"Нийтийн халуун ус"-ны бизнес ашигтай юу?

🕔 2020/03/20 13:12

Дундговь аймгийн Сайнцагаан сумын наймдугаар багийн иргэн Отгоны Алтангэрэл 2014 оноос "халуун ус”-ны бизнес эрхэлж байна. Тэрээр тухайн үед ашиглагдахгүй байсан багийн төвийн байрыг засварлан гэр бүлийнхээ хамтаар энэхүү үйлчилгээг эхлүүлжээ. Тус халуун ус нь гэр хорооллын дунд байрладаг бөгөөд түүний үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, тохь тухтай байдалд иргэдийн сэтгэл ханамж өндөр байдаг юм. "Халуун усны бизнес ашигтай юу?” гэсэн асуултад тэрээр хариулахдаа "Хэрэв халуун усны үнийг чөлөөлчихөөд, бид өртгөө тооцоод тодорхой хэмжээний ашгаа нэмээд үйлчилгээний хөлсөө авдаг болчихвол энэ бизнес ашигтай байх боломжтой” гэлээ.

"Халуун ус”-ны үйлчилгээний тарифыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1600 төгрөг байхаар тогтоожээ. Тиймээс аймгийн хэмжээнд бүх "Халуун ус” энэхүү үнэ тарифыг мөрддөг бөгөөд хувийн "Халуун ус”-ны үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчид дөнгөж л өртгөө нөхөж, амь зогоох байдалтай байна. Аймгийн төвд Дундговь-Ус ОНӨҮГ болон хувийн халуун усны үйлчилгээ үзүүлдэг таван ч газар байна. Зарим нь өвлийн улиралд үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй учраас зөвхөн дулааны улиралд ажиллаж байна.

Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болохоор танай "Халуун ус” бизнесийн ямар тактикаар ажиллаж байна вэ? хэмээн асуухад О.Алтангэрэл "Нэгэнт үйлчилгээний хөлсөө нэмэх боломжгүй учраас манайх зардлаа л бууруулахад анхаарч ажилладаг. Усаа тогоор биш, галлаж халаах, усны алдагдлаа бууруулах гэх мэтээр л ажиллаж байна. Хэрэв тэгэхгүй бол манайх ч бас үүд хаалгаа хаахад хүрнэ шүү дээ, нэг хүний үйлчилгээний хөлсөнд авч байгаа 1600 төгрөг гэдэг маань үндсэндээ өөрийн өртгөөс нэг их илүү гарах зүйл байдаггүй. Манай аймаг шиг ийм бага үнээр үйлчилдэг аймаг байдаггүй юм байна лээ” гэсэн юм.

О.Алтангэрэл анх халуун усны хоёр өрөөг тохижуулж, дараа нь өрөөний тоогоо нэмэгдүүлснээр одоо есөн өрөөтэй болсон. Гэр хорооллын дунд байрладаг учраас анх цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй байсан бол одоо дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, нэг хүнийг цалинжуулан ажиллуулж байгаа ажээ. Дундговь-Ус ОНӨҮГ-аас халуун усны ашиг, орлогын талаар тодруулахад "алдагдалтай ажилладаг” гэсэн юм. Тус байгууллагын хувьд нэг үйлчлүүлэгчийн хэрэглэх усны хэмжээг хязгаарладаггүй, хэд хэдэн хүнийг цалинжуулан ажиллуулдаг учраас зардал нь өндөр гарч, алдагдалтай ажилладаг байна.

Зах зээлд бизнес эрхлэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өөрийн өртгийг тооцож, хэрэглэгчдийн төлөхөд бэлэн байгаа үнэтэй харьцуулан ашгаа нэмсэнээр борлуулах үнээ тогтоодог. Харин "нийтийн халуун ус”-ны энэ бизнесийн хувьд Дундговь аймагт эсрэгээрээ байна.

Тиймээс аймгийн ИТХ "халуун ус”-ны үйлчилгээний үнэ тарифыг чөлөөлөх эсвэл шийдвэрээ эргэн харж, үйлчилгээний өөрийн өртгийг нь тооцож үзсэний үндсэн дээр үнэ тарифыг нь бодитойгоор, үндэслэлтэй тогтоох шаардлагатай юм. Тэгэхгүй бол зарим хувийн халуун усны газрууд зардлаа нөхөж чадахгүйд хүрч хаалгаа барьж мэдэх юм. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!