С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

🕔 2019/01/21 18:47
Сонинд, гэхдээ орон нутгийн сонинд 46 жил ажиллана гэдэг багагүй хугацаа. Эдгээрийн 38 жилд нь сонины эрхлэгчийн алба хашсан гэхээр сонирхолтой түүх гарна байх. Энэ хүн буюу "Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, Dundgovi.mn сайтын захирал Сандагдоржийн ПҮРЭВСҮРЭН-тэй  ярилцлаа.
  -Та өөрийгөө нэг тодорхойлоотох доо.  Ямар хүн бэ?
-Би сонины хүн. Өөрийгөө сонингүйгээр нэг л төсөөлж чаддаггүй юм. Уул нь Сандагдоржийн Пүрэвсүрэн боловч хүмүүс "Сонины” гэж овоглоод хэвшчихэж дээ.
 
   -"Сонины” гэдгээ жаахан  тодруулаач?
-Сонинд ер нь зургадугаар ангиасаа мэдээ бичиж эхэлсэн. Тэгээд л аймгийн сонины газарт  хичээлийн чөлөөгөөр үсэг өрж эхэлсэн. Миний үсэг өрөгчийн багш нь М.Басбиш гэж эмэгтэй байлаа. Одоо Төв аймагт гялалзаж яваа. Тэгтэл 1968 онд аймгийн "Улаан туг” сонины 20 жилийн ой майн баяртай давхцан болдог юм. Наймдугаар ангийн сурагч би   сониныхоо тухай "Улаан туг” гэсэн шүлэг бичсэн чинь нийтлэгдчихээд  майн баярын жасаал дээр тэр үеийн мундаг нэвтрүүлэгч "Бүдүүн” Халтар гуай чанга яригчаар уянгалуулан уншихад мөн ч их сэтгэл хөдөлж билээ. Бас болоогүй ээ, багын найз, ангийн нөхөр С.Батмөнхийнхөө \Сүүлд УИХ-ын гишүүн болсон\  тухай "Хүслийн цаана хүсэл бий” гэсэн найруулал бичсэн нь ойн уралдаанд шалгаран 75 төгрөгийн шагнал авч байлаа. За тэгээд "Улаан туг” "Улаанбаатарын мэдээ”  "Пионерийн үнэн” сонины байнгын бичигч байсаар сургуулиа төгссөндөө.
 Сонины идэвхтэн бичигч, үсэг өрөгчөөс эхэлж сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга... гэж яваад 1981 онд Хэнтий аймгийн "Урагшаа” сонины хариуцлагатай эрхлэгчээр МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж батлагдсанаас хойш 38 жил орон нутгийн сонин эрхэллээ.  Сонины хариуцлагатай эрхлэгчээр томилогдоод хэдхэн сарын дараа Архангай аймагт болсон  сонины эрхлэгч нарын зөвлөгөөнд очсоны орой надаар тангараг өргүүлэх юм болж Баянхонгорын "Хар” Рэнцэн олон олон гуншин давтан төгсгөлд нь "Аймаг, хотын сонины эрхлэгч нарыг цугларахад архи хоёр шилтэй ирэхээ тангараглая, тангараглая” гэж наргиа болгон "Элсүүлж” байлаа.  Дорноговийн "Толгой” Гомбожав, Завханы "Муухай” Түдэв”  Өвөрхангайн Самдан, Архангайн Цанжид... гээд тэр үеийн, аймаг орон нутагтаа оюун ухааны сор болсон, нутаг орон, хоч цолоороо нэршсэн хорин архаг, дархаг эрхлэгч нараас маань одоо ажил төрлөө  хийж байгаа байтугай амьд яваа нь цөөрсөнд өр өмөрч сэтгэл шаналах юм даа. Энэ тухай яагаад дурьднав гэхээр албан тушаалынхаа өмнө "Хариуцлагатай” гэсэн тодотголтой,  тухайн сонинд албан байгууллага, иргэний зарлалаас бусад нийтлэгдсэн бүхний хариуцлагыг толгойгоороо хариуцахаа дугаар бүрийн дор нэрээ тавин  баталгаажуулдаг тэр албыг хэн дуртай хүн хашчихдаггүй байсан юм шүү. Энэ том итгэлийг хэн дуртай хүнд хүлээлгэдэг ч үгүй байлаа. Намын Төв Хорооны олон давхар сорил, шалгалт, судлалтыг амжилттай давсан, сургууль соёлыг дүүргэсэн, дадлага туршлага хуримтлуулсан хүнийг сонгон томилдог байсныг хэлмээр санагдлаа. Бас дунд нь "Үнэн” сонины сурвалжлагчаар хоёр аймаг дамжин дөрвөн жил ажиллахдаа МОНЦАМЭ, Монголын радио, "Шинэ хөдөө” сонин, "Тоншуул” сэтгүүл гээд таван эзний нэг зарц явсан үе бий.
 


 -Хэнтий аймгийн "Урагшаа” сонин таны үед орон нутгийн сонины "Эталон” гэгдэж байсан шиг санагдана. Тэр талаар...?
-Одоо ч юү гэж ярихав даа. Би сургууль төгсөөд их дэврүүн, хийж бүтээх сэтгэлтэй очсон шиг байгаа юм. Сургуулиас өмнө дөрвөн жил аймгийн сонинд ажиллачихсан хүн чинь. Санжийн Батмөнх гэж гайхамшигтай эрхлэгчийн гарт дөвөн жил нухуулчихсан, "Дэлт” Чимэддорж, Цогсүрэнгийн Ганболд, Дуламын Цэрэннадмид \Одоо "Зууны мэдээ” сонины\ гээд асч дүрэлзсэн, халгиж цалгисан авьяастай залуустай нэг редакцийхан. Авьяас, залуу нас хоёртоо шатаж явсан тэд маань  редакцийн ганц умгар өрөөнд яаж багтаж байсан юм болоо гэж одоо бодогдох юм. Тийм сайхан хүмүүсийн хаялга, цацлага ч байсан л биз.   "Урагшаа”-г эрхлэн гаргасан жилүүд миний ажил, амьдралын "Алтан” үе  байж.    Тэр үеийн "Үнэн” сонины тэргүүн өгүүлэлд сонины тухай бичвэл сайны жишээнд "Урагшаа” сонин л дурьдагддаг, бүр миний найз Товуучийн Бямбадорж \Одоо Соёлын гавъяат зүтгэлтэн\  Өвөрхангайн "Хөдөлмөрийн төлөө” сонины хариуцлагатай эрхлэгч ахуйдаа намайг "Чи нээрэн цагаан хэл ам хүрэхээр магтагдаж байна шүү” гэж үнэн сэтгэлээсээ өгүүлж байсан даа. Тэр үед манай сонины  нийтлэлийн зохион байгуулах, уншигчдыг хөтлөн дагуулах үүрэг үнэхээр өндөр байлаа.   Тиймдээ ч "Урагшаа” сонин миний ажиллах хугацаанд мэргэжлийн байгууллагаас шалгаруулдаг уралдаанд  тэргүүн байр өнжиж байсангүй. "Урагшаа” сонин тэр үеийн ЗХУ-ын Чита мужийн "Забайкальский рабочий” сонинтой төлөөлөгчдөө байнга солилцдог,  аливаа баярын дугаар бэлдэх болоход гэрэл зургийн бар, чимэглэлүүдээ тэнд бэлдүүлээд авчихдаг, гол гол нийтлэлүүдээ Хэнтий нутгаас төрсөн  С.Эрдэнэ, Д.Содномдорж, Б.Өлзийсүрэн, Х.Пэрлээ... гэхчилэн алдарт зохиолч нарт захиалга  өгөөд бичүүлчихдэг, бараг үндэсний хэмжээний гэхээр сонин байсан юм шүү. Захиалгын хувь 4000 байснаа 10000 хүртэл суга өсч энэ тоогоо нэлээн жил хадгалснаас ч ямар түвшинд байсныг харж болно.  Ингээд яриад байвал их юм бий ч "Өвгөн партизаны яриа” сонин биш байж мэднэ.
 


 -Энэ олон жилд Монголын сэтгүүл зүйн "Арми”-д олон сэтгүүлч бэлдсэн байж таарна даа?
-Миний гараар орсон, бичсэн, туурвиснаа  миний улаан харандаагаар эрээчүүлж "Хөлд орсон” сэтгүүлч зөндөө, зөндөө.   Нэг өдөр МУИС-ийн ромбо зүүчихсэн охин орж ирсэн нь Хэнтийн Индэрсүрэнгийн Байгальмаа.   Сонины сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр олон жил ажилласан. Хэвлэлийн хүрээлэнгийн Зүүн бүсийн төвийн захирал ч байсан. Одоо ч Хэнтийдээ ажиллаж амьдарч яваа, сайн сэтгүүлч. За тэгээд Хэнтийд дунд сургуульд багш байсан Л.Дашцэвэгмаа, Д.Нармандах,   Дундговьд малын бага эмч байсан Ц.Чимэддорж, сургуульд туслах ажилтан байсан А.Лхагваа, сумын ИТХ-ын дарга байсан Д.Наранцогт... гээд олон хүнийг сонины редакцид сонгон авсан нь Монголын сэтгүүл зүйд нэртэй, мөртэй сэтгүүлчид болж дээ.  Тэднээс М.Равдандаш, Ц.Чимэдорж нар Соёлын гавъяат зүтгэлтэн” цол хүртэж  А.Лхагваа МЗЭ-ийн шагналт яруу найрагч болсон... гээд тоочиж болно
- Дал, наяад онд сонинд ажилласан үе одооныхоос хэр ялгаатай вэ?
-Ялгаа байлгүй яахав. Би чинь тугалган үсгийн өндөр хэвлэлийн үеийн газетчик. Маш хүнд технологи. Шүдэнзний модны хугархай шиг тугалган үсгийг ширхэг ширхгээр нь түүж бүхэл бүтэн сонины бичвэрийг өрнө гэхээр одооны  сонины хүмүүсийн санаанд багттахгүй. Цаана нь цайр зураг гаргана гэж олон дамжлагатай асар хүнд ажил бий. Үсэг өрөгч нэг хүний өдрийн норм нь А3-ын нэг нүүр байсан юм.  Намайг 1981 онд Хэнтийд томилогдон очиход  сониноо мөн л гараар өрж байлаа.  Аймгийн сонины редакци 5-6 хүнтэй, хэвлэх үйлдвэр 30 шахам хүнтэй, нэг удирдлагатай, бүгд л сонины  "Хар” ажилд  сэтгэл, зүрхээрээ зүтгэсэн хүмүүс байсан даа. Одооныхтой зүйрлэхэд үнэхээр хүнд.  Сониноо гаргах гээд өнжин хонон редакцийн өрөө, хэвлэлийн машины дэргэд  халтар сарман царайтай өглөөний радио дохиог  сонссон олон олон өглөөг одоо дурсах сайхан байдаг юм.
 


 -Тэгэхлээр өөрийн чинь ажиллах хугацаанд хэвлэлийн түүхийн хөгжил шинэ түвшинд хүрчихлээ. Интернет, сошиал, цахим сэтгүүл зүй... гээд гараад ирлээ... Энэ үетэй хэрхэн хөл нийлүүлж явна вэ?
- Нас 69 гарлаа. Сонины ажлаас хөндийрөөгүй болохоор өөрийгөө сэтгүүл зүйн хөгжлөөс хол хоцорчихлоо гэж боддоггүй ээ. Интернетээс хэрэгтэй зүйлээ хайгаад авчихна.  Компьютерийн хэрэглээний зонхилох программ дээр ажиллачихна. Блог, фейсбүүкээ хэнээс ч дутахгүй хөтөлчихнө. Зарим нь "Өвгөн фейсбүүкчин” гээд нэр өгчихсөн байна лээ.  Dundgovi.mn веб сайтынхаа захирал, бас админийг хийгээд текст, зураг, дүрс бичлэг... алийг л бол оруулаад явж байна. Dundgovi.mn сайт маань 2018 онд  Монголын үндэсний сайтын хөгжлийн холбооны "Орон нутгийн шилдэг сайт” номинацид шалгарч "Дундговийн амьдрал” сонины ажил өөдрөг явна.  Сониныхоо хажуугаар арваад жил Монголын радиогийн сурвалжлагч хийлээ. Радио бол өмнөх соц нийгмийн үед хийж байсан ажил болохоор юү түүртэх вэ. Нийгэм, амьдралын мэдлэг, туршлага дээрээ түшиглээд явчихсан.  Хальсны бичлэгээ файл болгон хувиргаад монтажилж байснаа дижитал дуу хураагчтай болсноос хойш бичлэгээ шууд өөрөө монтажлаад явуулж байсан.  Долоо хоног тутмын сониноо ганцаараа гаргаад болж л байна. Сониныхоо эхийг баасан гарагийн орой Чөлөөт хэвлэл сангийн үйлдвэрлүү цахим шуудангаар түвэггүй шидчихэд хэдхэн цагийн дараа хэвлэгдээд маргааш нь хүрээд ирж байна.  Фото зураг бол миний сонинд зүтгэсэн бүх хугацааны  дагуул,  аппарадаас салаагүй. Германы ВЕРА аппаратаар эхэлж улаан гэрэлд шөнөжин зураг угааж явснаас эхтэй ч уран бүтээлийн хэмжээнд юм хийж чадалгүй л өнөө хүрлээ дээ. Телевизед бас орон гаран ажиллаад авсан. Ер нь их юм үзэж ээ.
Монголын чөлөөт хэвлэлийн "Загалмайлсан эцэг” гэгдсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов "Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлээгүй тэмдэглэл” номдоо "... Ө.Рагчаасүрэн Дарханд, С.Пүрэвсүрэн Дундговьд... чөлөөт хэвлэл мэдээллийн анхны галт бамбарыг  бадруулсан. Чөлөөт хэвлэлийн зам бол адал явдлаар дүүрэн агаад зарим талдаа аюул осол дагуулдаг айхтар бэрх бартаат зам л даа. Түүнийг мина булсан талбайтай зүйрлэж болох” \41 дэх тал\  гээд "...Цөм л сайн сайхан хүмүүс. Бүгд л улс төр иргэний зориг зүрх бүхий оргилсон тэмүүлэлтэй онцгой гэхээр нөхөд. Зах зухаас нэрлэвэл С.Пүрэвсүрэн\Дундговь\ Г.Дашренчин \Төв\ гэх мэт. Эд нарыг бид дуртай ч дургүй ч хүндэтгэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” \61 дэх тал\ гэж тэмдэглэсэн байна.   Надтай хамт ажиллагсад маань миний арга барилыг мэдчихээд хөөрхөн шог үг гаргасан байдаг юм. Яруу найрагч, сэтгүүлч А.Лхагваа маань миний тухай "Сонины сонин хүн” хөрөгтөө энэ намхан эр мэдээллийг хаанаас тэгэж хурдан олдгийг гайхаад   "Антенитай табчик” гэж  нэрлэсэн бол сэтгүүлч Д.Наранцогт маань хэн нэгний над өгсөн "Нисдэг таваг” гэсэн нэрийг онцолж бяцхан хөрөг бичсэнээ өөрийн блогтоо тавьсан байна лээ. Бас Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав  миний тухай "Мандалговьд хатгасан хөх туг” гэсэн том хөрөгтөө  Ардчилсан хувьсгалд зүтгэсэн он жилүүдийг дүрсэлсэн нь бий. Ингэхээр нөхдийн эдгээр үнэлгээнд урамшин сэтгүүлчийн үзгээ тавих болоогүй л гэж бодоод байгаа шүү.
 
-Энэ олон жилд олон сайхан хүнээс ховор үг сонсч явсан байж таарнаа даа?
- Монголын радиогийн төмөр хайрцагтай Р-5  аппарад үүрч, урт гэгч нь сунадаг иштэй микрофоноо хэн хүний аманд тулгаж "Үнэн" сонин, Монголын радио, "Тоншуул" сэтгүүл, "Шинэ хөдөө" сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч гэсэн 5 албатай Хан Хэнтийн хөвч тайга, Галшарын элчилгүй их талыг туучиж, Онон, Хэрлэн их мөрнийг гаталж алдарт Амбасэлмаа гуайтай Дархан, Баянмөнхөөр их зудны цасан далай туучиж, яруу найрагч сэтгүүлч Жан. Шагдар, Равдандаш нартай нүдгүй цасан шуурганаар Хан Хэнтийн нуруунд машинаа хунгарт унаган харанхуй шөнөөр 20 гаруй км алхаж амьд мэнд айл олон баярлаж, Гавъяат Гүнсэн гуайтай Галшар, Бор-Өндөр, Дарханаар аялж хүнээр юм яриулахын гайхамшгийг нь биширч, ардын уран зохиолч С.Эрдэнэ баавай, Төрийн шагналт найрагч Долгорын Нямаа нартай хөх хөвчийн гурван сумын буриад зоныхноор бууж мордож явсан залуу нас минь тэдний үлгэр дууриалаас их суралцуулсан.
-Нийгмийн  амьдралд та их оролцож явсан байдаг юм. Үүнийгээ сэтгүүлчийн нийгмийн хариуцлага гэж үздэг үү?
-Тиймээ,  сэтгүүлчийн цаг наргүй ажлын хажуугаар сонгууль их хүлээж байлаа. Эвлэл, найрамдал, эрдэм дэлгэрүүлэх, за тэгээд хурал захиргаа ... гээд бүх л байгууллагад тэргүүлэгч, депутат, төлөөлөгч... гээд заримдаа арав гарч хорь дөхсөн сонгуультай л тууж явдагсан. Далаад оны дундуур аймагтаа "Алиа шогчдын клуб” байгуулан ахлагчаар нь ажиллаад хэд хэдэн хөтөлбөр тоглон аймгийн Соёлын ордны их танхим хөөрч догдолсон үзэгчээр хөл тавих зайгүй  дүүрч байсан үе бий. Ерээд оны эхээр "Малыг малчдад” хөдөлгөөнийг аймагтаа манлайлан Ардын аж ахуйтны аймгийн анхдугаар зөвлөгөөнийг 1992 онд, сүүлд нь Мянгат малчдын чуулган, хойтон нь Мянгат малчдын эзэгтэй нарын чуулган зохион байгуулж  Ардын аж ахуйтны холбооны дэд тэргүүн, Мянгат  малчдын холбооны тэргүүний сонгууль хүлээн 100 гаруй мянгатын эзэгтэй нарт саалийн дүүрэн будаатай  модон хувин бэлэглээд бужигнуулж явлаа.  2000 оноос Монголын тогооч нарын холбооны Дундговийн салбарын даргын даргын албыг 10 жил хийн Монголын тогооч нарын хоёр их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон шүү. Тэр бүхнийг одоо тоочих нь илүүц биз. Их хадуурвал "Буруу хөлөөрөө бурхан зурж явлаа” гээд халуурч мэднэ. \Хөхрөв\
-Мартахаас шагнал урамшил  гэж юү билээ?
-Хөдөө орон нутагт анхны чөлөөт хэвлэл "Хадаг” сонинг үүсгэн байгуулж чөлөөт хэвлэлийн тогтолцоо бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1994 онд Засгийн газрын Жуух бичгээр шагнагдсан. За тэгээд  "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” "Алтан гадас” одонтой. Дундговь аймгийнхаа "Хүндэт иргэн”  "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” "Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан” цол, тэмдэгтэй. Харин өмнөх нийгэмд буюу 1986 онд маш олон шалгуур, сорилтыг давж  МАХН-ын 19 дүгээр их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Орон нутгийн сэтгүүлчдээс ганцаараа л байлаа. Тухайн үеийн нийгмийн тогтолцоо нам төвтэй учир   энэ их хуралд оролцоно гэдэг Ардын Их Хурлын депутатаар сонгогдохоос илүү нэр хүнд байсан юм шүү.
-Залуу сэтгүүлч нарт юү гэж хэлмээр санагдана?

С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

 

С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

 

С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

 

С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

 

С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

 

С.Пүрэвсүрэн: “БИ ӨӨРИЙГӨӨ СОНИНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛДӨГГҮЙ”

 


-Одоо сонины ажлыг дэндүү хялбарчлаж, интернет шүүрдээд л болж байгаа харагдах юм. Үндэсний хэмжээний өдөр тутмын нэг сонинд хэдэн жилийн өмнө манай нутгаас төрсөн Ардын уран зохиолч С.Дашдооровын тухай нийтлэл  дээр миний зургийг томоор тавьчихсныг үзээд гайхлаа. Тэр суут хүний тухай би мэр сэр юм бичиж байсан юм. Тэгсэн Дооров гуайн  тухай нийтлэл тавих болоод зургийг нэрээр нь  интернетээс хайтал  миний зураг дунд нь байсныг мань хүний зураг гэж эндүүрээд аваад оруулчихсан байх жишээний. Ингэж хялбарчилж болохгүй л дээ.
Миний шавь нартаа, хамт ажиллагсаддаа хэлдэг нэг том өгүүлбэр байдаг юм. Түүнийгээ энд бас  иш татъя.
 Сонинд гарах хэдхэн мөр. Чухамхүү үүний төлөө хоёр гурван шөнийн нойр алдаж, чухамхүү үүний төлөө хагас зуу, зуун километр алхаж, үүний төлөөнөө заавал очих ёстой хэн нэгний төрсөн өдрийн цайллаганд очиж чадалгүй гэр бүлдээ хэл ам татлах, чухам үүний төлөө л амралтын өдрөө алдаж өнжин хонон өлөн зэлмэн явж, өвөл бол хөлөө ч юмуу хамраа хөлдөөж, ам зөрөх ёсгүй хэн нэгэнтэй хэрэлдэж, чухам үүний төлөө л хийхгүйгээ хийж үзээгүйгээ үздэг юм. Үүнээс халширвал чи хэзээ ч сэтгүүлч болохгүй. Хэрвээ үүнээс халшрах бол аль нэг сонин, аль нэг редакцийн хаалгыг татаад ч хэрэггүй. Яагаад сонинд гарах хэдхэн мөр ийм их хөдөлмөрөөр бүтдэг гэж санана. Тэр хэдэн мөр түүх болон үлдэнэ. Түүхийн бичээс, эх сурвалж болж хэдэн зууны дараа ч үнэ цэнтэй хэвээр байх болно. Ингэж бодохоор хүүхдүүдийн хэлээр "Аймаар” байгаа биз.
-За, ярилцсан танд баярлалаа
П.Булган
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!