ЗАР »
ДУНДГОВЬ: Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн 120 жилийн ойг тэмдэглэнэ
Дэлгэрхангай сумын харьяат, Алдарт гавьяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг энэ сарын 21-22-нд Дундговь аймагт тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Алдарт гавъяат уран зохиолч, хувьсгалт хэвлэл, утга зохиол, судлал шүүмжлэл, урлагийн нэрт зүтгэлтэн С.Буяннэмэх 1902 онд хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Бор хурууны бууц хэмээх газарт мэндэлжээ. Тэрээр 1930-аад оны үед Монголын тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн төрөл, зүйлээр анхлан бичиж, түүнийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, найруулал, сурвалжилсан тэмдэглэл анхлан бичиж байжээ.
Тэрбээр сонин хэвлэлд өөрөө үлгэрлэн бичихийн зэрэгцээ идэвхтэн бичигчдэд зөвлөгөө өгч, материал бичүүлэн, тэдэнд гарын авлага болох зөвлөмж бичиж нийтлүүлдэг, Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлд утга зохиол, урлагийн шүүмж судлалын өгүүлэл бичдэг байв. Түүний уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байсан бөгөөд түүний бүтээлүүд “Монголын шинэ уран зохиол, хувьсгалт хэвлэлийн үүсэл хөгжилд чухал хувь нэмэр оруулж, ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар ухуулан сэнхрүүлэхэд ихээхэн ач тусаа үзүүлсэн хэмээн үздэг.
С.Буяннэмэхийн 120 жилийн ойг тэмдэглэх дээрх өдрүүдэд түүний амьдрал, уран бүтээлийг нийтэд сурталчлан таниулах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Соёл урлагийн байгууллагууд, аймаг, сумын ЗДТГ, сургуулиуд хамтран хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн бүх сургуульд монгол хэл, уран зохиолын хичээлийг “Их зохиолчийн нэрэмжит” болгон хичээл зааж, сурагчдад таниулах, Дэлгэрхангай суманд түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, үйл ажиллагааны хоёр дахь өдөр хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэх, аймгийн музейд “Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхэд зориулсан танхим” нээх, Төв номын санд 120 жилийн ойд зориулан гаргасан номын нээлт, баярын хурал, Төв халхын дуулалт жүжгийн театрт С.Буяннэмэхийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Хуучир хуучилсан хууч” жүжгийн нээлт тус тус болох юм. “Хуучир хуучилсан хууч” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням, тайзны зураачаар Драмын улсын театрын ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг нар ажиллажээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!