Цөлжилтөд нэрвэгдсэн Монгол

🕔 2016/09/19 10:12

Цөлжилтөд нэрвэгдсэн Монгол

 

Монгол орон өргөн уудам газар нутагтай ч, эх газрын үржил шимт хөрс нь маш эмзэг. Ялангуяа газар тариаланд ашиглах талбай ердөө хоёр сая орчим га.  Дэлхий нийтийг хамарсан дулаарал Монгол оронд эрчимтэй нөлөөлж буй. Нийт нутгийг цөлжилт нөмөрч эхэллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжсөн байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тогтоосон байна. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилт хурдтайгаар хүрээгээ тэлэх гол шалтгаан болж байна гэж мэргэжлийнхэн үзэж байгаа гэх. Цөлжилтийн талаар цөөн хэдэн экологич эрдэмтэд, хэвлэл мэдээлэл хаа нэг дуугардаг ч үгийг нь тоож сонсох эрх мэдэлтнүүд даанч ховор болжээ. Байгаль экологийн асуудлаар Монголын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Киотогийн протоколоор үүрэг хvлээчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг ихэсгэхгүй байх үүргийг бусад улс орнуудын адил хүлээсэн хэрэг. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийг хэрэгжүүлэх ёстой болсон. Ёсыг бодож Монгол Улсын Засгийн газар 2010 Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлан гаргасан. Тухайн үедээ Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах бөгөөд эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болсон. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна гэсэн дориухон баримтыг түшиглэж дээрх хөтөлбөрийг баталж байсан юм.
Гэвч үүнээс хойш ердөө зургаахан жилийн дотор цөлжилтийн гамшиг найман хувиар өссөн байх юм. Энэ баримт Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа мэт нэг их сүр дуулиантай батлагдсан хөтөлбөр өнөөдрийг хүртэл хэрхэн хэрэгжсэн бэ гэдгийг харуулах аж. Цөлжилтөд хүргэх хүчин зүйлүүд дотор хүний шууд нөлөө өндөр оролцоотой байдаг. Тухайлбал, эмзэг ба элэгдэл эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах, уриншийн үеийг бууруулан хөрсний байгалийн тэжээлийн бодисыг хомсдуулах, бэлчээрийг талхлах, модлог ургамлыг гол төлөв түлшний зориулалтаар огтлох, бэлчээрийг сэргээх, ан агнах, газар тариалангийн газрын хэмжээг тэлэх зэрэг зориудаар түймэр тавих, хөрсний бүтцийг доройтуулах хүнд машин техник, зохисгүй технологийг газар тариаланд нэвтрүүлэх, хөрсний үржил шимийг бууруулах хэт тариалалт, монокультур зэрэг хөдөө аж ахуйн зохисгүй арга хэрэглэх, голын гольдролыг өөрчлөх зэрэг усны нөөцийг зохисгүй ашиглах зэрэг аргууд ордог байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 25 жилийн турш монголчууд байгаль дэлхийгээ мөнгө болгон харж эхэлсэн. Модыг нь огтолж, хаа сайгүй замбараагүй уул уурхайн олборлолт явуулж, хөрсийг нь сэндийчин, усны нөөцөө шавхаж байгаа. Монголын хөрсний элэгдэл, экологийн тэнцвэр алдагдсанаас үүдсэн элсний нүүдлийн уршиг өнөөдөр Зvvн хойд Азийн орнуудыг цочролд оруулахад хүргэж байгаа. Монголын тал нутгаас боссон шар шороон шуургатай арлын Япон, Солонгосчууд хэрхэн тэмцэх аргаа олохгүй сандрах болсон. Хэдэн жилийн өмнө цөлжилтийг бууруулах асуудлаар Монголын Засгийн газар говьд ээлжит хуралдаанаа хийснийг бас Ерөнхийлөгчийн санаачилгаар тэнд өч төчнөөн мод тарьсаныг санаж байна. Гэвч энэ бүгд үр дүнгээ өгөөгүй юм. Хэрэв зээ, эндээс гайхалтай үр дүн гарсан бол Монгол орны цөлжилт 72-оос 80 хувь руу шилжих биш, найман хувиар өсөх биш, үгүйдээ л ганц нэг хувиар буурах байв. Хэрвээ цөлжилтийн асуудлаа бид шийдэж чадахгүй бол ойрын жилүүдэд манай орны нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилтөнд өртөх магадлалтай бий гэж мэргэжлийнхэн сануулж байна. Цөлжилтийн нэн хүчтэй болон хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нуруудын хотгор, Нуруудын хөндий, Дундговь болон Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртсөн бол говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа юм. Энэ бүхэнд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөллөөс гадаргын усны хэмжээ эрчимтэй буурсан явдал. Өөр нэг баримт онцлоход, дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрхдэг ч нийт усны зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо бий. Манай улсын усны нөөц 608.000 сая шоо метр. Үүний 34.600 саяыг нь гол, мөрний ус, 500.000 саяыг нуур, 62.900 саяыг мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метрийг газрын доорх усны нөөц бүрдүүлдэг бол энэ усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0.0004-хөн хувийг бүрдүүлдэг. Энэ бол мэргэжлийн байгууллагуудын сүүлийн 40 жилд хийсэн судалгааны мэдээлэл. Харин 2007 оны усны хэмжээг 1970 онтой харьцуулахад 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатаж ширгэсэн байна.
Энэ долоон жилийн өмнөх мэдээлэл. Уул уурхай эрчимтэй хөгжиж, энэ хэрээрээ монгол орны өнцөг булан бүрт газар шороог сэндийчин ухаж, эдгээрийн ихэнх нь эргэн нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас дээрх тоо улам нэмэгдэж буй. Тэдний хажуугаар хаа сайгүй хууль бусаар алт олборлож буй "нинжа” нарын оролцоо ч нэмэгдэнэ. Хориотой химийн бодис ашиглаж, олборлолт явуулдаг хэрнээ ухаж малтсан газар шороо, хөрсийг нөхөн сэргээхгүй байгаа нь цөлжилтөнд томоохон түлхэц болж өгсөн байна. Тулж ирсэн цөлжилтийн талаар өнөөдөр анхаарал тавьж байгаа газрууд тун цөөн байгаа юм. Үе үе тоотой хэдэн төрийн бус байгууллага дуугарч, сэтгүүлчдийн нийтлэл хэвлэгддэг. Гэвч шийдвэр гаргагчид энэ асуудал дээр хойрог хандаж байгаа юм. Ийм хайнга бодлого "ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг үгийг өөрийн эрхгүй сануулсаар байна.

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!