Дундговь аймаг дахь МСҮТ "Политехник коллеж" болон өргөжлөө
Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж болох шалгуурыг 2022 оноос Политехник коллеж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Политехник коллеж 2 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон МХГ, БШУГ, ХХҮГ, ХХААГ-ын удирдлага, тус сургуулийн багш ажилчид, оюутнууд оролцжээ.
Тус сургууль говийн бүсэд барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1974 онд байгуулагдаж, 48 жилийн түүхэн хугацаанд барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт 12000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэжээ.
2021-2022 оны хичээлийн жилд 507 суралцагч, 72 багш, ажилтантай, 17 мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, нийгмийн түншлэлийн хүрээнд төр, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр, Олон улсын байгууллага 60 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Ирэх оны хичээлийн жилээс "Барилга угсралтын техникч” /CT 3112-16/”, "Малын бага эмч” /AH 3240-17/”, "Зоотехникч” /AH 3240-16/” мэргэжлээр техникийн боловсрол олгох, цаашдаа ХАА, барилгын салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай, зөв хандлага төлөвшилтэй ажилтан бэлтгэхээр зорьж байгаа юм.
Нээлтийн ёслолын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өргөжин цар хүрээгээ тэлж буй Политехникийн коллежийн хамт олонд баяр хүргэж, хөдөө аж ахуйд суурилсан Дундговь аймгийн хувьд Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран мэргэжлийн зөвлөл байгуулж, ХАА, барилгын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа нь энэ салбарт төдийгүй, аймгийн хэмжээнд дутагдаж байгаа боловсон хүчнийг бүрдүүлэх, хүний нөөцийг хангахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр тус коллежийн нийгмийн ажилтан С.Нандинтуяаг "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, багш Ц.Дашгаравыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух бичиг”-ээр, ахлах ажилтан А.Энхбатыг, багш Э.Батсайханыг аймгийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр тус тус шагнажээ.