Япончууд өөрийн хүслээр усанд хаясан чулуу мэт алга болох нь нэмэгджээ

🕔 2022/01/08 17:02

Япончууд өөрийн хүслээр усанд хаясан чулуу мэт алга болох нь нэмэгджээ

 

Өөрсдийн хүсэлтээр ор сураггүй болдог хүмүүс байдаг. Тэгвэл Японд ийм үзэгдэл түгээмэл болсон бөгөөд ингэдэг хүмүүсийг "жохацү" гэж нэрлэдэг аж. Их хэмжээний зээл, аз жаргалгүй гэрлэлт зэрэг шалтгаанаас болоод хүмүүс ор сураггүй алга болох нь тийм ч ховор тохиолдол биш. 

Гэхдээ Японы соёлын тодорхой өвөрмөц хүчин зүйлүүдээс болоод "оргох"-ыг илүүд үзэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Азийн орнуудад маш ховор тохиолддог гэр бүл салалт, эсвэл гэр бүлээ өрөнд оруулах, тэр ч байтугай ажлаасаа халагдах зэрэг нь маш ичгүүртэй зүйлд тооцогддог бөгөөд дээрх зүйлсийг туулсан хүмүүс үлдсэн амьдралаа гутамшиг дунд өнгөрөөх нь бий.

Тийм учраас олон япончууд ичгүүртэй амьдрахын оронд "жохацү" хийх эсвэл бүр амиа хорлохоор шийддэг аж. Жохацү гэдгийг орчуулбал амьдралаасаа "ууршиж алга болох" гэсэн утгыг илэрхийлнэ. 

 

 

Японы социологч Хироки Накамори улсдаа олон жилийн турш "жохацү" үзэгдлийн талаар судалгаа хийж байгаа.  Энэхүү нэр томьёог 60-аад оноос хойш хэрэглэж эхэлсэн болохыг тэрээр ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэр үед хүмүүс шившигтэй зүйл хийснийхээ дараа сураггүй болох нь өөрт болоод гэр бүлийн гишүүдэд нь илүү амар байсан аж.

"Японд сураггүй болох нь илүү хялбар байдаг. Хэн нэгэнд хорлогдсон эсвэл осолд орсон мэт ул мөр үлдээгээд алга болчихвол цагдаа нар тухайн хүнийг хайгаад сүйд болохгүй. Гэр бүлийнхэн нь харин үнэтэй хувийн мөрдөгч хөлслөх эсвэл тухайн хүнийг эргэн гарч ирэхийг хүлээхээс өөр сонголт байдаггүй." гэж Накамори хэлэв.

 

 

Японд хувийн нууцыг маш сайн хамгаалдаг учраас жохацү болохоор шийдсэн хүмүүс илчлэгдэх вий гэж санаа зоволгүйгээр өөр амьдрал зохиож чаддаг аж. Ноцтой хэрэгт холбогдоогүй л бол тэднийг хяналтын камер эсвэл зээлийн картаар нь дамжуулж илрүүлнэ гэсэн асуудал байхгүй.

Жохацү болсон 22 настай нэгэн залуугийн ээж нь "Тухайн хүний мэдээллийг буруугаар ашиглах эсвэл хууль бусаар тандаж магадгүй гэсэн үүднээс хувийн нууцлалыг нь ингэж хуулиар хамгаалдаг болохыг би ойлгож байна. Гэхдээ сураггүй болсон хүүхдээ хайх эрх надад байхгүй юм гэж үү? Одоо байгаа хуулийн дагуу хувийн мөрдөгч хөлслөх хэмжээний их мөнгөгүй бол хүүгийнхээ цогцосыг олдохыг л хүлээх хэрэгтэй болж байна" гэж ярьжээ.

 

 

Японд жохацүгийн үзэгдэл маш өргөн тархсан тул хүмүүсийг алга болгох чиглэлээр мэргэшсэн компаниуд хүртэл гарч иржээ. "Шөнөөр нүүлгэх" гэх үйлчилгээ үзүүлдэг эдгээр компаниуд хүмүүст жохацү болоход нь тусладаг бөгөөд тохирсон төлөвлөгөө гаргаж өгөөд зогсохгүй түр нуугдах байраар хүртэл хангадаг байна. 

Ийм нэг компанийн эзний ярьснаар тухайн хүн хэр их эд хогшил өөртэйгөө авч явахыг хүссэн, хэр хол очиж нуугдахыг хүсч байгаагаас хамааран 50,000 иен (450 ам.доллар)-аас эхлээд 300,000 иен (2,600 ам.доллар)-ын хооронд үйлчилгээний зардал нь хэлбэлздэг ажээ.

Ийм үйлчилгээ авч чадахгүй хүмүүст зориулсан жохацүг өөрөө хийх гарын авалга хүртэл байдаг аж. 

 

 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!