Говийн усны үнэ цэнэ
Алга дарам цасны үнэ цэнэ
Манай улсын эдийн засгийн өсөлтийг голлон хангаж буй уул уурхайн баялгийг хэвлий доороо нуусан Өмнийн их говийг зорилоо. Нийслэлийн саарал манангаас сугарч, хаврын чийг даасан бүлээн агаартай учиран золгох нь нэн таатай аж. Бартаат замд хэдийн шалгарсан саарал пургон баруун зүгийг чиглэн хурдаллаа. Энгэр ээвэр газар, уулын бэлээр цас ханзрах, тэртээх гэрийн яндангаар аргалын утаа суунаглан, сэгсгэр банхар нарны илч бараадан гэрийн хаяанд гэдсээ ээн хэвтэх, тоодгор дээл өмссөн хөрслөг бор жаалууд чулуу овоолон тоглох, эрдэнэт сүрэг айвуу тайвуухан бэлчих зураглал нь монголын амар амгалан гэлтэй. Нийслэлээс гараад Өвөрхангай аймгийн Гучин ус сум хүртэл цас их унажээ. Харин Гучин ус сумаас цааш нарны илч мэдэгдэхүйц нэмэгдэж, довтлох тусам цас багассаар байгаль дэлхий цасан хүрмээ бүрэн тайлжээ. Зорьсон газраа буюу Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хүрэхэд гадаа нимгэн цамцтай явж болохоор дулаахан уур амьсгал угтав. Говьд урин хавар хэдийн айлчилжээ. Сэтгүүлч миний бие Гурвантэс сумыг зорьсон шалтгаан нь Ирвэс хамгаалах сангийн нээлттэй өдөрлөгт оролцохын ялдамд говь дахь усны үнэ цэнийн тухай тус нутагт амьдарч байгаа иргэдийн санаа бодлыг сонсох явдал байв.
"Танай нутаг ч бүр хараараа байна даа” гэсэн миний тоомжиргүй асуултад аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн "Үгүй ээ, харин ч цастай байна” хэмээн хадны сүүдэрт тогтсон алга дарам цасыг олзуурхан алгандаа имрэв. Үнэндээ би уулын бэл, хадны сүүдэр, гуу жалганд тогтсон бичгийн цаас, заримдаа алганы хэмжээтэй гэмээр багахан цасыг олж анзаараагүй байж. Хангайд бол энэ цас биш л дээ. Харин говьд бол өөр. Алга дарам энэ жаахан цас амьдралыг тэтгэх эх булаг юм. Энэ өвөл говь алга дарам ч цасгүй болж аргаль, янгир олон тоогоор харангадаж үхсэн байна. Гурвантэс сумын Тостын нуруунд Ямаан ус хэмээх газарт 200 хүрэхгүй метр газар арав гаруй янгир харангадаж үхсэнийг тус нуруунд явж байхад Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл хэлсэн. Тухайн үед одоогийнх шиг алга дарам цас байсан бол хэмээн тэрбээр шүүрс алдаж байна билээ. Цасгүй болж, автомашинаар мөс тээвэрлэн авчирч уулын бэлд асгаж байхад аргаль, янгир хүнээс айлгүй ирж, мөс долоож байсан гэнэ. Зарим аргаль, янгир мөс долоосоор байгаад хэл нь цоорч цус шүүрэн, мөн харангадаж байгаад хэт их шингэн авснаас болж мөснөөс хэдэн метр холдож алхаад үхэж байсан тухай харамсалтай дүр зургийг хэлж байсан. Ус гэдэг ийм үнэ цэнэтэй байдаг аж. Хүн бидэнд ийм хувь тавилан нүүрлээгүй ч ирээдүй хойч маань харангадсан аргаль, янгир шиг мөсний хэлтэрхий, алга дарам цасны төлөө амиа өгөх вий гэхээс сэтгэл түгшээд ирснийг нуух юун.
Говийнхон дусал усыг ч эрдэнэ мэт үзнэ
Говийн хүн ардад ус үнэ цэнэтэй. Үнэ цэнэ хэмээх энэ үгийг туйлын бодит утгаар нь хэрэглэж байгааг энд сануулъя. Усны үнэ цэнийн тухай ойлголт зарим хүнд харилцан адилгүй байдаг учир ийн тодрууллаа. Зарим хүн ус үнэ цэнэтэй гэж хэлчихээд крантнаас ус ямар ч хэрэггүй урсаж байхад сэтгэл гаргаж хаадаггүй. Харин говийнхон дусал усыг ч эрдэнэ мэт үздэг. Тиймээс усны үнэ цэнийн тухай хамгийн бодитой ойлголт говьчуудад байдаг биз. Ямар сайндаа л хайгууль хийж яваа геологичид худгаас нь ус авах гэхэд нутгийн өвгөн малчин ундууцна. Том техникүүддээ хувин хувингаар нь ус авч хэрэглэхэд хотноос нь эд малыг нь авчихсан мэт сэтгэл зурагддаг тухай малчин хөгшин ярив. Тэгвэл уурхайн үйлдвэрлэлд тонн тонноор нь ус ашиглаж байгааг харвал та бүр тэвчихгүй нь ээ хэмээх миний саваагүй асуултад "Юу гэхэв, хүү минь” хэмээн илт дургүйцэв. Хөгшний царай бараантан, нүдэнд нь үгээр илэрхийлэхэд хэцүү тийм нэг бүүдгэр оч гялалзаад явчихыг анзаарлаа.
Гурвантэс суманд өнөөгийн байдлаар 49 лиценз хүчин төгөлдөр байна. Жилийн өмнө энэ тоо 60 байжээ. Харин 2-3 жилийн өмнө 70 гаруй байсан тухай нутгийн иргэд хэлж байна. Лицензийн тоо буурч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ яаж тооцохоор нэг сумын нутагт 50-70 уурхай үйлдвэрлэл явуулахад ус хүрэлцэнэ гэж бодсон юм бол оо. Хариултыг олох гээд чадаагүй. Манайд шийдэхэд төвөгтэй нэг тогтолцоо байгааг аймгийн Байгаль орчны газрын холбогдох удирдлагууд, орон нутгийн захиргааныхан хэлж байсан. Энэ нь хувийн хөрөнгөөр хайгууль хийсэн компани өмнөх хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд ашиглалт руу улайрах хандлага аж. Мэдээж асар их хэмжээний хөрөнгө гаргаж хайгууль хийчихээд олсон баялгаа хав дараад суугаад байх нь ямар ч бизнесийн дүрмэнд нийцэхгүй. Энэ тухай Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга О.Бадарч "Ордоо ашиглах гээд явж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Бид яах гэж лиценз олгосон юм. Тэгвэл нэгэнт хайгууль хийгээд өчнөөн зардал гаргачихсан юм чинь түүнийгээ ашиглахын төлөө компани улайрна шүү дээ. Гэвч улайрахаар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлээд, хэдэн төгрөгийн ашгийн араас явдаг” хэмээж байна. Эндээс аливаа үйлдвэрлэлийн лицензийг тухайн бүс нутгийн усны нөөц, боломжит хэрэглээнд судалгаа хийсний дараа олгох асуудал чухал байгааг харж болно.
Үүнээс гадна гадаргын усны нөөцийг сайтар судалж, хүн ам, ан амьтны ундны хэрэглээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзэж үйлдвэрлэлийн лиценз олгох асуудал чухал байна. Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангаамаа "Саус гоби коэл транс компанийн лиценз Тосон бумбын нурууны аймгийн тусгай хамгаалалтад авсан газар дээр байгаа. Энэ компанийн ашиглалт авсан талбай асар том. Энэ нь манай сумын ард иргэдийн ногоо тарьдаг, говьдоо булаг шандтай, тоорой, заг, сухайтай говийн баянбүрд бүрдсэн газар байгаа. Урт нэртэй хуульд хамрагдах ёстой газар гэж ойлгодог.Иймээс бид ашиглалт явуулахыг зөвшөөрөхгүй. Дээрээс нь манай сум есөн гайхамшигтай. Тэр есөн гайхамшгийн нэг нь лицензтэй талбай дээр байгаа. Мөн Жавхлант орд гээд зүүн талд нээх тухай ярьж байна. Үүнийг бас нээлгэхгүй. Яагаад гэвэл ээлж дараатай нээе. Эхний дөрвөн уурхай ухдаг юмаа ухаад нөхөн сэргээлтээ хийгээд түүн дээр нь айл амьтан очиж буугаад мал бэлчээрлэх боломжтой болсон цагт дараагийн уурхайгаа нээлгэх бодолтой байгаа” хэмээн ярьж байна. Тэгвэл орон нутгийн удирдлагуудын байр суурь, нутгийн зон олны үзэл бодол төрийн шийдвэрт хэрхэн нөлөөлж байна вэ. Үүнд хариулт өгөхөд ихээхэн төвөгтэй. Энэ хавар Гурвантэс суманд Засгийн газар болон УИХ-ын хэд хэдэн гишүүд айлчилсан байна. Гэхдээ орон нутгийн удирдлагуудтай нэг ч уулзаагүй. Харин уурхайнуудаар бууж мордоод гарчээ. Гаднах талбайгаа хүртэл сойздоод угааж байна билээ гэх нутгийн иргэдийн ярианаас уурхайнууд эрхэм гишүүдийг хүлээж авахад ихээхэн хүчин чармайлт гаргасан нь харагдана. Гишүүдийн ярьсан зүйл нь улс орны эдийн засаг хүнд байна. Та нар сайн ажиллах ёстой гэсэн утга бүхий аж. Ер нь валютын нөөцийг бүрдүүлж, ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг хангахаар төрийнхөн дор бүрнээ хичээж байгааг бид мэднэ. Гэхдээ "Улс орны эдийн засаг чухал ч энэ сумын 4500 хүний ирээдүй хойчийг давхар бодолцох ёстой шүү дээ” гэсэн Засаг даргын үгийг тунгаах л ёстой.
Дашрамд дурдахад, Тостын нуруу нь дэлхий дээр бага талбайд хамгийн олон ирвэс тархсан бүс нутаг юм. Энд өнгөрсөн оны тооллогоор 22-25 ирвэс. Мөн 1000 гаруй янгир тоологджээ. Ер нь олон тооны аргаль янгир, жигүүртэн шувууд, ховор ургамлаар баян аж. Ирвэс шинжлэх ухааны хэлээр экологийн суваргын орой дээр байрладаг байна. Өөрөөр хэлбэл, ирвэс байх нь тухайн газар нутаг онгон дагшин байдлаа хадгалж байгаагийн илрэл болдог аж. Гэхдээ Тостын нуруу, түүний ойролцоо уул уурхайн үйлдвэрлэл явуулах юм бол цоохор ирвэс, аргаль, янгир бүхэлдээ устан үгүй болох боломжтой хэмээж байсан. Иймээс тус нурууг аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд улсын тусгай хамгаалалтад оруулахаар хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Уг хүсэлтэд аймаг, сум орон нутгийн холбогдох бүх удирдлага, иргэд гарын үсэг зурсан гэнэ. Хамгаалалтад авах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийднэ.
Говьчууд "Орхон говь” төслийг хүлээж байна
Усны сэдэв рүүгээ дахин оръё. Судалгаанд дурдсанаар Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр юм. Газрын гүнд 207 ордод 925787 шоо метр/хоног усны нөөц байна. Үүний ихэнх нь гол мөрөн дагасан газруудад оршиж байгаа тул говийн нөхцөлд усны асуудал маш хүндрэлтэй байгааг судлаачид тайлбарладаг. Говийн хөрсөн доор цөөн хэдэн усны нөөцийг олж тогтоосон ч бүгд дарагдмал ус буюу дахин нөхөн сэргээгдэх боломжгүйг Дэлхийн банкны Уул уурхайн төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар хэлсэн. Тодруулбал, 50 мм хур тунадас ороход түүний нэг мм нь газрын гүний усанд хүрдэг тул хур тунадас цөөтэй говийн нөхцөлд гүний ус эргэн нөхөн сэргээгдэх бараг боломжгүй юм. Иймээс уул уурхайн үйлдвэрлэлд усыг маш болгоомжтой, зүй зохистой ашиглах асуудал чухал байна. Ялангуяа, говийн усны нөөцийг яг таг тогтоож, зохист хэрэглээг тооцох нь туйлын чухал аж.
Энэ тухай Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга О.Бадарч "1980-аад оны үед газрын гүний усны хайгууль хийж, нөөц тогтоосон байдаг. Тэр цагаас хойш дэлхийн хэмжээнд дулаарал дагасан уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Тиймээс 1980 оны үед тогтоосон нөөц дээр тулгуурлаж өнөөдрийн үйл ажиллагааг явуулах нь харамсалтай гэж ойлгож байгаа. Түүнээс хойш ямар ч хувьсал өөрчлөлт болсон байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Хонгорын голийн элс 40 гаруй км нүүчихсэн байгаа шүү дээ. Энэ нь ямар их байгалийн доройтол, хувьсал өөрчлөлт бий болж байгааг харуулна. Үүнийг тооцох ёстой. Мөн цаашид олон жилийн хувьсал өөрчлөлт усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг тооцох учиртай. Тиймээс гидрогеологийн хайгууль хийх замаар говийн усны нөөцийг баталгаатай болгох ёстой. Ингээд ярихаар яалт ч үгүй Орхон говь төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Говьчууд тэр төслийг үнэхээр хүсч, хүлээж байна. Үүнд л төр засаг анхаараасай, хурдан хэрэгжүүлээсэй гэж хүсдэг” хэмээсэн.
Өнөөдрийн байдлаар энэхүү эмзэг системтэй говьд зэс, молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий ордууд нээгдэн ажиллаж байна. Үүнээс Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг, Шивээ-Овоо зэрэг уурхайн усны хэрэглээ өссөөр 2030 он гэхэд хоногт нийт 500 мянган м3 ус хэрэглэх прогноз гарсан тухай судлаач Б.Энхбаатар хэлсэн. Гэтэл одоо тогтоогдсон нөөцийн хэмжээ хоногт 300 мянган м3 байна. Үүн дээр О.Бадарч даргын сануулгыг харгалзан үзэх нь зүйтэй юм. Дээрх ордуудаас гадна Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд ган, зэс хайлах үйлдвэрүүд байгуулагдахаар төлөвлөгдсөн. Ингэхлээр говийн усны нөөцийн асуудал маш том бэрхшээлийн нэг болох нь тодорхой байна. Зөвхөн говь ч гэлтгүй бүх л бүс нутагт усны зохистой хэрэглээг бий болгохгүй бол хомсдол бий болох эрсдэлтэй.
Чех улсаас манай улсад суугаа Элчин сайд Ивана ГРОЛЛОВА "Ундны ус хаана байрладаг, үхэр малаа хаана ундлахаа мэддэг, одоо хүртэл нүүдэлчин хэлбэрээр амьдарч байгаа монголчуудад ус хэр чухал гэдгийг би тайлбарлах илүүц биз. Харин хүн амын тал хувь нь хотожсон буюу хот сууринд амьдарч байгаа та бүхэн хангалттай цэвэр усны нөөцгүй болбол тун удахгүй мөхөхийн шинж гэдгийг санаж явах нь зүйтэй. Одоогийн оршин суугчид өвөг дээдэс шигээ усны сайныг дагаж төвөггүй нүүж, суух боломжгүй болсон. Усны хангамжаа шийдээгүй ямар ч үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Бохирдол болон усны буруу хэрэглээ усны нөөцийг шавхаж чадна. Тийм учраас та бүгд ирээдүйд амар жимэр аж төрөхийн төлөө өөрсдийгөө албадаад ч хамаагүй сайн төлөвлөж, зарцуулж сурах хэрэгтэй” хэмээн анхааруулж байна. Түүний үг хатуу байж болох юм. Гэхдээ үнэн бий. Зөвхөн үйлдвэрлэлээс гадна ундаалах усаа давхар бодож, төлөвлөх нь зайлшгүй асуудал юм.
Хангайгаас ус татах хүлээлт
"Орхон говь” төслийн судалгааны ажил хэдэн боть ном болохуйц өргөн цар хүрээг хамарч байгааг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны холбогдох удирдлагууд учирлаж байна. Тиймээс өнгөц хараад төслийн ажил удаашралтай мэтээр дүгнэх нь өрөөсгөл хэмээн тайлбарласан. Салбарын яамны холбогдох удирдлагууд тус төслийг 2020 он гэхэд бодит ажил болгож, говьд ус очно хэмээв. Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг ажлыг 2016 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гол нь төслийн ач холбогдлыг ойлгож, олон нийт дэмжих нь чухал гэдгийг салбарын яамны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат онцолсон. Түүнчлэн, Дэлхийн банкны Уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар төслийн ач холбогдол ихээхэн чухал гэдгийг онцолж, төр засаг, олон нийтийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжих тухай дурдсан.
Австралид анх 100 гаруй жилийн өмнө "Орхон говь”-той ижил төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд төслийг эхлүүлж, хоолойг барьж дуусах 6-7 жилийн хугацаанд олон нийтийн зүгээс асар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байдаг аж. Тухайн үеийн Австралийн ерөнхий сайд байсан Жон Форест улстөрчдөд төслийн ач холбогдлыг ойлгуулж, тэдний дэмжлэгийг авахын тулд бүтэн гурван цагийн турш тасралтгүй сэнхрүүлэн тайлбарлаж байж зөвшөөрүүлсэн гэдэг. Харин төслийг долоон жилийн турш гардан гүйцэтгэж, 500 км-т хоолой татсан хүн бол Конер юм. Харамсалтай нь тэрээр олон нийтийн дарамт шахалт, эсэргүүцлийг тэсвэрлэлгүй хоолой барьж дуусахаас ердөө дөрвөн сарын өмнө амиа хорлосон байдаг аж. Гэхдээ түүнийг хожим нь австраличууд баатар мэт хүндэлсэн. Учир нь олон жилийн нөр их хөдөлмөрийн хүчээр татсан сувгаар ус урсан их элсэн цөлд хүрч, газар тариалан, уул уурхай, мал аж ахуй зэрэг олон салбарын хэдэн арван үйлдвэрийг тэтгэн тэжээж, хөгжлийг авчирч чаджээ. Тухайлбал, сувгаар татсан ус орон нутгийн 33 мянган байгууллага, 8000 фермерийг усаар хангадаг байна. Мөн уул уурхайн 100 гаруй компани 500 км-ийн холоос татсан усны нөөцөд түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүний нэг уурхай нь гэхэд Оюутолгойтой тэнцэх хэмжээний ус ашигладаг хэмээн тооцохоор ямар их ашиг тус авчирсныг төсөөлөх аргагүй юм.
Үүнд нэг зүйлийг онцгойлон дурдахыг хүслээ. Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид Даланзадгадад хэдэн жилийн өмнө мод тарьснаас хойш тэр хавиар бороо хур орох нь нэмэгдсэн, өвс ургамлын гарц эрс сайжирсан тухай батлан ярьж байна. "Зарим хүн говьд хэдхэн мод суулгаад нэмэр байхгүй. Цөөн мод ус чийг татан гэж юу байх вэ хэмээн ярьдаг. Тэгвэл үгүй, биднийг бага байхад хэзээ Даланзадгадад тэгж бороо орж, өвс ургамал гарч байлаа” хэмээн намайг итгэхгүй байх вий гэсэн шиг өөр хоорондоо ам уралдан батлав. Энэ үеэр уул уурхайн компани бүр ашиглалт явуулж буй талбайн хэмжээгээрээ говьд мод тарьж, өсгөн өндийлгөдөг бол хэчнээн сайхан гэх бодол зурсхийсэн. Үүнийг байгаль дэлхийн баялгийг ашигласныхаа төлөө хүн бус, байгаль ээждээ өгч буй төлөөс гээд ойлгуулчихая. Тэр үед говьд өтгөн ой шуугина даа. Дээрх хүмүүсийн баталснаар хур бороо ч элбэгшин биз.
Нар мандаж байна
Гурвантэс сумаас нийслэл рүү хөлгийн жолоо залахын өмнө нэгэн айлаар буулаа. Гэрийн эзэн сэтгэл өөдрөг сууна. Дөнгөж 20 гарч яваа охин нь нөхөр, хүүхэдтэйгээ хамт хөдөө амьдрана гэж зөрүүдэлсээр иржээ. Боловсролтой, сэргэлэн, авхаалжтай гэмээр тэр бүсгүй хотын тохилог сууц, хүн зон хөлхөсөн гудамж, өндөр барилга, үйлчилгээний төвүүдийг мөрөөдсөнгүй. Нутагтаа л амьдрах сайхан, энэ нутгийн эзэн нь би, үр хүүхддээ өвлүүлж үлдээх учиртай хэмээн эрс шийдсэн нь энэ.
Үүрээр нийслэлийн зүг хөдөллөө. Анх удаа говьд уужим талаас наран ургахыг харлаа. Тэнгэрийн хаяанаас бүдэг гэгээ татаж улам тодорсоор алтан шаргал наран тэнгэрт хөөрөх дэнлүү мэт боловч алгуурханаар дээш тэмүүлж байна. Говьчуудын заяа тавилан энэ нар шигээ өөдөө байг.
Энэхүү нийтлэл нь "Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2014” уралдаанд тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч сэтгүүлч Г.Батзоригийн бүтээл билээ.