УИХ АТГ-ын даргыг томилохгүй боллоо

🕔 2016/05/21 22:42

 

УИХ АТГ-ын даргыг томилохгүй боллоо

 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан саналыг үндэслэн хаврын чуулганыг тавдугаар сарын 27-нд хаахаар болжээ. Одоогоор УИХ-ын даргын захирамж гараагүй байна.

Хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээж, долоодугаар сарын 1-нд завсарлуулдаг ч өнөө жил УИХ-ын сонгууль болох учраас нэг сарын өмнө хаах боллоо. УИХ-ын сонгуультай жил санал хураалт болохоос 30 хоногийн өмнө УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахаар заасан байдаг тул энэ дэгийг барьж буй аж.

Хуульд зааснаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч тээг тавьсаар эцэстээ хаврын чуулганыг хаах болж байна.

Гэвч бүрэн эрхийнх нь хугацаа хэзээ мөдгүй дуусах дөхөж байгаа З.Энхболдын танхим Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг томилохгүйгээр чуулганаа хаахаар шийджээ. Шинэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад дээрх асуудлыг багтаагаагүй байгаа юм. Арав гаруй хоногийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, хойшлуулсан. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Бүлгээр асуудлыг ярих шаардлага байна” гэж тайлбарласан ч тус бүлэг хуралдаагүй билээ.  

Хуульд зааснаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч тээг тавьсаар эцэстээ хаврын чуулганыг хаах болж байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар уг томилгоог УИХ өргөн мэдүүлснээс нь долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч хугацааг нь хэтрүүлээд зогсохгүй дараагийн парламент руу асуудлыг шилжүүлэх боллоо.

Гэтэл АТГ удирдлагагүй сар гаруй болж байгаа юм. УИХ-аас тус газрын дарга асан, комиссар Н.Ганболдыг дөрөвдүгээр сарын 14-нд чөлөөлсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон хурандаа Х.Энхжаргалыг Ардчилсан намынхан хүлээн авахгүй байгаа шалтгааныг хэвлэлүүд "Ардчилсан намын дарга З.Энхболд өөрийн хүнээ АТГ-ын даргад тавихын тулд Х.Энхжаргалыг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн бичсэний зэрэгцээ Х.Энхжаргал нь МАН-ын дарга М.Энхболдтой ойр тул Ардчилсан намынхан луу унжиж байна” гэж тодотгосон нь ч бий.

Ийм хүлээлтэд шилжсэн томилгоо буцдаг гэдгийн том жишээг Эрүүл мэнд, спортын сайдаас харж болно. Засгийн газрын зүгээс анх Эрүүл мэнд спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй хойш тавьсаар арайхийн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэхэд дэмжлэг авч чадалгүй бүдэрч, эцэст нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэрийг нь татан авсан.

Бүтэн таван сар гаруйн хугацаанд эрүүл мэндийн салбарыг эзэнгүй байлгаж, өчигдөр УИХ-аас Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг сайдаар томиллоо. Тэрбээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохын өмнө УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Одоо дээрх суларсан суудлыг дагуулаад Засгийн газар Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох бас нэгэн "зодоонтой” учрах болж байгаа бол УИХ харин АТГ-ын даргын томилгоог хойш тавьж, Төсвийн байнгын хорооны даргыг чөлөөлж, шинэ дарга томилсноор хаалтаа хийх нь.

 Г.ОЮУ

news.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!