Дундговь аймагт бэлчээрт илэрсэн хар өт таана иддэг нь ажиглагджээ

🕔 2016/06/28 01:15

 


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт үл мэдэгдэх хар өт олноор гарч ирэх болсон тухай мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар өт цөөрөөгүй, хэвээр байгаа бөгөөд хэрхэн устгах талаар аргазүйн зөвлөмж өгөхийг хүсч аймгийн ХХАА-н газарт албан бичиг хүргүүлээд байгааг сумын газрын даамал Э. Ууганцэцэг хэллээ.

"Бид үлийн цагаан оготно устгадаг утагчаар утаж үзэхэд өт ажрахгүй байсан тул багахаан хэсэгт бензин шүршиж үзэхэд амархан устаж байсан. Гэхдээ энэ бол байгальд хортой учраас мэдээж хэрэглэж болохгүй арга тул ХХАА- н газраас зөвлөмж ирэхийг хүлээж байна”  гэлээ.


Уг өтийг Ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэх гэж байгаа талаар ХХАА-н газраас мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар шинжлүүлж чадаагүй байгааг ХХАА-н мал аж ахуйн хэлтсийн дарга Т.Мөнхбат хэлсэн юм. Учир нь өтийг шинжилгээнд амьдаар нь явуулах ёстой байжээ.

Бэлчээрт олноор гарч ирсэн өт хамгийн томдоо нэг сантиметр орчим урт бөгөөд шим шүүслэг таана иддэг нь ажиглагдсан байна. Энэ өтийг аргалын хорхойны авгалдайнаас үүсэлтэй байх гэж малчид таамаглаж байгаа бөгөөд 4 жилийн өмнө  хэсэг газар ийм өт гарч ирж байсан ажээ. Гэхдээ энэ удаад маш олноор гарч ирсэн нь малчдад таагүй байдлыг үүсгэсэн байна.


Одоогоор Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн нутагт ойролцоогоор 1300 орчим га талбайд хар өт их хэмжээгээр үүрлээд байгаа бөгөөд бусад багийн нутагт ч мэр сэр гараад байгаа талаар Э. Ууганцэцэг мэдээлсэн юм.

Т. Отгонтуяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!