6.9 сая мал отроор өвөлжиж байна
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Улсын онцгой комиссын хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:
-Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын албан даалгавар, түүнийг хэрэгжүүлэх бүх аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын захирамж, бэлтгэл хангуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж улсын хэмжээнд дүн, тайлан нэгтгэгдэн гарлаа.
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгдлээ. Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгийн ЗДТГ отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.
Энэ жилийн хадлан бэлтгэх ажилд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллаж Малчдын түвшиндөвс 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тн бэлтгэгдлээ.
Засгийн газрын тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байна хэмээлээ.
Энэ онд улсын төсвийн 745.1 сая төгрөгөөр 42, гадаадын төсөл, хөтөлбөрийн 371.3 сая төгрөгөөр 27, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 259 инженерийн хийцтэй худаг хийжээ. Мөн малчдын санаачлагаар 354 гар худаг, нийт 682 худаг гаргасан нь 775.2 мянган га бэлчээр, 2.7 мянган малчин өрх, 1.9 сая малын усан хангамжийг нэмэгдүүлсэн байна. Энэ онд бодын 1157, богийн 2042 хашаа саравч шинээр барьж, улсын хэмжээнд бодын 57353 хашаа, богийн 125807 хашаа байгаа нь хашааны хангамж 97.1 хувьтай байгаа аж.
Бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг хоёр аймагт 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик аргаар зохион байгуулжээ. Энэ ажлын үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангажээ.
Н.Энх