн хөдөлжээ.
С.ПҮРЭВСҮРЭН 2013 оны 4 дүгээр сар.