Шилмэл омог үүлдэрийн хонин сүрэгтэй болно

🕔 2018/02/26 11:05
 
 

 

Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар өнгөрсөн жил мэргэжлийн ангилагч, шинжээчтэй хамтран 15 сумын малын ашиг шимийн дундажийг тогтоосон аж. Улмаар  эрс тэс уур амьсгалд дасан зохицсон тэсвэр хатуужил сайтай нутгийн мал болох Өндөршил сумын шил адуу, Сайнцагаан сумын Сайнцагаан хонь, Хулд сумын олдохын хүрэн бор тэмээнээс генетикийн шинжилгээ авчээ.


Сорилын биологийн хүрээлэнтэй хамтран ОХУ-ын генетикийн төв лабораторт шинжилгээ хийлгэн бусад омог үүлдэр малаас ялгаатай болохыг тогтоож цаашид омог, үүлдэр болох боломжтойг нотлуулсан байна. Энэ хүрээнд ХХАА-н яам, Шинжлэх ухааны төв байгууллагууд, улсын зөвлөх мал зүйчидтэй хамтран ажиллах санамж бичигт аймаг сумдын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс гарын үсэг зуржээ.

Ингэснээр цаашид судалгаа шинжилгээг илүү үр дүнтэйгээр хийж мэргэжилтэнгүүдийн үнэлэлт дүгнэлтүүдийг гаргуулснаар энэ ондоо багтан Сайнцагаан хонины омог тогтоох ажил хууль эрхзүйн хүрээнд баталгаажих эхлэл тавигдах аж.


Дундговийн мал ашиг шим өндөр, чанартай хэмээн яригддаг ч шинжлэх ухааны үндэстэйгээр өмнө нь тогтоож байгаагүй юм байна. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай тус аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал асуудал гэнэ.

Тиймээс генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөөг баталж, хөрөнгө хүч гарган ажилласан нь үр дүнгээ өгч энэ онд багтан Сайнцагаан сумын "Сайнцагаан” хонийг омог болгон тогтоохоор зорилт тавьжээ. Харин Өндөршил сумын шил адуу, Хулд сумын олдохын хүрэн бор тэмээний омог тогтоох судалгаа шинжилгээний ажлууд үргэлжлэн хийгдэх юм байна.


 Н.Заяа


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!