Малчдын гарт НҮБ-ын тусламж хүрч эхэлжээ

🕔 2016/05/23 18:47

 
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын тусламж малчдын гарт хүрч байна. НҮБ-ын онцгой байдлын үеийн тусламжийн нэгдсэн сан /CERF/-гаас 2.4 сая ам доллар  зарцуулан өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй тулгарсан малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа бөгөөд энэ тусламжийг Дундговь аймгийн 6 сумын 363 малчин өрх хүлээн авах юм. Тусламж түрүүчээсээ малчдын гарт хүрч эхэлжээ.

Тусламжид 100-аас доош малтай малчин өрх хамрагдаж байгаа бөгөөд өрх бүрт хүнс, мөн жирэмсэн эх болон бага насны хүүхдэд зориулсан амин дэм, бичил тэжээл, эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцууд очиж байна. Мөн ядарч доройтсон малын дархлааг дэмжиж, бодисын солилцоог эрчимжүүлэх тос, уураг, аминдэм, эрдэс бодис бүхий нэмэлт бүтээгдэхүүний багц, малыг гэрийн нөхцөлд сувилж тэнхрүүлэх зөвлөмж багтсан байна.

Тусламжийг Улаанбаатараас Адаацаг, Өндөршил, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Баянжаргалан, Гурвансайхан сумын төвд хүргээд байгаа бөгөөд сумын ЗДТГ тусламжийн багцуудыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан малчин өрхдөө хүргэх юм. Тусламжийг нэг өрхөд хүргэх зардлыг 10 ам.доллараар тооцон тусламж хүргэгч байгууллагаас санхүүжүүлэх бөгөөд сумын Засаг дарга нар тусламж хүргэсэн тухайгаа аймгийн Онцгой байдлын газарт тайлагнах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!