Ж.Батбилэг: Малын чанар, үүлдэр, угсааг сайжруулснаар малчдын олох орлого нэмэгдэнэ

🕔 2021/12/27 16:28

 

 

Ж.Батбилэг: Малын чанар, үүлдэр, угсааг сайжруулснаар малчдын олох орлого нэмэгдэнэ

 

Дундговь аймгийн Мал үржлийн тасгаас малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр хэд хэдэн сонирхолтой ажил хийж хэрэгжүүлжээ. Энэ тухай тодруулахаар ХХААГ-ын Мал үржлийн тасгийн дарга Ж.Батбилэгтэй ярилцлаа.

-Аймгийн Мал үржлийн тасгаас 2021 онд малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр хэд хэдэн туршилт хийсэн нь ихээхэн сонирхол татлаа. Ямар ямар туршилт хийсэн тухайгаа манай уншигчдад танилцуулна уу?

-2021 он нэлээд онцлог жил байлаа. Хэдийгээр цар тахалтай, 6 сар хүртэл хорио цээрийн дэглэмд байсан ч гэсэн манай алба төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд хийж гүйцэтгэхийг хичээн ажилласан.

Энэ жил Сайнцагаан сумын Далай багийн 3 өрхийн 400 хонинд мах, ноос, өөхний чиглэлийн Сайнцагаан омгийн хуц болон түргэн өсөлттөй махны чиглэлийн суффлок үүлдрийн хуцны үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн.

Малын удмын сангийн үндэсний төвд "Сайнцагаан” омгийн 3, нутгийн монгол 3 хуцыг хүргүүлэн 1236 тун үрийг авч хадгалуулсан байгаа.

Мөн нутгийн монгол үхэрт өндөр ашиг шимт Сэлэнгэ үүлдрийн гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийж туршсан. 3 өрхийн 17-н үхэрт хийсэн.

Орон нутгийн ард иргэдийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс нутгийн "ТУЛМАН ХӨХТ” ямааны суурийг бий болгон Альфин-Уулын бор, Альфин-Өлгийн улааны хээлтүүлэгчээр хээлтүүлэх туршилтын ажлыг бас эхлүүлээд байна.

-Өмнө нь малын үүлдэр угсааг сайжруулахын тулд сайн үүлдрийн хээлтүүлэгч авчирч байснаас зохиомлоор хээлтүүлж байсан тухай тэр бүр сонсож байсангүй. Өмнө нь ийм туршилтыг манай аймагт хийж байсан уу?

-Манай аймагт зохиомлоор хээлтүүлэх ажил бүр 70-аад оны сүүлээр "Нэгдэл” гэж байхад л хонин дээр нэг удаа хийж байсан юм байна лээ. Тэрнээс өөр тохиолдол ер нь байдаггүй.

-Аймгийн хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээрийн хүрэлцээ муутай. Энэ жил гэхэд бэлчээрийн хүрэлцээ 30 гаруй хувьтай гэсэн судалгаа байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хэр тохиромжтой вэ? Тухайлбал, тулман хөхт ямааны суурь бий болгож байна.

-Энэ оны 3 дугаар сарын 13, 25-нд манай аймагт нийт нутгийг хамарсан шороон шуурга, аюулт үзэгдэл болж олон мал хорогдож, хүний амь хохирсныг бүгд мэдэж байгаа байх. Шороон шуурганы улмаас бэлчээрт хохирсон хохирлын үнэлгээг НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр ХААИС, МААЭШХ-ийн эрдэмтдийн баг манай аймагт ажиллаж, үнэлгээ хийсэн.

Энэ үнэлгээгээр бэлчээрийн талбайн 60 гаруй хувь нь элсэн бүрхүүл тогтсон, эвдрэл үүссэн, бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрсөн, бэлчээрийн талбайн шимт чанар буурсан гэх мэт үзүүлэлтүүд гарсан. Тэгэхээр бэлчээрээ хамгаалж байж л бид бэлчээрийн мал сүргээ өсгөнө шүү дээ.

Түүний тулд малынхаа чанарыг сайжруулж, тоо толгойг нь цөөлөх бодлого байх ёстой гэж боддог. Түргэн өсөлттэй хээлтүүлэгчээр хээлтүүлж буй мал сүргийг орон нутгийн мэргэжлийн байгууллагын хяналт дор чанартай зохион байгуулснаар дотоодын зах зээлийн мах, сүүний хангамжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулах ач холбогдолтой.

Манай аймгийн хувьд хөдөө айлуудад том хөхтэй ямаа байдаг. Тийм ямааг шилж, сонгож тулман хөхт ямааны суурь бий болгон, Альфин уулын бор, Альфин өлгийн улаан ямааны хээлтүүлэгчээр хээлтүүлэх ажлыг эхлүүлээд явж байгаа.

Энэ нь мэдээж орон нутгийн иргэдийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой. Манай аймгийн хувьд ямааны ааруул бараг л брэнд болсон. Тиймээс ийм суурь бий болгох нь эдийн засгийн ач холбогдолтой гэж бодож байгаа.

Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт дор хийх зайлшгүй хэрэгцээтэй. Яагаад гэвэл Альфин уулын бор, Альфин өлгийн улаан ямааны үүлдрийн хувьд дулаан байр, өвс тэжээлийн онцгой нөхцөл шаарддаг. Тиймээс ийм ямааны суурь бий болгох ажлыг бодлоготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай.

-Энэ жил танай албанаас мөн мал хөнгөлгөөний битүү аргыг туршсан байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Битүү хөнгөлгөөний аргыг анх удаа туршсан. Битүү хөнгөлгөөний ач холбогдол бол нэгдүгээрт: өсөлтийн эрчмийг нь өсгөж, махны гарцыг сайжруулах, хоёрдугаарт: малчдын орлогыг нэмэгдүүлэх явдал байдаг. Бүр том дүр зургаар нь харвал ирээдүйд бэлчээрийн даацыг хамгаалах зорилготой.

Бид малаа засч байна гээд хамаг уургийг нь аваад идчихдэг. Тэгэхээр тэр төл мал чинь уургийн агууламжаа алдаад, бие нь давжаардаг. Тэгвэл ингэж битүү хөнгөлснөөр засааг нь өөрт нь үлдээж, төл мал уургийн агууламжаа өөртөө хадгалан, махандаа шингээд өсөлт нь хурдасч, ашиг шим нь ч нэмэгдэж байгаа юм. Дунджаар махны гарц нь 3-5 орчим кг-аар нэмэгддэг.

-Малаа битүү хөнгөлснөөр ямар үр дүн гарч байна вэ? Энэ намар туршилтынхаа үр дүнг тодорхойлсон уу?

-Тэгсэн. Малаа битүү хөнгөлсөн айлуудаар явж, хургаа шинжиж үзэхэд одоо засаа нь бүр жижигхэн болчихсон байсан. Малынхаа хувьд ч гэсэн их сэргэлэн, цовоо, өсөлтийн эрчим нь харьцангуй түргэн, биеийн хувьд бараг төлөгний дайтай болчихсон байгаа.

Уг нь малчид төл малаа төлөг болтол нь маллах биш, төлөгний хэмжээний махны гарцтай, хурга байх үед нь махалж, зах зээлд гарган богино хугацаанд малынхаа ашиг шимийг авдаг байх боломж байгаа. Тэгснээр бүтэн жил гарах тэжээл, мал маллагааны зарим зардлууд хэмнэгдэж, бэлчээртээ ч бага дарамт учруулна шүү дээ.

Гэхдээ малчдын сэтгэхүйд төл малаа хурга байх үед нь зарж борлуулах бодол байдаггүй. Одоо Улаанбаатарын том том ресторанууд хурганы мах авах сонирхолтой байна. Тэгэхээр хурганы махны гарцыг нэмэгдүүлж, энэ зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг болчихвол олон талын ач холбогдолтой байгаа юм.

Намар 10 дугаар сард жигнэж үзэхэд ингэж хөнгөлсөн хурганы амьдын жин нь 40 гаруй кг байна. Менежмент сайтай бол малчид илүү орлого олж, ямар ч алба хашиж байгаа хүмүүсээс илүү орлоготой амьдрах боломж байна шүү дээ.

-Малын ашиг шимийг нэмэгдүүлснээр малчдын орлого нэмэгдэнэ гэдгийг та байнга л хэлж байна. Энэ ажлууд нь аймгийн бодлого шийдвэртэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дундговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрт дээрх бүх ажлууд маань тусгагдаад хэрэгжээд явж байгаа. Мал үржлийн чиглэлээр зохиомол хээлтүүлэг, ямаа, үхэр, тэмээний ферм байгуулах ажлууд хийнэ.

Богино хугацаанд шинжлэх ухааны дэвшилтэт аргыг ашиглаж малын чанар, үүлдэр, угсааг сайжруулснаар малчдын олох орлого нэмэгдэнэ. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь сайжруулж чадаж л байвал төрд ажиллаж байгаа бидний үүрэг тэр шүү дээ.

-Засгийн газар, ХХААХҮЯ-наас зохион байгуулсан "Мал бүртгэлжүүлэлтийн аян”-д танай байгууллага тэргүүн байр эзэлсэн. Энэхүү аянд хэрхэн оролцсон бэ?

-ХХААХҮ-ийн сайдын 2021 оны А-72 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2021 оны А/177 тоот Захирамжийн дагуу "Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, аяны хүрээнд Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийг "Жишиг баг” болгосон. Энэ ажлын хүрээнд нийт 770 бод малыг 100 хувь, 15175 бог малын хээлтэгчийг 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн.

Энэ аяны хувьд мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.

-Мал зүйч мэргэжлийнхээ тухай сайхан дурсамжаа хуваалцаач. Сүүлийн жилүүдэд малын эмч, мал зүйч мэргэжилтэй боловсон хүчин нэлээд дутагдалтай байгаа. Энэ мэргэжлийн онцлог юу вэ?

-Би өөрөө малчин удмын хүүхэд. Тийм болохоор энэ ажил, мэргэжилдээ дуртай. Малчид маань цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тэр хэмжээгээрээ орлоготой, сэтгэл хангалуун л амьдрах ёстой. Яавал малчдаа орлоготой болгох вэ, юу хийх вэ гээд үргэлж санаа зовж явдаг.

2010 онд ХААИС-ийг мал зүйн менежмент мэргэжлээр төгссөн. Бакалавраа "Архангайн өндөр уулын бүсэд сарлаг үхрийг үржүүлэх нь” гэсэн сэдвээр хамгаалж, тийшээ явж энэ ажлаа үргэлжлүүлмээр байсан ч нутагтаа ирэхээр зорьсон.

Сургуульд сурч байхад манай аймгаас бусад бүх аймаг шилмэл омогтой байсан болохоор төгсөөд аймагтаа ядаж нэг ч гэсэн шилмэл омог баталгаажуулахсан гэсэн нууцхан хүсэл тээж нутагтаа ирсэн. Тэр маань биелж, манай аймаг одоо хонь, тэмээ, адууны шилмэл омогтой болж, Өндөршил сумын "Өндөршил” Адуу, Сайнцагаан сумын "Сайнцагаан” хонь, Хулд сумын "Олдохын хүрэн бор тэмээг омог болгож баталгаажуулсан.

Маш удаан хугацааны судалгаа шинжилгээ, олон хүмүүсийн хамтын ажиллагаа, сэтгэл хөдөлмөрийн үр дүнд л аймаг маань шилмэг омогтой болсон. Үүнд маш их баяртай байгаа.

Омог болгосны ач холбогдол нь их шүү дээ. Тухайн нутгийн малчин ардын өв соёл, уламжлал тэнд хадгалагдаж, түүний үнэ цэнийг тогтоох боломжтой болж байгаа юм. Жишээ нь: Өндөршил(гүр)хурдан удмын адуу өмнө нь бусад энгийн л адууны үнэлгээтэй байсан бол үнэ нь одоо бараг 100 хувь нэмэгдсэн. Өнгөрсөн жил явуулын нэг хүн унаж явсан приус-30 маркийн машинаа унагатай хоёр гүүгээр сольж, машинаа орхиод явсан байсан. Энэ бол бид тухайн адууны омгийг баталгаажуулж, үнэ цэнийг нь тогтоож чадсаны л үр дүн.

Мал зүйч мэргэжил үнэхээр сайхан. Хөдөө байнга явж, малчидтай уулзаж, үндсэндээ ажил маань малчдын дунд л өрнөдөг болохоор сайхан байдаг юм.

Хаана ч очсон халуун дулаан, сайхан хандаж, яриа нийлээд, тэдний ажил амьдралын талаар хууч хөөрч, мэдээлэл өгч, яавал мал аж ахуйг сайжруулж, хөгжүүлж болох тухай ярилцаж явахад заавал нэг шинэ санаа гарч ирдэг. Энэ бол миний ажлын бахархал гэж боддог.

-Энэ жил харьцангуй дулаан өвөл болж байна. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Малчид маань хаагуур өвөлжиж байна?

-Засгийн газар, аймгийн Засаг даргын шийдвэр, албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг аймгийн хэмжээнд 80,9 хувьтай хангасан.

Энэ онд оройтож зуншлага болсон ч намрын саруудад ургамлын гарц сайжирч өвөл, хаврын бэлчээрийн дундаж ургац 1,6 цн, байгаа малын тоонд харьцуулнсаар бэлчээрийн хүрэлцээ хангамж 32 хувьтай байна.

Энэ өвөл, хавар 8 967 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 5115707.1 мал өвөлжиж, хаваржихаас өөр аймаг, сумын нутагт 28 өрхийн 180173 мал, өөрийн аймгийн өөр сумын нутагт 112 өрхийн 75030 мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 36 өрхийн 16047 мал нийт 376 өрхийн 271250 тоо толгой мал отроор өвөлжиж байгаа.

Өвөл нь өнтэй сайхан орсон ч хавар жаахан хүндхэн байж мэднэ. Тиймээс малчид маань анхаарал сэрэмжээ алдахгүй л хичээх хэрэгтэй.

 

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!