Ойрын гурван жилд шинээр нийт 350 ажлын байр гарах судалгаа гарчээ

🕔 2018/11/12 13:23

 

 

Ойрын гурван жилд шинээр нийт 350 ажлын байр гарах судалгаа гарчээ

 

Дундговь аймгийн хэмжээнд ажил олгогчдын дийлэнхийг эзэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд ойрын 3 жилдээ нийт 350 ажлын байранд шинээр ажилтан авах бөгөөд 2018 онд бөөний болон жижиглэн худалдааны салбарт 45, зочид буудал байр, нийтийн хоолны салбарт 45, уул уурхайн салбарт 36 ажлын байр бий болох хандлага байгаа юм байна.

Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид гээд ажлын байр бий болгодог хүмүүсийн хувьд ч мөн цаашид ажилтнууд авах боломж байгаа ажээ. Харин ажил олгогчдын зүгээс ажилтнуудын тавьдаг гол шалгуур нь ажилд хариуцлагатай хандах, ажлын ачаалал даах чадварыг харгалздаг байна. Судалгааны дүнгээс харахад ирээдүйд ажилгүйдлийг бууруулахад хөдөлмөрийн зах зээл хангалттай биш байгаа хэдий ч орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглах, бий болох боломжтой ажлын байранд тохирсон мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тал дээр боловсролын байгууллагууд, аймгийн ЗДТГ дэмжин хамтран ажиллах хэрэгцээтэй байгаа ажээ. Статистикийн түүвэр судалгааны тархалтаар аймгийн хэмжээнд ажилгүй иргэн 1696, харин өнөөдрийн байдлаар суралцаж, төгсөөд орон нутагтаа суралцах хүсэлтэй оюутан 634 байна. 2018- 2022 онд төгсөх оюутнууд нь 134 мэргэжлээр суралцдаг. Төгсөөд орон нутагтаа ирж ажиллах хүсэлтэй оюутнуудын мэргэжил 91 байна.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санаачилгад тулгуурлан Засаг даргын А/184 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулж, тус аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлсон судалгаагаар дээрх дүн гарчээ. 

Судалгааны ажлыг Европын холбооны "Техник мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих төсөл-2”, МСҮТ-ийн Говийн бүсийн арга зүйн төв дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна. Хөдөлмөрийн зах зээлд нэг талаас ажил олгогчид, нөгөө талаас боловсон хүчин хүний нөөц, тэдний уулзах боломжийг тодорхойлох нь чухал юм. Судалгаанд нийт 352 ажил олгогч, 436 хувиараа хөдөлмөр эрхлэгч, 711 малчин өрх, 2060 ажилгүй иргэн, 581 ажиллаж буй залуучууд, МСҮТ-ийн 362 суралцагчид хамрагджээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!