“УРАГШАА” СОНИНЫГ ТОЛГОЙЛСОН ОН ЖИЛҮҮД МИНЬ /Дурсамж/

🕔 2019/12/25 22:04
 
 
 "УРАГШАА” СОНИНЫГ ТОЛГОЙЛСОН ОН ЖИЛҮҮД МИНЬ
                              ----------------------------------------------------------Дурсамж
Сургуулиа төгсөөд МАХН-ын Төв Хорооны томилолт өвөрлөн Хэнтийг зорилоо. Намын хорооны нэгдүгээр дарга Ш.Хөхийсүрэн гуай хэзээний танил хүн шиг "За Пүрэвсүрэн сайн ирэв үү” гэсээр угтаж, баахан зөвлөгөө өгөв. Намайг бараг л өөрийнхөө "Баруун гар, зүүн зүрх" байх ухааны юм ярихад нь айх ч шиг. Дашрамд хэлэхэд, энэ тохь дарга миний ажлыг жигтэйхэн дэмжиж, намайг дэвшүүлж, ажиллуулах тухай санал ч дээш нь уламжилж байсан удаатай. 34 жилийн түүхтэй "Урагшаа” сонины дөрөв дэх эрхлэгч нь би болж, ажлыг маань анхны эрхлэгч, намын хорооны ажилтан Г.Пүрэвдагва гэж цэмцгэр нөхөр, гурав дахь эрхлэгчээр 26 жил ажилласан "Партизан” Н.Хасбазараас хүлээлцүүллээ. Нэгэн цагт сонины нарийн бичгийн дарга нарын цугларалтаар зүс мэдэх болсон Арилдын Халтар гэж эмэгтэй мөн тэр албандаа намбайж байна. Миний нэг орлогч байх нь. Галшарын сургуульд "Арилдын Халтар шиг сурцгаая” гэсэн лоозон байсан гэж Хэнтийчүүд ярилцана. Үнэхээр ч тэр хэмжээний чамбай, ажилсаг хүүхэн. Мятавын Равдандаш гэж өндөр шар буриад. Авьяастай гэхэд дэндүү авьяастай. Бичсэнээс нь таначих өгүүлбэр байтугай үг ч олдоггүйсэн. Нөгөө нь Буяагийн Пүрэвдорж гэж том зохиолч. Тамхийг бол баагиулж өгнө. Аймгийн ерөнхий зоо гэхчилэн алба хашиж, юм үзчихсэн толгой. Олноо "Хөнгөн цагаан” гэж алдаршсан Цэндийн Чойжилсүрэн гэж гүйн хар алхаж, оролцох оролцохгүй юмнаас шүүрч алдсан ахимаг эр. Нөгөө нь Л.Лувсандорж гэж түжгэр буурал толгойтой бор өвгөн. "Гурван үйлдвэр байгуулж, гурвыг татан буулгасан" гэж яриад малгайгаа авч халзан толгойгоо үзүүлэх хоббитой, нүдний шил гялалзуулсан товарищ Зундуйн Цэдэв. Тэр үедээ захидал харилцааг эрхэлж байв. Том том ярина, Майдар даргын удирдлаганд ажиллаж байснаа бүлтэрнэ. Дүрсхийж уурладаг ч гэнэн цайлган, мэргэжилдээ сүрхий гаршсан фоточин Ч.Ганбат. Ингээд манай редакц гүйцээ. Цаана нь Үйлдвэр эрхэлсэн орлогч дарга Таравын Пүрвээ гэж ажлын төлөө төрсөн галав шалав хийсэн туранхай эр. Ленинградад хэвлэлийн сургууль төгссөн тэр үйлдвэрээ аваад явчихна. Миний бас нэг орлогч. Мастер Дорж гэж бор өвгөн хэвлэлийн хэдэн машинаа "монголчлоод” дуусч байгаа гудиггүй нэгэн. Үйлдвэрийн хэдэн хүүхнээ "үхтэл” загнах атлаа нэг болохоор цээжээрээ хаан өмөөрөөд, намхан цагаан байшинг минь нураачих дөхнө. Намайг анх угтаж авсан дөчөөд хүнтэй тов хийсэн хамт  олны эхний дүр зураг гэвэл энэ.
Ренчингийн Чойном хянагч хийнгээ задгай цагаан авьяасаа "цацаж” найрагч И.Агваандаш "Хилэн хар” найраглалаараа Монголын утга зохиолд түрэн орж ирэхэд "эх барьж” авсан энэ "Цагаан байшин” их түүх өгүүлэх ажээ.
 Би хэдхэн хоноод нийслэл рүү цугларалтад явах юм боллоо. Онгоцны буудал хүртэл хөл дүүжлэх юм хайх санаатай гартал зурагчин Ганбат гүйгээд ирлээ. "Эрхлэгчээ, явах уу. Би хүргээд өгье. Дугуйгаа гэрээс аваад ирье” гэнэ. Гэр чинь алив гэвэл хажуухан дахь муурын байшин шиг шовгорыг заалаа. Яаж үгүй гэхэв. Дугуйгаар салгалж явах хооронд онгоц буучихна даа ухааны юм бодож зогстол мань эр "Планет” унаад сүнгэнүүлж ирдэг байгаа. Гэтэл эндхийнхэн мотоциклио "дугуй” гэлцдэг нутгийн өвөрмөц орчуулга аж. Гурван сар гаруй ажиллаж байтал Архангайд аймгийн сониныхны цугларалтад дуудлаа. Тэнд орон нутгийн сонины "овгорууд" данхалзаж байнаа. Сэтгүүлчдийн холбооноос зохиолч Л.Содов, Соёлын яамнаас орлогч сайд Б.Борхондой...гээд томчууд заларчихаж. Баянхонгорын "Хар” Рэнцэн, Дорноговийн "Толгой” Гомбожав, Төв аймгаас Товуу, Завханаас "Муухай” Түдэв...гээд Монголын сэтгүүл зүйд байр сууриа домог болтол эзэлчихсэн "Бурхинууд” зөвлөлгөөний танхимд ханхайн бие биенээ "явуулаад” л... Мань мэт нь ердөө л шатрын хүү. Гэтэл Л.Содов гуай намайг "Малгайгаа аван” магтдаг байна. Хэдхэн сард "Урагшаа” сонинг танигдахгүй болтол өөрчилж, өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоор ялгарах боллоо ч гэх шиг... Бүр "Үүнийг би хэлж байгаа биш, Төв хороо онцолж хэлээрэй гэсэн юм” гэж томордог байгаа.
Хуучин ханагарууд руу хальт харвал "Энэ будааны хүүхдийг яагаа ч үгүй хөөргөлөө” гэх янзтай жишим ч үгүй. Орой нь нэг өрөөндөө бужигнах сургаар дагаад орохоос яахав. Тангараг өргөх юм болоод явчихлаа. Цугларалт болоход шинэ эрхлэгч энэ ёслол үйлддэг бичээгүй хуультай гэнэ. Баахан гуншин уншиж сүүлд нь "... Аймаг, хотын сонины эрхлэгчдийг цуглахад
Архи хоёр шилтэй ирэхээ тангараглая, тангараглая" гэж "Хар” Рэнцэн дагуулж уншив. Ингээд яриа хөөрөө ууш зууш руу шилжихэд Баян-Өлгийн  "Хасаг сонины
хавсралт” /Монгол хавсралтын орчуулагч/ Б.Ойдов гэгч хөгжилтэй нөхөр "Би ажил дээрээ архи уухаар авгай руугаа утасдмаар санагдаад, гэртээ архи уухаар эрхлэгч рүүгээ яримаар санагдаад болдоггүй. Тэгээд дандаа баригддаг” гэж баахан хүнийг инээлгэж билээ.
"Урагшаа” сониндоо бараг долоон жил ажиллаж ажил төрөл ч толгойд багтаж, хамт олон ч төлөвшсөн. Жил бүр хоёр хүн олон нийтийн байгууллагын зардлаар тэр үеийн Зөвлөлт орон, алтан Москвад аялна. Тэднээ шалгаруулах гэж бөөн юм болдогсон. Манай сонины хамгийн том шагнал. Байсгээд л хөрш Чита мужийн сонинд манайхан зочилно. Тэнд бөөн зочлол, хүндэтгэл. Улхан майхны боомт дээр зочдоо солилцоно.
Тэнд Норовлин сумын харьяат А.Духлайбаатар гэж том гаальч сууна. Ямар сайндаа "Улханы их гааль Духлайбаатар.
Улзын бага гааль Нэргүйбаатар” гэж онигоо гарахав дээ. Хилээр эрсдэл бага гарахын тулд мань эрд тарваганы боодог, ядахдаа ишиг, хурганы арьс атгуулна. Нөгөөх нь Цэвэлмаагийн Нэргүй гэж Норовлинд амьдардаг найрагч, Р.Чойномын том найз. Улханд зочин үдсэн юмуу угтсан хэн бүхэн Улзын хөвөөн дэх Норовлин сумаар дайрч зочид буудалд нь үдлэнэ. Тэр үед мань Ц.Нэргүй амдаад зогсч таарна. Нэгэнт гадаад яваад ирж байгаа улс нэг, хоёр шил "Водка”-тай явж таарна. Мань хүн түүнээс нь "Торгоно.”
Тэгээд л бага "Гааль.” Одооны хэлээр гүний "Гааль".
Читийн "Забайкальский рабочий” гэх өдөр тутмын сонинтой манайх шеф. Зарим тусгай дугаарын цайр зургаа тэнд захиалаад хийлгэчихнэ. Тэндхийн фотокор Феодор Машечко Оросын соёлын гавьяат зүтгэлтэн хүн. Манайд ирж фото үзэсгэлэнгээ гаргана. Байсгээд л ирж баахан зураг авч өгнө. Энэ хооронд редакц нэлээд шинэчлэгдлээ. И.Байгалмаа МУИС төгсөөд ромбо гялалзуулан орж ирсэн залуу сэтгүүлч. Сонины хар ажлыг надаас сурсан гэж би бахархдаг юм. Одоо ч аймагтаа сонин эрхлэн гаргаад явж байгаа. Л.Дашцэвэгмаа зүгээр л багш хүн ч гэлээ сонины ажлыг хичээл зүтгэлээрээ сурч сүүлдээ нэлээн том ажилд дэвшиж хүртэл байлаа. Д.Нармандах бол хийе л гэснээ хийдэг хүн. Бас багш. Ажилд оронгуут л сайхан зохиомжтой зураг авч, шуугиан тарьсан өгүүлэл бичээд эхэлсэн. Урьд нь сонинд юм бичих нь байтугай сонин уншиж байсан л байгаа даа. Линотипч Баярсайхан "Бөгсөө цоортол” сууж сониноо өрдөг бол Цэцгээ нүүр боохдоо гарамгай, нэг ёсны сайн дизайнер.
Ер нь сонин гаргана гэж "Алж” байсан юм шүү, бид. Аймгийн 60 жилийн ойн сонины тэргүүн нийтлэлийг их зохиолч С.Эрдэнэ, Хэнтийн тухай шүлгийг зохиолч Д.Содномдорж, зургаан арван жилийн товчоог түүхч Б.Өлзийсүрэн нараар захиалгаар бичүүлж, плакат, гар зургийг Улсын хэвлэлийн комбинатад бэлтгэн фото зургуудыг Читийн сонины газар цайраар нь хийлгээд гаргаж байсан гэж бод доо. Бараг л гадаадын сонин шиг "Эталон” дугаар олон зуун хувь илүү хэвлүүлчихээд бэлэг дурсгалд тууж байв даа, хөөрхий.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж одоо их ярих болж. Бид ёстой эрж сурвалжилж байсан шиг. Халх голын байлдааны бараг лого болсон орос, монгол хоёр цэргийн тэврэлдсэн зургийн хэн болохыг тодруулах цуврал нийтлэл явсаар Өмнөдэлгэрт сүүний заводад ажиллаж байсан Соёо Дорж мөнийг олсноор энгэртээ гялайх юмгүй байсан мань эр бараг л баатар болсон шиг энгэр дүүрэн медаль гялалзуулж энд тэнд уригдаж уулзалт хийж яваад насаа элээж билээ. Зургадугаар дивизийн домогт дарга Чимидийн Шаарийбуугийн гавьяат үйлсийг тодруулах нийтлэл хэдэн жил явж "Улсын баатар” цол нэхэн шагнуулах тодорхойлолт дээш нь хэдэнтээ уламжлаад бүтээгүй ч "Эсэргүүн” "Урвагч” гэсэн нэрнээс нь салгаж чадсан юмдаг. Энэ мэт жишээ олныг дурьдаж болно.
"Урагшаа" сонинд ажилласан жилүүд миний хийж бүтээх, бодож сэтгэх, хүсэл мөрөөдлөөр дүүрэн алтан үе минь. Мөн ч залуу байж дээ. Эргээд бодоход тэр намхан цагаан байшинд ажил, амьдрал буцалж байдагсан. Өдөр шөнө, эрт оройг ялгахгүй байнга ажил өрнөөстэй. Редакцын өрөө, хэвлэлийн машины дэргэд Монголын радиогийн өглөөний дохиог мөн ч олон сонссон доо. Дэндүү ажилсаг хамт олон байж. Одоо тийм гялалзсан хамт олон хэрвээ байдаг бол нийгэм яасан хурдтай урагшлах бол оо. Хэвлэлийн машин дээрээ хэвлэгч нар бараг л минут секундтэй уралдаж харагддаг байв. Хэвлэгч Баянмөнх гэх шавилхан эмэгтэй өндөр бүтээл зарласан өдрүүдэд 20-25 кг гранктай формоо бариад хэвлэлийн машин руугаа гүйж яваа нь одоо ч тод дүрслэгдэж байна. Рэнцэндорж ч манай байгууллагын нэг хөдлөгч хүч, нийгмийн идэвхтэй залуусан. Хэдийн л залуучууд, эвлэлийн ажилд самбаачлаад орчихсон гүйж явдаг. Урлагт авьяастай гэж Ч.Баасансүрэнг дагуулж ирээд үсэг өрөгчөөр ч билүү оруулж байсан. Манай өмнөө барьдаг ажилтан, нягт нямбай хянагч болсон доо. Манай залуучууд бичээч Хэрлэнчимэгийг "Нарийн бичиг” гэж тоглоом хийнэ. Шуурхай, ажил хэрэгч "Нарийн бичиг” байсан юм шүү. Үсэг өрөгч Г.Хорлоо, Д.Юмханд, Б.Хоролдагва, Ичинноров, Тунгалаг, Б.Гантуяа том, жижиг Цэцгээ... гээд л Думаасүрэн гуайн халааг залгамжлагч нарын гараас форм хурдан гардаг байлаа. Жаргалсайхан гэж механикч хүү хэвлэлийн үйлдвэрийн талаар Орост төгссөн мэргэжилтэн цэрэгт явах болоод Хэрлэнгийн хөвөөнд ирэн үдүүлж байлаа. Манай дэвтэрлэхийнхнээс эцсийн  бүтээгдэхүүн гарна. Д.Сэвжидмаа, Б.Гаукар, Н.Наранцэцэг нар арай олон жил ажилласан нь байх аа. Нансалмаа, Мягмаржав, С.Наранцэцэг, Б.Адилбиш, Ганболд... гэж гялалзсан хэвлэгчид байлаа. Манай Баярсайхан нэг суухаараа найдвартай линотипч байсан даа, хөөрхий. Дэлхийн залуучууд оюутны их наадамд Москвад оролцсон хүн шүү. "Урагшаа"-д ажилласан үеийн нэг бахархал маань олон хүнийг гадаадад, мэдээж тэр үеийн Зөвлөлтөд л дөө, аялуулсан явдал маань. Энэ бол тэр хатуу нийгэмд миний хамгийн зоригтой хийсэн ажил юм даа. Явах ёстой, амжилт бүтээлтэй зарим хүнээ тэр үед гадаадад аялуулж амжилгүй ажлаа өгсөн тал бий. Манай аж ахуй, санхүүгийнхэн лут ажилладаг байжээ. Нягтлан бодогч С.Дарьсүрэн, З.Оюунцэцэг, нярав Ганжуур, Бадарч нар, тэдний маань гол удирдан чиглүүлэгчид маань Т.Пүрвээ, С.Дорж хоёр доо. Энэ хоёр хүн үйлдвэрийг авч явах ажлыг нуруундаа үүрч явсан гайхамшигт хүмүүс. Ажил төрөл нь тухайн нийгэмд бүрэн үнэлэгдэж чадаагүй ч байж мэднэ.
Редакцын хувьд дээр өгүүлсэн дээ. Манай Л.Лувсандорж гуайг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян "Хан Хэнтий нутгийн бичгийн мэргэдээс өнөө хэр үлдээд байгаа нэрт төлөөлөгч” гэж үнэлсэн байна лээ. Тэр үнэн шүү. Бидэнд их түшиг болдог байлаа. Бидний ажил үйлчилгээний хэдийнхээ дэм тусаар амждаг байлаа. Жижүүр Дашдондог, О.Нармандах, үйлчлэгч Нямхүү... нар ч дүрээрээ сэтгэлд тод байна. Манайхнаас сэтгүүлч А.Халтарын хүү Х.Ариунбаатар, үсэг өрөгч Думаасүрэнгийн охин Хоролдагва, мастер Дорж гуайн хүү Оюунхуяг, үсэг өрөгч Хорлоогийн дүү Юмханд, эрхлэгч Н.Хасбазар гуайн охин Х.Гэрлээ нар аав, ээж, эгчийнхээ ажил мэргэжлийг өвлөсөн нь манайхны нэг бахархал байсан юм. Намайг анх очиж ажлаа авч байхад хэвлэгч А.Энхбаяр "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөн ирэх’’-ээр мордож байлаа. Намайг угтах, Энхбаярыг үдэх ажиллагаа Өндөрхаан ууланд хамт болж билээ. Би Н.Хасбазар гуайгаас эрхлэгчийн ажлыг 1981 оны зун авсан бол 1987 онд Л.Ожгоошид ажлаа хүлээлгэн өгөөд "Үнэн” сонин, Монголын радиогийн тус Хэнтий аймаг дахь сурвалжлагчаар томилогдсон билээ.
Адал явдал, хөгжөөн наргиан, жаргал зовлон, амжилт бүтээл, алдаа дутагдал... аль аль нь хосолсон тийм л сайхан хамт олон доо. Манай "Урагшаа”-гийнхан. Аюурбунь гэж Хэнтий нутгийн сайхан залуу үе үеийн "Урагшаа”-чуудыг Төрийн ордонд уулзуулсан нь маш сайхан үйл явдал болсон шүү. Тэр уулзалт хэзээ ч мартагдашгүй сайхан үйл явдал болсон юм.
Нэг удаа сониныхоо газар яруу найргийн баяр хийлээ. Хэнтийдээ л толгой цохих найрагчид шүлэг зохиолоо уншлаа. Манай сонинд нэгэн үе ажиллаж байгаад намын хороонд дэвшсэн Л.Ожгоош:
"Сурагч бэхээр бичсэн анхны шүлгээ өвөртлөөд
Суурь довжоон дээр нь анх хөл
тавьсан
Намхан цагаан байшин наддаа өндөр санагдсан
Найрагч Агваандаш гуайг би Есенин шиг бодож хүндэлсээн” гэж эхлэх "Урагшаа” сонины тухай шүлэгтээ:
"Дан энэ цагаан байшинг сонины газар гэдэг юм
Даруухан хамт олны нь сониныхон гэж нэрлэдэг юм
 Намын бодлогыг сурталчлах улс төрийн штаб
Намхан энэ байшинд төвлөн байрладаг юм
Үзэл суртлын армийн дайчин нэгэн Хороо
Үүргээ гүйцэтгэж байдаг юм
Цомхон энэ армийг
цаг наргүй командалсан
Намхан залуу эрхлэгч нь хурандаа
буурьтай харагддаг юм" гээд л урсгаж байв.
Миний нэр дурьдсанаас олон хүн одоо байхгүйг сонсоод сэтгэл сэмрэх үе зөндөө тохиолдох юмаа. Тэд сониныхоо төлөө нэг олдсон насаа зориулагсад, миний хамтран зүтгэгч сайн нөхөд маань байсан тул тэдэндээ мэхийн ёслоё.
Ахмад сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН

 “УРАГШАА” СОНИНЫГ ТОЛГОЙЛСОН ОН ЖИЛҮҮД МИНЬ          /Дурсамж/

 “УРАГШАА” СОНИНЫГ ТОЛГОЙЛСОН ОН ЖИЛҮҮД МИНЬ          /Дурсамж/

 

 “УРАГШАА” СОНИНЫГ ТОЛГОЙЛСОН ОН ЖИЛҮҮД МИНЬ          /Дурсамж/

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!