Сэлэнгийн Ардчилсан намын гишүүд С.Баярцогтыг өмөөрч бухимдав

🕔 2016/05/24 17:00

 


Сонгуулийн халуун өрсөлдөөн эхэлж буй эгзэгтэй үед эрх баригч Ардчилсан намын дарга З.Энхболд улс төрийн харалган мэдэгдэл хийсэнд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нэн харамсан бухимдаж байна.

Манай нутгийн унаган хүү, Сэлэнгэдээ төдийгүй улсдаа зартай тариаланч Сангажавын удам Баярцогтыг Сэлэнгийнхэн Монгол төрд хэрэгтэй, ирээдүйтэй түшээ хэмээн үнэлж, Ардын Их Хурлын депутатаар анхлан, дараа нь Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөнтөө сонгож, 18 жилийн туршид нийтдээ 5 удаа түүнийг элч төлөөлөгчөөрөө төрдөө илгээсэн.

Тэрээр 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын шинэчлэгч үзэл санааг тээгчдийн нэг нь байж, тухайн үедээ нэг намын дайчин туслагч, бэлтгэл хүчин гэгдэж байсан 240 мянга гаруй гишүүнтэй Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг өөрчлөн зохион байгуулалцаж, шинэ Үндсэн хуулийг батлалцан, эзэн богд Чингис хааны хөшөөг төрийн ордны өмнө залуулж, 3 парламент, 4 Засгийн газар дамжсан ч шийдүүлж чадаагүй Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцаж, ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдүүлсэн гавьяа чухамдаа С.Баярцогтод хамаарна. 

С.Баярцогт 23-хан настайдаа Монгол Улсын анхны ардчилсан парламент болон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Сангийн сайд, Байгаль орчны сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалуудыг нэр төртэй хашиж, төсөв, татвар, банк, санхүүгийн шинэтгэл хийх, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монгол төрийн бодлогод нутагшуулах, нутгийн удирдлага, засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын суурь шинжтэй өөрчлөлтүүдийг санаачлагч, хэрэгжүүлэгч нь байж төрийн зүтгэлтний хувьд ихээхэн туршлага хуримтлуулсан, үе үеийн парламентэд манлай болж ирсэн төрийн түшээ, жин дарах улс төрчийн нэг. 

Түүний төрд зүтгэсэн туршлага, орос, америк, монгол, германы нэр хүндтэй их сургуулиудад эзэмшсэн өндөр боловсрол, онож алдсан замнал нь хувь хүнийх нь төдийгүй Монголын төрийн капитал болохуйц үнэ цэнтэй гэж нутгийн бид ойлгодог. 
Энэ мэтчилэн Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил шинэчлэлтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан батлуулах, парламентат ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх, улс эх орны шинжтэй томоохон төсөл хөтөлбөрийг батлуулах, намын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэрийг бид өндөрөөр үнэлдэг. 
Гэтэл сүүлийн үед түүний талаар эх орноо худалдсан, эрлийз хурлийз гэх мэтээр цоллон, ор үндэслэлгүй гүтгэлгийн чанартай зүйлээр олон нийтийн толгойг эргүүлэх, тэдний дэмжлэгийг авах, нийгмээр нь жигшээх, нэр хүндийг нь унагах зорилгоор хэвлэл мэдээллийг хэрэгслийг ашиглах, дайрч доромжлох явдал хэрээс хэтэрч, түүнийг нь манай намын тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс дэвэргэж, өөгшүүлэх, санхүүжүүлэх явдал байгааг бид удаан харж, тэвчиж ирсэн. 
Ялангуяа энэхүү бусармаг үйлдэл нь сөрөг хүчний зүгээс бус, манай намын журмын нөхөд, фракцуудын зөрчилөөс гарч, удаа дараа увайгүй үйлдэл хийгдэж байгаад Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид бид гүнээ харамсаж байна. 
УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн энэ хариуцлагатай цаг үед өөрсдийн намын зүгээс намын лидерийг гутаан доромжлох, улмаар намын нэр хүнд, ээлжит сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөх зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад гүнээ харамсаж байна. 

Сэлэнгэ аймгийн Ардчилсан намынхан бид энэ хүнийг тугаа болгож, түүний үйл хэргийг талархан дэмжиж ирсэн төдийгүй бид өөрийн гэсэн бааз суурьтай, эв нэгдэлтэй, өдий зэрэгтэй яваа нь манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогтыг гавъяа зүтгэл гэдгийг бид хэлэх хэрэгтэй.

Сэлэнгэчүүд өнөөдрийг хүртэл С.Баярцогтыг төрд сонгон илгээсэндээ харамсаж байгаагүй. Түүний хийсэн бүтээсэн ажилтай холбоотой элдэв шүүмжлэл байдаг. Гэвч Баярцогт нэрээ хичээж бусдын ард суулгүй асуудлыг томоор харж, ажлыг урагшлуулахын төлөө хүнд хэцүү шийдвэрүүд гаргаж ирсэн учир шүүмжлэгчдийн бай болж байна гэж бид хардаг. Мэдээж түүнд алдаа дутагдал бий. Гэхдээ төрийн төлөө хар багаасаа зүтгэхдээ хийсэн бүтээсэн нь алдсанаас нь хавьгүй илүү гэж бид одоо ч итгэж байна. 
Бид үе үеийн сонгуульд хүч гарган зүтгэж, олон олон ялалт ялагдлыг амсаж ирэхдээ, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөө зүтгэж ирсэн. Энэ намыг улс орныг жолоодох хэмжээний хүч чадалтай, илтгэл үнэмшилтэй нам болгох гэж зүтгэж ирсэн. Гэтэл нам эв нэгдэлгүй, дотоод зөрчил тэмцлийнхээ уршигаар унаж, бусдын өгөөш болж ирсэн гашуун түүхийг үргэлж санах явах учиртай. 
Намын эв нэгдэл, дотоод сахилга батыг чандлан сахих үүрэгтэй намын дарга, удирдлагууд, намын удирдах дээд байгууллага өнгөрсөн хугацаанд түүнийг дайрж, доромжилж байхад нүд чихгүй мэт байхын сацуу сонгууль хаяанд тулсан энэ цаг мөчид ийнхүү зүй бус мэдэгдэл гаргаж байгаад бид эгдүүцэн хүлээн авч байна. 
Түүнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг З.Энхболд дарга та ганцаараа шийдэхгүй. Нэр дэвшүүлэх асуудлыг намын дунд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хороо, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэн олонхиороо шийддэг хууль, журамтай. Харин С.Баярцогтыг ном журмын дагуу нэр дэвшээд ирвэл сонгох уу, хариуцлага тооцох уу гэдэг нь Сэлэнгийн сонгогчид бидний мэдэх хэрэг. Тиймээс Ардчилсан намын дарга та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яаран сандран мэдэгдэл хийж, Сэлэнгийн сонгогчдын язгуур эрхэд бүү халд! 

С.Баярцогтыг их улс төрөөс шахан зайлуулах зорилготой өрсөлдөгчдийнхөө зохион байгуулалттай дайралтыг тэр зоригтой давж, ард түмнийхээ итгэлийг дахин өвөрлөн Монголын төрд цаашид ч зүтгэнэ гэдэгт журмын нөхөд бид итгэлтэй байна. 
Хэдхэн хоногийн дараа хувь заяагаа шийдүүлэх сонгуулийн хариуцлагатай энэ цаг үед хувийн өчүүхэн жижиг эрх ашгаа хойш нь тавьж, улс эх орон, нам эвслийнхээ тогтвортой, эв нэгдлийг хангах талаар анхаарч ажиллахыг бид шаардаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮД

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!