Сураггүй болсон малчдын нэг нь олдоогүй байна

🕔 2020/12/23 14:55

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат малчид малдаа яваад сураггүй болсон тухай гурван дуудлага өчигдөр /2020.12.22/ онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. 

Тэнхлэг багийн "Өлзийтийн дунд-Ус” гэдэг газар тус сумын харьяат 30 настай малчин эмэгтэй А 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон гэсэн дуудлага 15:10 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:15 цагт "Саруулын дов” гэдэг газраас буюу гэрээс нь 14 км зайтай газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Мөн Рашаант багийн аймгийн төвөөс баруун хойд зүгт 129 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т орших "Тэмээт” гэдэг газар тус сумын харьяат 45 настай малчин Г /эрэгтэй/ 14:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болжээ. 16:45 цагт хүлээн авсан дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:40 цагт "Хар толгойн бууц” гэдэг газраас олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Түүнийг гэрээс нь 15 км зайтай газраас олжээ.

Харин Сангийн далай багийн "Хөөтийн шар хөхий” гэдэг газар мөн л тус сумын харьяат 51 настай малчин Э /эрэгтэй/ 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага өнгөрсөн шөнийн 03:15 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.  

Түүний сураггүй болсон газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 133 км, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-ын зайтай аж. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!