Коронавирусийн тухай 13 "домог"
Цар тахлын дэгдэлтээс илүүтэй цуу яриа уршиг тарьж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй. Ийм нөхцөлд мэргэжлийн вирус судлаачдын үгийг сонсох хэрэгтэй болов уу. Эргэлзээ тайлан 13 асуултад тэд хариулж байна.
1.COVID‑19 вирусийн халдвар голчлон халуун чийглэг уур амьсгалтай нутагт тархаж байгаа юу?
ДЭМБ-д байгаа мэдээллээр, COVID‑19 вирусийн дэгдэлт халуун чийлэг нутгийг оролцуулаад бүх бүс нутагт явагдаж байна. Цаг уураас үл хамаарсан хамгаалалтын арга хэмжээг авах хэрэгтэй. Гараа тогтмол угаах нь вирусээс хамгаалах хувийн шилдэг арга юм. Вирус наалдсан гараар нүдээ арчиж, хамраа ухах эсвэл амандаа хүргэх нь халдвар авах нөхцөл болно.
2. Хүйтэн цастайд гадаа байх нь шинэ коронавирусийг мөхөөхөд туслах уу?
Үгүй, огт тус болохгүй. Эрүүл хүний биеийн хэм нь гадаа орчноос үл хамааран 36,5° - 37° байдаг. Тиймээс хүйтэнд байх нь шинэ коронавирус буюу өөр ямар нэгэн вирусийг мөхөөнө гэх үндэслэл байхгүй.
3. Халуун ванн вирусийн халдвартай тэмцэхэд туслана?
Халуун ууранд суух нь халдвараас аврахгүй. Хүний биеийн халуун нь орчноос үл хамааран 36,5°C - 37° хэм гэж дээр хэлсэн байгаа. Харин ихээхэн халуун усанд суух нь бие түлэх аюултай.
4. Цахилгаан гар хатаагч 2019-nCoV-ийг хөнөөх үү?
Үгүй. Шинэ вирусээс хамгаалахын тулд спиртийн агууламжтай ариутгагчаар гараа тогтмол ариутгах хэрэгтэй.
5. Хэт ягаан туяаны чийдэн шинэ вирусийг устгадаг уу?
Үгүй, тийм биш. УФ чийдэнг гар ба биеэ ариутгахад ашиглаад нэмэргүй. Харин ч нь арьсанд цочрол үүсгэж магадгүй.
6. Бүх биеэ этанол буюу хлорын шохойгоор арчих нь тустай юу?
Огт үгүй. Биеэ спирт буюу хлороор ариусгах нь вирус нэгэнт нэвтэрсэн бол ямар ч нэмэргүй. Эдгээр бодис биетийн гадаргын ариутгалд сайн ч зөвхөн мэргэжилтнүүдийн заавраар хийх ёстой.
7. Давсны уусмалаар хамрын хөндийг байнга угаахад хамгаалалт болох уу?
Бас л үгүй. Давсны уусмалаар хамрын хөндийг байнга угаах нь шинэ вируснаас хамгаалсан гэх шинжлэх ухааны баталгаа байхгүй. Тийм уусмалаар хамраа байнга цэвэрлэх нь ердийн ханиад томууны эсрэг тусалдаг гэх яриа бий. Гэхдээ бас л батлагдаагүй.
8. Шинэ коронавирусээс саримс хамгаалах уу?
Саримс нь тодорхой хэмжээний нянгийн эсрэг үйлчлэлтэй ашигтай бүтээгдэхүүн гэж ДЭМБ онцолж байгаа. Гэсэн ч энэ удаагийн вирусийн халдвараас сэргийлэхэд тус болсон гэх ямар ч баримт баталгаа алга.
9. Антибиотикууд халдварыг эмчлэхэд үр дүнтэй юу?
Бас л үгүй, антибиотикууд вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэггүй, зөвхөн нянгийн халдварт л үйлчилнэ.Шинэ коронавирус (2019-nCoV) нь вирус юм.
10. Шинэ коронавирусийн эсрэг эм бий уу?
Одоогоор шинэ халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх эм байхгүй. Дэлхийн олон оронд эм, вакцин бүтээхээр шаргуу ажиллаж байна. Эдгээрийг клиник туршилтад оруулах хэрэгтэй. Гуравдугаар сарын 16-нд АНУ-д вакцины туршилтыг анхлан эхэлсэн.
11. Хөргөгчид байсан хүнсээр коронавирус дамжин халдварлах уу?
Өнөөдөр шинэ коронавирус хоолоор дамжин халдварладаг гэсэн баталгаа гараагүй. Хамгийн олон өвчтөнтэй орноос нийлүүлэгдсэн импортын хүнсээр халдвар дамжсан гэх баталгаа бас үгүй.
12. Халдвар шумуулаар дамжих уу?
Шинэ коронавирус нь амьсгалын замын халдварт вирус ба голчлон шүлс шингэнээр дамжина. Яг одоо шумуулын хацалтаар вирус дамжина гэдэг судлагдаагүй.
13. Нэмэлт асуулт: COVID-19 вирусний халдвараар нас барсан хүнийг оршуулах үеэр халдвар тархах уу?
Шинэ вирусээр нас барагсдын биеийг хөндөхийн өмнө хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэхийг ДЭМБ-ын зөвлөсөн. Ер нь аль болох цогцост хүрэхгүй байх ёстой . Оршуулгын үеэр дээд зэргийн хамгаалалтын арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь бол амьсгалын замаар вирус халдахаас бус цогцсоор дамждаггүй гэсэн яриа бий. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөмжийг барих нь зүйтэй байх.