Эхийн үнэлэмж 50 мянга

🕔 2026/03/14 18:35


Монгол улсад эх, хүүхдийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй “цалинтай ээж” хэмээх хүүхдийн асаргааны мөнгөн тэтгэмжийг нийгэм нийтээрээ сайн мэддэг болсон. Хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох зорилгоор уг бодлогыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, 0–3 насны хүүхдээ асарч буй, хөдөлмөр эрхлээгүй эхчүүдэд сар бүр мөнгөн дэмжлэг олгохоор тусгасан нь тухайн үедээ эх хүний хөдөлмөрийг үнэлэх бодлогын анхны оролдлого хэмээн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байв.
Зарим иргэд уг тэтгэмжийг “хавтгайрсан халамж” хэмээн үзэх нь бий. Гэвч бодит агуулгаараа “цалинтай ээж” нь ажил хийх боломжгүй болсон эхийн хүүхдээ асарч буй хөдөлмөрийг нөхөн үнэлж буй дэмжлэг бөгөөд орлогогүйд олгож буй халамж бус, нийгэмд зайлшгүй шаардлагатай асаргааны хөдөлмөрийг тодорхой хэмжээнд үнэлж буй бодлого юм. Эхчүүд энэ мөнгийг авч ажил хийхгүй байх замыг сонгож буй бус, харин хүүхдээ асрахын тулд хөдөлмөрийн зах зээлээс түр хугацаанд гарч буй бодит нөхцөл байдалтай тулгардаг.
2018 онд уг бодлого хэрэгжиж эхлэх үед хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оноос 7.6 хувиар өссөн байсан ч 50 мянган төгрөгөөр өрхийн хэрэгцээнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх боломж байжээ. Тухайн үед энэ мөнгө чамлалттай санагдаж байсан ч тор дүүрэн бараа авахад хүрэлцдэг байв. Харин бодлого хэрэгжээд долоон жил өнгөрсөн өнөөдөр инфляц, үнийн өсөлт тасралтгүй нэмэгдсэний улмаас уг тэтгэмж бодит амьдралын нөхцөлтэй огт нийцэхээ хэдийнээ больсон.
Одоогоор эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авч байгаа ч энэ мөнгө хүүхдийн нэг сарын наад захын хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй хэмжээнд хүрч, эхчүүдийн бухимдлын гол шалтгаан болжээ. Хоёр настай хүүхэдтэй нэг эхийн хувьд живх 39,000 төгрөг, салфетка 7,500 төгрөг, жимсний нухаш 5000 төгрөг хүүхдийн наад захын хэрэглээг авахад л уг мөнгө хүрэлцэхгүй болж буй нь энгийн тооцоогоор тодорхой харагдана. Энэ бол хүүхдийн зөвхөн хагас сарын хэрэглээ бөгөөд үүнээс цаашхи хэрэгцээ, эхийн өөрийн хэрэглээ огт багтаагүй.
Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлүүдийн ихэнх нь хоёр орлоготой байж амьдралаа авч явдаг. Харин хүүхэд төрмөгц энэ тогтолцоо огцом өөрчлөгдөж, өрхийн орлого тал хувиар буурдаг бодит нөхцөл байдалтай тулгарна. Санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж, үл ойлголцол, маргаан үүсэх нь цөөнгүй. Цаашлаад эхчүүд эдийн засгийн хувьд нөхрөөсөө хараат байдалд орох эрсдэл бий болдог нь судалгаагаар ч нотлогдсон асуудал юм.
Ийм нөхцөлд “цалинтай ээж”-ийн мөнгийг бодит амьдралд нийцүүлэн нэмэгдүүлэх нь зүгээр нэг мөнгөний асуудал бус, гэр бүлийн тогтвортой байдал, эхийн сэтгэл зүй, хүүхдийн хүмүүжилтэй шууд холбоотой бодлогын асуудал болж байна. Ялангуяа хүүхдийн зан төлөв, сэтгэл зүй төлөвшдөг хамгийн эмзэг үед эцэг эх өөрсдөө асран халамжлах боломжийг төр бодлогоор дэмжих шаардлага улам бүр тодорчээ.
Гэвч бодит байдал дээр ихэнх залуу гэр бүл орон сууц, автомашины зээлтэй амьдарч байгаа нь ээжүүдэд бодит сонголт үлдээдэггүй. Амьжиргааны дарамтаас шалтгаалан хүүхдээ бага байхад нь ажилдаа эргэн орохоос өөр аргагүйд хүрч, хамгийн их хайр, анхаарал шаардлагатай үед нь хүүхдээ бусдын асрамжид үлдээх явдал түгээмэл болжээ.
Энэ асуудлыг улам хүндрүүлж буй нэг шалтгаан нь “цалинтай ээж”-ийн тэтгэмж, ээж ажил хөдөлмөр эрхэлж эхлэх, нийгмийн даатгал төлөгч болох, эсвэл хүүхэд цэцэрлэгт хамрагдах үед шууд зогсдог явдал юм. Угтаа ээж ажил хийж эхэлсэн ч хүүхдийн хэрэгцээ хязгааргүй хэвээр байдаг тул тэтгэмжийг ийнхүү тасалдуулж байгаа нь олон ээжийн дургүйцлийг төрүүлдэг.
Энэ бодлогын сул талыг иргэд олон жилийн турш хөндөж ирсний илрэл нь 2023 онд “цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэгдүүлэхийг шаардсан цахим өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зурсан явдал юм. Энэ нь уг асуудал ганц айлын хүрээнд бус, нийгмийн хэмжээнд хүрснийг тодорхой харуулсан ч бодит шийдвэрт хүрээгүй нь эхчүүдийн дунд “бидний дуу хоолой сонсогдохгүй байна” гэсэн итгэл алдралыг улам нэмэгдүүлсэн.
“Хавтгайрсан халамж” гэх шүүмжлэлийг бодит тооцоогоор няцаавал, 50 мянган төгрөг нь хэнд ч амьдралын хэв маягийг тэжээх, ажил хийхгүй байх сонголт өгчих хэмжээний мөнгө огт биш юм. Харин ч эхчүүдийн орлогын огцом уналтыг бага зэрэг зөөлрүүлэх, хүүхдээ асарч буй хөдөлмөрийг доод түвшинд ч болов үнэлэх зорилготой дэмжлэг билээ. Ийм хэмжээний мөнгийг халамж гэж нэрлэх нь эх хүний гүйцэтгэж буй асар их хөдөлмөрийг үгүйсгэж буйтай агаар нэг юм.
Нөгөөтэйгүүр, тэтгэмжийг нэмэгдүүлэх нь эхчүүдийн ажиллах сонирхлыг бууруулна гэсэн болгоомжлол бодит байдалд нийцдэггүй. Эхчүүд ажил хийхгүй байя гэж сонгодоггүй, харин хүүхдийнхээ төлөө түр хугацаанд хөдөлмөрийн зах зээлээс гарч байгаа юм. Тэтгэмжийг бодит амьдралд нийцүүлснээр эхчүүдийг залхууралд биш, харин сонголтгүй дарамтаас хамгаалах нөхцөл бүрдэнэ.
Энэ мөнгийг нэмэх нь төсвийн дарамт мэт харагдавч урт хугацаандаа нийгэмд өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. Хүүхэд бага насандаа эцэг эхийн асаргаа, анхааралд өсөх нь эрүүл мэнд, сэтгэл зүй, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, цаашлаад боловсрол, нийгмийн зардлыг бууруулах бодит суурь болдог.
Бусад орны жишээг авч үзвэл, Швед улсад эх, хүүхдийг дэмжих бодлого нь зах зээлийн бодит нөхцөлтэй уялдсан байдлаар хэрэгждэг. Тэнд олгогддог хүүхдийн болон эцэг эхийн тэтгэмж нь живх, хүнс, асаргааны үндсэн хэрэглээг бодитоор хангахуйц түвшинд тооцогддог бөгөөд үнийн өсөлттэй уялдан шинэчлэгддэг. Үүний үр дүнд эцэг эхчүүд санхүүгийн дарамтаас болж хүүхдээ эрт асрамжид өгөх, эсвэл хүсээгүй үедээ ажилдаа яаравчлан орох шаардлага багасдаг.
Харин манай улсад 50 мянган төгрөгийн худалдан авах чадвар жил ирэх тусам буурсаар байгаа атлаа тэтгэмжийн хэмжээ нэг ч удаа нэмэгдээгүй нь бодлого бодит амьдралаас тасарсны тод жишээ болж байна. Хэрэв уг мөнгийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн бол өнөөдрийн ийм хурц маргаан үүсэхгүй байх бүрэн боломж байлаа.
Тиймээс 2018 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй “цалинтай ээж”-ийн тэтгэмжийг бодит амьдралд нийцүүлэн нэмэгдүүлэх нь халамж хавтгайруулах бус, эх хүний хөдөлмөрийг нэр төдий бус бодитоор үнэлэх, гэр бүлийн тогтвортой байдалд хөрөнгө оруулж буй бодлогын шийдвэр юм. Энэ бол зөвхөн өнөөдрийн эхчүүдийн асуудал бус, нийгэм ирээдүйдээ хэрхэн хөрөнгө оруулах вэ гэсэн асуултын хариу билээ.
 
Ч.Юмчирдулам

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!