ЗАР »
Дундговьд хэн өрсөлдөх вэ?
"Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоногийн мягмар, пүрэв гаригуудад тоймлон мэдээлж буй. Энэ удаад Дундговь аймагт хэн, хэн нэр дэвшихээр сонгуулийн сунгааныхаа бэлтгэл хангаж байгааг хүргэе.
Дундговь аймаг нь 15 сум, 40 мянга орчим хүн амтай. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан ч орон нутгийн сонгуульд МАН олонхи болсон юм. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН, МАН-ыг төлөөлөн суух тэргүүлэгчдийнх нь тооны харьцаа ойролцоо гарсан нь өнгөрсөн хугацаанд Засаг ноёноо огцруулах хөдөлгөөнийг хамгийн хүчтэй өрнүүлж Ерөнхий сайд оролцохоос аргагүйд хүрсэн удаатай. УИХ-д эдүгээ Дундговь аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү сууж байна. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар тус аймгийн мандатын тоо нэгээр хумигдаж намын жагсаалт руу шилжсэн юм.
1992-2012 он хүртэлх УИХ-ын сонгуулийн циклийг сонирхвол АН, МАН хоёр өгөөтэй, аваатай явж ирсэн ч Ардын намынхан арай түлхүү суудал авсан байна.
АН
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд дунд Дундговиос гаралтай иргэн олон аж. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд хэн намын гишүүдийнхээ итгэлийг хүлээн тоосоо өргөх нь албан ёсоор баталгаажаагүй байгаа ч УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, мөн Ж.Наранцацралт агсны хүү Соёмбо нарын нэрс эхний ээлжинд тодорч байна. Нэг мандаттай тойрог учраас нэг л хүн нэр дэвшинэ.
"Мон уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүүг улстөрд хөтөлж оруулсан хүн нь Женко” Х.Баттулга. МоАХ УИХ-д өрсөлдөх фракцийнхаа квотыг буулгахгүй хэмээн зүтгэвэл Б.Наранхүүд даагаа нэхэх боломж гарч ирэх ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүн гэгддэг Б.Ургамалцэцэг өрсөлдөх боломжгүй болох юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хувьд өнгөрч буй гурван жил гаруйн хугацаанд парламентад дундговьчуудыг төлөөлөн суухдаа юу бүтээсэн бэ гээд ухвал гялтайлгах зүйл багатай. Үндсэн ажлаа хийдүүлж, ажил тасалснаасаа болж "Хаа яваа болдоо” гэх тодотголыг хэвлэлийнхнээс зүүгээд амжсан нь бий.
"Алтан гадас” фракцид харьяалагддаг, зөвлөх Б.Ургамалцэцэгийн хувьд өнгөрсөн сард болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд хүчтэй өрсөлдөгч байж нэгхэн саналаар ялагдсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдаар томилогдон ажилласан ч өнгөрсөн жил дэдүүдийг чөлөөлөх үеэр ажилгүй болж байлаа. Гэхдээ төд удалгүй Ерөнхий сайдын зөвлөх болон дэвшсэн нь "Алтан гадас” фракцидаа нөлөөтэйг харуулсан томилгоо болсон юм. Хэрвээ тэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон бол намын жагсаалтад дээгүүр бичигдэх байлаа. Одоо харин нам доторх сунгаагаар гарч ирэх үү гэдэг нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийнх нь саналаас хамаарах болж байна.
Ж.Наранцацралт агсны хүү Соёмбыг дундговьчууд андахгүй ч Үндэсний зөвлөлдөх хорооноос дэмжлэг авах уу гэдэг нь эргэлзээтэй аж.
МАН
Нэгэн үе МАН-аас дээрх тойрогт нэр дэвших өрсөлдөгчид нь чихцэлдэж хоорондоо дайтахаас наахнуур болж байсан ч 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш сийрэгжжээ. Ирэх зургадугаар сарын сунгаанд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Б.Амарсанаа нэр дэвших сураг дуулдаж байна. "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан, Үйлдвэр худалдааны сайд асан Х.Наранхүү, "Улаанбаатар” төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Р.Раш нарын дэргэд бол жижиг гэх. Гэхдээ дундговьчуудад Богдхаант Монгол Улсын Сангийн хэргийг эрхлэх анхны сайд Г.Чагдаржав агсны удмын хүн гэдгээрээ нэлээд танигджээ. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, "НАБ” ХХК-ийн захирал, "Чагдаржав” сангийн тэргүүн гээд олон "гуншин” ч дагаж байна.
МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа тус намын хэсэг залуус "Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулж байлаа. Намаа шинэчлэх зорилготойгоор байгуулагдсан тус хөдөлгөөн МАН Засгийн газарт хамтрах болсноор нам жим болсон. Сонгууль угтаад амь орж болзошгүй тухай "бор шувуу” нисэх болсон нь энэ мэтчлэн зарим нөхөд нь тойрог усалж эхэлсэнтэй холбоотой байж мэдэх билээ.
Гэхдээ түүнд намд нь өрсөлдөгч гарч ирж мэдэх нь. Гадаад хэргийн дэд сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нэр дэвшиж магадгүй тухай яриа байгаа ч энэ оны эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН--ын хорооны дарга болжээ. Тиймээс Дундговьд нэр дэвшихгүй ч байж мэдэх юм байна.
Мөн энэ удаагийн сонгуулиар МАН, МАХН хоёр эвсэхгүй тусдаа оролцвол МАХН-аас Гаалийн ерөнхий газрын дарга асан О.Ганбат өрсөлдөж мэдэх юм байна.
УИХ-д сонгогдсон түшээд
1992 онд: С.Батмөнх, Н.Тогтох МАХН
1996 онд: Н.Тогтох МАХН, Ж.Отгонбаяр АХ эвсэл
2000 онд Н.Тогтох МАХН, Ж.Наранцацралт АН
2004 онд Р.Раш МАХН, Ж.Наранцацралт Эх орон ардчилал эвсэл
2008 онд Х.Наранхүү, Р.Раш МАХН
2012 онд Б.Наранхүү АН
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!