Л.Баасансүрэн: Хүүхдийг шийтгэхээсээ илүү ухааруулах, өөрөөр нь мэдрүүлэх маш чухал байдаг

🕔 2021/05/19 17:40

 

 

Л.Баасансүрэн: Хүүхдийг шийтгэхээсээ илүү ухааруулах, өөрөөр нь мэдрүүлэх маш чухал байдаг

 

Дундговь аймагт мэргэжлийн боловсрол олгодог нэг л сургууль байдаг нь МСҮТ юм. Энэ сургуульд нийгмийн ажил хийж, суралцагсдын хүмүүжлийн асуудалд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж явсан нэгэн ахмад багштай хуучиллаа. Түүнийг Лувсан-Ишийн Баасансүрэн гэдэг. Хүнийг хүмүүжүүлж, ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол олгодог энэ л байгууллагын үйл ажиллагааг ярилцлагаараа танилцуулж байна.


-Өмнө нь ТМС гэсэн нэршлээр бид мэддэг, одоо бол МСҮТ гэдэг энэ байгууллагынхаа талаар танилцуулна уу. Манай аймгийн хувьд хүүхэд, залуучуудад мэргэжлийн боловсрол олгож байгаа ганц л сургууль шүү дээ.

-Төр засгаас мэргэжлийн боловсролыг олгох тал дээр анхаарч, 1974 онд манай аймагт Барилгын техник мэргэжлийн сургууль байгуулж, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь аймгийн барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн.

1990-ээд оны үеэс төрөл бүрийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх нийгмийн эрэлт хэрэгцээ гарч ирснээр ТМС-уудыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв(МСҮТ)болгон өргөжүүлсэн байдаг. МСҮТ-үүд нь тухайн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дагуу мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилготой юм.

Манай сургуулийн хувьд бол МСҮТ болсны дараах он жилүүдэд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн зэрэгцээ ажилчин, малчны анги нээн хичээллүүлж эхэлсэн.

Мөн ЕБС-иас хүүхдүүд наймдугаар анги төгсөөд манайд элсэн ордог учраас суралцагсдаасаа шалгалт авч, оройн анги хичээллүүлэн бүрэн дунд боловсрол олгож байсан. Ингэснээр манай сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгдсэн.

2002 оноос мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль батлагдаж, МСҮТ-д 2.5 жилээр сургаж бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсролыг хамтад нь эзэмшүүлдэг болсон.

-Та энэ сургуультай ажил амьдралаа хэдийд холбосон хийгээд ямар ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ? Өөрийнхөө тухай танилцуулах уу?

-Би 1983 онд Политехникийн дээд сургуулийг Барилгын материалын технологич инженер мэргэжлээр төгсөж, тэр үеийн Боловсролын яамны томилолтоор Дундговь аймгийн Барилгын ТМС-д инженер багшаар томилогдон ирснээс хойш тасралтгүй 36 жил тус сургуульдаа ажилласан. 2019 онд гавъяаны амралтдаа гарсан.

Ажиллах хугацаандаа нийгэм, цаг үе, сургуулийн элсэлт, нөхцөл байдлаас шалтгаалжмэргэжлийнинженер багш, соёл хүмүүжлийн арга зүйч, номын санч, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, бүсийн арга зүйн төвийн арга зүйч зэрэг олон ажил үүргийг гүйцэтгэсэн байдаг.

Анх сургууль төгсөж ирэхэд сургуулийн захирал Б.Халтар, хичээлийн эрхлэгч Г.Лантуу, соёл хүмүүжил эрхэлсэн дэд захирал Н.Дашням, ахлах мастер Ц.Дагвадорж зэрэг сайхан хүмүүсийн удирдлагаар ажиллаж, инженер хүн чинь багшийн бичиг баримт боловсруулах, заах арга зүйд суралцах, ажлаа төлөвлөх, хугацаанд нь чанартай гүйцэтгэх гээд олон мэдлэг чадваруудыг олж авсан.

2001-2007 онд нийгмийн ажилтнаар ажилласан. Сургуулийн нийгмийн ажилтнаар ажилласан хугацаа маань багш хүний хувьд, эх хүний хувьд өөрийн дотоод мөн чанараараа хүүхэдтэй ажиллах илүү боломж олгосон, хүүхдийн сэтгэлд хүрч ажилласан, бас хүүхдийн амьдралын зөв замд нөлөөлсөн сайхан он жилүүд байсан гэж боддог.

Сургалтын менежерээр ажиллахдаа баримталж ажилласан гол зарчим бол багш нарынхаа нийгмийн асуудалд санаа тавьж, ажлын цагтаа чанартай, бүтээмжтэй сайн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг гол зорилгоо болгон, хамтран ярилцаж, ажил үүргийн хуваарийг гаргадаг байсан.

Тэр хүн хэдийгээр ажлаа хийж, цалин авч байгаа хэдий ч бүгд л ар гэртэй, ажил амьдралтай. Тиймээс ажил, амьдралаа зөв хослуулж ажиллахад нь туслахыг хичээдэг байсан. Тухайлбал, жижүүр багшаар ажиллах боломжтой хугацааг өөрсдөөс нь асууж төлөвлөх, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах цагийг хичээлийн хуваарьт зохицуулах зэрэгт анхаарч байсан учраас багш нар маань сэтгэл ханамжтай байдаг байсан санагддаг юм.

2011 онд Мэргэжлийн боловсрол сургалтын Говийн бүсийн арга зүйн төвийг Дундговьд байгуулж, 2012 онд Хөтөлбөр үнэлгээ хариуцсан арга зүйчээр ороод, 2019 оны 6 дугаар сар хүртэл ажилласан.

-Нийгмийн ажилтан гэдэг ажил, үүргийн талаар тодруулж яриач, энэ ажил мэргэжлийн талаар бид нэг их сайн ойлгодоггүй байж магадгүй.

-2001 онд сургуулийн нийгмийн ажилтан гэдэг шинэ орон тоо, ажлын байр бий болж, сургуулийн захирал П.Өлзийбатын тушаалаар энэ ажилд томилогдон ажилласан. Шинэ ажил учраас хүмүүсийн хандлага, сэтгэл зүй энэ ажлыг сайн мэддэггүй, хуучин цагийн пионерийн удирдагч, хүмүүжлийн ажил хариуцсан арга зүйчтэй ижил ойлгодог байсан нь үнэн шүү.

Гэхдээ нэг бодлын тэр өмнөх арга барилаас авахыг нь авч ажиллахад ч бас алдах юм байгаагүй санагддаг. Суралцагчдын соёл хүмүүжлийн ажлыг хариуцан багш нартай хамтарч ажиллах, сурагчдад тохиолдсон асуудлыг шийдэх, өөрийгөө таниулах, ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэхэд их дөхөм байсан гэж боддог.

Би өөрөө мэргэжлийн, сургууль номыг нь төгссөн нийгмийн ажилтан биш, багшилж байсан туршлага, өөрийн сэтгэл, зүтгэлээрээ ажиллаж байсан болохоор бэрхшээл гаралгүй л яахав. Хүйсийн тэгш эрхийн төвөөс зохион байгуулсан нийгмийн ажилтны 3 шатны сургалтад хамрагдаж, үндэсний хэмжээнд нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт боловсруулахад оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Нийгмийн ажилтан хэлсэндээ, тохирсондоо байж, хүүхдүүдинхээ нууцыг нь хадгалж, чин сэтгэлээсээ ханддаг, сайн талыг нь дэмжиж урам өгдөг, хал нь гаднаа хайр нь дотроо байхад хүүхдүүд итгэдэг юм шүү дээ. Тэдний итгэлийг алдахгүй байхад л их ухаантай, үгэнд орж, алдаа дутагдлаа засч чаддаг. Хэлж ярьж байгаа зүйл хаашаа ч гарахгүй нотолгоотой байх, үндэслэлгүйгээр юм уу нотолгоо баримтгүй хүүхдийг гүтгэж болдоггүй.

Нийгмийн ажилтны ажлыг би сайхан ажил гэж боддог. Нийгмийн ажилтны ажлаа өгөөд сургалтын менежер болсон. Тэгэхэд би хүүхэдтэй ажиллах ямар сайхан байж вэ гэдгийг ойлгосон шүү.

-Нийгэмд нэг буруу хандлага байдаг байсан санагддаг юм. Эцэг эхчүүд дээд сургуульд орж чадаагүй ч юм уу, жаахан хүмүүжлийн асуудалтай хүүхдүүдээ МСҮТ-д өгөх хандлагатай байсан. Тэгэхээр МСҮТ-ийн нийгмийн ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан хоёрын хувьд ажлын онцлог, ялгаа байдаг байх, энэ талаар бодож байсан уу?

-МСҮТ-д суралцагчдын хувьд зарим нь ч өөрсдийн хүсэл сонирхлоор, эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн эзэмших гэж ордог бол зарим нь ч сурлага, хүмүүжлээр дээд сургуульд дэвшин суралцах оноо нь хүрээгүй учраас манайд элссэн байдаг л даа. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдгийн адилаар суралцагсад маань янз бүр л байдаг.

Ер нь олон жил ажилласан туршлагаас харахад манай сургуулийн хүүхдүүдийн нэлээд нь амьдралын түвшний хувьд харж хандах хэрэгцээ шаардлагатай байдаг юм.

МСҮТ-д ажиллаж байгаа нийгмийн ажилтан гэлтгүй, бүх багш, ажилчид хэн боловч хүүхдийг хайрлаж, хүндэлж хүн ёсоор хандаж байвал, тэгээд өөрөө үлгэрлэж хэлсэн ярьснаа биелүүлдэг, хийгүй байвал хүүхдүүд аяндаа л багшийгаа хүндэлж хүрээлээд, ээж аав, найз нөхөддөө хэлээгүй дотно сэтгэлийн нууцаа уудалдаг болчихдог юм.

Нийгмийн ажилтан бол хүүхдийн ирээдүйн амьдралын сайн сайхны төлөөх, амьдралд нь өөрчлөлт гаргах өргөн хүрээтэй сайхан мэргэжил.

Сургуулийн хүүхэд сахилгагүйтэх, ямар нэг таагүй асуудалд холбогдоход нийгмийн ажилтан л дуудагддаг, сургууль төлөөлж очно, хичээл тасалбал ангийн багш нь дагуулаад л ороод ирнэ.

Залуу байхад энэ бүгд хэцүү юм шиг л байдаг байсныг эс тооцвол хүүхэдтэй ажиллахад зовлон гэж байхгүй. Хүүхэд гэдэг ямар ч муу санаагүй, цагаахан энерги сайтай байдаг болохоор багш хүн залуу сэтгэлгээтэй, хүүхэд шиг гомдох баярлах нь амархан болчихдог шиг байгаа юм.

-Та сүүлд нь Говийн бүсийн арга зүйн төвд ажиллаж байсан байна. Бүсийн арга зүйн төвийн үйл ажиллагааны талаар тодруулна уу. Энэ ч зарим хүний хувьд сайн мэдэхгүй ажил мэргэжил шиг санагдаж байна.

-Бүсийн төв нь сургалтын байгууллагуудыг мэргэжлийн боловсрол, сургалтын арга зүйн зөвлөгөөгөөр хангах, багшийг хөгжүүлэх, цахим болон танхимын сургалтыг зохион байгуулах, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, түгээн дэлгэрүүлэх, судалгаа хийх, үнэлгээ хийхэд арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиглэлээр ажиллаж байлаа.

Говийн бүсийн арга зүйн төвд менежерээр О.Саруул, арга зүйчээр Д.Галбадрах нарын чадварлаг мэргэжилтнүүд, ажиллах, хөгжих эрч хүч дүүрэн Б.Уртнасан, Э.Хатантөмөр, Д.Өлзийбадрах, Б.Есөнжин-Эрдэнэбаатар, Э.Уугандорж нарын залуустай нэг баг болон ажиллаж, тэднээсээ суралцан хамтдаа хөгжиж байсан.

Бүсийн арга зүйн төвд ажилласнаар ажиллах хүрээ өргөсч, илүү ур чадвар шаардаж, суралцах хөгжих хэрэгцээ бий болсон. Хүн ер нь бүхий л амьдралынхаа турш суралцдаг юм уу даа. Тэр залуучуудад маш их талархаж явдаг.

Залуучуудаасаа мэдээллийн технологи ашиглах ур чадвар эзэмшиж, шинээр бий болон хөгжиж байгаа чадамжид суурилсан сургалт, үнэлгээний арга зүйд суралцаж, бүсийн сургуулийн багш нарт түгээн дэлгэрүүлэх, тэдэнд зөвлөн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байсан.

Манай говийн бүсийн арга зүйн төвд харьяалагддаг 9 сургууль орон зүйн байршлын хувьд алсдагдмал тул бид сургалт, судалгааг цахимаар явуулж байсан юм. Мөн бүсийн сургуулиудынхаа хамтын ажиллагааны хэрэгцээг оролцооны аргаар тодорхойлон төлөвлөж, хийсэн ажлын тоо чанарыг мэдээллийн сан үүсгэн үнэлж, хянаж сайжруулахад анхаарч ажиллаж байсан нь үр дүнтэй байлаа.

Бид ажлаа төлөвлөхдөө оролцооны аргад түшиглэн хийж, багаар маш сайн ажиллаж чаддаг байсан маань амжилтын үндэс бөгөөд бүсийн арга зүйн төвийн менежер О.Саруулын ажлын арга барилтай шууд холбоотой юм. Олон улсын байгууллагад олон жил ажилласан энэ хүний мэдлэг, чадвар, арга туршлага, хүнтэй ажиллах арга барил бидэнд маш их зүйлийг сургасан даа.

-Нийгмийн идэвх сайтай хүмүүсийг харахаар тэтгэвэртээ гарсан ч гэсэн ихэвчлэн гэртээ сууж чаддаггүй. Та одоо юу хийж байна, сайн дурын ажил, зөвлөх үйлчилгээ ч юм уу, мэдлэг боловсрол, чадвар, туршлагаасаа залуу үетэйгээ хуваалцах ажил хийдэг үү?

-Улс нийгэмдээ зүтгэж, хөдөлмөрөө үнэлүүлээд тэтгэвэртээ гарснаар би илүү их цаг завтай болжээ. Надад чөлөөт цаг арвин байгаа учраас дуртай ажлаа хийж, түүгээрээ сэтгэлээ тэжээж явах нь жаргал юм шиг санагддаг.

Ажил амьдралын минь олон жил МСҮТ-ийн хамт олонтой, энэ ажилтайгаа л холбоотой байвал жаргалтай байдаг.

2019 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарснаас хойш Төв аймгийн "Эрдэнэ” МСҮТ-д гэрээгээр "Чадамжид суурилсан хөтөлбөрийн мэргэжилтэн” хийж, хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Цар тахлын энэ цаг үед мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан "Эрдэнэ” МСҮТ-ийн багш нартаа онлайнаар зөвлөн тусалж, чадамжид суурилсан хөтөлбөрийн ашиглалт түүнийг сайжруулах, суралцагчдын мэдлэг, чадвар ахицын үнэлгээ хийх, ээлжит хичээлийг төлөвлөх зэрэг сэдвээр онлайн сургалт зохион байгуулж байгаа.

Одоо "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-ын хэрэгжүүлж буй "Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийн хүрээнд мэдээлэл аваад МСҮТ-ийн ахмад багш нартайгаа хамтран "Дээжис” Хадгаламж зээлийн бүлэг байгуулан ажиллаж байна.

Бүлгийн гишүүн болсноор би хамт олонтой болж, нэг талаас нийгмийн хэрэгцээгээ хангаж байна, нөгөө талаас бид нар хуримтлал үүсгэн эдийн засгийн хэрэгцээгээ ч хангаж байна. Энэ нь хоёр талтай учраас үнэхээр ач холбогдолтой санагддаг. Манай бүлэг 21 гишүүнтэй нийт 2,0 сая гаруй төгрөгийн хуримтлалтай болсон.

-Нийгмийн ажилтнаар олон жил ажилласан туршлагатай хүний хувьд залуу, шинэ нийгмийн ажилтнуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Би энэ ажлыг хийж байх хугацаандаа өөртөө дараах хэдэн зарчмыг л баримталж ажиллаж байсан. Түүнийгээ хуваалцъя гэж бодож байна. Залуучууд маань авах гээхийн ухаанаар хандана биз дээ.

Хүүхдийг хүүхдээр нь удирдуулах, хүүхдийн оролцоог дэмжих их үр дүнтэй санагддаг. Ангийн ахлагч нартай 7 хоногт тогтмол өдөр, тогтмол цагт уулздаг. Энэ уулзалтаараа нийт сурагчдад мэдээлэх, хэлэх ярих зүйлээ ангийн ахлагч нарт хэлж өгч, үүрэгжүүлдэг.

Мөн суралцагсдын санал хүсэлтийг ахлагч нараар дамжуулж авдаг байв. Ингэснээр хүүхдийн өөрийн удирдлага сайжирч, оролцоо сайн болохоос гадна хүүхэд их чадваржиж нээгддэг гэж ойлгосон.

Хүүхдийн сайн талыг олж харах үнэхээр чухал шүү. Хүн гэдэг амьтан шүүмжлэлд дургуй байдаг. Ямар нэгэн асуудалд холбогдсон ч юм уу бидний нэрлэдгээр "хэцүү” хүүхдүүдтэй л ажилладаг ажил шүү дээ нийгмийн ажил чинь. Тийм учраас ажиллах хүүхдээ судлахаас л ажлаа эхлэх хэрэгтэй. Ар гэрийн амьдрал, найз нөхөд, нөлөөлж буй хүмүүс, хүсэл сонирхол, авьяас гээд бүхий л байдлаар судлаад яаж ажиллах, аль талыг нь барьж авах төлөвлөгөө боловсруулна.

Миний баримталж байсан зүйл бол тэр хүүхдийн тун бага ч байсан ч хамаагүй өчүүхэн ч гэсэн сайн, гэгээтэй талыг л олж харах нь хамгийн чухал гэж үздэг. Түүн дээр дөрөөлөөд л урам, итгэл өгөхөд наашлахгүй хүүхэд тун ховор байсан санагддаг.

За тэгээд хүүхдийн нууцыг хадгална гэдэг тэр хүний итгэлийг олж авах эхлэл болдог. Хүүхэдтэй ганцаарчлан уулзахад маш их нарийн, хүнд хэлээгүй нууцаа ярьдаг юм. Хүүхэд бол итгэсэн хүндээ нууцаа хэлдэг, гэнэн цагаахан, хайр татам, хүнд муу санадаггүй, энерги сайтай хүмүүс дээ. Ингэж итгэж ярьсан зүйлийг, ярилцаж байхдаа хоорондоо тохирсон зүйлээ хэнд ч хэлж болохгүй. Энэ бол маш чухал гэж боддог.

Мэдээж харилцааны тал дээр чин сэтгэлээсээ хандах гэдгийг хүмүүс сонсож л байсан байх. Гэхдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхэдтэй уулзаж ярилцахдаа хүндэтгэлтэй хандаж, яриаг чин сэтгэлээсээ сонсох. Тохиолдсон асуудлыг шийдвэрлэх бүх боломж, гарцыг хайх, шийдвэрлэхийн тулд хийж болох зүйлүүдийг эрмэлзэх. Багш хүн, ээж хүн, эгч хүн, ахмад хүний хувьд аливаа асуудалд чин сэтгэлээсээ л хандвал үр дүнтэй байдаг гэж бодон тэгж ханддаг байлаа.

Шийтгэхээсээ илүү ухааруулах, өөрөөр нь мэдрүүлэх маш чухал байдаг. Ямар нэг болохгүй зүйл хийсэн, алдаа гаргасан хүүхдийг яаран шийтгэх гэхээсээ өмнө өөрийн мэдлийн хүрээнд зохицуулах хэрэгтэй. Тухайлбал, хичээл тасалсан сурагчтай уулзаад учир шалтгааных нь талаар ярилцаад, тэр сурагч "хичээл таслахгүй”, би түүнийг өдөр бүр хичээл дээр нь орж бүртгэнэ гэж тохироод, өөрөө ажлынхаа заваар хамгийн багадаа 7 хоног өдөр бүр ангид нь орж бүртгээд урам өгөөд, эхлээд өдөр бүр, дараа нь 1 өнжөөд, сүүлд нь 7 хоногтоо 1 бүртгээд байхад хичээл таслалт нь багассаар таслахаа больж байсан туршлага байдаг. Мөн манай мэргэжлийн сургуулийн хүүхдүүдийг шийтгэхээсээ илүү хөдөлмөр хийлгэх нь илүү сайн гэж боддог.

Тэгээд өөрөөрөө үлгэрлэнэ гэдэг багш болгонд байх ёстой зүйл. Хүүхдүүд багшийгаа хамгийн мундаг гэж л боддог учраас бидэнд алдаа гаргах эрх байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!