НИТХ-д нэр дэвшиж буй ОЛНЫ ТАНИЛ эрхмүүд

🕔 2016/05/21 18:09
Гэрэл зургийг Б.Баяр

Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 9 намын 238 нэр дэвшигч Нийслэлийн сонгуулийн хороонд хуулийн дагуу бүртгүүллээ. НИТХ-ын сонгууль 45 тойрог, 45 мандаттай, 152 хороог хамарна. Ингээд 238 нэр дэвшигчээс улс төр, бизнес, эрүүл мэндийн салбарын олны танил эрхмүүдийг онцолж байна.



Замын цагдаагийн газрын ОНХА-ны дарга асан, хурандаа С.Энхтөр

 
Гэрэл зургийг enkhtur.sambuu фэйсбүүк хуудасаас авав

С.Энхтөр хурандааг танихгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Байнга л телевизээр гарч замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол, анхааруулга гээд замын цагдаатай холбоотой бүх мэдээлэлд хариулт өгдөг байсан.

Тэрбээр Иргэний Хөдөлгөөний Намаас Баянзүрх дүүргийн 9-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. 6, 15, 18, 25 хороо тус тойрогт хамарна.


"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Д.Энхсайхан

 

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 23-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.

Тус тойрогт 16, 17, 23, 29 хорооны иргэд саналаа өгөх учиртай. Мандатын тоо 1. 

Нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олноос шалтгаалдаг. 


Сайхансамбуугийн ЭРДЭНЭТУУЛ

"Нарантуул" ОУХТ-ийн "босс", УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 14-р тойрогт нэр дэвшихээр шийджээ.

14-р тойрогт Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28 хорооны иргэд хамрагдана. С.Эрдэнэтуул Оксфордийн Их сургуулийг төгссөн боловсролтой нэгэн. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

 

Хан-Уул дүүргийн 36-р тойрогт Ардчилсан Намаас Э.Бат-Үүл дарга НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн байна. Энэ тойрогт Хан-Уул дүүргийн 12, 14, 16 хороо хамрагдаж байгаа.

Э.Бат-Үүл даргын хувьд 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2004-2008, 1996-2000 онуудад УИХ-ын гишүүн, 1990-1992 Монголын Ардчилсан Намын даргын албыг хашиж байсан. "Монгол Улсын Баатар” цолтой.


"M.A.D Mongolia" компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал Ц.Уянга

 

Олон нийтийн сүлжээнд "Элийрэгч" нэрээрээ алдаршсан Хотын өв соёлыг дээдлэгч, Дөчин мянгатын уугуул Цоггэрэлийн Уянга.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэж яваа энэ бүсгүй Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшихээр бүртгүүлжээ. 

25-р тойрогт Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4 хорооны иргэд саналаа өгнө. Ц.Уянга манай сайтын "Өглөөний хүн" ярилцлагын буланд уригдаж байсан.


Монгол Айдия ХХК-ийн захирал М.Халиунбат 

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголд 700 мянган хүн юу хийдэг нь мэдэгдэхгүй амьдарч байна" хэмээн 2016 оны МЭЗЧ-ны индрээс илтгэл тавьж байсан энэ эрхэм НИТХ-ын сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүргийн 23-р тойрогт өрсөлдөхөөр шийджээ.

Сонгинохайрхан дүүргийн 23-р тойрогт 16, 17, 23, 29-р хорооны иргэд хамрагдана. 

М.Халиунбатыг "Петровис” компанийн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүргэн гэдгийг ихэнх хүн мэднэ.


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.БАТТУЛГА

 

Д.Баттулга нь Ардчилсан Намын гишүүн. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт нэр дэвшиж байна. 1, 2, 3, 4 хорооны иргэд энэ тойрогт хамрагдана.

"Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ" ХК-ийн даргаар хэсэг хугацаанд ажилласны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон.

2012 онд болсон орон нутгийн сонгуулиар НИТХ-д ялалт байгуулж, НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.


Их жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа

 

Их жанжин Д.Сүхбаатарын гурав дахь үеийн гуч  охин Д.Сүхжаргалмаа Сүхбаатар дүүргийн 26-р тойргоос нэр дэвшихээр бүртгүүлжээ.

Тэрбээр Иргэний Хөдөлгөөний Намын гишүүн. Түүний аав Монголын ууган дипломатч Г.Дүгэрсүрэн гуайг танихгүй хүн ховор бизээ.

26-р тойрог Сүхбаатар дүүргийн 5, 6, 9 хороонд хуваарилагдсан.


Суман гүний Б.Сүхбаатар

Б.Сүхбаатар Баянзүрх дүүргийн 11-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Тэрбээр Монгол Ардын Намаас тус тойрогт өрсөлдөхөөр шийджээ.

Б.Сүхбаатараар овоглодог "Суман гүн Трейд" ХХК хэрэглэгчдэд хэвийн боов болон бусад төрлийн гурилан бүтээгдэхүүнээрээ танил болсон.

Баянзүрх дүүргийн 11-р тойрогт 16, 19 хорооны иргэд саналаа өгнө.


Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан тус дүүргийн 27-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшихээр бүртгүүлжээ.

27-р тойрог тус дүүргийн 7, 8, 10-р хороонд хуваарилагдсан.

Өнгөрсөн онд Д.Бадарсан дарга хагас жилд авдаг урамшууллаа Төв цэвэрлэх байгууламжийг засах, шинэчлэхэд зориулах хандивлах уриалга гаргаж бусдад үлгэр жишээ үзүүлж байсан билээ. Тэрбээр 1977 онд төрсөн "залуухан" удирдагч юм.


Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу

 

С.Шаарийбуу Иргэний Хөдөлгөөний Намаас Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлжээ. 29-р тойрогт Хан-уул дүүргийн 14, 15, 16 хороо хамрагдана.

Түүний охин Малайзад харамсалтайгаар амиа алдаад 10-аад жил болох гэж байна. 

Харь оронд охиноо алдсан эцэг хүн хэргийг илрүүлж өгөхийг хүсч хөлөө хүрэх газар явсан ч энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.


Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа

 

Ж.Амарсанаа Баянзүрх дүүргийн 11-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа. Тус дүүргийн 16, 19-р хорооныхон 11-р тойрогт хамрагдана.

Түүний ажлын туршлагаас дурдвал 2012 онд Эрүүл мэндийн дэд сайд байсан. Хаппи Веритас Элэгний Төв Лаборатори-д ерөнхий захирлын албыг хашдаг.


"Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар

 
"Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар

Х.Хатанбаатар Монгол Ардын Намаас Сүхбаатар дүүргийн 26-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлсэн. 26-р тойрогт 5, 6, 9-р хорооны иргэд саналаа өгнө.

Монголын Оюун Ухааны Академи 2010 оны 9-р сард үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Оюуны спортын зарим төрлүүдээр дэлхийн аваргыг төрүүлэн гаргах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэрбээр оюуны спортынхоо хажуугаар улс төрд хүч үзэхээр шийджээ.

Нэр дэвшигчид ирэх зургаадугаар сарын 7-нд сонгуульд оролцох батламжаа гардаж авна. НИТХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-ний Лхагва гарагт УИХ-ын сонгуультай зэрэг явагдах юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!