Н.Батбаяр: Н.Алтанхуяг Алтантуяа гэдэг нэрээ солиод намын дарга, ЕС болсон
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Төсвийн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Уг хуулийн төслийн гол өөрчлөлт нь өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр сольж байгаа юм. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Сүүлийн үед өрийн асуудлаар улстөржих болж цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтийн дунд Засгийн газар, улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулсан” хэмээв .
Мөн тэрбээр үг сольсноор ямар ач холбогдолтойг тодруулсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын асуултад "Танай намын чинь нэр МАХН байсан байхаа. Хувьсгалт гэдэг үгийг хасч, өөрчилсөн. Ингэж өөрчилснөөр танай намд ямар өөрчлөлт ирлээ.
Үг гэдэг бол цаанаа утга учиртай. Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэж ярьдаг. Энэ бол манжийн үед гарсан хэллэг. Бид
манжаас салаад 100 гаруй жил болж байгаа ч энэ ойлголтоо засахгүй яваад
байгаа нь манжаас оюун санааны хувьд салаагүйн илэрхийлэл.
Тусгаар тогтносон улсын хувьд энэ ойлголтоос салж бид зөв ярьж зөв ухаарах ёстой.
Өнгөц харахад хоёр үгийг сольж байгаа мэт боловч цаад утгаараа Монголчуудын оюун санаанд өр гэдэг үг дааж давшгүй төлбөр гэдэг утгаар очсон байгаа. Хуульд бол бусдаас авсан хугацаатай өглөг, хугацаандаа байх юм бол хэвийн гэж ойлгогдоно.
Зах зээлийн нийгэм бол иргэддээ зээл өгч, ажлын байртай болгож орон сууц, машин авах бололцоог бий болгодог. Тухайн хүний төлбөрийн чадварт тохируулаад бага багаар төлөх зохицуулалт хийдэг. Тэгэхээр зээлтэй хүн болгоныг өрөнд баригдсан гэж ойлгож болох уу.
Хүн нэрээ хүртэл сольж болдог. Тухайлбал, Н.Алтанхуяг 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Энэ хувь заяаны асуудал 1980-аад онд шийдэгдсэн гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүн Алтантуяа нэрээ сольсон учраас намын дарга, Ерөнхий сайд болсон. Үгийн зөрүү асар учиртай шүү” гэсэн юм.
Харин үүний хариуд Ч.Хүрэлбаатар гишүүн "Өрийг өглөг гэж солиод улс орон, эдийн засагчдаар даажигнаж байгаа юм уу. Тэнэглэлд хязгаар байх ёстой. Байж болох бүх хязгаарын цаана гараад явчихлаа. Эдийн засаг өөрөө онолтой зарчимтай, түүгээрээ хөгждөг болохоос тэнгэрээс харж хэдэн нэр томьёо сольсноор өрнөөс салчихгүй. Үүний оронд Н.Батбаяр минь чи өөрийнхөө нэрийг Бонд гэж соливол яасан юм бэ” гэлээ.