Г.Бат-Орших: Халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний хариуцлага чухал

🕔 2020/02/27 12:52

"Ковид-19” шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагааг төрөөс авч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард иргэдийн ойлголт, хандлага, хариуцлага сул гэх.Олон нийтийн газар иргэд амны хаалтгүй явж буй, өсвөр насны залуучууд анги хамт олноороо сэлгүүцэж, бага насны хүүхдүүд гадаа хараа хяналтгүй, удаан хугацаагаар тоглож байгаа явдал нийтлэг. Тиймээс коронавирусний талаар ойлголт өгөх, урьдчилан сэргийлэх,  хэрхэн өөрийгөө хамгаалж болох талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Оршихтой ярилцлаа.

-Дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ өвчний талаар хэвлэл мэдээллээр маш их мэдээлэл нийтэлж байгаа боловч манай аймгийн иргэд анхаарал, хайхрамжгүй хандах байдал байна. Энэ өвчний талаар иргэдэд ойлголт өгөх дахин  ярьж, ойлгуулах нь зүйтэй болов уу?

-Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр манай бүх эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд ажиллаж байна.

ЭМЯ-наас аймаг бүрт зөвлөх баг ажилласан. Манай аймагт ЭМЯ-ны тархвар зүйн зөвлөх багийн гишүүн, профессор Д.Отгонбаатар ирж ажиллаад аймгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийж, энэ өвчний талаар маш тодорхой ойлголт өгсөн. Сумдад теле сургалт зохион байгуулсан.

Үнэн, бодитой, эх сурвалжтай мэдээлэл чухал. Тиймээс энэ ажлыг зохион байгууллаа. Шинэ коронавирустэй холбоотойгоор шат шатандаа шийдвэрүүд гарч, эмнэлгийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж, мэдээлэл тогтмол өгч байна.

Дэлхий дахинд харанга дэлдээд байгаа шинэ коронавирус буюу "ковид”-ын аюул манай хаалгыг байнга тогшоотой байгаа гэдгийг иргэд ухаарах хэрэгтэй. Маш их эрсдэлтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байгаа. Энэ өвчнийг ДЭМБ-аас "цар тахал”-ын аюулд хүргэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэг, зөвлөмжүүдийг өгч байна.

Тэгэхээр бодит байдлыг иргэд маш сайн ухаарч, ойлгох ёстой. Энэ чигэлэлийн мэдээлэл иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар хангалттай хүрч  байгаа.

Коронавирусний хувьд өмнө нь бүртгэгдэж байсан тохиолдол байгаа. САРС байна, МЕРСИ байна. Энэ вирусын л мутацад орсон хэлбэр гэж ойлгож болно.

Эмнэл зүйн шинж нь энгийн хэллэгээр уушгийг эсийн түвшинд устгаж, бөөрний хурц дутагдалд оруулж,  хүний биеийг маш хурдан хугацаанд өвчлүүлж,  халдвар тархааж буйгаараа онцлогтой.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихаад байгаа энэ үед иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар зөвлөмж мэдээлэл байнга хүргэж байна. Гэтэл иргэд гадуур маскгүй явсаар байгаа. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгнө үү.

-Вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай улс хилийн хориг тавьлаа. Хилээр нэвтэрч байгаа  хүмүүсээ тусгаарлаж, хяналтад авч, оношилж, баталгаажуулж байгаа.

Ингэж байгаа нөхцөлд хувь хүн хувийн ариун цэврээ сахиад амны хаалт зүүж, гараа ариутгаад, халдвартай бүсэд явахгүй л байвал энэ аюулт өвчин биднээс холуур өнгөрөх боломжтой.

Тэгэхээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний хариуцлага маш чухал. Амьсгалын замын өвчин  агаар, дуслын замаар  тардаг учраас маш өргөн хүрээтэй халдварладаг. Бусад өвчний хувьд, тухайлбал гэдэсний халдварт өвчин байлаа гэхэд хэдхэн л хүний хүрээнд өвчилдөг.

Харин коронавирусний хувьд агаар, дуслын замаар маш олон хүнд халдварлаж, хүндэрсэн тохиолдолд амь насанд нь аюул учруулж байгаа учраас л дэлхий нийтийг цочроогоод байгаа.

Ард иргэд үүнээсс айж, цочирдох шаардлага байхгүй. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжүүдийг л дагах нь чухал. Гараа сайн ариутга, амны хаалтаа зүү, халдвар гарсан нутаг орноор зорчихгүй бай гэсэн зөвлөмж.

-Амны хаалт олдоц муутай, эрэлт ихтэй байгаа учраас гадуур даавуугаар амны хаалт оёж, зарж, зарим байгууллагын ажилчид хандивлаж байна. Даавуугаар хийсэн амны хаалт халдвараас хамгаалж чадах уу?

-Амны хаалтыг хэрэглэх дүрэм, журам бий. Өмсөх, тайлах, олон янзын стандартууд байдаг. Бидний зүүгээд байгаа цэнхэр, ягаан, цагаан өнгөтэй нэг удаагийн амны хаалт бол мэс заслын үед хэрэглэгддэг, хоёр цаг зүүгээд л устгах заавартай ийм амны хаалт байна.

Мөн N-95 гээд тусгай шүүлтүүртэй амны хаалт байж байна. Үнэ нь жаахан өндөр. Энэ бол шүүлтүүртэй, арай урт цагаар ашиглаж болно.

Даавуун маск байна. Өмнө нь бид нар өөрсдөө хийгээд л зүүдэг байсан. Ийм маскыг гадуур манай иргэд хийж зарж байна, байгууллагаараа ажилчид хийж хүмүүст хандивлаж байна. Даавуугаар хийж байна, марелиар хийж байна.

Энэ бол хаах, хамгаалах үүргээ гүйцэтгэнэ. Хамгийн гол нь дүрмийн дагуу л зүүж хэрэглэх нь зүйтэй. Бохир гараараа барьчихаад, кармалчихаад л, эргэж зүүгээд явах юм бол даавуун маск бохирдоод л, улам их халдвар тараах магадлалтай. Зүүж явж байгаад л халдваргүй бүсэд очих юм бол шууд угааж, ариутгаад зүүх хэрэгтэй.

Савандаж угаагаад халуун индүүгээр индүүдээд, эсвэл ариутгалын уураар утаж болно. Ийм даавуун маск бол хамгаалах үүргээ гүйцэтгэнэ, хамгийн гол нь дүрмийн дагуу л зүүж, хэрэглэж, ариутгаж сурах хэрэгтэй.

-Гараа тогтмол угааж, ариутгах ёстой гэсэн зөвлөмж өгч байгаа. Бактери устгадаг саван, гар ариутгагч бодисууд ховор байна. Гэрийн нөхцөлд энгийн саванг ашиглаад байхад болох уу?

-Спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх бодисыг ашиглаж болно. Ийм бодисын хувьд спиртийн агууламж нь 70 хувиас доошгүй байж л нян, бактерийг 99 хувь устгана. Гар ариутгах гель гээд гадуур зарагддаг. Тиймээс спиртийн агууламжийг нь үзэх хэрэгтэй.   

Мөн жавелионы уусмалыг ашиглаж болно. Жавелион нь бактер, вирусийг устгана. Үйлдвэрийн спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх  бодис ховор байгаа учраас гэрийн нөхцөлд ахуйн хэрэглээний савангаа л хэрэглэхээс яахав.

Гагцхүү гараа тогтмол савандаж, заавар, зөвлөмжийн дагуу л угааж, ариутгаж байх нь чухал юм. Гар угаах дараалал байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн хэлж өгч, хэвшүүлэх хэрэгтэй. Томчууд ч өөрсдөө хэвшил болгох хэрэгтэй.

Үүнээс гадна иргэд гадаа гудманд шүлс, нус, цэрээ хаяхгүй байхыг байнга л анхааруулж байна. Манай монголчууд чинь эрт үеэсээ маш их журамтай, шүлс, нус, цэрээ ил, гадаа хаядаггүй уламжлалтай байсан.

Биднийг бага байхад өвгөчүүл сониныг дөрвөлжин эвхчихээд л ашигладаг, түүнийгээ гутлынхаа түрийнд хийж байгаад  хог дээр хаядаг, эсвэл шатаадаг  байсан.

Найтаах, ханиахдаа ханцуйныхаа нугалаасанд эсвэл ханцуй дотроо ханиах хэрэгтэй гэх мэтчилэн хамгаалах, урьдчилан сэргийлэх нь ерөөсөө л хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Өөрийгөө болоод бусдыг хамгаална гэдгийг өндөр ухамсарлах хэрэгтэй.

САРС, коронавирусний халдвар найтаах, шүлсээ хаяхад есөн метр хүртэл халдвар тараана гэж ДЭМБ-аас мэдээлж байгаа.

Тиймээс ард иргэд ханиаж, найтаасан ч гэсэн л зөв дүрэмтэй байхыг анхаарах хэрэгтэй байна. Шүлсээ ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амны хаалтыг байнга зүүх, гарын ариун цэврээ сайн сахиж, гэр орноо ариутга. Ингэж л өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ, гэр бүлээ хамгаална. Ингэснээр бид эх орноо, аюулгүй байдлаа хамгаална.

Тэгээд дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг байнга л зөвлөж байна. Байгалийн гаралтай, эко бүтээгдэхүүнийг хоол ундандаа хэрэглэ, сайн унтаж амар, даарч хөрөхгүй бай. Сүү, цагаан идээгээ хүнсэндээ түлхүү хэрэглэ. Дархлаа сайжруулах нь  хамгийн чухал. Бидэнд сүү, цагаан идээ байна. Хүнд дархлаа байдаг, тэрнийгээ л дэмж, хамгаал гэж зөвлөе.

-Ард иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аймгийн төвд иргэд амны хаалт зүүж хэвшиж байна. Цагаан сар болох гэж байгаа учраас малчид хөдөөнөөс ирээд дэлгүүр үйлчилгээний газруудаар явж байгаа. Гэхдээ амны хаалтаа зүүхгүй яваад байх юм. Уг нь харилцаа, холбоо, сүлжээ сайн болчихсон, малчид мэдээлэл сайн авч байгаа гэж бодож байна.

Манай иргэд амны хаалт зүүж дадаагүй, хэвшээгүй. Дэлгүүр, үйлчилгээний газрууд "амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй” гэж байгаа, тэгэхээр нөгөө малчид маань амны хаалт хайгаад хаа сайгүй олон газраар ордог зэрэг бэрхшээл байна.

Тиймээс бид МХА-тай тохиролцоод дэлгүүр, үйлчилгээний газруудад амны хаалтыг үнээр нь зарж борлуулья гэсэн шийдвэр гаргаад байгаа. Уг нь зөвхөн зөвшөөрөлтэй газарт зарж борлуулах ёстой, гэхдээ цаг үе, нөхцөл байдалтайгаа холбоотойгоор ингэхээс өөр арга байхгүй.

Сэрэмжлүүлэг, зөвлөгөө манай албан ёсны мэдээллийн вэбсайт, "face book” хуудсаар хангалттай байгаа. Манай иргэд албан ёсны мэдээллийг тогтож харахаасаа илүү баталгаагүй, эх сурвалж муутай тийм мэдээлэлд итгэж, түүнийгээ дэлгэрүүлж ярих нь элбэг.

Шинэ коронавируснээс монголчууд өөрдсийгөө хамгаалж чадна Хамгийн гол нь анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалтаа зүү, гараа тогтмол ариутга, дархлаагаа хамгаал, сайн унтаж амар.  

Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн болон төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө шат шатны бодлого шийдвэрүүд гараад хэрэгжүүлж байна. Тиймээс иргэд маань ч гэсэн үүргээ ойлгож ухамсарлаарай.

Удахгүй монголын уламжлалт цагаан сарын баяр болно. Мэдээж жилдээ ганц тохиож байгаа баяраар ах дүү нартайгаа уулзаж, золгохыг хэн хүнгүй л хүсч байгаа.

Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэр гэртээ золго, мөрөө гарга, ёс уламжлалаа хийлгүй яахав. Өргөнөөр хэсч, золголт хийхгүй байхад анхаараарай. "Эрүүл байвал дараа жилийн наадам ойрхон байна” гэдэг шиг баяр ганц биш, дараа жил ахиад л золгоно.

Ярилцсан Танд баярлалаа.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!