Миний нутагт суугаа эрхэм дарга нарын сонорт хүргэх сэтгэлийн илгээмж

🕔 2016/07/27 11:56

Миний нутагт суугаа эрхэм дарга нарын сонорт хүргэх сэтгэлийн илгээмж

 

Аймгийн ИХ-ын болон Засаг дарга нарын томилгоо хийгдэж батламжлагдаж үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед нутгийн жирийн иргэний хувьд санал сэтгэгдлээ бичихээр шийдлээ.

Сонгууль өндөрлөж, Их хуралд өөрсдийн төлөөллөө илгээж аймгийн иргэдийн хурлаа бүрдүүлж төрийн сонгуулийг зохион байгуулж чадлаа.
2016 оны аймгийн иргэдийн хурлын сонгуульд хэдийгээр МАН олонх болсон ч ард нь олон иргэдийн саналыг авсан АН, ХҮН нам, бие даагчдад өгсөн саналын хувийг хүндэтгэж эдгээр нам, хүний мөрийн хөтөлбөрөөс аймаг орон нутагтаа хэрэгтэй зүйлийг тусгаж ажиллаасай гэж хүснэ. Мөн төрийн албан хаагчдаа намын нэртэй эсвэл намын даалгавартай хүмүүсээс бус шинэ залуу аймаг орон нутагтаа ажиллаж амьдрах хүсэлтэй боловсон хүчнээр бүрдүүлж гар сэтгэл нийлж ажиллаасай гэж хүснэ.
Ганц нам дагасан бүлэглэл "хэтэрхий намын” хүн гэж дэмжиж ирсэн албан тушаалд ажиллаад ядаад л "хүн муутай” болсон бодит хүмүүсийн дүр төрх МАН-д байх юм. Эдгээр хүнээсээ салж, намаа цэвэрлэх гэж аймгийн иргэдийн хуралд нэрийг нь сонгосон тойрогт нь дэвшүүлэхгүй хариуцлага тооцох гэснийхээ төлөө бие даалгаж өөдөөсөө нэр дэвших боломж олгож Их хуралд сонгогдох боломжоо алдаж санал хуваалгасан намын даргынхаа их зориг шийдвэрийг бас үнэлэх ёстой.Би энд хэн нэгнийг илүү үгүйсгэж эсвэл намчирхаж илүү дэмжих гээгүй билээ.. Би нэгэн цаг дор С.Буджавыг аймгийн намын хорооны гишүүн болгох гэж дэмжиж сумдуудыг уриалан дуудаж санал өгүүлж гүйж явсан үеэ мартдаггүй. Тэр үед байсан удирдлагуудаас залууг хүнийг дэмжье гэсэн байр суурь АСЗХ-ны аймгийн тэргүүлэгчдийн хүслээр /Энхтуяа эгч дарга нь байсан / сум удирдаж ирсэн бидэнд хандаж бид олонхоороо дэмжиж гаргаж байлаа.Тэр үед би Цагаандэлгэр сумын МАХН-ын дэд дарга байсан юм. Нөгөө намын өөдөөс бие дааж нэр дэвшсэн энэ хүн намын буянаар аймгийн иргэдийн дэмжлэгээр аймгийн төсвийн мөнгөөр 2 ч удаа АНУ-д мэргэжил дээшлүүлж ирснийг санаж байна. Тэр үед энэ хүнээс өөр англи хэлтэй хүн аймагт байхгүй гэж үү гэж хүртэл нэг хурал дээр би шүүмжилж байсан. Биднийг тэр цаг үед залуу хүнийг дэмжье гэсэн хандлага ганц намд ч биш тэр үеийн удирдлагуудад бол байсан юм шүү. Харин хүнээ сонгохдоо зөвхөн намын хүнээс сонгож дэмжиж байсан нь одоо бодоход жаахан өрөөсгөл байсан байж мэднэ.
Намаас гарч бие даасныг нь 100 хувь үгүйсгэх гээгүй мэдээж хүн сонгох сонгодох эрхтэйгэхдээ л.... 
Архигүй аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлье жэж олон удаа манай Цогоо Батсайхан багш нар очиж уулзсан хүлээлгэсээр 4 жил болсон.Уг нь энэ хөтөлбөр хэрэгжсэн бол нэг хүн ч гэсэн архины хамаарлаас гарч 1 гэр бүл аз жаргалтай амьдрах байлаа.
Аймгийн иргэдийн хурал бол Их хурлаас арай өөр тогтолцоо, арай өөр бодлогоор үйл ажиллагаа явуулдаг нутгийн удирдлагын байгууллага юм. Иймд урьд нь аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллаж амьдарч байсан түшиг тулгууртай хүмүүс болох Ж.Адъяа, Ш.Төрбат,Үржин, Н.Баасанхүү, Хүүхэнбаатар, С.Пүрэвсүрэн, Ш.Энхбат гэх мэтийн туршлагатай хүмүүсийг ядаад зөвлөх багтаа эсвэл Аймгийн засаг даргын зөвлөлд багтааж эдний дуу хоолой олон жил удирдах ажил хийсэн зангараг чадварыг ашиглаасай гэж хүснэ. 
Залуучуудын дуу хоолойг ч гэсэн хэрхэн яаж хүргэж ашиглаж ажиллах вэ гэдгээ бас бодмоор санагдаад байх юм. Аймаг орон нутаг руу гэсэн сэтгэлтэй Данзанноров, Х. Ганбаатар гэх мэтийн эрч хүчтэй залуусын дуу хоолойг ч гэсэн сонсож боломж байвал ашиглаасай.Ингэхийн тулд нам гэсэн маскаа тайлж МАНай хүн Танай хүн, ХҮНий хүн гэсэн явцуу эрх ашгаасаа бага ч гэсэн хөндийрөх болно. Тийм эр зориг гаргах болно гэсэн үг юм. Аймгийн хөгжлийн бодлогоо боловсруулж батлахдаа олон өнцгөөс нь харж олон намын төлөөлөл дээрх хүмүүстэй төстэй иргэдийн санал бодлыг тусгаасай гэж хүснэ.Мөн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж батлаасай. Нам дагасан биш хөгжил дагасан боловсрол дагасан шинэ санаа дагасан хөтөлбөрүүд гаргаасай гэж хүснэ.
Төрийн ажлын буянаар томилолтоор ажиллаад явж байх явцад олон аймгйин хөгжил хийсэн бүтээснийг хараад атаархах сэтгэл төрөх юм даа.
Завхан аймаг Тосонцэнгэл сумандаа МСҮТ байгуулчихсан байна гээд бод доо. Тус сургууль дотуур байр багшлах боловсон хүчин оюутнууд гээд түүнийг дагаад хөрөнгө оруулалт ажлын байр бүгд тэр суманд үлдэж байна.Их хурлын гишүүн болон аймгийн удирдлагууд хамтраад хийсэн гэнэ.Өөр намын хүмүүс байна. Тэнд ганцхан "айма”г гэсэн эрх ашиг үйлчилж байна лээ. Хэнтий аймгийг хар Ардчилсан намын засаг дарга МАН намын хүмүүсээс багаа бүрдүүлж 4 жил маш сайн ажилласан.Эдгээрээс санаа аваасай Их хуралд 2 ч удаа нилээн ам өгч сонгогдсон Их хурлын гишүүн Наранхүү та нутаг орон руугаа хандаж бүтээн байгуулалт бодит зүйл рүү харж ажиллаасай гэж хүснэ.Говийн хүмүүсийн гэнэн итгэмтгий зангаараа танд итгэж таныг дахин өндөр сэнтийт заллаа үүнийх нь хариуг олигтойхон бариад төрд нутгийн дуу хоолой болж аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүснэ.
Сум бүрт хурдан удмын мориноос өмнө сум бүрийн бодит хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө, өрх гэр бүл рүү чиглэсэн орлого нэмэгдүүлэх бодлого руу хөрөнгө оруулалтаа хийгээсэй гэж хүснэ.
Миний аав МАХН-ын гишүүн Хулд сумын намын орлогч, Өндөршил сумын нэгдлийн орлогч гэх ажлуудыг хийж тус аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн хүч, оюунаа дайчлан ажиллаж байсан хөдөлмөрч хүн байсныг олон хүн мэдэх бизээ.Би өөрөө одоо тангараг өргөсөн төрийн албан хаагч намын гишүүнээсээ хуулиараа татгалзсан хүний хувьд намчирхаж хандах тэр хандлагасаа бол ангижирч яваа гэх үү дээ. Харин боловсрол эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн төрөлх аймгийнхаа талаар бодохгүй оюунаа чилээхгүй байж чадахгүй юм. Хий дэмий л шүүмжлэлийн чанартай зүйл бичээд суудагтаа бол заримдаа эмзэглэдэг. 
Шаардлагатай үед бидний дуу хоолой санал сэтгэл хэрэгтэй байна гээд уулзалт хурал хийвэл хамгийн түрүүнд гүйгээд очих тийм сэтгэл, удмын зан бол надад байгаа болно. 
Шинээр томилогдсон засаг дарга Бат –Эрдэнэ, ИХ-ын дарга Сүхбаатар нартаа амжилт хүсье. Бас иргэдийн хуралд сонгогдсон бүх гишүүдэд амжилт хүсье. Бурууд нүд чинь хурц, зөвд сэтгэл чинь зөөлөн байхын ерөөл талбъя.
Нутгийн зон олны минь буян заяа түшиж нутаг минь өөдлөн дэвжих болтугай.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт аймгийн хөгжлийн төлөө.
Дэлгэрхангай сумын уугуул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа БҮТ-ийн мэргэжилтэн Боловсролын удирдахуй ухааны докторант 
Жунай Цэцэгжаргал

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!