Удахгүй хөдлөх том төслүүд
Монгол Улсын Засгийн газраас "Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 МВт-аар, "Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт-аар, "Дарханы дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар, "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар тус тус нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарынхантай уулзахдаа мэдэгдсэн билээ.
Цаашилбал, Цахиурт Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Дулаан хар уулын холимог металлын уулын баяжуулах, Ширэн Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Хар Овоогийн уулын баяжуулах зэрэг төслүүдэд анхаарч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар эдийн засгийн энэ хүндрэлтэй үед том төслүүдээ хөдөлгөнө, хөдөлгөж байж хүнд байдлаас гарна гэдгээ ярилцлагадаа дурдлаа. Иймд та бүхэнд удахгүй хөдлөх том төслүүдийн мэдээллийг хүргэж байна.
НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар "Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авна. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно” хэмээн эрсхэн мэдэгдээд буй.
Шатахууны бүрэн
хараат байдлаас гарах энэ бүтээн байгуулалтын хүрээнд Сайншандаас Нефть
боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр зам, хүнд даацын
тусгай зориулалтын авто зам, Эрчим хүч дамжуулах шугамын ажил тус тус
хийгдэнэ.
Яг одоо Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулалтын
шатандаа явна. "ТЭЗҮ хүлээн авсны дараа тодорхой шийдлүүд гарна” гэж
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар саяхан мэдээлсэн.
ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ
Таван толгойн цахилгаан станцын төсөл олон жил дуншиж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар "Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр удаашралтай байна” гэж сануулсан.
Тус цахилгаан станцын хүчин чадал нь 450мгвт. Харин Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 280мгвт. Энэхүү ирээдүйтэй төсөл тойрсон хамгийн сүүлийн үеийн үйл явдал нь Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг 2018 оны 2 сарын 16-нд цуцалсан нь юм. Уг нь тус батлагдсан гэрээгээр Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг шинээр барьж, "Оюу толгой” нь станцын эзэмшигч бус, эрчим хүчний худалдан авагч байхаар заасан байсан юм.
Засгийн газраас гэрээг нэгэнт цуцалсан учир Оюутолгой компани энэхүү төслөө өөрсдөө удирдана гэдгээ бараг хэлчихсэн. Энэ тухайгаа "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаар "Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой” хэмээн албан ёсны сайтдаа мэдэгдээд буй.
ЭРДЭНЭТ-ОВООТЫН ТӨМӨР ЗАМ
Эрдэнэт-Овоотын төмөр зам нь ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан "Эдийн засгийн коридор”, БНХАУ-ын "Нэг бүс–нэг зам” хөтөлбөрүүдэд багтсан мега төсөл юм. Гурван улсын хамтарсан 32 төслөөс манай талаас удахгүй хөдлөх боломжтой ганц төсөл нь гэж хэлж болно.
Эдийн засгийн хойд коридорын энэхүү төмөр зам Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тьянжин чиглэлд тавигдана. Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Монголын тээврийн зардал буурч, Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн хэмжээ одоо жилд 20 сая тонн байгаа бол 40 сая тонн болж хоёр дахин нэмэгдэнэ. Төслийн өртөг 1.3 тэрбум ам.доллар.
Төмөр замын бүтээн байгуулалтад 1,000 гаруй хүн гар бие оролцож, бүтээн босгосны дараа 650 төмөр замчин байнгын ажлын байраар хангагдана. Уурхайг барьж байгуулахад 1500 хүн гар бие оролцож, олборлолт эхэлснээр 812 ажлын байр шинээр бий болно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар энэхүү төслийг бүхий л талаар дэмжиж байгаа бөгөөд Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ оны 1 сарын 19-нд компанийн төлөөлөлтэй уулзаад 2018 оны намар гэхэд бэлтгэл ажил болон хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж, 2019 оны хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналыг тавьж, хамтран ажиллахаар болоод байгаа.
ГАЦУУРТЫН ОРД
Монгол Улсын Засгийн газар, "Сентерра гоулд Монголия” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр одоогоос арван жилийн өмнө буюу 2008 онд хийсэн боловч одоог хүртэл эцэслээгүй "бэлэн төсөл” хэмээгддэг Гацууртын орд ашиглалтад ороогүй л байна.
Тус компани нөөц хийгээд ТЭЗҮ-гийн тодотголоо 2017 оны сүүлээр шинэчилж дууссан. Шинэчлэхэд төслийн IRR буюу өгөөжийн доод түвшин ердөө 9.3 хувь гарсан. Үүнээс улбаалаад Гацууртын төслийг Монгол компанид зарахаар болж байна гэсэн цуу яриа гарсан боловч, компанийн зүгээс "Одоогоор тус төслийг зарах сонирхол байхгүй байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдээд байна. Өгөөжийн доод түвшин бага гарсантай холбоотой "Сентерра гоулд” компанийн зүгээс одоогийн мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд төслийн үр ашгийг нэмэгдүүлэх ямар боломжууд байгааг эрэлхийлэх шаардлагатай болоод байгаа.
"Сентерра
гоулд Монголия” ХХК-ийн толгой компани болох "Сентерра гоулд” ХХК-ийн
2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд Гацууртын орд бага тусгагдсан,
Турк улс дахь "Oksut project” хэмээх алтны ирээдүйтэй төсөлдөө ихээхэн
найдлага тавьж байгаа гэсэн мэдээлэл байна.
Бэлтгэсэн Д.Төв
Эх сурвалж: IKON.MN
Линк: http://ikon.mn/n/19qe