БААСАНХҮҮ БИД ХОЁР

🕔 2020/11/21 12:45
БААСАНХҮҮ БИД ХОЁР
 Миний үзэг нэгт  нөхөр Лханаагийн Мөнхтөр гавьяат саяхан нэг бүтээлээ бэлэглэсэн нь "Бид хоёр” нэртэй маш сайхан ном байлаа.  Тэнд орсон 108 хүний  нэлээд нь бас миний танил дотно нөхөд байгаа нь бүр ч сонин, содон. Эрхэм нөхрийнхөө номоос санаа аваад нэгэн түүх өгүүлмээр санагдлаа.
Намжилдоржийн Баасанхүү бид хоёр нэгэн байгууллагад нэгэн үед цөөн жил ажиллах хувь тохиосон юм. Тэр тоогоор сэтгэж, тоогоор ярьдаг сонин хүн. Мань хүн аймгийн жилийн төсвийн тухай нутгийн  өөрөө удирдах ёсны байгууллагын хамгийн том хуралд жилдээ нэг удаа илтгэнэ. "Илтгэлээ хэр дөхүүлж байгаа бол” гэж саваагүйрхэн тандахаар өрөөгөөр нь ороход мэргэжлийн бус мань мэт байтугай бурхан багш ч учрыг олмооргүй олон хүснэгт  компьютерийн дэлгэцнээ нааш цааш болгож сууна.  Илтгэлийг хуралдаанаас өмнө хэд хэдэн хуралд танилцуулах болоход ч, жинхэнэ том хуралдаан болоход ч нөгөө хэдэн хуудастайгаа индэрт  гараад л ой тойнд буутал илтгэчихнэ.  Ийм л нөхөр.
Бидний ажиллах хугацаанд аймгийн нутагт айхтар зуд болсон юм.  Отор нүүдлийнхнийг эргэх, өвс тэжээл олох, ачуулах гээд аймаг хошуу алгасан хаа байгаа Сүхбаатар, Дорнодын нутгаас өвс ачсан цувааг аймаг руугаа хөдөлгөж л байсан. Хүнийг ажилд онож тавих гэж гайхмаар...  Хот,  сум удирдаж яваад нэгэн үе Тамгын газарт хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Энхтүвшинд Онцгой комиссын өвс, тэмжээл, тусламжийг барааг хүлээн авах,  хадгалах, хуваарилах, эзнийг олж түгээх ажлыг хариуцуулчихсан. Ажилд үнэн махруу, бас дээр нь дэндүү хариуцлагатай түүний ажил оносон гэж жигтэйхэн. Бүх л ажлыг эзний ёсоор хийсэн дээ. Хожим "Гавьяат” эрхэм алдар хүртсэн билээ л. Баска, Түвшин дарга хоёрын тэр зудны жилийн  "Унасан малгай авах завгүй” дүр төрх одоо ч нүдэнд харагдсаар...
 Аймагт төсвийн царай харахаас гадна төсвийн гадуурх орлого хэрэг болно. Баска   хонжворт сугалаа гаргах санаа сэдлээ. Мань хүн л сугалаагаар хэрхэн мөнгө хуримтлуулах менежментийг биечлэн чадварлаг удирдаж хэд хэдэн асуудлыг санхүүжүүлэх мөнгө хуримтлуулж чадсан юм шүү. Сугалааны хонжвор гаргах өдөр аймагт тухайн үедээ бараг л "Наадам болж” байгаа шиг хөл хөдөлгөөн, баяр хөөрөөр дүүрч билээ. Супер  хонжвор нь "Супер 469” байсныг Хулд сумын нэг малчин гардсан.  Аливаа сэдсэн ажлынхаа менежментийг олон талаас бодож, түүгээрээ  "Өвчилж” тултал хийдэг чанар Баскад бий.
 Бидний ажиллах тэр хугацаанд  албан хэрэг бичгийн машинаас компьютерийн технологид шилжих үе таарсан ч аймгийн Тамгын газар хоёр гуравхан компьютертэй, хоёр гурван бичээч суганыхаа булчирхайг цочтол бичгийн машин тачигнуулж өнждөг байсан гэвэл одооны залуус итгэхгүй биз. Энэ тал дээр "Хувьсгал” хийхээр Баска бид хоёр Бээжинг зорьлоо. Бүрэн эрхийн дөрвөн жилд бид хоёр ганцхан удаа  хилийн дээс алхсан нь тэр. Аз болоход Бээжинд суудаг, нутгийн хүү Т.Цэрэнпүрэв бид хоёрт туслан үйлчилж хамаг ажлыг сайхан бүтээн өгсөн билээ л.  Бид хоёр  хил, гаалийн олон даваа, татвар төлөөсийг даван 12 иж бүрдэл компьютер чирч ирлээ.  Түүнийгээ Тамгын газартаа тараачих уу,  сургалтад зориулах уу гэсэн салаа шийдвэрээс сонголт хийн  "Мандах бүртгэл” дээд сургуулийн салбарын  байранд "Тамгын газрын дэргэдэх сургалтын төв” гэсэн том нэртэй сургалт нээн захирлаар нь Ц.Манлыг томиллоо.   Ц.Манла ч шинэ ажлаа сэтгэл хангалуун, шижигнэтэл хийж компьютер, англи хэлний хэд хэдэн төгсөлт хийж бид очиж "Сертификат”-ыг гардуулдаг байв. Тэр төгсөгчид  олон байгууллагын бичиг хэргийн албыг одоо хүртэл хорь гаруй жил залгуулж байгаа шүү.
 Бид хоёрын алба удирдах түвшний ажил тул бүрэн эрхийн хугацаа дуусч  өөр өөр ажилд мөр мөрөө хөөсөн ч  Баска "Хоёулаа нэг юм байгуулъя, би менежментийг хийе, өөрөө хэвлэлийн талыг хариуц” гэснээр бас л хот явж мөнгөө нийлүүлэн хоёр компьютер, хоёр принтер, нэг дижитал фото аппарат, бас бус материал авчран аймгийн холбооны газар дээр өрөө түрээслэн "Жаргалан” хэвлэлийн газар байгуулан нэг хэсэг бужигнуулав. Тэр үед албан хэрэг хөтлөлт шинэ стандартад шилжих таарсан тул Тамгын газруудтай гэрээ байгуулан аймгийнхаа болон хөрш Өмнөговь аймгийн бүх албан байгууллагын албан бичгийн бланкийг үйлдвэрлэн ачуулаад ашиг орлогоо хуваагаад л ажил ч оволзож байдагсан,  үр дүнгээ ч үзсэн. Бид хоёр энэ "Үйлдвэр”-ийнхээ нэг жилийн ойг нижгэр тэмдэглэж харилцан тохирч "Үйлдвэр”-ээ хоёр хуваасны нэг нь "Говь принт” хэвлэлийн газар, нөгөө нь "Дундговийн амьдрал” сонин хоёр билээ. Тэр "Үйлдвэр” хөгжин бэхжиж  одооны "Говь принт” хэвлэлийн газар аймаг орон нутгийнхаа хэвлэлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангаж байгаа.
Тэгсэн нэг өдөр Баска бас л нэг шинэ санаа гаргалаа.  Аймагт анхны такси үйлчилгээ нээе гэлээ.  "Үйлдвэр”-ийнхээ ашгаар Улаанбаатараас "Орж ирсэн” хоёр "Эксел” машин авчраад таксийнд гүйлгэж эхэлсэн. Ингэж аймагт цоо шинэ үйлчилгээ эхэлсэн.  Хоёр "Эксел” анхны үнээ олчихоод жолооч нарынхаа хувьд шилжсэн санагдана.
 Баскагийн тоогоор сэтгэж, тоогоор ярьдаг "Өвчин” сэдэрч одоо тоогоор амьдардаг болсон байна лээ. Тэр нь хуримтлал, хадгаламж зээлийн хоршооны чиглэлээр Үндэсний хэмжээнд хийж байгаа шил шилээ дарсан сургалтууд юм. Тэр үнэхээр буянтай ажилд бие сэтгэлээ зориулж явна. Түүнд очоогүй аймаг бүү хэл сум цөөн үлдсэн биз. Очсон газар бүртээ "Бурхны олон шавьтай”, тэд нь хаа сайгүй ХЗХ байгуулчихсан, эсвэл хувьдаа хуримтлалын сантай, үр шимийг үзээд явж байгаа баримт цахим ертөнцөөр өдөр бүр л хөвөрч байх юм.
Саяхнаас тэр "Говийн зэрэглээ”-гээр жинхэнэ өвчилж байх шиг ээ. Унтаад босохдоо л нэг шинэ санаа нэмчихсэн байгааг бодоход нойрон дундаа ч, зүүдэндээ ч шинэ санаа олчихдог бололтой юм.
Тэр нь төрөлх суманд нь дөчин жилийн өмнө зургийг авсан "Говийн зэрэглээ” кинонд гардаг сумын холбооны байшинг түшиглэн аялал жуулчлалын том бүтээгдэхүүн бий болгох төсөл юм. Наян сая төгрөгөөр "Босох”  энэ бүтээгдэхүүн  Хулд сумын хүн бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх чухал ажил болохыг, бүр сумын төвөөс хэдхэн километр дэх  "Түймэрт цагаан”-ын жоншны бичил уурхайгаас илүү өгөөжтэй, хол ойр, гадна дотны жуулчдын сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн,  орлогын шавхагдашгүй нөөц болохыг угтан харсан Баскагийнхаа үйл хэрэгт амжилт хүсье.
 Энэ бяцхан бичвэр миний хорин жилийн өмнө бичсэн "Миний мэдэх Н.Баасанхүү” хөрөг тэмдэглэлийн үргэлжлэл болог.
С.ПҮРЭВСҮРЭН

БААСАНХҮҮ БИД ХОЁР

 


 
           

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!