Дундговь аймагт 4 сумын зургаан хүн энджээ

🕔 2021/03/15 14:04

 

 

 

Дундговь аймагт 4 сумын зургаан хүн энджээ

 

 

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Дундговь аймагт нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авчээ. Аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, оройн 23.00 цагийн байдлаар 99 хүнийг олсон байна.

Нөхцөл байдлын талаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга М.Адъяабаатараас тодруулахад "Одоогийн байдлаар /2021.03.15/ 00.30 цагт хүчтэй цасан болон шороон шуурганд малд яваад сураггүй болсон гэх 380 дуудлага хүлээн авч, 199 хүнийг оллоо. Хүн сураггүй болсон гэх дуудлага нэмж ирсээр байна” гэв.  Тус аймгийн зарим сумдад 40 м/секунд хүртэл хүчтэй салхилж,  шуурчээ.

Харин Өмнөговь аймагт малдаа яваад сураггүй болсон 30 орчим хүнийг эрэн хайж байна. Тодруулбал, тус аймгийн Цогтцэций суманд 18 дуудлага долоон чиглэлээс ирсэн, 14 автомашинтай 39 хүн эрлийн багт гарч, хоёр дуудлагыг олж бусдыг эрэн хайж байгаа талаар мэдээлжээ.

Мөн Баян-Овоод долоон дуудлага хоёр багаас иржээ. Эрлийн багт дөрвөн автомашинтай 11 хүн гарсан бол Ханбогд дөрвөн чиглэлд дөрвөн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу 12 автомашинаар 40 хүн эрлийн багт ажиллан хоёр дуудлагыг олжээ. Мандал-Овоо, Сэврэй сумын гурван дуудлага олдсон байна. Цогт-Овоо 11 дуудлага ирснээс найм нь эсэн мэнд олджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2021.03.15/ сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг оруулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

"Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дөрвөн сумын зургаан хүн нас баржээ. Энэ хүмүүсийнхээ ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Аймгийн Шуурхай штаб, Онцгой байдлын газрын алба хаагчид 24 цагаар ажиллаж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 345 дуудлага ирсний 455 нь хүн сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу 223 алба хаагч, 74 техник хэрэгсэл, ар гэрийнхний 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 46 техник хэрэгсэлтэйгээр өчигдрийн 19.00 цагаас эрэн хайж байна. Одоогийн байдлаар 17 хүнийг эрэн хайж байна.

Тус аймгийн Цаг уурын байгууллагаас мэдээлэхдээ "Мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд цаг тухайд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Гуравдугаар сарын 14-нд 15.15 цагт Эрдэнэдалай сумаас эхлэн маш хүчтэй салхи салхилж, 34 м/секунд хүрлээ. Говь-Угтаал, Сайхан-Овоо, Сайнцагаан, Гурвансайхан, Баянжаргалан сумдаар 28 м/секунд, бусад сумдаар 16 м/секунд хүрч салхилсан бол түр зуур 34-40 м/секунд хүрсэн. Шороон шуурга нийт нутгаар шуурч, таг харанхуй болсон. Өглөөний 08.46-15.09 цаг хүртэл үргэлжилж, сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй бүх нутгийг хамарсан гамшигт үзэгдэл боллоо. Өмнө нь Эрдэнэдалай сумдад 2004, 2006, 2007 онуудад 40 м/секунд хүрч, шуурч байсан гэв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд 460 иргэн сураггүй алга болж, одоо 17 иргэнийг эрэн хайж, бусдыг нь эсэн мэнд олсон байна. Харамсалтайгаар зургаан иргэн амь насаа алдсан. Эрэн хайх ажиллагаанд нийт 337 иргэн, 126 техник хэрэгсэл, ар гэрийнхэн хүч нэмэгдүүлэн ажилласан. Тухайн өдрийн 13.00-18.00 цаг хүртэл эрэн хайх ажиллагаа зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Аймгийн хэмжээнд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 21 гэр нурж, 20 хашаа, таван байшингийн дээвэр нурсан гэх мэдээлэл ирлээ. Энэ сарын 17, 18-нд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл болох мэдээлэл ирсэн.

Дэлгэрцогт суманд 80 гаруй настай нэг иргэн, Өндөршил суманд хоёр иргэн, сумын төв дээр нэг иргэн, Баянжаргалан суманд хоёр иргэний нэг нь 40 гаруй настай, Улаанбаатар хотоос гэрийнхэн дээрээ ирсэн хүн байсан. Одоогийн байдлаар амь насаа алдсан зургаан иргэн байна. Бас Хөөтийн уурхай дээр нэг иргэний дуудлага ирсэн. Энэ мэдээлэл хараахан баталгаажаагүй байна.

Мөн өдрийн 13.30 минутад тог тасарсан. Луус суманд байрлах 35 кв агаарын шугамд тасалдсанаас болж, Хулд, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Луус болон Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум зэрэг долоон сумын тог хязгаарлагдсан. Шөнийн 02.50 цагт засвар хийж, холбосон. Цахилгаан түгээх байгууллагын ажилчид 17.00 цагийн үед засвар үйлчилгээг хийсэн. Мөн гурван сум, нэг уурхайн цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан. Адаацаг сумын цахилгаан дамжуулах шугамыг засварлаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!